Хүүхдийн баяр баясал, инээд хөөрөөр хөглөгдсөн нэг өдөр

2017 оны 05-р сарын 30 өдөр, 11 цаг 26 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
DSC_0046-890x495

Хамгийн гэгээн тунгалаг, цав цагаахан ертөнц бол хүүхдийн ертөнц… Цайлган цагаан инээдээрээ хорвоог уярааж, эцэг эхийнхээ амин эрдэнэ нь болж амьдралд өнгө нэмсэн энэ гэгээн ертөнцүүдийн баярын өдөр бол 6 сарын 1 буюу “Хүүхдийн баяр”.

Манай улс энэ жил 65 дахь жилдээ “Олон улсын хүүхдийн эрхийн өдөр”-ийг тэмдэглэх гэж байна. Анх 1925 онд “Женевт” хүүхдийн сайн сайхны төлөө дэлхийн чуулга уулзалт болж, тэрхүү чуулга уулзалтаас 6 дугаар сарын 1-ний өдрийг дэлхий нийтээрээ “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгох уриалга гаргасан юм. Улмаар 1951 онд Олон улсын ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг улс орон бүр тодорхой өдөр тэмдэглэж, хүүхэд багачуудаа баярлуулж байхаар шийдвэрлэсэн бөгөөд Монгол Улс 1952 оноос эхлэн 6 дугаар сарын 1-ний өдрийг “Хүүхдийн баяр”-ын өдөр болгон тэмдэглэсээр өнөөг хүрсэн түүхтэй.

Модод нахиалж, амьтай бүхэн өнгөө зассан зуны энэ л өдөр хөөрхөн хүүхдүүдийн цангинасан дуу хуур, инээд хөөрөөр хөглөгдсөн нэгэн газар нь Гадаадын иргэн, харьяатын газар байлаа. Учир нь Гадаадын иргэн, харьяатын газар албан хаагчдынхаа хүүхдүүдийг хүлээн, баярлуулсан нь энэ аж.

Энэхүү баярын арга хэмжээнд Гадаадын иргэн, харьяатын газрын удирдлага болоод албан хаагчдын гэр бүл оролцож, бяцхан үрсийнхээ баярыг хамт тэмдэглэлээ. Арга хэмжээг тус  газрын дарга Д. Мөрөн нээж хэлсэн үгэндээ “Албан хаагчдын хүүхдүүд хоорондоо танилцаж, аав ээжийнх нь ажилладаг газар ямар үйл ажиллагаа явуулдаг талаар танилцуулах зорилгоор энэхүү өдөрлөгийг зохион байгуулж байна. Энд хүрэлцэн ирсэн гэр бүл, эцэг эх, үр хүүхдүүд маань яг өнөөдрийнх шиг инээд баяслаар дүүрэн, өөдрөг бодолтой байгаасай хэмээн хүсч байна” гэлээ.

Ийнхүү бяцхан үрсээ нэг өдрийг гэр бүлийнхэнтэйгээ хамт баярлан өнгөрүүлж, аав, ээжийнхээ ажилтай танилцах боломжийг бүрдүүлэх зорилгоор бэлтгэсэн баярын тусгай хөтөлбөрт хүүхэд багачуудын дуртай алиалагчтай циркийн үзүүлбэрүүд, хөлөөр шидэгч, жонглероос гадна илбийн үзүүлбэр, урлагийн тоглолт гээд олон сонирхолтой зүйлс багтсан юм. Мөн багачуудынхаа дунд хөгжөөнт тэмцээн явуулахын зэрэгцээ азын сугалаа сугалуулж аз нь алгандаа багтсан үрс Олон улсын хүүхдийн НАЙРАМДАЛ төвд амрах эрхийн бичиг, унадаг дугуй, сагсны бөмбөг зэрэг олон олон шагналын эзэн болж, бөөн бөөн баяр болцгоов.

Түүнчлэн хүүхэд багачуудын ертөнцийг үзэх үзэл, эх орон, ээж аав, ахан дүүсээ хайрлах, хүүхэд өөрийн үзэл бодлоо бүтээлч байдлаар илэрхийлэхийг дэмжсэн “МИНИЙ НҮДЭЭР-МИНИЙ ААВ/ЭЭЖИЙН АЖЛЫН ГАЗАР” хүүхдийн гар зургийн уралдааныг албан хаагчдын хүүхдүүдийн дунд зарласан. Уралдаан 0-8, 9-16 насны ангиллаар явагдсан бөгөөд өөрийнхөө ертөнцөөр аав, ээжийнхээ ажлын газрыг цааснаа буулгасан шилдгүүд ч мөн энэ өдөр тодорч, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын урилгаар Олон улсын хүүхдийн НАЙРАМДАЛ төвд амрах эрхийн бичгийг хүртлээ. Уг эрхийн бичгийг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар хамтын ажиллагааныхаа хүрээнд олгож, багачуудынхаа баяр дээр баяр нэмсэн байна.

Ингээд энэхүү арга хэмжээнд оролцсон бяцхан дүү нарынхаа баярын сэтгэгдлээс та бүхэнд хүргэе.

 Дашпүрэвийн Нинжин: Би 12 настай, Хобби сургуулийн 6а ангийн сурагч. Миний ээж Ж.Алтангэрэл Гадаадын иргэн, харьяатын газарт Тамгын газрын ахлах мэргэжилтэн хийдэг. Баяр үнэхээр сайхан болж байна. Би ээжийнхээ ажил дээр ирээд баярлахын зэрэгцээ үе тэнгийн найзууд, дүү нартаа зориулж өөрийн бүжгээр мэндчилгээ дэвшүүллээ. Бас Найрамдал зусланд амрах эрхийн бичгийн азтан болсондоо маш их баяртай байгаа. Өмнө нь ингэж ээж, аавынхаа ажлын газартай танилцах боломж төдийлөн олддоггүй байлаа.  Ээж маань орой болтол ажилладаг болохоор ээжийнхээ ажлын газрыг очиж үзэх юмсан гэж боддог байсан. Анх удаа ирж байгаа болохоор сайхан санагдаж, бас ээжийнхээ ажлаар бахархаж байна.

Болдын Бүжинлхам: Би өнөөдөр хичээлтэй байсан боловч багш маань чөлөө өгөөд ээжийнхээ ажлын хүүхдийн баярт оролцох болсон. Гар зургийн уралдаанд ээжийнхээ ажлын газрыг их гоё зурах юмсан гэж хичээж зурсан маань шалгарч, бас аз таарч Найрамдал зусланд амрахаар болчихлоо. Ер нь найзуудтайгаа хамт зусланд амрана гэж бодож байсан чинь хүсэл маань биелчихлээ. Ээжийнхээ ажлын хамт олонд ийм сайхан арга хэмжээ зохион байгуулсанд баярлалаа. Миний ээж энэ дэлхийн хамгийн мундаг ээж.

Түүнчлэн өнөөдрийн баярын арга хэмжээнд албан хаагчдын арын албыг залгуулж, найдвартай ар тал болж явдаг гэр бүлийнхэн нь хүрэлцэн ирсэн бөгөөд тэдний төлөөлөл болгож Гадаадын иргэн, харьяатын газрын дэд даргын туслах Э.Эрдэнэдаваагийн гэргий Ч.Золжаргалын сэтгэгдлийг сонсоход “Өнөөдрийн арга хэмжээнд хоёр хүүхдийнхээ хамт ирсэн. Баярт оролцоод хүүхэд шигээ л өөрөө баярлаж байна. Албан хаагчдынхаа гэр бүл, үр хүүхдүүдийг нь иймэрхүү байдлаар ажилтай нь танилцуулах их сайхан байдаг юм байна. Цаашид хүүхдүүдэд ч хэрэгтэй. Тухайлбал манай охин “ Миний аав яасан гоё газар ажилладаг юм бэ” гээд бөөн баяр  байгаа. Тэгэхээр албан хаагчдынхаа гэр бүлд санаа тавьж ийм арга хэмжээг зохион байгуулж байгаад баяртай байна” гэлээ.

Мөн бичиг хэргийн ажилтан С. Сайнбилэгийн хань А. Бадамханд: “Өнөөдөр манай эхнэрийн ажлын газар гэр бүлийн арга хэмжээ зохион байгуулж, хүүхдүүдээ баярлуулж байгаад баяртай байна. Ийнхүү гэр бүлээрээ тэмдэглэж байгаа нь хүүхдүүд аав, ээжийнхээ ажлаар бахархахын зэрэгцээ ханийнхаа ажил мэргэжлийн онцлогийг ойлгоход чухал ач холбогдолтой арга хэмжээ болж байна” хэмээн тодотголоо.

Түүнчлэн энэ өдөр Гадаадын иргэн, харьяатын газрын хамт олон мод тарих арга хэмжээг хүүхдийн баярын арга хэмжээтэй хамтатган зохион байгуулсан нь билэг дэмбэрэлтэй сайхан үйл явдал болсон юм. Гэрэлт ирээдүйн эзэд болсон бяцхан үрс маань аав ээжийнхээ ажлын газарт, хамтдаа мод тарьж дурсамж дүүрэн өдрийг өнгөрүүлсэн юм. Бяцхан зүрхэндээ хайр тээн, аав ээжтэйгээ тарьсан мод нь “өндөр” ургаж, эх орны ирээдүйн эзэд, хүүхэд багачууд дуу хуур, инээд баясал, хөгжөөн наргиан, аз жаргал дүүрэн байг ээ.

     

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх