Үрийн заяа / Өгүүллэг/

2017 оны 10-р сарын 05 өдөр, 19 цаг 01 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
hokb5b72qevhdv7nf17jklnk6_b

 Нүдний шилнийхээ дээгүүр хэсэг харж сууснаа хуучны төмөр хүрээтэй шилээ ширээн дээр хайш, яйшхан тавиад босч, үл ойлгогдох хэдэн үг амандаа бувтнаснаа, халаасандаа гараа хийн хойш урагш алхлаа.

  “Юу гэж хэлэх бол” гэхээс Булган тэсч ядан, сандал дээр займчин суухдаа Содов эмчийн хөдөлгөөн бүрийг  нүд салгахгүй дагуулан харж байв.

-Ээж чинь гадаа байгаа юу… Эмчийн цаанаа л ёозгүй энэ асуултад:

-Манай эгч хамт ирсэн… хэмээн түгшсэн өнгөөр хариулахыг анзаарав бололтой Содов эмч ширээнд сууснаа:

– Үргэлжлүүлэн эмчилгээ хийлгэх хэрэгтэй байна. Эгчтэй чинь уулзаад эмчилгээг хэлээд өгье. Чи түр гарч бай… гэлээ.

        Хоёр сар гаруй эмнэлэгт хэвтэж хийлгэсэн эмчилгээний үр дүнг харуулах  шинжилгээнийхээ хариуг сонсохоор эмчтэйгээ уулзсан бүсгүй дуугүйхэн гарлаа.  Булганы эгч Энхмөрөн зөрөөд оржээ.

       Эгчийгээ хүлээх зуураа “Мөнхөөд үнэнээ хэлж мөнгө гуйя… Бээжин явж эмчлүүлье” хэмээн бодож зогстол эмч нь:

-Ороод ир… хэмээн дуудав.

 … Эмнэлгээс гэр хүртлээ эгч нь дуугарсангүй. Дүүгээсээ нулимсаа нууж ядан, шуухитнана. Таатай хариу гараагүй нь илт…   Харин Булган:

-Би заавал эдгэрнэ ээ. Та юундаа уйлаад байгаа юм бэ… Дүү нь зүгээр болно, хараарай… хэмээн аргадах, аашлахыг хослуулан хэллээ.

-Савны хавдар үсэрхийлж нэлээд хүндэрчээ. Хагалгаа хийх гэхээр даахгүй болов уу. Нэг хэсэгтээ эрүүл агаарт гаргаж, сайхан амраагаад үзье… гэсэн эмчийн үгийг “Дүү минь тэсэхгүй болж… Цаашид удахгүй нь бололтой” хэмээн ойлгосон Энхмөрөнгийн сэтгэл тавгүйрхэн, тайвширч чадахгүй байв.

   Гэртээ очиж дүүдээ сайхан хоол, цай хийж өгөөд, эгч нь ажил руугаа явжээ.

  Ээжийнхээ дөрвөлжин улаан авдар, эгчийнхээ хувцасны шүүгээ… гээд дотно харагдсан бүхнийг онгойлгож, онгичин үзэж, хэсэг сатаарсан Булган нэг мэдэхнээ нам унтсан байлаа.

     “… Мөнхөөтэй хамт ногоорон цэлийх, уудам тал дундуур машинаар давхиж явлаа… Тэд хоорондоо элдвийг хуучлах нь тун таатай… “Ихэр хүүхэд гарвал ингэж тэвэрнэ” гэхэд Мөнхөө “Ёстой сайхан ээж болох нь ээ” хэмээн хэлээд инээлээ…”  Ийн зүүдлээд сэрэнгүүтээ Булган гар утсаа авснаа буцааж тавив…

         Босч жаахан холхисноо дахиад л ээжийнхээ улаан авдрыг онгойлгон,  онгичжээ. Гоёлд өмсдөг байсан ээжийн нь үйтэн хуар дээл, бас хүүхдийн нэлээд хуучирч, элэгдсэн хоёр бойтог, баривчийг баадангаас гаргаж ирэв. Бодвол, “Бид хэд бараг бүгдээрээ дамжуулан, өмссөн эд байх даа” хэмээн бодоод, үнэрлэж үзсэнээ буцааж хийлээ.

    “… Будаг  нь халцарсан энэ улаан авдарнаас болж ээжийгээ нэг уйлуулчихаж билээ”  хэмээн багынхаа нэгэн явдлыг Булган эргэн дурсав.

    … Ганцхан хоногийн дараа шинэ он гарах гээд айл бүхэн хөл хөдөлгөөнтэй, угаалга цэвэрлэгээ хийж байсан үе. Хичээлээсээ тарж ирсэн охин ч унд, цайгаа уучихаад гэрээ цэвэрлэж, хог шороогоо ухав.

      Польшийн шаргал өнгийн ханын шүүгээний дэргэд навтайсан, час улаан авдар муухай ч юм шиг харагдаад байж. Дотор нь байсан ээжийнхээ бүх нандин зүйлийг авч шүүгээнд хийгээд, авдрыг тагтан дээр  гаргажээ.

     Орой ажлаасаа ирсэн ээж нь хоолой зангируулан, нулимс унаган байж:

– Эмээ чинь намайг айлын эхнэр болоход өгч байсан эд, энэ улаан авдар чинь. Та нарт гай болоод байвал хаана ч хамаагүй таван ханатай гэрээ бариад, ээжийнхээ өгсөн авдартайгаа цуг байх минь… хэмээн гомдоллож билээ. Түүнээс хойш ээжийнхээ улаан авдрыг нүд үзүүрлэхээ больсон юм. Бурхан болсноос нь хойш энэ авдар улам гоё, дотно санагдах болжээ. Ээжийн хайр, энэрэл ингэж үгүйлэгдэж, тэр хүний агуу их асрал, элбэрэл ийн үлддэг байх нь гэдгийг энэ үед л ойлгов.

     Ажлын нь газраас том охин Энхмөрөнд  хоёр өрөө байр өгчээ.

-Хашаа, гэртээ үлдэнэ… гэж ээж нь жаахан зөрүүдэлсэн ч хоёр охиныхоо ятгалгаар улаан авдартайгаа шинэ байранд нүүж ирсэн юм санж.

 … Булган сайхан дурсамжууддаа умбан сэтгэл нь сэргэжээ. Тэрээр гэрэл зургийн цомгоо дэлгэн үзлээ…  Нэг ангиас оюутан болсон залуус намар хичээл эхэлсний дараа  цаг товлон уулзах нь олонтаа. Энэ үед ангийнхаа Мөнхөөг хараад Булган өөрийн эрхгүй баярлана… Тэгсэн атлаа харц тулгарахаараа ичингүйрээд, бараг буруу харах нь холгүй сонин байх болжээ. Гэвч түүний энэ байдлыг Мөнхөө мэдсэн шинжгүй… Ийн явсаар өөрсдийн хичээл сургуулийн мөр хөөсөн оюутнууд таван жилийн ард гарав.

        Их сургууль төгссөн Мөнхөө ромбо, диплом гардангуутаа Сэлэнгэ рүү томилолт аваад, яваад өгчээ…

         Ажлын талбарт очсоноос гурван жилийн дараа ангийнхан нь уулзахад Мөнхөө хоёр хүүхдийн аав болчихсон, харин Булган орь ганцаар байсан юм.     Гэрлэсэн гэдгийг олон жилийн өмнө сонсч мэдсэн мөртлөө тэр өдөр Мөнхөөд гомдох шиг болж, бага зэрэг ууж, жаахан халамцангуутаа Булган:

-Би чамайг ямар их харж…  Дотроо яаж хайрладаг байсан гээч… хэмээн олон жил хадгалж, нууж явсан үнэнээ хэлж, сэтгэлээ онгойлгоод авав.

-Чамайг би ямар их дагаж, харуулддаг байсныг чи мэдэх үү… Ийм хөөрхөн тэгээд бас нэлээд их зантай энэ охин намайг яаж тоох вэ дээ… гэж боддог байсан… Сургуулиа төгсөх дөхөх тусам миний зүрх цээжиндээ багтахаа болиод, зөвхөн чамайг боддог байлаа. “Хонхны баяр”-аас хойш чиний бараа, царайг харах гэж танай байрны дэргэдэх талбай дээр очиж, өдөржин сагс тоглоно… Даанч чамаас айгаад, дуудаад уулзчихаж ч чадалгүй буцна… Маргааш нь дахиад л тэр талбай дээр өнжинө шүү дээ…

    Мөнхөөгийн энэ яриаг хажууд нь суух Доржбат тодотгон, бараг өнгөт болгон ярьснаар тэр хоёрын ил гаргаагүй ч  сэтгэлдээ тээж явсан хүүхэд насны гэгээхэн хайрын түүх сөхөгджээ.

      Энэ уулзалтын дараахан, нутаг буцахынхаа өмнө  Мөнхөө утсаар ярив.

-Одоо ч чамтай ярих гэхээр зүрхний цохилт нэмэгдээд байна шүү хэмээн хошигноход:

-Минийх бүр зогсчих шиг болох юм… гэж Булган хариу барьжээ.

  Үүнээс хойш Мөнхөө, Булган хоёр байнга утсаар ярьдаг. “Бие биедээ туслах сан” гэж тэмүүлдэг улам  дотно найзууд болсон юм.

   … Зургуудаа үзэж, өвдөх өвчингүй дэрвэж явсан үеэ харахад үнэхээр сайхан санагдав. Гэлээ ч “Өвдлөө… өвдсөн гээд өрвийж суухгүй шүү…” хэмээн бодоод эргэлзэж, тээнэгэлзэлгүй Мөнхөө рүү залгаж, утсаар ярилаа.

-Улаанбаатарт ажлаар ирээд хэд хонож байна. Чиний утас руу зөндөө залгасан… гэх найзынхаа дууг сонсоод Булган бүр уужрах шиг болов.

-Найз нь эмнэлэгт хэвтсэн. Бас утасныхаа дугаарыг сольсон гэдгээ хэллээ. Тэд ярианы эцэст уулзахаар тохиролцлоо.

  Товлосон газраа очиход Мөнхөө ирээд сууж байв. Тэд хоол унд идэж, халуун дотно  яриа өрнүүлэв…

Булган өөрийн биеийн байдлыг хэлж:

-Өвчний өмнө өвдөг сөхөрмөөргүй байна… гэв.  Мөнхөө түүний яриаг анхааралтай сонсч, дотроо Түмэнхүүг зэмлэж суулаа.

      …  Хурим хийж, Түмэнхүүтэй нэг гэрт орсноос хойш хоёр жил гаруй болсон ч үр хүүхэд гараагүйн улмаас явган хэрүүл тасрахаа больжээ. Халамцуу ирэхээрээ гар хүрч, хэлэх хэлэхгүй үгээр доромжлох нь хэрээс хэтэрсэн байна. Тэр бүгдийг тэвчихийн аргагүй болж, түүнээс салж, гэрлэлтээ цуцлуулжээ…

    Урхагт өвчнөөс илүү гүн шарх үлдээж, одоо ч сэтгэлийг өвтгөж байгаа тухай  ярихдаа нулимсаа үзүүлэхгүйг хичээх бүсгүйг хараад:

-Муу ханьтай байснаас байгаагүй нь дээр… Миний найз сэтгэл санаагаа  өөдрөг байлгаад, биеэ сайн эмчлүүл… Найз нь юугаар туслах вэ… гэж Мөнхөөг хэлэхэд Булган дуугарч чадсангүй… Гэхдээ түүний энэ үг эмчилж, эдгэрүүлсэнтэй адил илааршуулах шиг болжээ…

  … Энэ оройн уулзалтаас хойш Мөнхөө олон эмчтэй уулзаж, зөвлөгөө авчээ. Эцэст нь “Ардын эмчилгээ л үр дүнтэй юм байна” гэх шийдэлд хүрэв. Тэр тухайгаа Булгантай санал солилцоод, түүнд хөдөө очиж, амьдрахыг зөвлөлөө. Бүсгүй ч дуртай зөвшөөрчээ. Тэрээр хөдөө, хөдөөдөө говьд очиж амьдрахаар шийдэв. Яагаад гэвэл “Говьд ургадаг эмийн ургамал энэ төрлийн  өвчнийг илааршуулна” гэж уламжлалт эмчилгээний чиглэлээр ажилладаг нэг бус эрдэмтэн зөвлөснийг Мөнхөө илүү онцолсон байж.

    … Эмнэлгээс гарч ирснээс хойш сар гаруй хугацаа өнгөрчээ. Булган Дундговь аймгийн Гурвансайхан сумыг зорилоо. Том, жижиг чемодан, хөнжил пүүгээнээс өөр хогшилгүй түүнийг эгч Энхмөрөн, Мөнхөө хоёр хүргэж өгөв.

    Сарын өмнөөс Мөнхөө энэ нутгийг судалжээ. Тэр байтугай, танил, найз нөхдөөрөө дамжуулан ярьж, орон байрыг зохицуулсан байлаа.

     Булганыг галлагаатай, тохилог нэг өрөө байранд оруулав. Сумын мал эмнэлэгт нэг орон тоо байсан нь ХААИС төгссөн бүсгүйг мэргэжлийн ажил нь хүртэл хүлээж байсан мэт.

     Гурав хоноод эгч, найз хоёр нь буцах үед Булган хөршийнхөнтэйгөө танилцчихсан, малын эмчээр ажиллах тушаал нь бэлэн болчихсон ер нь л суурьшиж, төвхнөөд авсан байлаа.

       Эгч, Мөнхөө хоёрыгоо үдэх гэж Булган нэгэн шинэ танилынхаа машинд суугаад сумаас нэлээд зайтай орших “Их газрын чулуу” хэмээх улсдаа байтугай дэлхийд гайхагдах үзэсгэлэнтэй газар очлоо.

       Эгц дээшээ тогтоцтой, шовх, шовх улаан, хүрэн өнгө голлосон хадан уулс… Үнэхээр биширмээр… Байгалиас заяасан энэ цогцыг харахад Гандирсын хот ч гэж хэлж болмоор санагдав. Бүжиж буй хатны дүрстэй хадан цохионы өөдөөс хоёр биеэ түшин зогсох мэт сүрлэг уул ханьсан дүнхийх. Нутгийнхан түүнийг “Юндэн, Нансалмаа хоёр” хэмээн нэрлэнэ. Ийм сайхан сүрлэг бас давтагдашгүй уулын бэлээс эгч, найз хоёрыгоо үдсэн Булган инээгээд хоцорчээ.

        Хангайд төрж, хотод өссөн бүсгүйд говьд хаврын хавсаргатай урт өдрийг өнгөрүүлнэ гэдэг тийм сайхан байсангүй. Малаас айж шившгээ тарихгүйг хичээвч ерөнхийдөө хөндий хол санагдана. Гэвч ажлаа сайн хийх гэсэн тэмүүлэл, малаа малчинтай нь зүсэлж, нэрлэдэг сумын зоотехникч Сугар-Эрдэнэ хоёрынхоо ач дэмээр хэнд ч гологдохооргүй дадлагажаад авчээ. Анх ирснээ бодвол тэрээр говьд идээшиж дасав.

     Сэтгэл, санаа өөдрөг болоод тэр үү,  Булганы бие өвдөж, зовиурласангүй.

     Энэ сумынхан урдаа барьдаг төдийгүй  аймаг, нийслэлээс хүмүүс зорьж ирдэг, нутагтаа алдартай бариач Рулам гуай Булганыг байнга үзэж, бариа хийнэ… Хорь гаруй хоног бариулаад завсарлаж, говийн хатаасан бударгана хандалж ууна… гээд эмчилгээ тасраагүй. Хэвтэрт ортол шаналгадаг зовиур энд ирснээс хойш алга   болсон нь Булганыг улам сэргээн, тэнхрүүлж байлаа…

         Рулам гуайн зөвлөснөөр зуны эхэн сард шинэ эмчилгээ хийхээр болов…  Сугар-Эрдэнийн авчирсан жижиг дөрвөн ханатыг аваад “Өөш манхан”-ыг зорьжээ. Рулам гуай, Булган хоёр нарийн эмчилгээндээ орохоор яваа  нь энэ.

       Бороо хур татруу, аагим халуун шатна. Их говьд сунаж тогтсон торгон улаан элс байгалийн нарны элчийг өөртөө шингээгээд нүцгэн хөл тавих аргагүй байх.

        Худаглаж ухсан нүхэнд бүсэлхийгээ далд ортол элсээр битүү хучин сууна. Цаг хэртэй суухад бүх бие нэвт хөлөрч, усан хулгана адил болно. Эндээс гараад хойд дэвсэг дээр байх торгон элсэн дээр хэвтэн, гаднаасаа зөөлөн шарлага хийн, наранд биеэ ээнэ.

     Элсээр төөнүүлэх эмчилгээний хажуугаар Гурвансайхан уулаас түүж авчирсан “Газрын хаг”  ургамлын хандыг өглөө, оройд бүлээнээр ууна. Эмчилгээний үеэр Рулам гуай  Булганыг хүүхэд шиг  асарна.

    Эмчилгээ яг дундаа орох үеэр ажлын газрынхан нь:

-Шинэ шөл хийж уугаарай… гээд шүдлэн хонь өгч явуулжээ. Сумаас Сугар-Эрдэнэ байнга ирж, эргэж тойрч байв.

Сарын сувилал дуусч, сумандаа ирсэн оройгоо Булган, Мөнхөөтэй утсаар ярихад:

-Рулам гуай, та хоёрын тухай Сугараагаас байнга асууж, бүгдийг сонсч байлаа.  Тийм сайхан нутаг, усанд очоод эмчилгээ сайхан зохиж байгаад найз нь баярлаж байна…   гэв.

       Зуны сүү, саалийн цаг өнгөрүүлээд Булган хот руу явлаа. Хотод арав гаруй хонохдоо говийн тэр жижигхэн суурин сумыг, Рулам гуайг санаж, Самдан өвгөний халуурч, туулга хийлгэсэн хэдэн хонь, ямаанд хүртэл санаа зовон, арагшаа яарч байв.

    Улаанбаатараас ирэхэд үнэхээр салхи нь хүртэл дотно, зөөлөн санагдан Гурвансайхан суманд ингэтлээ идээшин дассанаа  илүү сайн мэдэрчээ.

    Хотын чихэр, жимс, дарсаар айл, саахалтынхан, ажлынхнаа дайлав. Оройжин дуулж, хөгжилдсөн хүмүүс гэр гэрийн зүг явахад Сугараа тэднийд үлдлээ.

      Сугар-Эрдэнэ тэр орой Булганд сэтгэлтэй болсноо хэлж, ханилан суух саналаа тавив…

        Тэр оройноос хойш нэг их удалгүй ханхайрч эзгүйрдэг гэрийн хоймор нь дүүрээд иржээ. Сумын төвийнхөн ч жиг жуг гэлцэн, ярианы сэдэвтэй болох нь тэр.

-Ёстой нүдээ олсон дурлал гэж энэ байх даа… Энэ хоёр яг тохирно…

-Манай Сугараа чинь хотын ийм сайхан хүүхэн хүлээгээд, баргийн бүсгүй рүү тоож хардаггүй байсан юм биш үү…

    Тэр хоёрыг хоорондоо ижилдэн дасч, ханилан суухаар шийдсэнд олон хүн талархаж, ам уралдуулан магтаж байхад хажуугаар нь аар саархан хар, бараан үг хавчуулаад авах нь ч байх.

-Эхнэр, хүүхэдгүй явж, явчихаад эцэст нь эрүүл, саруул юм олоод авч чадахгүй… Манай зоотехникч гэж лундаагаа гээсэн хүн юм гээч…

-Хүүхэд төрүүлдэггүй хүүхэн олох гээд ийм олон жил ганцаар явсан юм байх даа… Сугараа ч, тэгээд хажиг, зожиг болж билээ дээ. Хүүхэдтэй болох тухай боддог ч үгүй  байж мэднэ шүү…

  … Цаг хугацааг ухрааж, уяж болдоггүй юм хойно Булган гурав дахь жилдээ сувиллыг зорив.

     Энэ удаа Сугар-Эрдэнэтэйгээ суудал зэрэгцэн машины  урд тухлаад, Рулам гуайтайгаа гурвуул давхисаар Өлзийтийн хөндийг гатлан “Өөш манхан”-д ирлээ…

Ээлжийнхээ амралтыг тааруулсан нөхөр нь энэ удаа хамт байж, эхнэрээ асарч тойлохын хажуугаар өөрөө сайхан амраад авчээ.

  Сувиллаас ирэхдээ Булган хоолонд дургүй болж, бие нь тавгүйрхэж эхэллээ. Эмчид үзүүлж, жирэмсэн болсноо мэдээд баярласан бүсгүй гарч ирэнгүүтээ::

-Би ийм азтай эмэгтэй шүү дээ… хэмээн  хэлээд, ханийгаа тэврэн авч баярын нулимс унагаав.

 Эхнэрийнхээ хөөр, баярын нулимсыг арчин суусан Сугараа ч баярласан гэж жигтэйхэн…

  Эмнэлгээс гараад сумын баруун хойд дэнж дээр цомцойх цагаан байшинг зүглэн алхаж явахдаа Булган эгчтэйгээ утсаар ярьж, сайхан мэдээгээ дуулгажээ.

-Баяр хүргэе… Сайн хань, сайхан нутаг түшиж авсан юм чинь, миний дүү одоо алзахгүй ээ. Эгч нь төрөхийг дөхөхөөр амралтаа аваад очно…

         Энхмөрөн тэр өдөржин хөл нь газар хүрэхгүй шахам хөөрцөглөв. Түүний хэдхэн хоногийн өмнөх зүүд биелсэн мэт санагдахад өөрийн эрхгүй гайхаад байлаа. Гайхахын учир нь эгч дүү хоёрын зүүд яг биеллээ олсонд байв.

        “Ихэр хүүхэд тэвэрлээ” гэж хэдэн жилийн өмнө Булган зүүдэлсэн гэж ярьж байсан. Гэтэл би саяхан зүүдэндээ ээжтэйгээ уулзсан. Ээж минь “… Дүүгээ сайн асраарай, миний охин. Манай Булган чинь ус уух тавилантай хүн байгаа юм. Усан ихэр байсан болохоор төрөх гэж нэлээд удсан… Одоо айлтгүй. Тэднийх их өнөр, сайхан айл болжээ…” Ээж ингэж хэлсэн. Сэрэнгүүтээ би баярлаад “Нээрэн, манай Булган  ус уух тавилантай юм гээч… Тэр  аймшигт өвчин илааршиж, эрүүл болно гэдэг ховорхон тохиол…” хэмээн бодож байлаа. Гэтэл дүү минь бүр жирэмсэн болжээ. “Үр хүүхэд төрүүлдэггүй…” гээд өөдгүй тэр эрд мөн их доромжлуулсан даа,   муу дүү минь”. Энхмөрөн дүү рүүгээ дахин залгаж, өөрийн зүүдээ ярьж , энэ тухай бодлоо хэллээ.

-Тэгэлгүй яах вэ, эгч минь. Эх, үрс хүйн холбоотой гэдэг биз дээ.  Ээж минь бидний дэргэд байхгүй ч гэсэн бурханы тэр орноос байнга харж, хамт байгаа шүү дээ. Би эдгэрсэн нь, надад үр хүүхэд гаргах тавилан байгаа нь бүгд ээжийн минь илгээж байгаа буян хэмээн сургамжилжээ.

-Миний охин ухаантай, буянтай амьтан байгаа юм… гээд ээж нь бага охиноо дандаа магтдаг байсныг санаад Энхмөрөн дүүдээ улам ихээр баярлав.

Эмнэлгээс дуу, шуутайхан орж ирсэн Сугар-Эрдэнэ:

-Миний эхнэр жирэмсэн… Бид хоёр удахгүй хүүхэдтэй болох нь… гэж Рулам гуайд хөөрцөглөн дуулгалаа.  Рулам гуай тэр хоёрын яриаг сонсоод:

-Миний охиныг бурхан нааш нь илгээсэн болохоор эдгэрэлгүй яах вэ… Эмээ нь итгэлтэй байсан… Яагаад гэвэл чи энэ муу өвчнийг тоохгүй, өөрийгөө ялж байсан. Элсээр шарсан эхний өдөр дагжтал чичрээд, халуурч байсан хэрнээ:

-Зүгээр ээ… гээд инээх аядахад чинь цаанаасаа нэг юм хэлээд, хүч тэнхээ оруулаад байгааг би анзаарсан л даа. Та нар минь их сайхан амьдарна аа… гээд тахилынхаа дээд талд байрлах шар баринтагтай судраар хоёуланд адис хүртээлээ…

         … Тулгар биетэй эхнэрээ хөдөө явахыг Сугараа хоригловч эс дийлнэ…

 Ажлаа түүртэлгүй хийсээр яваад Булган  нярайлж, ихэр хүү төрүүлэв. “Сугараагийн өвөө ихрийн өрөөсөн болохоор удам дагаж…”  гэж бодсон ч “Хэдэн жилийн өмнөх зүүд маань зөн, совин байж” гэдэгтээ итгэн, Булган ихэд билигшээлээ.

… Үрийн заяа түшсэн говь нутгийнхаа элсэн эмжээрээр гоёсон намхан довцог, толгодыг харж нэлээд удаан зогссон бүсгүй гэртээ орж, хоёр хүүгийнхээ духыг үнэрлэв.

   Ж.Дүүрэнжаргал

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх