Би амьдралдаа хоёрхон удаа айсан юм.
Азарган үрээ агтлах сараар аав минь нэгэнтээ өвөө, авга ах хоёрын хамт анд явав. Үүр цүүрээр явсан тэд нар жаргахад ирсэнгүй. Би аавыгаа хүлээгээд л. Шөнө дөл боллоо. Гадаа эмээлийн гөлөм дуугарч, аяншсан морь шилгээн, намайг баярлуулахгүй л байлаа. Аавыгаа хүлээсэн сэтгэл нүдийг минь тэвхэдчихсэн юм даг. Унтаж тайвшрахын аргагүй айдас намайг хучаастай. Манайхны эрсийг анд явсны өдөр авга эгч надад, “Аав чинь өглөө мордохынхоо өмнө хонины толгойн ар шил идээд байсан. Лав дайсантай тааралдаа даа. Шил идэхээр дайсантай тааралддаг юм” гэж ярьсан юм л даа. Ишиг хөгнөж дөнгөдөггүй явсан нялзрай насны ой тойнд зургаас үзсэн хилэнт бурхдын дүр тодорч, тэр гэхийн аргагүй дайсны тухай төсөөлөл бодол мөстүүлж байлаа. Сэтгэлийг минь аймшгаар бүрхүүлж орхисон авга эгч амгалан унтана. Аавыгаа дайсантай тааралдан айн сандарч яваа гэж бодохоос харанхуйд ч гэсэн гараад бүхнээс хайртай аавыгаа эрмээр санагдана. Одоохон ороод ирнэ дээ гэж өөрийгөө тайтгаруулахыг оролдоно. Энэ цаг хугацаа надад юутай ч жишимгүй урт, хэцүү байв. Мянганаас урт мөчлөгийг намайг туулуулан байж аав ирсэн. Тэд чонотой тааралдсан гэнээ. Аав чинь буудаад алдчихаж. Өвөө, “Тийм сайн буутай байж алдаж л байдаг. Аав чинь муу эр юмаа” гээд намайг тавлаж билээ. Гэвч би тухайн үед чоно хэмээх тэрхүү тэнгэрлиг амьтныг аавын бууны сум онож унагаачихсан байлаа ч гэсэн түүнтэй зүйрлэхгүй илүүгээр ганцхан зүйлд хязгааргүй баярласан юм. Тэр бол аавыгаа үзэж, айдсаас ангижирсан минь.
Гүн шөнө “Миний хүү аавыгаа их хүлээв үү” гээд оддын дор сунайсан аавынхаа энгэрт би асаад чимээгүй мэгшсэн минь юу, юунаас илүү амттай нулимс байсан билээ. Аав бид хоёрын баяртай уулзсаныг тэмдэглэх шинэ өглөө эхлэхэд дахиад таван цаг дутуу байсан даа, тэгэхэд. Энэ явдлаас хойш хорин жилийн дараа би хамгийн сүүлчийн удаа айсан юм. Аав маань эдгэхийн аргагүй өвчинд нэрвэгдсэнийг бид мэдэж байв. Өвчнийхөө урхагшлаас хөлний нь эд эс гэмтсэн аав хэвтэрт ороод удлаа. Түүний бие бүхэлдээ өвчинд нэрмэгдэж тарчлан зовж байв. Тавьхан насны босго шүргэж яваа аавын маань нүд, сэтгэл хоёр тэр бүх зовлонгийн өмнө сөгдөөгүй билээ. Амьдралд үлдэх гэж зүтгэсэн шаналант тавь дахь хоногийнхоо орой намайг дуудлаа. Сайхан хар нүднээс нь өөр зүйл аавд маань үлдсэнгүй. Надад хэллээ, “Аав нь тавин жил амьдарлаа. Зууны тал шүү дээ, хүү минь. Сайхан насаллаа. Хүний жам ёс доо. Аавынх нь явах цаг болж. Ээж, дүү нарыгаа чи харж явах үүрэгтэй” гэж хэлээд уйлахгүй байхыг зөвлөж билээ. Өглөөн нар мандаж байхад аав үүрд унтлаа. Зовж, шаналсан өдрүүдэд нэг ч удаа ёолоогүй аавынхаа хөрөн буй цогцсын дэргэд магнайг нь түшиж зогсохдоо би сүүлчийн айдсаа гээсэн юм. Аавыгаа алдахгүй юмсан гэсэн айдас тийн бүрмөсөн сарнисан. Зовлонг даван туулах хатуужил хүний ноён нурууг илчилдэг гэдэг. Аав минь зовлонгийн өмнө сөхрөлгүй, бусдыг өөртэйгөө нийтгэж шархируулалгүй явж одсоон. Ингээд амьдрал дээр би ээж, дүү нартайгаа үлдсэн юм. Одоо надад айх шалтгаан, эмээх зовлон байхгүй гэж боддог. Тийн хэцүүг туулсан болохоор гагцхүү сайхан амьдрал л намайг хүлээж байгаа гэж итгэдэг. “Амьдралдаа” хэмээн эхэнд өчсөний тухайд бол би үнэндээ хэнз, нялх. Гэхдээ амьдралын, айдсын өмнө нас хэнздэх шалтаг байх ёсгүй санагдана. Аав маань надаас явсаар, аавыгаа мөнхөд үдсэнээс хойш хоёр дахь намрын хяруу Алтайн хярд цантаж байнам. Бас миний амьдралын ухаарлын хоёр дахь намрын бороо над дээр төрсөн өдрөөр минь оров. Хэзээ ч ирэхгүйг нь мэдсээр хүлээдэг аавыгаа зүүдэндээ үздэг сэтгэлийг минь аргадаж, бөөцийлснийх болов уу. Орчлон дээр амьд явсан аавыгаа тэнгэрт хальсны нь дараа зүүдээ манаж уулзах л тавилан ноогддог юм байна, бидэнд. Аавыгаа амьдад нь үнсүүлж яв, үнсч яв та нар минь. Хамтдаа авахуулсан нэг сайхан зураг бий сэн билүү гэж санацгаагаарай. Байдаггүй л юм билээ шүү. /Б.Золбаяр/

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
