“Монголчуудын уламжлалт гар урлал” буюу оны онцлох үзэсгэлэн Монголын үндэсний музейд нээгдэнэ

2017 оны 07-р сарын 05 өдөр, 18 цаг 11 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
muzei

“Монголчуудын уламжлалт гар урлал” буюу оны онцлох үзэсгэлэнгийн нээлт маргааш буюу 07-р сарын 06-ны 11 цагаас Монголын үндэсний музейд  болно. Тус үзэсгэлэнд Монголын Үндэсний музейн сан хөмрөгт хадгалагдаж буй үзмэрүүдээс дээжлэн 180 үзмэрийг дотоод гадаадын үзэгчдэд өргөн толилуулна.

Монголчуудын уламжлалт гар урлал олон зууны түүхтэй, өөрийн гэсэн уран сайхны өвөрмөц онцлогтой. Урчууд гоёл чимэглэл, ахуйн хэрэглээ, бурханы шашны эд зүйлсийг урлахдаа олон янзын хээ угалзаар утга төгөлдөр чимэглэн үзэмж нэмдэг. Гар урлалын бүтээл нь гоёмсог байдал, уран нарийн хийцээрээ олны хараа булааж, сэтгэл татдаг билээ.

XVII-XX зууны эхэн үеийн монгол гэр, гэрийн тавилга, сав суулга, гоёл чимэглэл, дээл хувцас, тоглоом наадгай, хөгжмийн зэмсэг, бурхан тахил, малын тоног хэрэгсэл зэрэг урлаачийн уран сэтгэмж, чимхлүүр нарийн ажиллагааг тусгасан, монголчуудын эдийн соёлыг илтгэх олон зуун үзмэр музейн цуглуулгад хадгалагдаж байна.

Монгол дархчууд эмээл хазаар, хэт хутга, эрэгтэй, эмэгтэй хүний гоёл чимэглэл, сав суулга, бурханы шашны эд зүйлсийг алт мөнгө, төмөр, зэс гуулиар үзэмж төгөлдөр урлаж ирсэн. Нутаг нутгийн дархчууд өөрийн гэсэн өвөрмөц арга барил, дэг сургуультай байсан нь гар урлалын олон арван бүтээлд тусгалаа олсон байдаг. Эртнээс нааш монголчууд өнгөөр тодорхой утга илэрхийлж, бэлгэдлийн нэгэн чухал зүйл болгон эрхэмлэн дээдэлж ирсэн уламжлалтай.

Модон эдлэлийн үзэмж, гоо сайхан харагдах байдлыг сийлбэрлэх, зүмбэрлэх, өнгө хослон дагнаас гарган хээлж будах аргыг өргөн ашиглан чимж ирснийг авдар сав, унь тооно, ширээ сандал, гүнгэрваа, өөжин зэрэг гэрийн тавилга, цацал, аяга, хул, хувин зэрэг сав суулга, морин хуур, шатар, хорол зэрэг тоглоом наадгай, хөгжмийн зэмсэг, ташуур, хусуур зэрэг морины тоног хэрэгслээс тольдох боломжтой.

Үүний зэрэгцээ эртнээс нааш мод, яс, чулуу, төмөрлөгөөр бүтэн сийлбэр, товгор сийлбэр, хүрээлсэн сийлбэр, нэвт цоолбор үйлдэн, гэр ахуйн эд зүйлсээ чимэхийн зэрэгцээ гоёл чимэглэл, бэлэг дурсгалын зүйлс урлаж ирсэн байдаг. Монголчууд малынхаа ноос, арьс, шир болон эсгийгээр эд зүйлс урлахын зэрэгцээ бөс даавуу, торго дурданг түгээмэл хэрэглэж, оёмол, хатгамал, ширмэл, наамал урлалыг хөгжүүлж ирсэн түүхтэй. Дээл хувцас, малгай, гутал, оймс, хавтага, бэл, хэтэвч, даалин, гаансны дугтуй, аяганы уут зэргийг олон өнгө хоршуулан, ур гарган шаглаж, хатгаж, зүү ороож, зээг тавьж, уран нарийн хийцтэй, ховор нандин эд зүйлсийг урлаж иржээ.

Монголчуудын оюун санааны шилдэг бүтээл болсон гар урлалын гайхамшгийг бүтээхэд зураг загварыг бэлтгэх, тухайн эд дээр шивж, цоолох, зурах, өнгө будгийг тааруулах, хийх эдийг сонгох зэрэг олон үе шатыг дамждаг байсныг харуулах үүднээс БИД үзэсгэлэндээ урлах багаж хэрэгслэлийг мөн дэлгэн үзүүлэх болно.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх