Ж.Жагаамаа:Сайхан үйл явдал өрнөсөн газраас олдсон чулуу эзэндээ эерэг энерги өгдөг

2017 оны 05-р сарын 05 өдөр, 15 цаг 54 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
jagaamaa

Хүсэл сонирхлоо хобби, харин хоббигоо ажил хэрэг болгосон  хүн ховор л байдаг. Ж.Жагаамаагийн чулуутай нөхөрлөсөн  түүх сонин.  Тэрбээр “Бид чулууг гоёл чимэглэл гэдэг утгаар ойлгодог ч чухам хэзээ, хаана, хэрхэн зүүх тухай төдийлэн сайн мэддэггүй. Тэгвэл чулууны энерги шингээх, ойлгох, гэрэл нэвтрүүлэх, дулаан дамжуулах шинж чанар өөрөөр. Тэдгээр шинж чанарыг олон төвшинд судалж, олон янзаар ангилдаг. Чулуу нь эзэндээ эерэг энерги өгдөг гэдгийг эрдэмтэдхүлээн зөвшөөрсөнБайгалийн чулуу хүний биед сайнаар нөлөөлдөг тул та өөрт байгаа чулуугаа хүн болгонтой сольж зүүх хэрэггүй. Таны энерги  тухайн хүний энергитэй холбогдож таагүй мэдрэмж төрүүлнэ. Чулуу нэг талаасаа гоо сайхан, нөгөө талаасаа эрүүл мэндэд ач холбогдолтой. Тиймээс эмчилгээний увидастай гэж ойлгож болно. Хүний эрүүл мэндэд ньшаардлагатай тодорхой өнгө дутсанаас өвчин үүсэх нь элбэг.Тиймээс дутагдсан өнгө, хэлбэр, энергитэй чулууг нь сонгож зүүлгэх хамгийн тохиромжтой”  хэмээн зөвлөж, гоёлыг  нь урлаж үйлчлүүлэгчдээсээ урмын үг сонсох энэ бүсгүй  надад анхнаасаа л сонирхолтой санагдаж билээ.Чулуунд дурлаж, чулуутай ойлголцож чаддаг түүний  хүсэл сонирхлын ертөнцөд та бүхэн тавтай морил.

  Хүмүүс үнэт эдлэлээс татгалзаж, байгалийн чулуунаас энерги авахыг хүсдэг болсон

Хавар болохоор хүмүүс байгалийн гэх зүйл рүү өөрийн эрхгүй тэмүүлдэг.Чулуугаар гоёл урладаг бүсгүй рүүзорин ирэх хүн олон байдаг биз?

-Намайг мэддэг хүн олон бий. Хүмүүс өөрт буй чулуугаараа гоёлын зүүлт, ээмэг хийлгэе гээд бариад ирдэг. Байгалийн чулуу өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой, энергитэй, хүнд нөлөөлөх нөлөөлөл нь хүртэл өөр өөр. Хаврын улирал эхлэхээр хүмүүс  ажил үйлс, эрүүл  мэнддээ анхаарч өөрт ээлтэй ордны чулуу сонгодог. Монголчууд эрт үеэс чулууг амьдрал ахуйдаа өргөн хэрэглэсээр ирсэн. Тухайлбал, ногоолин чулууг  нярай хүүхдийнхээ өлгийд хийж, нүднээ үл үзэгдэх  муу зүйлээс хамгаалдаг байжээ. Мөн улаан маныг эрүүл мэндийн чулуу гэлцдэг. Шөрмөс мана, усан мана зэрэгчулуу дотроо болорын ургалттай, Монголд хамгийн их бий. Зарим чулуу дотроо бөмбөлөг, од гараг, эрхэсийн хэлбэртэй, янз бүрийн  амьтны дүрс агуулсан байдаг.  Газарзүйн байрлалын хувьд ийм чулуунууд Өмнөговь, Дундговь, Хэнтий аймагт бий.Тэр дундаа Өмнөговь аймагт байдаг  Уулын болор, Усан  болор чулуу цэвэр ариуныг бэлгэддэг.  Чулуу болгон түүхтэй гэлцдэг.  Би ажлынхаа онцлог байдлаас хамаараад чулуу сонирхож судалдаг ч түүж олборлодоггүй. Надад очиж үзээгүй газар ховор. Нутаг нутгийн иргэд намайг чулуу хайж ирснийг сонсоод чулуугаа авчирч сонирхуулдаг юм.

Чулуу сонирхож  судалдаг зан чинь таныг  хаанаас ямар чулуу олж болох вэ гэсэн байнгаэрэл хайгуулд хөтөлдөг юм биш үү?

-Тийм ээ. Би хайж байсан чулуугаа олсон. Турмалин чулуу надад хэрэгтэй байсан болохоор интернэтээс хайж, таньж  мэддэг, ойр дотны найзуудаасаа асууж сураглаж байлаа. Аливаа зүйл энергиэрээ таталцдаг шүү дээ. Саяхан нэг найз маань ОХУ-аас турмалин авчирч өглөө. Энэмэтчилэн  эрсэн зүйл маань ямар нэгэн аргаар олдоод л байдаг юм. Энэ чулуу өөртөө ягаан, ногоон, шар гэх зэрэг тод өнгө үүсгэдэг. Турмалин нь соронзон долгионыг бууруулдаг тул эрүүл мэндэд тустай. Сүүлийн үед эрдэмтэд шинжлэх ухааны салбарт нано технологи  ашиглаад эхэлсэн байна.

 

Чулуу ямар энерги агуулдаг, тухайн хүндээ хэрхэн нөлөөлдгийг мэдэх амаргүй. Мэдээж багагүй судалсан байж  л чулууны ертөнцөд нэвтэрнэ шүү дээ?

-Чулуу болгон өөрийн гэсэн энергитэй болохоор тухайн эзэндээ эрч хүч хайрлаж, урам зориг төрүүлдэг.  Зарим чулууг  харахаар л  өөрийн эрхгүй сэтгэл сэргэж баярладаг юм. Сайхан үйл явдал өрнөсөн газраас олдсон чулуу эзэндээ эерэг энерги өгдөг. Би хар мана зүүх дуртай. Сүүлийн үед Турмалин, Усан болор чулуу зүүж байгаа. Ажиглаад байхад хүмүүсалт, мөнгө, үнэт эдлэлээс татгалзаж, байгалийн чулуунаас энерги, эрч хүч авахыг хүсдэг болсон байна.

Хүсэл сонирхлоо хобби, хоббигоо ажил хэрэг болгож чадсан

-Хүмүүсийн тоодоггүй зарим нэг зүйл хэн нэгний хүсэл мөрөөдөл, бүр хобби нь ч болох тохиолдол байх юм аа?

-Би хүүхэд байхаасаа гар урлал сонирхож, гоёл урлаж сурсан. Хүсэл сонирхол маань намайг аажим аажмаар чулууны ертөнц рүү хөтөлсөн. Эмэгтэй хүн болоод ч тэр үү гоёж гангалах дуртай. Шүр, сувдаар гоёл,чимэглэл урлаад гэрийнхэндээ бэлэглэдэг байв. Нэг удаа санамсаргүй байдлаар үнэ төлбөргүй сургалтад хамрагдахаар болж суралцсан. Тэр сургалтаас чулуу хэлхэх, сүлжих технологи  ямар байдаг, яаж гоёл урлаж хүнд хүргэж болох талаар анхны мэдэгдэхүүнтэй болж байлаа. Хүнд анхны бүтээл нь дурсамж үлдээж, илүү ихийг бүтээх урам өгдөг шүү дээ. Анх 4 мм хэмжээтэй 100 ширхэг жижиг болороор бөгж урлаж билээ. Би чулуугаар хийсэн гоё бүтээл харахаараа  дахин давтагдашгүй, өвөрмөц хийц загвартай бүтээл урлах гэжих  хичээдэг зантай. Ажилтай, завгүй байсанч зав гаргаад хийдэг. Тиймдээ ч хүсэл сонирхлоо хобби, хоббигоо ажил хэрэг болгож чадсан. Манай гэр бүл ажлыг маань сайн ойлгож дэмждэг. Нөхөр, хүү хоёр маань бугуйн цагаа, чулуун бугуйвчтай хослуулж зүүдэг. Том хүү  дэлгүүр нээхэд их тусалсан. Намайг орон нутгаар явсан үед дэлгүүрээ ажиллуулаад, үйлчлүүлэгчдээс захиалга авч зарим нэгэнд нь гоёл зэхэжөгсөн байдаг юм. Хөдөөгийнхөн “Сувдан гоёл” гэхээр андахгүй мэднэ. Харин “Уран гар” бол манай компанийн фэйж хуудас.Фэйж хуудас маань одоогоор 60.000 дагагчтай. Бид чөлөөт цагаараа компанийнхаа фэйж хуудсыг ажиллуулаад хүмүүстэй харилцдаг юм.

-Чулуугаар бүтээл урладаг бүсгүйчүүд хоорондоо их өрсөлддөг гэж сонссон юм байна?

-Надтай адилхан хүсэл сонирхолтой, гар урлалын бүтээл урладаг бүсгүйчүүдийн нүүр номоор аялж, бүтээлүүдийг нь сонирхож хардаг. Тэдний дунд гадаад хүмүүс ч бий. Тэд бүтээлдээ үндэснийхээ хэв загварыг шингээсэн байгаа нь сонирхолтой санагдсан. Сүүлийн үед би ч гэсэн бүтээлдээ үндэснийхээ өв соёл, уламжлалыг шингээхийг зорьж, Монгол хатны ээмэг, бугуйвч, малгай, толгойн унжлага, энгэрийн зүүлт сувдаар урлаж, мөнгө, чулуу шигтгэн хийж байгаа. Тиймдээ ч үндэснийхээ өв уламжлалаас санаа авч өдөр тутамд зүүж болох гоёл руу түлхүү анхаарч байна. Одоогоос  гурван жилийн өмнө Монголын Зохион Бүтээгчдийн Холбооноос монгол чулуугаар загварлаг бүтээл туурвисан гэж  шилдэг шагнал хүртэж байв. Мөн  Хөвсгөл түншлэлээс “Хэрэглэгчдэд нийцсэн бүтээгдэхүүн” өргөмжлөл, Завхан аймгаас “Шилдэг гар урлалын бүтээгдэхүүн” өргөмжлөл Надад үргэлж  эрч хүч өгч, өөдрөг бодол төрүүлдэг нэлээн хэдэн чулуу бий. Миний хэтийн зорилго бол өөрийн бүтээлээ гадаадын зах зээлд гаргах. Тиймдээ ч бүтээлдээ өөрийн гэсэн өнгө төрх  харуулахыг зорьдог. Амьдарч буй орчин, цаг үетэйгээ нийцүүлж мэдрэмжтэй урлахыг  хичээдэг болохоор миний урласан загвар бусдын дэлгүүрт тэр бүр байдаггүй.

-Хүмүүс өөрийн зан араншин, стиль имиж, дотоод ерөнцөө илэрхийлсэн, эсвэл амьдарч, ажиллаж буй орчныхоо уур амьсгал, эрхэлж буй ажлаасаа хамаараад ямар гоёл сонгохоо өөрсдөө шийддэг болжээ?

-Хүмүүс сонголтондоо их мэдрэмжтэй ханддаг болсон. Тиймээс засвар хийгдээгүй байгалийнхаа хэв тогтоцтой чулууг  их сонирхож байгаа. Тухайлбал багш, банк санхүүгийн мэргэжилтэй хүмүүс  чамин хийцтэй  жижиг чулуун зүүлт, ээмэг, бөгж зүүх сонирхолтой байдаг бол худалдаа үйлчилгээ, бизнес эрхэлдэг хүмүүс том шигтгээтэй чулуугаар гоёх дуртай. Мөнгөтэй байнга харьцдаг ажил эрхэлдэг болохоор голдуу мөнгөний энерги дууддаг чулуу сонгодог юм. Оюунлаг, зохион байгуулах авьяастай, мөн шүүгч, прокурор ажилтай хүмүүс  хар, цагаан хэл амнаас хамгаалсан утаат болор чулуу сонгодог. Мөнгөтэй болохыг зорьж байгаа хүнд нил ягаан болор тохиромжтой. Энэ чулуу  санхүүгийн эрсдэлээс эзнээ хамгаалдаг.

-Нутаг, нутгийн  ёс заншил өөр өөр байдаг шиг  хүмүүсийн  чулууны гоёлд хандах хандлага нь бас өөр л байгаа даа?

-Би сүсэг бишрэлтэй. Хаана ч очсон тухайн нутгийн газар шорооноос дураараа чулуу хөдөлгөж авдаггүй. Хүн эрхэлж  буй ажилдаа хүндэтгэлтэй, болгоомжтой хандахад гэмгүй. Хөдөөгүүр явж байхад нутгийн иргэд чулууг авахдаа зан үйлийг ёсчлон үйлдэж газар аргадаж авсан тухайгаа хуучилдаг юм. Хамгийн гоё чулуу Хэнтий, Өмнөговь аймагт байдаг. Зүүн зүгийн нутгаас Дорнодчууд үнэт эдлэлд дуртай байдаг бол баруун аймгийнхан тод өнгийн чулуу сонгодог. Хэнтий аймгийнхан болор чулуу, Хөвсгөл аймгийнхан өнгө өнгийн чулуу алаглуулж зүүх сонирхолтой.

-Тухайн нутгийн онцлогоос хамаараад чулууны олдоц хэр байдаг вэ?

-Анзаарч байхад баруун урагшаа зүгт , тухайлбал Ховд аймгийн Булган суманд байдаг чулуунууд алтны ширхэг шиг гялтганасан өнгөтэй. Алтны хольцтой гэж андуурмаар. Мөн урд зүгт байрлах  Дундговь, Дорноговь аймагт  манын төрлийн чулуу түгээмэл. Зүүн зүгийн нутгаар өнгө өнгийн жонж чулуу олдоц ихтэй. Надад чулуу хайгаад олборлох зав гардаггүй учраас нутгийн иргэдтэй уулзаж, санал бодлоо солилцдог. Нутаг, нутгийн хүмүүс миний бүтээлүүдийг сонирхож их авдаг юм. Зарим ч надад ийм чулуу бий, та сонирхож авахгүй биз гээд үзүүлнэ. Өөрт таалагдсан, ховор чулуу байвал нь худалдаж авдаг. Баруун аймгийн хүмүүс их уриалгахан, зочломтгой, ажилсаг. Найз нөхөд болвол нөхөрлөлдөө үнэнч ханддаг шиг санагдсан. Надад орон нутгаас захиалга байнга ирдэг. Зарим аймгийн иргэд надаас чулуун гоёл чимэглэл худалдаж аваад ойр зэргэлдээ аймгийнхаа иргэдэд  сонирхуулах  жишээтэй. Энэ жил би Дорноговь аймгийг зорьж, байгалийн чулууны олдоц ямар байгаа талаар судлаад ирсэн.

-Байгалийн чулуу сайхан ч эзэндээ хүнддэг талтай хэмээн үздэг  хүмүүс байх юм ?

-Магадгүй. Буруу санаа өвөрлөж, хулгайн гараар орж ирсэн чулуу сөрөг үр дагавартай. Муу сэтгэлтэй хүнээс чулуу авбал бие тавгүйрэх, айж сандрах, уур уцаар төрөх гээд таагүй, тавгүй мэдрэмж төрүүлдэг.

Хүмүүсийн түгээмэл хэрэглэдэг чулуунууд  ямар энергитэй байдаг талаар сонирхуулаач?

-Та өөрт байгаа чулуугаа хүн болгонтой сольж зүүх хэрэггүй. Таны энерги  тухайн хүний энергитэй холбодож таагүй мэдрэмж төрүүлнэ.Тиймээс сахиус мэт дээдлэх хэрэгтэй. Учир нь танд зөв энерги өгч, амьдралын тань хэв маягийг идэвхжүүлж байдаг юм шүү.  Тухайлбал эзэнд нь ямар нэгэн аюул заналхийлэл ирлээ гэхэд зүүж буй зүүлт, бугуйвч нь тасрах, бие нь муудвал өнгөө алдаж харлах зэргээр мэдрэгдээд эхэлдэг. Байнга завгүй ажилласнаас амархан бухимдах гээд байдаг хүмүүс  саран чулууг зүүвэл тайвширна. Биндэръяа чулуу үнэнч дурлалын бэлгэдэл болдог тул гэр бүлийн хосууд муудалцсан үед  зүүхэд эвлэрүүлэх энергитэй. Сувд эмэгтэй хүний нулимсыг тодруулж, зовлонг нимгэлдэг гэж үздэг. Мөн урт удаан, аз жаргалтай амьдралыг бэлгэддэг.  Настай хөгшчүүд Дөш чулууг сонгож зүүхэд сайн. Энэ чулуу  цусны даралт бууруулахаас гадна соронзон долгионыг саармагжуулдаг учир хамгаалалт болж өгдөг онцлогтой. Барын нүд эр хүний хийморийг бадраадаг бол эмэгтэй хүнд эрүүл мэндийн чулуу болдог. Молор чулуу гэр бүлийн сахиус болдог учир айл гэрт байхад тохиромжтой. Гартаам чулуу зүрх судасны өвчин, ядаргаа арилгахад тустай.

-Намар хуримын сар эхлэхээр залуу хосуудад зориулж үзэсгэлэн гаргавал яасан юм бэ, сонирхолтой санагдана даа?

-Энэ талаар төлөвлөчихсөн. Намар хуримын салоныг цогцоор нь  гаргах бодол бий. Хуримын даашинз чимэглэхээс гадна, зүүх гоёл, мөн өмсөх гутлыг нь хүртэл чимнэ.

-Олны танил хүмүүс  үйлчлүүлдэг үү?

-Сүүлийн үед фэйсбүүкээр тренд болоод буй хөтлөгч Д.Одзаяа, дуучин Т.Амина нар байнга үйлчлүүлдэг. Дуучин бүсгүй Мартын наймны баяраар ээждээ зориулж сувдан зүүлт бэлэглэсэн. Манай дэлгүүрээр  гадаадад ажиллаж амьдарч байгаад Монголдоо ирсэн хүмүүс их үйлчлүүлдэг юм. Тэд надтай санал бодлоо хуваалцаж, тухайн амьдарч байсан орных нь иргэд ямар ямар чулуун гоёлоор гангардаг байсан тухай өгүүлж, чулууны талаар сонирхолтой яриа өрнүүлдэг. Өвөрмонголчууд үндсэрхэг үзэлтэй. Миний урласан бүтээлүүдээс  үндэсний хэв маяг шингээсэнгоёл худалдаж авдаг юм.

 Холбоо барих утас: 99864980, 93130361, 94004040. Хаяг: Хүнсний 20,  “Мөнгөн завьяа”-гийн зүүн талд

Г.Батцэцэг

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. Anonymous
     (202.179.26.***)
    2017/06/28 16:57

    үнэхээр таалагдлаа гайхалтай

    (0) (0)