УИХ-ын гишүүн Б.Баттөмөртэй ярилцлаа.
-Монгол Улс ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдахаар болж эдийн засагт ногоон гэрэл асч буйг Сангийн сайд онцолсон. Зээлийг юунд хэрхэн зарцуулах хэрэгтэй гэж бодож байна вэ?
-ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд 5.5 тэрбум ам.долларын санхүүжилт орж ирнэ. Энэ нь эдийн засгийг эрүүлжүүлэх, хямралаас гарахад тусалж буй дэмжлэг юм. Түүнээс биш Монголыг хөгжүүлэх хөтөлбөр биш. Орж ирэх 5.5 тэрбум ам.доллараас Хятадын своп хэлцлийг хасахад цаана нь 3.5 тэрбум ам.доллар орж ирнэ. Үүнийг зөв ашиглах ёстой.
Монголын төр, Их хурал, Засгийн газар хөгжлийн бодлогоо энэ дэмжлэг дээр суурилуулж зөв гаргаж чадах юм бол Монгол Улс хөгжих гарааны зам дээр ирсэн байна. Зээлийг бичиг цаас зэрэг үр дүн муутай амьдралын чанар, эдийн засгийн өсөлт, нэмүү өртөг бий болгодог салбарт зарцуулахгүйгээр аар саар зүйлд зараад дуусах юм бол өрийн хэмжээ нэмэгдэхээс хөгжил байхгүй болно. Засгийн газар, УИХ үүнд бодлого гаргаж ажиллах ёстой. Валютын сангийн энэ дэмжлэг дээр суурилаад 20-иос дээш жилийн хугацаатай хөгжлийн зээл авах хэрэгтэй. Хөгжлийн зээлээр том төслүүдээ хөдөлгөж, эрчим хүчний хараат байдлаас гарч, уул уурхайн эцсийн бүтээгдэхүүн гаргах хэрэгтэй.
-Зээл тусламжаар төсвийн алдагдлыг нөхөх хэрэгтэй гэсэн байр суурьтай хүмүүс байна. Эдийн засгийг эрчимжүүлэх өөр ямар арга зам байна вэ?
-Гаднаас зээл авч төсвийн алдагдлаа нөхнө гэдэг маш том эндүүрэл, хөгжлийн буруу төсөөлөл. Үнэхээр төсөв алдагдалтай байгаа бол зардлаа хасъя. Үргүй зардал их бий. Ялангуяа улсын төсөвт үйлдвэр аж ахуйн газруудад том боломж бий.Багануур, Шивээ-Овоо, Эрдэнэт гээд улсын үйлдвэрүүдийг дайчилж чадах юм бол хангалттай нөөц боломж байна. Үргүй зардлыг санхүүжүүлэхээ больж төрийн олон зуун мянган албан хаагчийг тодорхой үе шаттайгаар хувийн хэвшил рүү шилжүүлэх хэрэгтэй. Төрийн ачааллыг аль болох багасгах нь чухал.
-Валютын сангийн эхний ээлжийн санхүүжилт Монголбанкинд байршсан. Энэ мөнгийг нэн тэргүүнд юунд зарцуулахаар бүлгийн хурал дээр ярьж, төлөвлөж байна вэ?
-Ийм зүйлд зарцуулна гэж ярихад эрт байна. Миний хувьд эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлж, ажлыг байр бий болгох чиглэлд зарцуулах нь зүйтэй гэж бодож байна.
-Валютын сангаас хүүхдийн мөнгийг хасах, нийгмийн зорилтот бүлэг рүү бодлогоо чиглүүлэх гээд цөөнгүй шаардлага тавьсан. Тэр дундаа төрийн албан хаагчдыг цөөлөх бодлого төрийн албанд хэрхэн нөлөөлөх бол?
-Сургууль, эмнэлэг, батлан хамгаалах, онцгой байдал зэрэг үйлчилгээний байгууллагуудаас бусад салбарт тэтгэвэрт гарч байгаа хүмүүсийн оронд нөхөн томилгоо хийхгүй. Харин хоёр хүн тэтгэвэрт гарвал нэг хүн томилох бодлого барьж байгаа. Аль болох улсын төсвөөс санхүүждэг төрийн албан хаагчдын тоог багасгах шаардлага тавьсан.
Төр бодлогын гол асуудлуудаа хариуцаад хувийн хэвшилд ажил даатгах хэрэгтэй. Ийм туршлага цөөнгүй улс оронд байдаг. Манай улсад Татварын ерөнхий газар гээд 2000 хүнтэй бүтэц байхад Сингапурт орлогын газар гээд хувийн байгууллага байдаг. Төр ийм замаар ачаанаасаа салж, байнга хөнгөлж байх хэрэгтэй. Иргэдийг аль болох хувийн хэвшил рүү шилжүүлэх, хүмүүс хувийн компани байгуулахыг нь төр дэмжээд өгөх хэрэгтэй. Манай улсад 100 гаруй мянган аж ахуйн нэгж байна. Баялаг бүтээгчдийг нэмэгдүүлээд яагаад 200 мянга хүргэж болохгүй гэж. Энэ хэмжээгээр татварын орлого нэмэгдэнэ.
-Долоон төрлийн татварыг нэмэхээр болсон. Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хэрэгжсэнээр дахиад татвар нэмэхгүй гэх баталгаа бий юу?
-Татвар бол эдийн засгийг зохицуулдаг учраас огт нэмэхгүй, хасахгүй гэж хэлж болохгүй. Эцсийн дүнгээр татвар нэмэгдэхгүй байж болдог. Дотор нь нэмдэг, хасдаг зүйл байдаг. Тодорхой хөгжлийн үе шатад эдийн засагт хуримтлал үүсээд ирэхээр нэмсэн татваруудаа хасна. Шинэ төрлийн татварыг бий болгоод хуучин татвараасаа тодорхой хэмжээгээр хасдаг. Нийт дүнгээрээ ард иргэд, аж ахуйн нэгжид татварын ачааллыг нэмэхгүйгээр дотор нь зохицуулж болдог. Ийм шинэчлэлүүд хийгдэнэ.
-Валютын сангийн төлөөлөгчид Татварын Ерөнхий газар дээр ажиллаж байгаа гэсэн. Монгол Улсын татварын системийг олон улсын жишигт хүргэх шаардлагатай гэдгийг Сангийн яамныхан хэлж байна. Татварын системийг хэрхэн шинэчлэх вэ?
-2008 оны нэгдүгээр сараас хойш татварын шинэчлэл хийгээгүй. Улс орны амьдрал арван жил байтугай нэг сараар өөрчлөгдөж байна. Тиймээс татварын шинэчлэл хоцорч яваа. Аж ахуйн нэгж, хувь хүний орлогын албан татвар гээд алс хэтдээ татвар буурах чиглэл рүү явна. Татвар их багадаа биш төлөх ёстой хүмүүс нь татвараа төлж байж татварын бааз суурь нэмэгдэнэ.
Монголд их хэмжээний үл хөдлөх хөрөнгө байна. Тэгсэн мөртлөө ашиглалт муу. Ашиглаж байгаа хүндээ болон улсад өгөөж муутай. Тиймээс үл хөдлөх хөрөнгийн татварт өөрчлөлт оруулах хэрэгтэй. Мөн бэлэглэлийн асуудал байна. Бэлэглэсэн зүйлийг үнэгүй авч болохгүй. Тодорхой хэмжээнд татвар төлж байх ёстой. Малчдын малын хөлийн татварыг тухайн орон нутгийнх нь засаг захиргааны нэгжид өгдөг байж болно. Энэ маягаар татварын системийг шинэчлэх хэрэгтэй.
-Монголбанкны шалгалтын дүнг олон нийтэд зарлалаа. Мэргэжлийн байгууллагууд бус улстөрчид шалгалт орууллаа гэх шүүмжлэл байна?
-Монголбанк бол ашгийн бус байгууллага. Тэгсэн мөртлөө гурван их наяд төгрөгийн алдагдалтай ажилласан байна. Монголбанкны алдагдлыг Засгийн газар хувьцаа гаргаж нөхнө гэхээр гадаад өр 60-аад их наяд төгрөг. Дотоод өр 14-15 их наяд төгрөг байна. Ийм байдлаар Монгол Улс өрийн сүлжээнд орчихлоо. Мэргэжлийн санхүүгийн байгууллага, хууль хяналтынхан нэмж шалгах хэрэгтэй. Энэ бүхний эцэст тодорхой асуудал яригдах байх. Шалгалтын материалыг харахад хууль зөрчсөн маш их асуудал байна лээ. Үр ашиггүй зарцуулсан цөөнгүй хөтөлбөр, төслүүд байна. Асуудалд ингэж хандах юм бол төрийн албыг хариуцлагагүй болгосон хүмүүс алдаагаа хүлээх ёстой.
Банк нь гурван их наяд төгрөгийн алдагдалтай ажиллаж байхад ажилчдынхаа цалинг 25 хувиар нэмсэн. Гэтэл ажилчид, ард түмний цалин нэмэгдсэн үү.Үнэ тогтворжуулах хөтөлбөр, банкуудад өгсөн зээлийг мэргэжлийн байгууллага нь шалгаж тодруулах ёстой. Монгол Улсын хөгжилд том саад болж боомилсон зүйл боллоо.
-Валютын сангийн хөтөлбөрөөс болж гадаадын хөрөнгө оруулагчдын мөнгийг дотоодын банкаар дамжуулах заалтыг хүчингүй болгосон. Үүнийг цаашид буцаах боломжтой болов уу?
-Боломжтой. Монгол төгрөг өдөр бүр үнэгүйдэж байсан. Валютын сангийн хөтөлбөрт хамрагдана гэсэн сургаар тогтвортой болж байна. Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдсанаар ханш 2000 төгрөг болохыг үгүйсгэхгүй. Монгол төгрөг улам л үнэ цэнэтэй болж байна гэсэн үг.
Монгол Улс өрийн бүрэн дарамтад орсон учраас гарц бол яах аргагүй ОУВС-тай хамтарч ажиллах байсан. Энэ утгаараа гадаадын хөрөнгө оруулагчдын томоохон төслийн мөнгийг Монголын банкаар дамжуулах утга бүхий Их хурлын 29 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулсан. Түүнээс улс орондоо хайргүй, эх орныхоо эсрэг ажилладаг хүн гэж байхгүй. Тодорхой хугацаанд өөрчилж болно.
Нөгөө талаас УИХ-ын тогтоол оруулснаараа гадаадын хөрөнгө оруулагчдын мөнгө Монголын банкаар дамжина гэвэл бас худал.Тогтвортой байдлын гэрээнд Хонконгийн, Английн ийм дансанд оруулна гээд заачихсан байдаг. Монгол Улсын хууль тогтоомж олон улсын гэрээнээс давж үйлчлэхгүй.
Худалдааны хууль батлахаараа Монголоос гарч байгаа бүтээгдэхүүн Монголоор дамжина гэж хуульчлаад өгөхөд болохгүй зүйлгүй. Энэ мэтээр олон гарц бий. Гадаадын хөрөнгө оруулалттай банкууд орж ирсэн тохиолдолд Монголын ашигт малтмалын үнэ дамжиж орох боломж бүрдэнэ. Одоогийн тавьж байгаа шаардлага бол танай улсад олон улсын А зэрэглэлийн банк, даатгалын компани алга гэж байгаа. Монголд олон банк дампуурснаас болоод үүсч болох эрсдэлийг гадныхан тооцсон. Иймээс дотоод зах зээлийнхээ байдлыг бэхжүүлж, жинхэнэ зах зээлийн зарчмаар ажиллах шаардлагатай. Олон улсын байгууллагуудтай хамтарч ажиллах зэргээр бидний хүчин чармайлтаас бүх зүйл шалтгаална.
С.Уянга

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
