Буян заяагаа даатгасан шинийн өдрүүдэд тохиосон МАРТААР ижий бурхадаа баярлуулсан үрс жаргалтай байна

2017 оны 03-р сарын 13 өдөр, 15 цаг 04 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
MART11
Намрын уулнаа бугын урамдахыг сонсоорой
Намайг ухаажихыг үзэх гэж ээж минь та урт наслаарай…Яруу найрагч Ц.Хулан мянга мянган үрсийн хүслийн ийн шүлэглэсэн билээ.
Хүний дээд, орчлонгийн чимэг болсон ээжүүдээ баярлуулах хамгийн сайхан үдшийг Монголын Маркетинг Менежмэнтийн хүрээлэнгийн хамт олон зохион байгуулсаар уламжлал болсон билээ. Энэ жилийн хувьд Зууны манлай бүжиг дэглээч Сэвжидийн нэрэмжит “Сэвжид” сантай хамтран зохион байгуулсан юм.

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу Мартын 8-ны өдрийн “Их хатад” хүндэтгэлийн цэнгүүн эхлэхэд бэлэн болжээ.
Баянгол рестораны үүднээ улаан хивс, халуун дарс ээжүүдийг хүлээнэ. Ээжийгээ, эгчийгээ, ханийгаа баярлуулах гэсэн аав, хүү, ах, эр нөхрүүд тэднийгээ хөтөлсөөр орж ирэх аж. Ресторанаа 100 ээжийн ширээг зэхсэн байх агаад суудал бүрт ивээн тэтгэгчдийн гарын бэлгийн багцыг бэлтгэн тавьсан байна. Аливаа нэг тоглолт, цэнгүүн эхлэх гэж дор хаяж цаг болох нь хэвийн үзэгдэл гэж боддог бодол маань энэ өдөр харин алга болж орхих нь тэр. Учир нь ээжүүд яг л “болзсон” цагтаа цугласныг хараад “ёстой л үлгэрлэхгүй бол үглээд хэрэггүй” гэдэг үгийг жинхэнэ утгаар нь харуулах шиг болсон юм.

Хөтлөгч М.Дорждэрэм цэнгүүн нээснийг  дуулгаж, МММ хүрээлэнгийн дэд захирал У.Энхмааг тайзнаа урилаа.
Тэрээр “та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгаж, Монголын Маркетинг Менежмэнтийн хүрээлэнгийн хамт олны зүгээс олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн халуун мэндийг өргөн дэвшүүлье. Манай байгууллага “Их хатад” хэмээх энэхүү арга хэмжээг жил бүр зохион байгуулж, орчлонгийн сайхан бүсгүйчүүдээ баярлуулдаг билээ. Энэ жилийн хувьд Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит “Сэвжид” сантай хамтран зохион байгуулж байна. Энэ үдэш та бүхнийг урлагийн оддын нэгдсэн тоглолт, ивээн тэтгэгч байгууллагуудын гарын бэлэг, супер азтануудын онцгой бэлгүүд хүлээж байна. Гоёлоо өмсөж, зүсээ тольдсон 100 бүсгүй нэг танхимд ийнхүү зэрэгцэн суусан нь амьд цэцгийн хүрээлэн мэт сайхан харагдаж байна. Сайхан монгол ээжүүд, саруул ертөнцийн чимэг болсон Та нартаа дахин баяр хүргэе. Та бүхэн сайхан баярлаарай” хэмээн нээлтийн үгийг хэллээ.
Дараа нь уг танхим аялгуут сайхан дуугаараа хавар цагийг урин дуудсаар Монгол Улсын тэргүүний ажилтан, дуучин А.Мөнхбат
…Амьдрал хайр дээр тогтдог гэж
Алагхан хорвоод хэлээд байх юмаа…хэмээн  мэндчилэв. Ийнхүү урлагийнхны салхийг хагалсны дараа Хан Хэнтий нутгийн авьяаслаг залуусын төлөөлөл болсон дуучин Н.Ундрал, Улсын филармонийн гоцлол дуучин, СТА, дуучин Т.Амина, Б.Номин-Эрдэнэ, МУСТА дуучин Л.Нарантуяа, 90-ээд оны залуусын шүтээн болсон “Номин” хамтлагийн дуучин П.Гантөгс нар  ая дууныхаа дээжээс толилууллаа.

Энд цугласан 100 ээжийн дотор МУГТ, Манлай хүлэгч Т.Цэрмаа, МУГЖ Т.Чойжилсүрэн, СТА дуучин Т.Аминагийн ээж Г.Туяа, МУ-ын Гавьяат багш С.Цэцгээ,  Хүний гавъяат эмч клиникийн профессор Д.Баяраа, МУ- ын СТА, “Алтан гадас” одонт хөөмийч Н.Наранбадрахын ээж Цэцэгмаа нарын хүндэт зочдод багтжээ.
Гурав дахь жилдээ зохион байгуулагдсан “Их хатад” цэнгүүн уламжлал ёсоор супер азтануудаа шалгаруулж ээжүүдийг баярлууллаа.  Үүнд “Хосбилгүүнзул” ХХК-ийн гоёмсог, чанарлаг европ жимсний цуглуулга, Лотус” боловсролын төвийн хамт олны зүгээс Супер азтанд зориулж буй маш өвөрмөц, гоёмсог хийц бүхий буян хишгийн авдар, Бүсгүйчүүдэд мэсгүйгээр мөнхийн залуу насыг бэлэглэгч “Оюу” спа салоноор бүтэн жилийн турш үнэ төлбөргүй үйлчлүүлэх эрхийн бичиг, Төрийн соёрхолт зураач Ц.Цэгмэд СУПЕР АЗТАН нэг ээжийг жил бүр уран зургаараа мялаадаг. Харин энэ жил түүний гэргий, энэ цагийн авьяаслаг зураачдын нэг Нацагдоржийн Туяа шинэ бүтээлээрээ нэг супер азтныг мялаасан бол “Ханбатгүн” Уламжлалт, сэргээн засах эмнэлгээр бүтэн жилийн турш сонгосон эмчилгээгээ үнэ төлбөргүй хийлгэх эрхийн бичиг, “Хүчит морьтон” компанийн хамт олны зүгээс Гадаадад аялах эрх, “Mei-Ko beauty and Spa Center”-ийн байгуулагч Дарханцэцэгээр бүтэн жилийн турш үнэ төлбөргүй үйлчлүүлэх эрхийн бичиг, Дэлхийн шилдэг брэнд DYRBERG\KERN-ий хамт олны бэлтгэсэн өндөр үнийн дүн бүхий гоёмсог зүүлт, чимгээр 32 ээжийг баярлуулав.

Мөн энэ үеэр  “Бяцхан мисс” тэмцээний зохион байгуулагч н.Оюунтунгалаг ээж, охинтойгоо ирсэн бөгөөд “100 амьд бурхдын дунд суугаад сэтгэл хөдөлж буйгаа” илэрхийлээд хурсан ээжүүдээс хоёрыг нь Бээжинд аялуулахаар боллоо. Энэчлэн гэнэтийн бэлгүүд үргэлжлэн ээжүүдийг баярлуулсаар.
Нэгэнтээ  ээжүүд “урлагийн оддын нэгдсэн тоглолт үзэж, хөгжөөнт тоглоомуудаар наадаж, хүндэтгэлийн зоог барьж, телевизийн бүрэн хэмжээний нэвтрүүлгийн бичлэгт оролцон нэгэн сайхан оройг өнгөрүүллээ. Арван насаар залуужууллаа” гэлцсэн нь бий. Энэ удаад үүнийгээ дахин баталж 100 ээжийг 10 насаар залуужуулсандаа зохион байгуулагчид сэтгэл таатай үлдлээ.

Цэнгүүний төгсгөлд “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандах  нар зөв гурвантаа хурайлсаар тайзнаа гарч ирлээ. Тэр,
…Мөнх хөх тэнгэрийн доор
Мөнхөд байх энэ л нутаг
Монгол хүн болж төрсөн би
Хязгаар үгүй бахархана… хэмээн дуулах агаад түүнтэй хамт дурсгалын зураг татуулах гэсэн ээж нар хэсэгтээ л дараалал үүсгэх ажээ.
…Бүүвэйн дуу сонсож өссөн болохоор сэтгэл минь уяхан байдаг
Бүлээн сүү залгилж өссөн болохоор нулимс минь ойрхон байдаг
Бүтэн хайранд өлгийдүүлж өссөн болохоор бодол минь гэгээн байдаг
Бүүвэйн залбирал ивээж байдаг болохоор заяа минь тэгшхэн байдаг аа. Буян заяагаа даатгасан шинийн өдрүүдэд тохиосон МАРТААР ижий бурхадаа баярлуулсан үрс жаргалтай байна.
         П.УНДРАА 

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх