Зөв амьдарч сурвал зүрх, судасны өвчнөөс ангид байх болно

2017 оны 05-р сарын 30 өдөр, 14 цаг 48 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
zurh

Дэлхий дахинд зүрх судасны өвчнөөр өвчлөгсдийн тоо асар хурдтайгаар нэмэгдэж буй.  Манай улсын хувьд зүрх судасны өвчлөл ихэсч байгаа нь хот суурин газарт ажилгүйдэл, ядуурал, хүн амын төвлөрөл ихэссэнтэй холбоотой.

Мөн гудамжны хөдөлгөөн, дуу шуугиан ихтэй орчин, ажил, амьдралын стресс болон биеийн хүчний хөдөлмөр хөнгөвчлөгдөж, энерги бага зарцуулах болсонтой холбоотой. Хоолны нэр төрөл, хэрэглээ, хооллох дэглэм бас өөрчлөгдөж, архи тамхины хэрэглээ эрс нэмэгдсэн зэрэг олон асуудал бий. Ялангуяа сүүлийн жилүүдэд агаарын бохирдол эрс нэмэгдсэн нь зүрх судасны өвчтэй хүмүүст хортойгоор нөлөөлж, зүрх судасны хүндрэл тохиолдох магадлалыг улам бүр ихэсгэж байна. Дээрх шалтгаанаас гадна хамгийн их сөргөөр нөлөөлж буй хүчин зүйл бол хорт зуршил. Манай оронд сүүлийн жилүүдэд архи согтууруулах ундааны хэрэглээ улам бүр өсч, хэрэглэгчид нь залуужиж байна. Үүнээс болж архинаас үүдэлтэй нас баралт ихэсч байна. Түүнээс гадна манай залуучууд холестрин, ханасан өөхний хүчил ихээр агуулсан хоол хүнс хэрэглэдэг болжээ. Мөн давсалсан, даршилсан, нөөшилсөн бүтээгдэхүүнийг их хэрэглэдэг болсон. Мөн хоолоо хайрч хуурч иддэг, хоолыг хонуулж маргааш нь халааж хэрэглэдэг эсвэл бэлэн хоол байнга иддэг хүмүүс ч бас цөөнгүй байдаг. Эдгээр зохисгүй хооллолт нь зүрх судасны өвчлөлийг үүсгэх гол үндэс болж буй юм. Бас залуучууд бухимдал, стрессд их өртдөг. Цочмог стресс нь цусны даралтыг ихэсгэн зүрхний агшилтын тоог түргэсгэж цусан дахь өөхний хүчлийг нэмэгдүүлдэг юм. Архаг стресс нь цусны холестролыг 8-65 хувиар ихэсгэдэг.

Зүрх судасны өвчин хүн бүрт ерөнхий шинж тэмдгээр илрэхээс гадна бас өөр шинж тэмдгээр ч бас илрэх нь бий. Жишээлбэл, тархины судасны атеросклероз буюу хатуурал өвчний үед мартамхай цочромтгой болох, чих шуугих, толгой өвдөх шинж илэрнэ. Гэтэл хөлийн судасны атеросклерозтой үед хөл чинэрч бадайрах, хөрөх, цайх, даарах, доголох шинж тэмдэг илрэх жишээтэй. Мөн артерийн даралт ихтэй өвчтөн толгой эргэх, толгой өвдөх, нүд бүрэлзэх шинж илэрнэ. Улмаар хараа нь мууддаг.

Цээжний бах буюу стенокардитай өвчтөн өвчүүний ар тал цээжний зүүн талаар дарах, шахах, хорсох хүнд оргих шинж тэмдэг илэрдэг бол зүрхний шигдээсний эмнэл зүйн үндсэн шинж нь цээжний хүчтэй өвдөлт байдаг. Гэтэл дээрх өвдөлтөөс өөр шинжээр илрэх тохиолдол бас элбэг байна. Тухайлбал, амьсгал давчдана, амьсгаадна. Эсвэл аюулхай орчимд өвдөх, бөөлжих, бөөлжис цутгах, бас муужирч унах, даралт багасах, ухаан балартах, зүрхний хэм алдагдах шинж тэмдгүүд илэрдэг.
Хүчилтөрөгчийн дутагдлаас булчинд бүрэн бус исэлдэлтийн бүтээгдэхүүнүүд хуримтлагдаж, өвдөлтийн рецепторыг цочроосноор өвдөлт үүсдэг. Зүрхний булчингийн хүчилтөрөгчийн дутагдал нь түүний тэжээл буюу цусан хангамжийн дутагдлаас үүсэх бөгөөд тэжээл дутагдах хоёр төрлийн үндсэн шалтгаан бий. Нэгдүгээрт, зүрхийг тэжээгч “титэм” судасны эмгэг буюу титэм судасны нарийсал, эсвэл бөглөрлөөс үүдэлтэй. Нарийсал нь судасны үрэвсэл, хатуурал, шохойжил, төрөлхийн гаж хөгжил зэргээс үүсдэг. Судас цусны бүлэн, хий зэргээр бөглөрнө. Хоёрдугаар шалтгаан нь зүрхний булчингийн хэрэгцээ нэмэгдэхтэй холбоотой. Зүрхний булчин томрох, эсвэл зүрхний цохилтын тоо нэмэгдсэнээс булчингийн хүчилтөрөгчийн хэрэглээ нэмэгдэнэ. Энэ үед хэвийн, эмгэг өөрчлөлтгүй титэм судас  хангалттай тэжээл буюу хүчилтөрөгчийг өгч чадахгүйд хүрдэг. Цусан хангамжийн дутагдлын үргэлжлэх хугацаа, гэмтлийн зэргээс хамаарч өвдөлт янз бүр байна. Иймд цусан хангамж дутагдсанаас үүссэн өвдөлтийг ялган танихад хялбар болгох үүднээс байрлал, онцлог, дамжилт, хугацаа, эрчим, намдах үйл явцаар нь тодорхойлж болдог. Бид эдгээрийг “БОДХЭН” гэж зургаан үсгээр товчилж тайлбарладаг юм. Үүнийг тодруулбал:

Байрлал-цээжний зүүн талд, өвчүүний араар өвдөх

Онцлог-дараад, базаад, шахаад байгаа мэт мэдрэмж төрөх

Дамжилт-зүүн гар, дал, мөр лүү өвдөлт дамжих

Хугацаа-20 минут хүртэл өвдөх. Нэг минутаас бага өвдөх нь зүрхний өвдөлт биш,

20-иос дээш бол зүрхний шигдээсийн шинж.

Эрчим-өвдөлт сулаас маш хүчтэй байж болно. Тэр ч бүү хэл хутгалахтай адил гэж зүйрлэдэг.

Намдах-титэм судас тэлэх эмэнд, эсвэл хийж буй үйлдэл, ачааллаа зогсооход намдана. Зүрхний шигдээсийн үед зөвхөн өвдөлт намдаах эмэнд эрч нь суларна.

Цусан хангамжийн дутагдалтай булчингийн эсүүд унтаа байдалд ордог. Зүрхний цусан хангамжийг сэргээхэд унтаа эсүүд сэргээд үйл ажиллагаагаа гүйцэтгэж чадвал “зүрхний бах” гэж оношлодог. Харин булчингийн эсүүд үхсэн бол “зүрхний шигдээс” гэж оношлоно.

Зүрхний шигдээс гэнэт, эсвэл аажмаар тохиолдоно. Зүрхийг тэжээгч “титэм” судас гэнэт бөглөрч, цусан хангамжгүй болсноос булчин үхжинэ. Хэрэв бөглөрлийн шалтгааныг богино хугацаанд арилгаж чадвал зүрхний булчинд ямар нэгэн бүтцийн өөрчлөлт гарахгүй. Ингэж чадаагүй тохиолдолд нэгэнт үхэжсэн бүлчин сорви болж үлдэнэ. Зүрхний булчингийн тэжээл удаан хугацаагаар архагаар дутагдахад унтаа эсүүд аажимдаа сорвины эдээр солигддог. Хүмүүсээс “Таны зүрхэнд шигдээсийн сорви байна. Хэзээ зүрхний шигдээсээр өвдсөн бэ” гэхээр огт өвдөж байгаагүй гэдэг юм. Гэтэл амьсгаадах, хөлийн шилбээр хавагнах зэрэг зүрхний архаг дутагдлын шинж аль хэдийнэ илэрсэн байдаг.  

Эрсдлийн хүчин зүйлс юу вэ гэвэл. Бие махбодын хөгшрөлтийн процесс хамгийн гол хүчин зүйл байдаг. Хөгшрөх тусам бие элэгдэн, судасны хана суларч, холестерин хуримтлагдах гэх мэт үйл явц эрчимтэй явагдаж эхэлдэг.

Артерийн даралт ихсэх нь зүрхний цусан хангамж хомсдох өвчин, тархинд цус харвах, бөөр ба зүрхний дутагдал үүсэхэд нөлөөлдөг үндсэн хүчин зүйл юм. Иймээс 45 нас хүрснээс хойш цусны даралтаа хэмжүүлж, зүрхний эмчээс зөвлөгөө авч байх хэрэгтэй.

Тамхи татах нь зүрхний өвчин тусах эрсдлийг 3 дахин ихэсгэнэ. Амьдралынхаа 2 жилийг тамхи татахгүйгээр өнгөрөөвөл энэ эрсдэл дахин буурна. 10 жил татахгүй бол эрсдэл нь тамхи татдаггүй хүнийх шиг болж буурна. Тамхийг хэрэглэх нь байтугай татаж байгаа хүнтэй нэг өрөөнд цуг байхаас зайлсхийх, татсаных нь дараа тухайн өрөөнд орохгүй байхыг хүртэл заадаг болоод байгаа. Гэтэл манайд маш өргөн хэрэглэж байна. Энэ нь зүрх судасны өвчний хувьд том эрсдэлт хүчин зүйл. Архины хувьд стандарт тун гэж байдаг. Цагаан архи 20-30 грамм, дарс 50 грамм, шар айраг 330 грамм хэрэглэхэд зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх арга болдгийг олон судлаачид тогтоосон. Архийг хэтрүүлэн хэрэглэдэг хүмүүсийн хувьд энэ стандарт тунгаас хэтрүүлэхгүй хэрэглэж байж л сая эрсдэлийг бууруулна . Харин архи уудаггүй хүн бол огт хэрэглэх шаардлагагүй.

Бие махбодод илүүдэл өөх хуримтлагдах, ялангуяа бэлхүүс орчмоор хуримтлагдах нь зүрхний өвчин тусах эрсдлийг ихэсгэдэг. Таргалалт нь чихрийн шижин үүсэхэд нөлөөлнө. Харин чихрийн шижин нь зүрхний өвчин үүсэх таатай орчин болж өгдөг. Жингийн илүүдлийг өөхний, булчингийн, ясны  гэж ангилж үздэг. Үүнээс өөхний илүүдлийг засч болох юм. Өөхний илүүдэлтэй тарган хүмүүст хэвлий, сээр, бугалганы таргалалт их байдаг. Хэвлийн тойргийн хэмжээ эмэгтэйчүүдэд 80 см,  эрчүүдэд 90 см-ээс илүү, артерийн гипертензи,чихрийн шижин, гиперлипидеми-цусан дахь өөх тосны хэмжээ ихтэй  бол бодисын солилцооны хам шинж гэж үздэг. Хэдийчинээ том гэдэстэй байна, тэр хэмжээгээр зүрх судасны өвчинд өртөх магадлал ихэсдэг. Цусан дах холестерины хэмжээг тогтмол үзүүлж, ихэсвэл эмчийн заавраар эм хэрэглэнэ. Зүрхний өвчин тусах эрсдэл өндөртэй бол зун наранд удаан шарахаас зайлсхийх хэрэгтэй.

Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн зүрх,судасны эмч А.Амаржаргал

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх