Төрийн банкны захирал 10 саяын цалинг чамлав уу

2017 оны 09-р сарын 20 өдөр, 18 цаг 19 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
bayarsaihan

Маргааш багш нар ажил хаяхаар зориг шулуудсанаа зарлав. Амьжиргаа нь өдрөөс өдөрт дордож, ирээдүй үеийнхнийг эрдэм мэдлэг рүү хөтөлж байгаа мянга мянган багш нарын тэвчээр барагджээ.  Өчигдөрхөн Төрийн банкны захирлууд сард хэдэн арван саяын цалин авдаг тухай хэвлэлээр зарласан. Гэтэл багш нар сард 500-700-хан мянган төгрөгийн цалингаар мөчиг тачигхан амьдарч байна. Энэ бол Монгол Улсад баян нь хагартлаа баяжиж, ядуу нь хоногийн хоолоо чадан ядан аргацааж байгаагийн үнэн дүр билээ.

Төрийн банкны ерөнхий захирал Д.Баярсайханы сарын цалин 18 сая, жилд 216 сая төгрөг авч байна. Гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэнгийн сарын цалин 15 сая, жилд 180 сая төгрөг, гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч Д.Ганбаатарын сарын цалин 12 сая, жилд 144 сая төгрөг гээд  хөвөрч өгнө дөө. Түүнчлэн сард 8-12 сая төгрөгийн цалин авдаг 3 орлогч захирал бий. Тэдний дор дахиад 7 захирал ажиллана. 7 захирлын удирдлагаар ажилладаг 15 газар байх бөгөөд бүгд захирлуудтай. Тэд нарын цалин бас л хэдэн саяар тоологдоно. Гэтэл Д.Баярсайхан захирал телевизийн дэлгэц рүү малийтал харж байгаад “Би тийм их цалин авдаггүй шүү. Хэрэв тийм ихийг өгдөг,авдаг бол сайхан л байна” гэж гомдонгуй мэдэгдэв.. Тэгээд яг хэдийг авдаг юм бэ гэдгээ хэлэхдээ “10 саяыг авдаг” гэх. Энэ хүнд ичих булчирхай байна уу. 10 саяын цалинг их биш гэж чамлаад 18 саяыг өгвөл авна гэнээ. Яасан цаддаггүй шуналын сэтгэл вэ. Түүний сард авч байгаа цалинг бага ангийн багш 4 жил, 20 гаруй  жил ажилласан ахмад багш 2-3 жил махийтлаа зүтгэж байж авна. Энэ хүн юу ярьж байгаагаа мэдэж байгаа болов уу.

Монгол Улсад  хөдөлмөрийн үнэлэмж алга. Төрийн гэх тодотголтой банк, агентлаг, улсын үйлдвэрийн газар,шүүх,прокурор,гааль болон авлигатай тэмцэгчид  гээд цалинг хэдэн арван саяар халаасалдаг албан тушаалтнууд байна.  Гэтэл багш,эмч,онцгой,цэрэг,цагдаа гээд амсуурга төдийхнөөр амьдардаг хүмүүс байна. Тэд нарыг “Шаарлагдсан хүмүүс” гэх зохиолын гол баатар гэлтэй. Хөөрхий дөө,шоовдор хүмүүс эх орны ирээдүйг бүтээлцэж, эрүүл мэндийг сахин хамгаалж,гал усны гашуун зовлонтой улаан гараараа тэмцэж байдаг. Харамсалтай.нь,тэдний хөдөлмөр үнэгүй,амь нас баталгаагүй. Хоолгүй хоносон багшийн цалин бага гэдгийг эрхэм дарга тоохгүй. Сөхөртлөө ажиллаж,тамираа тасартал зүтгэвч урамгүй нь хөөрхийлөлтэй. Ийм байхад ажил хаяхгүй,тэмцэхгүй гээд яах юм бэ. Шударга үнэний төлөө босч байгаа тэднийг буруутгах эрх хэний хэнбугайд ч байхгүй. Тэд 10 хэдэн саяын цалинтай банкны захиралтай барьцаагүй. Ядахдаа 1.5 сая төгрөг гар дээрээ тавьж үзье. Тэгвэл хоёр идэхгүй хоосон хонохгүй мөрөөрөө хүн шиг амьдарч болох нь гэж буй. Магадгүй, тэд  цалин хөлсний алагчлал,санхүүгийн дарангуйллыг эсэргүүцэн тэмцэх их шуургыг зөгнөж байгаа салхич шувуунууд ч байж мэдэх.

Н.Дөл

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 2 сэтгэгдэлтэй
  1. J.Telmen
     (103.212.11.***)
    2017/09/21 17:30

    Turiin banknii talaar, zahiral Bayarsaihanii yos zuin talaar dalaitstai san bichjee

    (0) (0)
  2. зочин
     (103.57.93..***)
    2017/09/20 22:13

    Өдөржин контортоо дэмий сууж оройдоо рестораноор гэрээ хийдэг банкны захирлуудын цалинг хасах л хэрэгтэй. Юу ч бүтээхгүй мөртлөө хүүгээр нь ханатлаа баяждаг улс.

    (0) (0)