Ц.Баттуяа: Уран бүтээл гэдэг дарс шиг дарах тусам чанарждаг эд биш юм

2017 оны 05-р сарын 04 өдөр, 11 цаг 49 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
Battuya1

Сэтгүүлч, яруу найрагч Ц.Баттуяа “Таримал цэцгийн сүм”, “Дотоод алс”, “Гивлүүрт салхин” гэсэн гурван номоо хэвлүүлжээ. Түүнтэй цөөн хором ярилцлаа.

-Шинэ ном! “Таримал цэцгийн сүм” ном тань яагаад ч юм сонирхол татаад байна?

-Гурван номоо гурвууланг нь л уншууртай байгаасай гэж хүсч байна.”Таримал цэцгийн сүм” нэрийн хувьд хүмүүсийн анхаарлыг илүү татаад байгаа юм болов уу.Уншаарай гэж уриалахаас илүү тэгж их хорхойссон сэтгэлийг нь гонсойлгочих вий дээ гэсэн айдастай л сууна. Энэ бол өгүүллэгийн ном л доо. Зохиолч, утга зохиол судлаач П.Батхуяг ах шүүмжлэгчээр ажилласан.Редакторгүй ном.Бүр 2012 онд Момо ахаар “зад” шүүмжлүүлж, алдаа дутагдлаа засах гэж хичээсэн арваад өгүүллэгээ нэмж оруулсан юм.

-Нэгэн зэрэг гурван ном хэвлэлтээс гардаж авна гэдэг найрагч, зохиолч хүмүүсийн хувьд том баяр.Их л хав дарж, “исгэж” байгаад дарс”-аа задаллаа даа?

-Миний утга зохиолын багш Соёлын гавьяат зүтгэлтэн Ломбын Нямаа гэж агуу хүн бий. Багш маань “Яруу найрагч хүн 10 мянган шүлэг биччихээд арвыг нь хэвлүүлэх тэвчээр хатуужилтай байх ёстой” гэж захидаг юм.Багшийн минь энэ үг надад их зөв туссан юм шиг байна лээ.2013 оноос л номоо гаргахаар зориглож, эмхлүүлж эхэлсэн.Өмнө нь “ганц мод гал болдоггүй, ганц хүн айл болдоггүй” гэгчээр ганц ном гаргаад яах вэ гэж бодоод, ихэрлүүлнэ гэж төлөвлөж байсан юм.Гэвч уран бүтээл гэдэг дарс шиг дарах тусам чанарждаг эд биш бололтой.

Тухайн үед өөрт овоо тоогдож байсан шүлгүүд маань одоо гологдох шинжтэй.Тиймээс удаан “исгэснийх” чанартай зүйлс гаргачих гээд номын ертөнц рүү “нэгэн бүтэн гэр бүл”-ийг илгээхээр шийдсэн юм.Нэг дор гурван ном гэдэг олон талаараа хүнд ажил байна шүү.

Battuya2

-Ажлынхаа цаг заваар, эсхүл дур нь хүрсэн үедээ “юм” бичдэг тэрийгээ яруу найраг гэж ойлгодог хүмүүс бий.Харин таныг өдөр бүр шахуу утга уран зохиолын “цэцэрлэгт хүрээлэн”-д хардаг болохоор жинхэнэ найрагч байгаасай гэж итгэдэг юм?

-Би яруу найрагч биш ээ, зүгээр л утга зохиолд чин сэтгэлээсээ дурласан нэгэн.Өөр өөрийн дахин давтагдашгүй, цаг үеэсээ түрүүлсэн, бусдаас “тэрс” ертөнцтэй олон залуустай нэгэн цаг үед амьдарч байна.Тэдний бүтээлүүдийг унших тусмаа л би өөрийгөө голж байна.

Утга зохиолын ертөнцөд шүлэг эсвэл өгүүллэгээрээ үлдэнэ гэж өөртөө нэг их найдвар тавьдаггүй.Харин энэ ертөнцөд миний нэр үлдэх учиртай бол “тэр зохиолчтой хэзээ ч давтагдашгүй сайхан ярилцлага хийсэн шүү” гэж үлдээсэй гэж хүсч байна.Цаг заваараа гэснээс би шүлэг бараг бичихээ больсон.

Таны хэлдгээр яруу найргийг чөлөөт цагаараа бичдэггүй.Тэр бүтээлийн төлөө зориуд цаг гаргаж, шаналж, тарчилж, өөрийгөө бүтэн зориулж бичдэг.Би тийм хүн биш юм шиг байна лээ.

-Зохиолчдын хороо энэ тэр хавиар эргэлддэг хүмүүс ямар нэг бүлгэмд хамаарагдаад байдаг шиг байгаа юм.Та ямар нэг бүлгэм, булан, хамтлагт харьяалагддаг уу?

-Би ямар ч бүлгэм, хороо, эвлэлд харьяалагддаггүй.Сэтгүүлчээр 12 жил ажиллаж байгаа хэрнээ Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлдээ ч гишүүнээр элсээгүй яваа хүн шүү дээ.

Өнгөрсөн жилээс харин утга зохиолыг гэсэн сэтгэлдээ хөтлөгдөөд, “Залуу нас” утга зохиолын дугуйлан руу цаг гарган очдог болсон.Гэвч тэнд би шүлэг унших гэж бус шүлэг сонсох гэж л очдог юм.Оюутан дүү нарын дунд сонсоод, мансуураад, донтоод баймаар шүлэгтэй хүүхдүүд цөөнгүй байна.

МЗЭ бол Монголын утга зохиолын тэргүүн байгууллага. Хэдийгээр зарим тохиолдолд явуулж байгаа үйл ажиллагаа, удирдлагуудынх нь хийгээд байгаа ажлууд нь таалагдахгүй байгаа ч элсэх учиртай байх.Утга зохиолын ертөнцөд харьяалагдмаар байгаа бол шүү дээ.

-Энэ яруу найрагчид чинь үе тэнгийнхэн, найзуудаа л магтаад байх юм. Бас багш гэж үздэг хүмүүс, мөн нутгийнхнаа их тоож харин бусдыг нь нэг нүдээрээ ч харах дургүй нэг тийм яруу бус сэтгэлгээ яваад байна?

-Тийм. Азаар надад жалга довны үзэл байдаггүй юм.Харин нэгэн үеийнхэн гэсэн үзэл бол илт давуу бий.Би хаана ч, хэзээ ч нэгэн цаг үеийн зохиолчдоо магтана, өмгөөлнө.Энэ үед хэний ч өмнө нүүр улайхааргүй хүчирхэг ертөнцтэй залуус амьдарч байгаа нь маргаангүй үнэн.Би, бид үеийнхнээ хайрлаж, өмгөөлж, магтаж, сайшаахгүй юм бол бусад нь тэгж чадахгүй л дээ.

1990-ээд оныхон юугаараа хүчирхэг вэ.Тэд хаа ч явсан бусдыгаа “чирч” явж чаддаг юм.Гэтэл манай үеийнхэн даанч их тэрсэлдэх юм.Нэг талаараа энэ нь зөв л байх.Гэвч бид одоо 18-тай, 25-тай байхаа больсон.Одоо бид 30 гарчихлаа.Жаахан хүү байхаа болиод ах, аав болцгоочихлоо.Биесээ хайрлах, бас тэр шүүмжлээд байгаа зүйлээ хамтдаа өөрчлөх, шинэчлэх, өөрсдийн таашаалдаа нийцүүлэхийн тулд хамтдаа байх хэрэгтэй.

Би үеийнхнээ болон найзуудаа муулдаггүй биш, муулдаг.Гэвч зөвхөн өөрт нь.Өрөөлийн өмнө бол магтсаар, өмгөөлсөөр л байх болно.

-Та сүүлд Монголын зохиолч, яруу найрагчдаас хэнийх нь номыг уншив.Бас гадныхнаас?

-Ном унших зав өөртөө зориулж гаргаж чадахгүй, муу сурагч болчихсон шүү дээ.

Монголоос хамгийн сүүлд А.Урантогосын “Эрсийн зуун”, Н.Минжинсайханы “Усанд хөвсөн намар” хоёрыг хэсэгхэн эргүүлж тойруулж харлаа.

Гадныхаас Г.Г.Маркесийн “Цайлган сэтгэлт Эрендра”-г л уншлаа даа.

-Ярилцлага бол сэтгүүлзүйн их сайхан төрөл.Хүнийг яриулан байж нээнэ гэдэг авьяас шүү.”Дотоод алс”-д та хичнээн ярилцлагаа оруулав?

-Би сэтгүүлчээр ажилласан нийт хугацааныхаа тэн хагасаас илүүд нь урлаг соёлын сэтгүүлч хийсэн юм байна.Тиймээс ярилцлагын номын тэргүүн дэвтэртээ дан урлаг соёлынхны 33 эрхмийн ярилцлагыг түүвэрлэж орууллаа.Заримыг нь дараагийн ботьдоо нөөж үлдээлээ.

-Дараагийн боть оо?

-Тийм ээ, ярилцлагын номоо ботилж гаргахаар төлөвлөж байгаа.Эхний гурван боть нь надад одоо бэлэн байна.

-Гар барьж танилцаагүй, үг сольж үзээгүй хүнээ хорвоогоос одсоныг дуулаад эмзэглэж шанална гэдэг зөвхөн яруу найрагчид л байх чанар юм.Евгений Евтушенког бурхан болсныг дуулаад ялангуяа манай үеийн юм уншдаг залуус сэтгэл эмзэглэж буйгаа илэрхийлж байна?

-Тэр яруу мэдрэмжийг мэдэрч чадаад бусдад ч бас дамжуулж чаддаг учраас яруу найрагчид гэдэг юм байлгүй дээ.Миний хувьд чин сэтгэлээсээ хайртай уран бүтээлчийнхээ төлөө л эмзэглэн шаналж, харуусан гашууддаг.Гэвч зөвхөн өөртөө.Түүнээс биш хаа хамаагүй яруу найрагч бүрийн араас гаслаад байдаггүй ээ.Яг үнэндээ заримынх нь эмзэглэл, эмгэнэл үнэн боловч дийлэнхийнх нь худлаа санагдаад байдаг юм.Би Евтушенког уншдаггүй учраас ёстой нүдэн балай, чихэн дүлий л өнгөрлөө.Худлаа яриад юухэв.

Гадуур номын дэлгүүрүүд хэтэрхий их татаас авч байгаа болохоор номоо номын дэлгүүрт бус гар дээрээс худалдвал зүгээр юм гэсэн зүйл ярьцгаагаад байна.Та номоо цахим хэлбэрээр гаргачихсан байлуу?

-Тийм. Бүх зүйл цахимжиж байгаа энэ нийгэмд цахим номын худалдаа тун аятайхан санагдсан.Тиймээс ч цахим худалдаанд эхлээд нэг сар явуулчихаад, хэвлэмлээр худалдаанд гаргахаар төлөвлөсөн юм.

Цаасыг нь үнэрлэж, имэрч, мэдэрч унших илүү таашаалтай ч гар утаснаасаа бүрэн хамааралтай болчихсон зарим нь нүүрномын хуудас эргүүлэх цагаа цахим номын хуудас эргүүлээд өнгөрүүлчихэж байвал буруудахгүй болов уу.Номын дэлгүүрийн хувьд санал нэг байна.Би ч бас номоо гар дээрээс худалдаалахыг илүүд үзэж байгаа.Номын дэлгүүрт өгөх мөнгөөрөө уншигчдадаа хөнгөлөлт үзүүлчихсэн нь илүү өгөөжтэй санагдаад байгаа юм.

-“Яаж баяжих вэ”, “Баян хүнтэй хэрхэн хурдан гэрлэх вэ”, “Яаж дарга болох вэ” гэсэн нэртэй “ном”-ууд их борлуулалттай харагддаг байсан бол сүүлийн үед арай өөр болоод байх шиг байна лээ?

-Тийм байна лээ.Уншигчдын сэтгэхүй өөрчлөгдөхөөс гадна номын дэлгүүрүүд худал бестселлэрүүд нэрлэхээ больж байгаа юм болов уу.Гэвч номын дэлгүүр ороод л гутардаг шүү. Тэдгээр дэлгүүрийн худалдан авагчдын дийлэнх нь өөрийн сонгосон, товлосон ном үгүй. “Энэ чинь алдартай зохиолч биз дээ, энэ чинь бестселлэр номбиз дээ” гэж ярилцаад л ном авч байна.Тэгээд тэр “алдартай” зохиолч нь бүр монгол шүү.

Монголд ер нь хэдхээн алдартай зохиолч байдаг юм биш үү.Бусдыг нь бол тэр хүүхдүүд таних үгүй, мэдэх ч үгүй.

-Танаас шүлэг сонсмоор байна, болох уу?

-Шүлэг бичихээ больсон гэж дээр хэлсэн дээ.Магадгүй, “Гивлүүрт салхин” миний шүлгийн эхний бөгөөд эцсийн ном байх.

-Ямар гунигтай сонсогдож байна аа?

-...Өдөр хоногууд алган дээр минь бутарна

Үйрсэн эсүүд өндөгний минь халуунд уусна

Хувь тавилангийн зураасаар минь аялж

Зүрхэнд үрчлээ зурна.

Өнгөрсөн оны төгсгөлөөр бичсэн юм.Утга зохиолд чи үнэхээр хайртай бол түүний төлөө чадахгүй зүйлээ хийхээ больж чаддаг байх ёстой юм болов уу.

Хийж л байвал, бичиж л байвал тэр бүхнийг дэмжих ёстой гэж боддог байсан.Гэтэл би хамгаас хайрладаг уран зохиолын ертөнцдөө хэрэггүй шарилжуудыг ургахаддэм үзүүлээд байсан тал бас байгаа юм билээ.Тиймээс тэдгээрийг дэмжих хийгээд өөрийгөө дэмжихдээ цэг, цэг биш юм аа гэхэд цэг цэг таслал тавихаар шийдсэн юм.

-Ингээд л миний нэр байдаггүй юм гэж нэг кинон дээр гардаг шүү дээ.Үеийнхэн нь утга уран зохиолын тухай ярихаар л “Миний нэрийг хэлэх болов уу” гэж хүлээгээд байдаг юм билээ?

-Би ёстой тэгж боддоггүй.Би хангалттай сайн зүйл бичтэлээ хатуужаагүй байх шиг байна.Өөртөө 110 хувь тоогдчихоод өрөөлд 60 хувь тоогдох байх л даа.Би одоохондоо шүлгэн дээр өөртөө 20, өгүүллэгт 60 хувь л тоогдож байна.

Харин “түүний нэрийг дурдах юм болов уу, дурьдсангүй дээ” гэж бодогддог шүү

Д.ГАНСАРУУЛ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх