Хоёр аав, нэг хүү /Өгүүллэг/

2017 оны 09-р сарын 29 өдөр, 10 цаг 01 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
huuu

“… Ёстой махийтал ажиллаж байгаад байр, машинтай болно… Сокогоо дагуулаад… Өө тийм, бас хүүхдүүдээ аваад…”. Золбоот бодолдоо хөтлөгдөн өөрөө өөртэйгөө ийн ярив.

     “Солонгос руу явна” гээд ажлаасаа гарчээ. Энэ тухайгаа аав, ээждээ хэлээгүй.

-Ээлжийн амралтаа авсан… гээд тэднийг төөрүүлсхийн явж байгаа юм.

     Золбоот айлын ганц хүү. Ганцаараа гээд тийм эрх, дураараа биш. Угийн төлөв болохоор хүүхэд зан нь одоо ч хэвээр. Харин эх, эцэг нь түүнд хир халдаахгүй. Ялангуяа ээж нь. “Ганц хүүгээ хүний дайтай явуулах…” Долгормаагийн чин тэмүүлэл нь энэ. “Хойд эцгийн царай харуулсан…” гэхээс өр нь өмрөх шиг болж, Насанбатыг ч ширүүн дуугаргахгүй гэж бодох… Насанбат хүүдээ байтугай хэнд ч чанга дуугарч үзээгүй  хүн л дээ.

    … Долгормаа оюутны ширээг Арьс ширний үйлдвэрийн мастерын ширээгээр солиод тун удаагүй байв. Намрын шар нар ээсэн, тогтуун сайхан өдөр. Ажлынхантайгаа “Мэлхий хад”-ны амралтанд явахаар автобусанд суужээ.

 Ажилд ороод удаагүй байгаа тэрээр гэрэвшисхийн хамгийн арын суудал дээр сууж байтал цахилгааны инженер Элбэгээ:

-За, Догоо мастерынхаа дэргэд сууна аа… гээд хажууд нь лагхийлээ. Тэрээр замын турш хөгжилтэй, хошин яриагаар ажлынхнаа уйдаасангүй…

          Өдрийн амралтанд хоёр хоноод ирэхдээ Догоо ер бусын баяр хөөртэй байлаа. Сэтгэл нь гэгэлзэн, тогтож ядна.

     … Автобусанд зэрэгцэн суусан Элбэгээ найрын ширээний ард ч, наагуур цаагуур алхахдаа ч Догоог бараадаад байв. Эхэндээ нэлээд биеэ барьж төвөгшөөх янзтай байсан тэрээр сүүл рүүгээ “Эр хүний халамж анхаарал ямар сайхан юм бэ” гээд нэлээд уясчээ. Элбэгээгийн хөгжилтэй яриа, гүжирмэг, гүдэсхэн зан… гээд байгаа бүхий л байдал нь Догоод таалагдах.

      Банзан гитар бариад нүдээ анин дуулах нь сэтгэлийг гижигдэж, “Хаана байдаг юм бол” хэмээн гайхширдаг байсан хайрын дөлийг маналзуулав уу гэлтэй. Хөдөлгөөн бүрийг нь хараад баймаар ч юм шиг. Харц тулгарангуутаа ичингүйрэн нүүр буруулах бүсгүйг тэгэхээс тэгэх гэсэн шиг Элбэгээ бараадна, дагана. Юу ч хийсэн хамжилцана.

       Элбэгээ гурван жилийн өмнө энэ үйлдвэрт оржээ. Тэрээр ажлаараа хошуучлагчдын жагсаалтыг байнга тэргүүлдэг. Олон нийтийн ажил, урлаг спортын уралдаан, тэмцээнд залуучуудаа манлайлан оролцдог түүнд ажлынхан нь жигтэйхэн ам сайтай.

     “Ажилд орсныхоо дараахан гэрлэж нэг настай хүүгийн хойд эцэг болсон ч хоёр жилийн өмнө эхнэр нь түүнд хүү төрүүлж өгсөн….” гээд товч намтрыг  Догоо тэр өдөр мэдэж авчээ… Үйлдвэрийн эгчмэд бүсгүйчүүд хүртэл Элбэгээд талтай байдаг нь илт.

    -Манай инженер будаг нь ханхалсан бүсгүй бараадаад их байна аа…

   -Элбэгээ адуучин байсан бол морины толгой алддаггүй сайн уургач байж чадах болов уу даа … хэмээн бусад нь дооглоход тоосон шинжгүй инээж л суух. Жаахан халамцсан үедээ аавын тухай дуу дуулаад, өөрөө тогоо нэрээд авна…

  …  Ажлынхантайгаа амралтанд явсан хоёр шөнийг Элбэгээгийн өвөрт өнгөрүүлж, үүр цайлгасан бүсгүйн нүдэнд  энэ бүгд харагдаад байлаа.

      “Ажил дээгүүр янз бүрийн яриа гарах вий” хэмээх айдсаас нь илүү бүсгүйн “Хүнтэй суух сан” гэх хүсэл тэмүүллийг улам оргилуулжээ.

    Догоогийн найзууд бүгд айлын бэр, хүүхдийн ээж болсон. Баяр ёслолын үеэр найзууд нь хань ижил, үр хүүхэдтэйгээ хамт байж, тэр тухайгаа ярих нь түүнд хамгийн том гуниг авчирдгийг зарим нь мэднэ. Зарим нь эс анзаарна. Тийм болохоор Догоо хань ижилтэй болохыг чин сэтгэлээсээ хүсэмжилж байсан үе.

  …Тэр хүсэлдээ хөтлөгдөн эхнэртэй гэдгийг мэдсээр байж, Элбэгээтэй энгэр зөрүүлснээс хойш 25 жил өнгөрчээ.

    Сарын дараа дотор нь муухайрч, хоолны үнэр авч чадахаа больсон Догоо эмч найз дээрээ очоод “жирэмсэн” гэдгээ мэдэж, баярласан ч, буцах замдаа цурхиртал уйлж явсныг хэн ч хараагүй.

-Эх хүн болох шиг сайхан юм хаана байх вэ… Миний охин гарга… хэмээн ээж нь аргадан, охиноо тайвшруулжээ.

     Тэрээр жирэмсэн болсноо Элбэгээд хэлэлгүй, нууж явсан ч гэдэс нь томроод байлаа.

    Боломжийг тааруулж байгаад Элбэгээтэй хамт хоолонд оржээ. Тэр үед жирэмсэн гэдгээ хэлэв. Мань хүн хэсэг чимээгүй суулаа. Тэгснээ  Догоогийн гарыг зөөлөн атгаж:

-Баярлаад хэлэх үг олдохгүй байх чинь… Биеэ бодож, сайн амарч байгаарай… гээд духан дээр нь үнсэв.

        Энэ өдрөөс хойш Элбэгээ, Догоод улам их анхаарал тавих боллоо…

         Золбоот ингэж хорвоод мэндэлжээ. Догоо хүүгээ ой хүрч байхад, Насаатай нэг гэрт оров. Энэ үед Элбэгээ үйлдвэрийн дэд дарга болтлоо дэвшсэн байжээ. Оочер дугаар харгалзалгүй Догоод хоёр өрөө байр хуваарилав. Байрны оочерт багтаагүй зарим нь Элбэгээ, Догоо хоёрын талаар баахан жиг жуг гээд өнгөрчээ.

    Насаа, Догоо хоёр суугаад 24 жил болсон ч дундаасаа хүүхэд гаргасангүй. Лам хувраг, мэргэч төлөгчөөр зөндөө явсан, хүүхэд заяагаагүй. Гэвч “хүүхэдгүй” гэх зөрчил үл гарна. Насаа Золбоотод амь. Догоо өөлөх юмгүй сайхан ханьтайдаа, ганц хүүгээ өдий зэрэгт хүргэсэнд нь баярлана. Энэ айлын амьдрал тэгш сайхан…

      Оюутан байхдаа зодолдож байгаад төмсгөө гэмтээснээс үргүй болсон гэдгээ   эмнэлэг, эмчийн гар дамжин үзүүлж явахдаа Насаа мэдэж авчээ. Үүнээсээ болон  сэтгэлээр унан, гутарч явсан үе түүнд бий. Энэ тухай ганцхан хамгийн сайн найз Элбэгээ нь мэднэ. Насааг, Догоотой танилцуулан тэр хоёрын амьдралын замыг заасан хүн бол тэр. Харин Догоо энэ тухай огт мэдэхгүй.

        Эр биеийн  нь энэ зовлонг хамгийн сайн ойлгож, мэдэх Элбэгээ:

-Догоогийн хүүгийн эцэг нь би…   Чи миний хүүгийн аав нь болж яв…  Догоо чамд хань болж чадна. Их ухаалаг, сайхан бүсгүй…  хэмээн Насаад зөвлөжээ.

    Ийм ээдрээтэй ч юм шиг, хүмүүний ертөнцөд дэндүү хүнлэг гэж хэлж болох амьдрал дунд Золбоот өссөн.

    Өсч, өндийх тусам нь Элбэгээд хүүгээ гэх хармын сэтгэл төрөвч “Хэн хэний нь сэтгэлд юм хийчихнэ” гээд биеэ барина. Харин хүүгийнхээ нэр дээр хадгаламж нээж, сар бүрийн цалингаасаа хувь нийлүүлдгийг ганцхан Догоо мэднэ.

    Элбэгээ, Догоо хоёрыг Насаа нэлээд хардах янзтай. Бас хүүгээ харамлана гэж жигтэйхэн. Энэ бүгдийг Догоо, Элбэгээ хоёр сайн мэднэ.

     Элбэгээ дэвшиж, үйлдвэрээ орхин, яаманд очсон нь Насаагийн хардах сэтгэлийг илааршуулсан гэж хэлж болно. Ийн хувь заяаны эргүүлгээ дагаад өөр өөрийн амьдралын мөрийг гаргаж яваа улс.

    … Бусдаас дутуугүй сайн, сайхан яваа хүү нь Насаа, Догоо хоёрын сэтгэлийг дүүргэх. Германд сургууль төгссөн Золбоот ирэнгүүтээ Гадаад хэргийн яаманд мэргэжилтнээр оржээ. Ийн сурч, боловсроход нь Элбэгээгийн нөлөө их байсан гэдгийг Золбоот сайн мэдэхгүй… Тэрээр яаманд ажилд ороод удаагүй байхдаа Консулын газрын мэргэжилтэн Солонготой танилцжээ. Тэдний үерхэл лавширсаар,   ханилан суухаар тохиролцсон билээ.

     Соко олон өнчин дүү нараа амьдралд хөл залгуулах үүрэгтэй эгчийн хувьд ганц өөрийн нь цалин хаанаа ч хүрэхгүй байгаад эмзэглэдэг. Тиймээс  “Гадагшаа явж ажил хийнэ” гэдэг байлаа. Сокогийн энэ саналыг Золбоот огт дэмждэггүй ч, ил эсэргүүцэж чадахгүй дуугүйхэн явдаг байжээ. Гэтэл нэг өдөр Соко:

-Ажлаа хүлээлгээд өгчихлөө. Виз гарчихсан… гэх мэдээ дуулгав. Нэгэнт өөрөө шийдсэн болохоор  яалтай билээ, явах бэлтгэлийг базааж өгчээ.

        Хайртай бүсгүйгээ үдэж өгөөд буцах замдаа Золбоот:

-Ерөөсөө Соко дээрээ очъё. Миний цалин хэд билээ. Цалингаараа юу авч, яаж амьдрах юм… Ээж, аав хоёроосоо хэдий болтол авч амьдрах юм бэ. Айлын хүүхдүүд ажил хийгээд амьдрал нь сайжраад байна… Явъя… хэмээн шийдэв.

    “Ээж, аав хоёртоо юу гэж хэлэх вэ. Гадаадад очиж, хар ажил хийнэ гэхээр юу гэх бол…  Сокогийн тухай ээж сайн  мэднэ…”

   -Эртхэн хань ижилтэй болсон нь дээр шүү. Гэхдээ миний хүү хүнээ зөв таньж нөхөрлөөрэй хэмээн ээж нь үргэлж захиж, хэлдэг байснаа Сокотой танилцсанаасаа хойш:

-Миний хүү, бүсгүй хүнийг хайрлаж яваарай. Айлын охин хүүхэд гомдоов… гэх болжээ…

   Золбоот удаан бодсоны эцэст ээждээ хэлэхээр шийдлээ…

    Хүүгийнхээ юун тухай ярьсныг  ойлгосонгүй юу гэлтэй ээж нь:

-Орой очоод ярья, миний хүү… гэхээс өөрийг хэлсэнгүй.

    Өдрийн цайны дараа Соко, хайртай залуу Золбооттойгоо ярилаа.

-Ажлаа хүлээлгэж өгсөн. Хэлтсийн даргадаа үнэн учраа хэлсэн болохоор виз мэдүүлэхэд тусална гэсэн. Удахгүй очно оо, хайрт минь… Хүнд хүчир ажил битгий хийгээрэй, хайртай шүү…  гэх сайхан мэдээ сонссон Соко тэр өдөр тун баяр хөөртэй байлаа.

     Сөүлээс холгүй байдаг оёдлын үйлдвэрт индүүчин хийж, өдөржин зогссон Сокогийн хөл орой бараг мэдээгүй шахам болоод ирнэ. Солонгос хэл сайн мэдэхгүй болохоор чанга, чанга хашгичин зандардаг эзэн гэх авгайгийн харцнаас бүгдийг ойлгоно… Түүний ажлын дүр зураг  нэг иймэрхүү…

     Халаас нимгэн ирсэн, цалинтайгаа залгаагүй түүнд  идэх юм үнэхээр байсангүй.

     Урилга явуулж, Солонгост авчирсан найз дээрээ очихоос санаа нь зовж, хонхолзон дуугарах ходоодоо даран, нүдээ аниад хэвтлээ.

    Хайртай залуугаа хурдан ирээсэй хэмээх мөрөөдөлдөө хоолшоод Соко нам унтжээ. Хаалга тогших чимээнээр сэрэв. Хаалгаа онгойлготол хэдэн өдрийн өмнө илгээмж авах гэж явахдаа “Түндэмүн” дээр тааралдсан залуу зогсч байлаа.

    -Орж болох уу… хэмээн ороод ирчихсэн хэрнээ хөлөө доороо үрчин зогсох залууд:

    -Ийшээ суугаач гэх Сокогийн дурамжхан хариулт бараг урилга мэт сонсогдов.

    -Нутгаас ирсний дараахан их зутардаг юм аа. Тэр зовлонг сайн мэддэг болохоор чамд жаахан идэх юм аваад ирлээ…

      Түүнийг Ганхүү гэдэг. Золбоотоос ирсэн илгээмжийг авах гээд очиход “Одоо ингэ… Дараа нь тэгээрэй…” хэмээн зөвлөж, тээшийг хүргэж өгснөөр хальт танилцжээ. Таньдаг хүн байхгүй, юугаа ч мэдэхгүй, “Яах гэж ирэв дээ” хэмээн бодож байсан үед нь Монгол хүн, тэр тусмаа үе тэнгийн залуу тааралдан тус болоход баярлахгүй хэн байх билээ.

    …Нүүр, гараа угааж, үс гэзгээ, янзлаад, нойрноосоо бүтэн сэрсэн Соко:

-Би өлсч, ядраад нам унтжээ. Сайн хүн санаагаар гэгчээр чи хүрээд ирлээ… гэж хань татан ширээнд суув.

       Үйлдвэрийн хоолноос өөр юм идээгүй Сокод амттанаас эхлээд аль тансаг бүхнийг авчирчээ. Анх ирж, хөглөж байснаа бас ар гэрийнхнийхээ тухай Ганхүү ам хуурайгүй хуучлав. Соко ах дүү, хамаатантайгаа уулзсан мэт сэтгэл өндөр байлаа.

    Ийн тэр хоёр хуучилж суутал цаг нэлээд орой болжээ. Тэгтэл Ганхүү:

-Гарч шар айраг уух уу гэсэн санал тавив. Соко гайхахаасаа илүү дургүй нь хүрч:

-Үгүй… хэмээн шуудхан хэлэв. Тэгснээ:

-Хүний нутагт нэгэндээ тусалж яваа сайхан сэтгэлд чинь баярлалаа… гэхэд:

-Эвгүй сэтгэгдэл төрүүлж, буруугаар ойлгуулчихав уу даа. Чамайг харахад тэр байтугайг ойлгомоор хүн харагдах юм… хэмээн хэлсэн Ганхүү өөдөөс нь цоо ширтэхэд Сокогийн бие жихүүцэн арзайлаа.

-Нуугаад яах вэ… Би чамтай дотносон танилцмаар байна.  Хэцүү хүнд, болохгүй, бүтэхгүй юу байна. Би тусална шүү. Чамтай “Түндэмүн” дээр тааралдсанаас хойш чамайг бодоод, уулзмаар санагдаад хэцүү байлаа… Тэгээд зориглон байж өнөөдөр ирсэн юм.  Ганхүү  ингэж хэлээд  босчээ.

-Миний нөхөр удахгүй ирнэ. Нөхөртэй хүүхнийг харах, уулзахыг хүсэхгүй байсан нь дээр… гэж хэлснээ Соко шууд хаалгаа онгойлголоо.

-Хүүхнүүд та нар их сонин улс шүү… “Удахгүй очно” гэх эрчүүдийн үгэнд олон ч бүсгүй хууртсан даа. Чи бас тэдний нэг шив дээ… Зэвүү хүрэм, ийм үг хэлээд Ганхүүг гарангуут, хаалгаа түгжиж авсан Сокогийн дургүй хүрч “Яах гэж ирэв ээ” гэх харуусал нь дахин түрээд иржээ.

      Тэгснээ “Нээрэн, Золбоот ирэхгүй бол яана аа” хэмээн бодож хүртэл үзэв… Өдрийн ажилдаа түүртэн, ядарсан бүсгүй нам унтжээ.

     Өглөө эртлэн босч ажилдаа явлаа. Анх ирснээ бодвол овоо зүгшрээд өдрийн төлөвлөгөөгөө урьд өдрүүдийнхээс эрт дуусгав. Нөхрийгөө ирэх сургаар түүний хөл хөнгөрч, эрчтэй, хүчтэй болсон мэт санагдана.

    Орой ажлаасаа тарж ирээд, Солонго гэрээ цэвэрлэж байтал Золбоот утсаар ярьлаа.

  -Хайр нь, ээждээ явах гэж байгаагаа хэлсэн. Аав бас мэдсэн. Тэр хоёр минь хүртэл бөөн баяр… Хайр нь удахгүй очно… гэх хөөр, баяртай дууг сонссон Соко   Ганхүүгийн хэлснийг бодон хямарч байсан нь оргүй алга болж, санаа нь амарчээ.

    … Арваад хоногийн дараа  Инчооны буудал дээр  газардсан онгоцноос Золбоот бууж ирэв. Нөхрийгөө угтан авсан бүсгүйд үйлдвэрийн эзэн нь гурав хоногийн чөлөө өгчээ.  Хайртай залуутайгаа Сөүлийн төвөөр ханатлаа зугаалжээ.

       -Аавын найз Элбэг ах хүүдээ юм өгч явуулсан. Түүнийг хүргэж өгъе… гээд тэр хоёр хамт гарлаа. Золбоот ачааны эзэнтэй утсаар яриад, болзсон газар нь очтол Ганхүү зогсч байв.

      Соко түүнийг харахаас дургүй нь хүрч, зөрүү харан зогслоо. Золбоот түүнтэй мэнд усаа мэдэлцээд:

-Ганхүү мөн үү. Аав чинь өгч явуулсан… гээд хайрцагтай юмыг  өглөө.

-Баярлалаа… хэмээн Ганхүү  сулхан дуугарав.

    -Танай аав, манай аав хоёр бүр багын найзууд шүү дээ. Чи мэднэ биз дээ. Гурвуулаа хамт хоолонд оръё гэх Золбоотийн урилга Соког бүр бухимдуулах нь  тэр. Сокотой ийм байдлаар уулзана чинээн төсөөлөөгүй, Ганхүүд халуухан байлаа. Ямар гурвуул ширээний нэг талд зэрэгцээд суултай  биш Сокогийн өөдөөс  харж суув.

       Золбоот нутгийн сонин, сайхан ярьж, яриа хөөрөө дэлгээд тухлах нь тэр. Бүлх залгисан юм шиг бүлтэлзэж суусан Ганхүү:

-Би өвөө, эмээ дээрээ өссөн болохоор ааваараа овоглоогүй юм гэсэн. Насаа ах, аав хоёрыг сайн найзууд гэдгийг мэднэ… Сайхан танилцлаа. Цалингаа буунгуут та хоёрыг урьж дайлна аа… гээд явахын түүс боллоо. Соко ч “Хурдан яваасай” гэж бодож байлаа.

       Түгшүүртэй ч юм шиг тэгсэн атлаа түүх өгүүлэх энэ уулзалтаас хойш Ганхүүтэй огт тааралдсангүй.

      …ЭСЯ-ныхны дэмжлэг туслалцаатайгаар Золбоот Сөүлийн захад байрлах машины салхины шилний үйлдвэрт ажиллахаар боллоо. Сокогоо бас тэр үйлдвэрийн  савлагаа, боодлын хэсэгт оруулав.

     Ингээд тэр  хоёр ажил гэр, ажил гэр, ажил… гэж явсаар бүтэн гурван жилийг өнгөрүүлжээ. Энэ урт хугацааг эс анзааран зүтгэсэн хосууд түр амсхийх зуурт Соко бие давхар болж, нутаг руугаа  буцав.

       Хагас жилийн дараа тулгар биетэй эхнэртээ санаа тавин, яаран яарсаар Золбоот Монгол руугаа хөлгийн жолоо заллаа.

    “Суусан цэцнээс явсан тэнэг дээр” гэгчээр Золбоот, Соко хоёр байртай, унаатай бас хувиараа юм хийх хэдэн төгрөгтэй болоод авчээ…

      Тэд хөөрхөн хүүтэй болж, гурван сар гарантай байхад нь хуримаа хийв.

  … Хуримын зочдын хамгийн хүндтэй суудалд хөлс нь дааварлан суугаа хоёр хүн байгааг өөрсдөөс нь өөр хэн анзаарах билээ.

     Бүхнийг эхлэл, төгсгөлтэй нь мэдэж байгаагаараа Элбэгийн хөлс урьд урьдынхаасаа нэмэгдчихэв үү гэлтэй бурзайжээ.

     Хөлөө хучуулах ачтай болсондоо, бас хэнээс ч дутахгүй ажилсаг бэрээрээ бахархан Золбоотын духыг байн, байн үнэрлэх Насаагийн сэтгэл дүүрэн байгааг Элбэг сайн мэдэрч байлаа…

      Хойморт ханхайн суух Золбоот аавтайгаа дэндүү адилхан харагдана.         “Амьдрал гэгч хөлгөн их далай адармаатай агаад ямар агуу юм бэ” хэмээн Элбэг хашгирмаар санагдана.

      Тэсвэр нь алдагдав уу гэлтэй Элбэг босоод, үг дуугүйхэн Золбоотын хоёр хацрыг удаан  гэгч нь үнсэхдээ аньсага дүүрэн нулимстай байгааг Догоо харав…

      “ Манай Насаа сайн найз, сайн аав шүү”  хэмээн найзаараа бахархах хэдий ч Золбоотоос харц салгаж чадсангүй. Ам нь хөдлөх шиг болсноо “Миний хүү” хэмээн  хэлэхийг анзаарсан хүн алга. Догоо ганцаараа тэр үгийг сонсоод зүрх нь шимшрэвч, “Энэ үг эхийн сэтгэлээр дамжин, хүүдээ очиж байгаа” хэмээн дотроо Элбэгийг аргадаж суулаа.

     “Өсөхөөс өдийг хүргэсэн эцгийн хайрыг миний хүү аяндаа мэднэ…” Элбэг  ийн бодоод  хүү рүүгээ ойртон суулаа…

  Зочид уван цуван явсаар, ам бүлээрээ үлдэв. Насаа жаахан халаад, улаа бутран:

-Миний хүү чинь хэний ч тус дэмгүйгээр, амьдралаа өөрийн гараар босгосон хүн хэмээн Золбоотыг магтсанаа:

-Одоо би тэтгэврээ тогтоолгоод, ачийгаа харна аа… гэхийг сонссон Догоогийн сэтгэл уярч “Миний хань, мөн ч мундаг амьтан шүү” хэмээн бодов.

        Хөл татран, халуун ам бүлээрээ налайцгаажээ. Догоо, Золбооттой хамт гадагш гарав.

    Хүүгээ сугадан гэрэлтэй гудмаар зөндөө удаан алхлаа. Үнэмшмээргүй юм шиг хэрнээ үлгэр мэт амьдралын тухай сонсоод Золбоот ээжээрээ, бас ааваараа улам их бахархав.

     “Хорвоо дээр хоёр сайн аавтай би чинь өөрөө маш сайн аав байх ёстой шүү” гэх бодлоороо өөрийгөө хөглөөд, ээжийнхээ шанхны үсийг хэдэнтээ илбэснээ:

-Хүү нь бүгдийг ойлголоо. Та минь ийм адармаатай амьдралын нууцыг ямар олон жил сэтгэлдээ тээгээв дээ… Миний ээж,  одоо сэтгэлдээ хөндүүргүй яв даа. Хүү нь тандаа маш их хайртай… гэхэд Догоо нүдэндээ оч татуулан инээмсэглэх нь гэрэлд тодоос тод харагдлаа.

Ж.Дүүрэнжаргал

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. Д,Номин-эрдэнэ
     (202.179.31.***)
    2020/01/07 14:23

    сайхан байна

    (0) (0)