Засгийн газрын хуралдаан 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.
Сүрьеэгийн тасгийн ажилтнуудад 30 хувийн нэмэгдэл олгоно
Засгийн газрын 2012 оны “Эрүүл мэндийн ажилтанд нэмэгдэл, мөнгөн урамшил олгох журам батлах тухай” 150 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт орууллаа. Ингэснээр эрүүл мэндийн байгууллагын Сүрьеэгийн тасагт ажиллаж байгаа ажилтнуудад үндсэн цалингийн 30 хувьтай тэнцэх нэмэгдлийг тухайн албан тушаал хашиж байх хугацаанд нь сар бүр олгохоор болж байна. Нэмэгдлийг энэ сарын нэгний өдрөөс эхлэн төсвийн багцдаа багтаан олгохыг холбогдох сайдын үүрэг гүйцэтгэгч нарт даалгав.
Улсын хэмжээнд 105 их эмч сүрьеэгийн тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа нь байвал зохих орон тооноос 61-ээр дутуу гэсэн үг юм. Сүрьеэгийн салбарт ажиллагсад халдвар авах өндөр эрсдэлтэй нөхцөлд байдаг бөгөөд өвчлөх, нас барах тохиолдол бусад мэргэжлийн эмч, мэргэжилтнүүдтэй харьцуулахад их байгаа нь судалгаагаар тогтоогджээ.
Казахстан, Киргизстан зэрэг улс сүрьеэгийн эмч, мэргэжилтнүүддээ ижил түвшний эмч нарынхтай харьцуулахад 190, олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн эмч нартаа 220 хувиар илүү цалин өгч сүрьеэгийн тархалтыг бууруулж амжилт олжээ.
Цалинг ур чадвар, гүйцэтгэл, мэргэшлийн зэрэгтэй уялдуулна
Засгийн газрын хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.
Төсөлд хөдөлмөрийн харилцаанд тулгамдах болсон тодорхой асуудлуудыг тусгасан байна. Хөдөлмөрийн тухай хуулиар хөдөлмөрийн гэрээ байгуулснаас хойшхи хөдөлмөрийн харилцааг зохицуулж байгаа нь хуулийн хамрах хүрээг явцуу болгож, ажил олгогч нь ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй ажиллуулах, ажилтан эрхээ эдэлж чадахгүй хохирох тохиолдол цөөнгүй байна. Иймээс хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинж бий болсон цагаас хөдөлмөрийн харилцаа үүссэнд тооцож байхаар төсөлд тусгажээ.
Мөн төсөлд тухайн ажилтны хөдөлмөрийн харилцаан дахь суурь эрхийг зааж, ажил олгогчийн өмнө зайлшгүй хүлээх үүргийг нарийвчлан тусгасан байна. Хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх хугацааг богиносгож, аль болох анхан шатанд нь шийдвэрлэх боломжийг бүрдүүлэх, маргааныг зохицуулах байгууллагын бүтцийг оновчтой байхаар шинэчлэн найруулжээ.
Хөдөлмөр эрхлэх нөхцөлтэй холбоотой асуудлаар ажилтан, ажил олгогч байгууллага харилцан тохиролцох боломжийг бүрдүүлсэн байна. Мөн цалин хөлсийг ур чадвар, гүйцэтгэл, мэргэжлийн зэрэгтэй нь уялдуулж тухайн ажилтан мэргэших, бүтээмжээ дээшлүүлж байх сонирхлыг бий болгохыг зорьжээ.
Уул уурхай, ашигт малтмалын салбарт гэрээсээ алс газар тогтмол хугацаанд ажиллаж байгаа хүний ажил, амралтын цагийг тусгайлан зохицуулж байх зэргийг тусгасан байна.
Хүүхдийн хөгжилд чиглэсэн хөтөлбөр баталлаа
“Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр”-ийг баталлаа. Шаардагдах хөрөнгийг жил бүрийн Үндсэн чиглэл, улс, орон нутгийн төсөвт тусгаж, олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөрт хамруулж санхүүжүүлэхийг сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо.
2021 он хүртэл хугацаанд хөтөлбөрийг хэрэгжүүлж хүүхдийн эсэн мэнд амьдрах, өсөлт хөгжлийг дэмжиж, тэдэнд ээлтэй, эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлнэ. Мөн авьяас чадварыг нь хөгжүүлэхийн зэрэгцээ дарамт, хүчирхийлэл, мөлжлөг, үл хайхрах байдалд өртөхөөс сэргийлж, хүүхдийн орлогын болон орлогын бус ядуурлыг бууруулах юм.
Хэдийгээр хүүхдийн эрх, хамгаалалтай холбоотой хууль, эрх зүйн орчин сайжирч, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмж нэмэгдэн, үр дүн гарч байгаа ч шийдвэрлэх асуудал багагүй байна. Хүүхдийн эндэгдэл, өвчлөл тогтвортой буурахгүй, улсын хэмжээнд 3-5 хүртэл насны хүүхдийн 68 хувь нь л цэцэрлэгт хамрагддаг, гэр бүл, боловсролын орчинд түлхүү гардаг хүүхдийн эсрэг хүчирхийлэл, нийт хүүхдийн 29 орчим хувь нь ядуу өрхөд амьдардаг зэргийг энэ хөтөлбөрийн хүрээнд эцэст болгохыг зорих юм.
Эрчим хүч хэмнэх хөтөлбөр хэрэгжүүлнэ
“Эрчим хүч хэмнэх үндэсний хөтөлбөр”-ийг хавсралтаар баталж, шаардагдах хөрөнгийг жил бүрийн Үндсэн чиглэл, улс, орон нутгийн төсөвт тусган, гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд тулгуурлан санхүүжүүлж байхаар болов.
Үндэсний хөтөлбөр хэрэгжсэнээр 610 орчим сая кВт.ц эрчим хүч хэмнэн, ойролцоогоор 600 гаруй мянган тонн СО2 хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах боломжтой гэсэн урьдчилгаа судалгаа гарсан байна. Энэ нь Дарханы дулааны цахилгаан станцын 2016 онд үйлдвэрлэсэн эрчим хүчний хэмжээнээс даруй хоёр дахин их эрчим хүчийг, 200 гаруй мянган өрхийн бүтэн нэг жилийн эрчим хүчний хэрэглээ, хэрэглэгч талдаа 80 орчим тэрбум төгрөгийн эрчим хүчний зардлыг бууруулах боломж бүрдэнэ гэсэн үг юм. Мөн барилгын дулааны алдагдлыг бууруулах зорилгоор өмнө нь хийсэн ажил, төслийн үр дүнгээс харахад 30-50 хувийн хэмнэлт гаргаж болохоор байна. Ингэснээр манай улсад түгээмэл байдаг угсармал барилгатай ижил хэмжээтэй 144 барилгыг дулааны эрчим хүчээр хангах нөөц бий болгох боломжтой гэсэн тооцоо гаргажээ.
Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлыг илүү боловсронгуй болголоо
“Олборлох үйлдвэрлэлийн ид тод байдлыг хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2012 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 222 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулав.
Тухайлбал нутаг дэвсгэрт нь ашигт малтмал ашиглах, хайгуул хийж байгаа сумдад ил тод байдлыг хангах ажлын үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор сум, дүүрэг дэх Дэд зөвлөлийн үйл ажиллагааны зардлыг 2019 оноос эхлэн улс, орон нутгийн төсөвт тусган санхүүжүүлж байхаар боллоо.
Тухайн орон нутагт эхлүүлэх ашигт малтмал, газрын тосны чиглэлээр хэрэгжих ажлын талаарх мэдээллийг хайгуулын шатнаас нь эхлэн нутгийн иргэдэд Дэд зөвлөлөөр, Дэд зөвлөлгүй сум, дүүрэгт Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар дамжуулан хүргэж, харилцан ойлголцож байхаар тусгажээ.
Холбогдох хуульд заасан мэдээллийг үнэн зөв гаргаж, нийтэд мэдээлээгүй ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч, газрын тосны гэрээлэгч аж ахуйн нэгжид Зөрчлийн тухай хуульд заасан арга хэмжээ авч нийтэд мэдээлж байхаар боллоо.
Аялал жуулчлалын төслүүд хэрэгжүүлнэ
Өгийнуур, Ганга нуурын экосистемийг хамгаалан, нөхөн сэргээж тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, “Монголын эзэнт гүрэн музей” аялал жуулчлалын цогцолбор байгуулах төслүүдийг хэрэгжүүлэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Оюунхоролд, төслүүдийг гадаадын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжид хамруулж санхүүжүүлэхийг Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэнд даалгалаа.
“Монголын эзэнт гүрэн” музей, аялал жуулчлалын цогцолбор байгуулах газрын зөвшөөрөл олгохыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдод үүрэг болгов.
Манай улс гадаадын жуулчдын тоог 2020 он гэхэд нэг саяд хүргэх зорилт тавьсан ч жилдээ 390-470 мянга орчим жуулчин л хүлээн авч байна. Нэг сая жуулчин авч, нэг тэрбум ам.доллар олон аялал жуулчлалын дэд бүтцээ хөгжүүлэх, олон улсын тээврийн чиглэл, давтамжийг нэмэх, жуулчдад олон улсын жишигт нийцсэн, өрсөлдөхүйц бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгохын тулд дээрх төслүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай гэж салбарын яам үзжээ.
Төслүүд хэрэгжсэнээр орон нутагт соёл, аялал жуулчлал, үйлчилгээ бий болохын зэрэгцээ байгаль орчны тэнцвэрийг хадгалах, нутгийн иргэдийг тогтмол ажлын байраар хангах боломж бүрдэн нутаг орон ч хөгжинө гэж тооцоолж байна.
Улсын төсвийн 183 тэрбум төгрөгийн 126 төсөл хэрэгжиж байна
Улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй, Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байсан төсөл, арга хэмжээний гүйцэтгэлийн талаар Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэн танилцуулав.
Төсөл, арга хэмжээний гүйцэтгэлийн улсын төсвөөс санхүүжих санхүүжилтийг эрчимжүүлэх, батлагдсан хөрөнгийг хуваарийн дагуу төсвийн жилд багтаан зарцуулахыг холбогдох сайдын үүрэг гүйцэтгэгч нар болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид даалгав.
Зам, тээврийн хөгжлийн сайдын багцад 101 тэрбум гаруй төгрөгийн 52 төсөл, арга хэмжээ Хөгжлийн банкнаас шилжин ирсний 38-ыг нь 100 хувь дуусгаж Улсын комисст хүлээлгэн өгчээ. 12 төсөл, арга хэмжээ 10-80 хувийн гүйцэтгэлтэй байгаа бол барилга угсралтын ажил нь эхлээгүй хоёр төсөл байна.
Эрчим хүчний сайдын багцад 27 төсөл, арга хэмжээ шилжиж ирснээс бүрэн хэрэгжсэн 12, улсын комисс ажилласан найм, 74-89 хувийн гүйцэтгэлтэй долоон төсөл, арга хэмжээ байна.
Барилга, хот байгуулалтын сайдын багцад төсвийн тодотголоор 45 төсөл, арга хэмжээ ирснээс бүрэн дууссан 15 байгаа бол 30-90 хувийн гүйцэтгэлтэй 28, 20 хүртэл хувийн гүйцэтгэлтэй хоёр төсөл, арга хэмжээ байна.
Зүүн Азийн II наадам Улаанбаатарт болно
Зүүн Азийн Залуучуудын II наадмыг 2023 онд Улаанбаатар хотноо зохион байгуулна. Наадмыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах төлөвлөгөө гарган ажиллахыг холбогдох сайд нар болон Нийслэлийн Засаг даргад даалгаж, шаардлагатай санхүүжилтийг 2019 оноос эхлэн улсын төсөвт тусган, олон улсын хөтөлбөр, тусламжаас санхүүжүүлэх боллоо.
Үндэсний спортын их наадмыг энэ жил зохион байгуулна
Үндэсний спортын YI их наадмыг энэ оны III улиралд багтаан орон даяар зохион байгуулахаар боллоо. Их наадмын анхан шатны тэмцээнийг орон нутагтаа зохион байгуулах, шигшээ тэмцээнд оролцох баг, тамирчдын зардлыг төсөвтөө тусгаж санхүүжүүлэхийг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт даалгав.
Их наадамд бүх аймаг, дүүрэг, хүчний болон хууль сахиулах байгууллагын Биеийн тамир, спортын хороо зэрэг 35 байгууллагын тамирчид оролцох юм байна.
Их наадмын хүрээнд мөсний шагай, мөсөн дээрх сурын харваа, тэмцээн болон морин поло, үндэсний бөх, сур, буриад, урианхай сур, ширээний шагай, уран уургач, бугуйлч шалгаруулах тэмцээн, эмнэг булгиулах, жороо морины уралдаан, тэмээ, бүргэдийн баяр, сарлагийн уралдаан болох юм.
Товч мэдээ
-“Монгол, Оросын хамтын ажиллагаа 2017” эдийн засгийн чуулга уулзалтыг 2017 оны 10 дугаар сарын 2-5-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулахаар боллоо.
-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг хавсралтаар шинэчлэн баталлаа. Энэ нь хууль тогтоомж, шийдвэрийн төсөл боловсруулах, салбарын хөгжлийн стратеги тодорхойлох, бодлогын удирдамжаар хангах, төрийн захиргааны удирдлагаар хангах, бодлогын хэрэгжилтийг зохицуулах, хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, дотоод аудит хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, дүгнэлт гаргах зэргийг хамарсан стратеги, зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүргийг тодорхойлох зорилготой юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
