Нийгэмд нийцтэй оролцоог нэмэх хүч

2017 оны 04-р сарын 13 өдөр, 11 цаг 29 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Б.Цогзаяабаатар

Уул нь нэгэн гайгүй хуулийн сураг сонсогдож байсан. Иргэний улс төрийн эрхийг хэрэгжүүлэх тухай хууль  гэсэн. Тэр юу болж байгаа бол гэж ахмад багш Л.Туяа лавлана билээ. Түүн лүгээ адил уг хуулийн төслийн талаар асуух хүн цөөнгүй гарах бололтой шүү. Иймэрхүү  байгаа нь иргэдийн улс  төрийн оролцооны оршил ч юм шиг. Яагаад оршил ч юм шиг гэж байна вэ гэвэл аливаад манай иргэдийн жинхэнэ идэвх оролцоо бага. Гэхдээ нийгэм задарч социализмаас салсан 1990-ээд оноос  улс төр болон нийгмийн бусад хүрээнд иргэдийн оролцоо арай өргөн хүрээтэй болж ирсэн. Тэдгээрийн хамгийн том хэлбэр нь хараат бусаар сонгох эрхээ эдэлж , төлөөллийн ардчиллын зарчимд тулгуурлан шат шатны хурлын төлөөлөгч , элчээ сонгож буй нь ихээхэн ололт. Гэхдээ тэднийхээ үйл ажиллагаанд эргээд хяналт тавьж чаддаггүй. Мөн олон түмэн, ард нийтэд ач тусаа өгөх болон улс орны хөгжлийн хөтөч болсон чанд нягт хууль төрүүлэхэд нь нөлөөлж чаддаггүй. Тийм болохоор иргэний улс төрийн эрх хэрэгжиж байна гэхэд үнэхээр учир дутагдалтай. Энд нийтэд ил байгаа жишээ авъя. Монгол Улсын Ерөнхийлөгч өө бид ард нийтийн санал өгөлтөөр сонгодог. Үүнтэй төстэйгөөр  баг, хорооны Засаг дарга нарыг тухайн нэгжийн оршин суугчдын буюу бүх нийтийн оролцоо сонголтоор гаргаж ирдэг. Энд иргэний улс төрийн эрхийг  хэрэгжих нь тодорхой. Гэтэл аймаг , дүүргийн ИТХ-ын буюу бидний нэрлэдгээр Орон нутгийн сонгуулийн үр дүнгээр бий болсон ИТХ, Засаг дарга нарын зарим нь буруу зохион байгуулалт хийн баг, хорооны Засаг даргын ажлыг  сонгуулийн бус аргаар өөрчилж сольж байна. Монгол Улсын Үндсэн хуулиар бол баг , хорооны түвшинд шууд ардчилалтай гэж ойгоцгоож байгаа.Уг түвшинд бид асуудлыг  Иргэдийн Нийтийн Хурлаар шийдэх ёстой. Гэтэл Нийслэлийн Хан-Уул дүүрэгт энэ байдал хэд хэдэн хороонд эсрэгээр ноёлсон.Тухайлбал  тус дүүргийн 2-р хорооны Засаг дарга л гэхэд хорооны иргэдийн ямарч хурлаас бус шууд “намын томилгоо –Дүүргийн шийдвэр” гэснээр томилогдсон хүн. Тийм атал энэ талаар анхаарч учир байдлыг тодруулах гэж санаачилга гаргах иргэн тус хороонд бас алга аа. Төлөв төрх ийм байгаа нь иргэний улс төрийн оролцоо огт алга уу, оршил шатандаа явна уу гэдгийг  хэлэхэд хэцүү юм. Иргэний оролцоо огт алга гэсэн үгүйсгэлийн зарчмаар бас хандаж боломгүй. Харин албан тодотголоор бол иргэний улс төрийн оролцооны нийцтэй биш хэлбэр Монголд давамгайлаад байна гэхэд болно. Хэдийгээр хэвлэл мэдээллээр үг үзэл бодлоо илэрхийлж байгаа. Төрийн эрх барих түвшинд хандан ил захидал илгээж байгаа. Мөн хааяа жагсаал цуглаан хийж буй ч нийцтэй хэлбэрээр оролцоогоо илэрхийлэхгүй иргэдийн тоо нь их ээ. Намуудын талцалд орон хэрүүл маргаан дэгдээж буйгаа иргэний улс төрийн оролцооны зөв жишиг гэж үзэх аж. Тэднийг нь дагаад буруу зөрүү мэдээлэлд автан улмаар олонхи нь цуу яриагаар хүрээгээ тэлж буйгаа улс төрийн оролцоо, нийгмийн идэвх гэж андуурах нь илтэд давамгай байна. Энэ бүхний үр дүн яван явсаар буруу сонголт хийх, улс орны хөгжлийн бодлогыг буруу тодорхойлж  , төрийн дээр намыг тавихад боломж бололцоо олгож байгаа. Тэгээд эцэстээ нийгэм даяараа бухимдал хямралд ороход хүрч буй. Угтаа бол иргэн таны сонголт, улс төрийн оролцоо чинь сайн ,муугийн аль алиных нь үндэс болж өгдөг гэдгийг ямагт санаж байх л чухал. Иргэний улс төрийн оролцооны олон хэлбэр буй. Тэрнээс гадна нийгмийн гишүүдийн өөрсдийнх нь хэвшил дадал улс төрийн оролцоондоо их нөлөөлж байна. Тэр нөлөөлөлд нь бас нөлөөлөн өөрчлөхүйц соён гэгээрүүлэх ажил үйлс манай нийгэмд дутагдаад байна даа. Энэ үед Иргэний улс төрийн эрхийг хэрэгжүүлэх тухай хуулийг УИХ анхаараад хэлэлцээд баталчихсан бол их л том алхам хийх байлаа гэсэн санаа төрөх юм.

Нэг үеээ бодвол цахимаар үзэл бодлоо илэрхийлэгч залуус , нийтийн сүлжээнд идэвхитэй  “ажиллагчид” нь иргэний улс төрийн оролцоогоо сайн илэрхийлж байна. Үүнийг УИХ –ын ажлын алба, Ерөнхийлөгчийн тамгын газрын холбогдох ажилтнууд, судлаачид сайтар анзаарч байвал зохилтой. Эднээс гадна олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлч, нийтлэлчдийн хувьд иргэний улс төрийн оролцооны идэвхитэй хэсэг , бүлгийн илэрхийллүүдэд анализ хийсэн сайн өгүүлэл, сурвалжлага, нэвтрүүлгийг бэлтгэн цаг алдалгүй олон түмэндээ хүргэж байх.Тэгж гэмээнэ иргэний улс төрийн нийцтэй оролцоог нийгэмд нэмэх сайн нэмэгдэхүүн болно. Энд нийцтэй оролцоо гэдгээ тодотгох нь зүйтэй байх аа. Нийгмийн амьдралыг зохицуулж буй эрх зүй, ёс суртахууны хэм хэмжээ,тухайн нийгмийн гишүүдийн олонхийнх нь эрхэмлэдэг үнэт зүйлсэд харшлахгүй зорилго, арга хэлбэртэй оролдлогуудыг тийн нэрлэх ажээ. Харин дээрх хэм хэмжээ болон үнэлэмжид харш оролдлого бүрийг нийцгүй оролцоо гэх ажээ. Та бид иргэний ардчилсан нийгэм байгуулж байна гэж бас ч үгүй чамлахааргүй он жилүүдийг ардаа орхилоо. Эл хугацаанд олсон ололт ч бий. Гэхдээ л иргэдийнхээ улс төрийн оролцоог жинхэнэ утгаар нь дэмжиж чадсангүй явж иржээ. Иргэд маань ч мэдээлэл муутай, санаачлагагүйгээсээ өөртөө хазаар хийн улс төрийн оролцоондоо өөрсдөө хаалт босгон үнэлэмжээ үнэгүйдүүлж ирсэн нь бас үнэн билээ. Ийм байдал төлвийг өөрчлөх эрх зүйн зөв таатай орчныг бүрдүүлэхэд чиглэсэн дээр хэдэнтээ нэрлэгдэн буй  хуулийн төсөлд:

   4.1.4.“Улсын Их Хуралд хүргүүлэх санаачилга” гэж Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т заасан Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд оруулах хүсэлтийг;

4.1.5.“иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлэх санаачилга” гэж хууль тогтоомжид заасан бүрэн эрхэд нь хамаарах асуудлыг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд оруулах хүсэлтийг;  … “ гэж байгаагаас л үзэхэд иргэн танд улс төрийн ямар их эрх бий болох магадлал байна вэ, таны нийцтэй оролцоог дэмжихэд үүнээс өөр яах вэ гэж асуух шаардлагагүй юм шигээ. Тиймээс Иргэний улс төрийн эрхийг хэрэгжүүлэх тухай хууль нь нийгэмд нийцтэй оролцоог нэмэх нэгэн их хүч , эрх зүйн их хөтөч болох билээ.

 2017-4-10

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх