Будагтай орчлон / Тууж /

2017 оны 10-р сарын 13 өдөр, 14 цаг 19 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
baby

I ХЭСЭГ

Дуу алдан ёолсноо бүсгүй хана түшин хэсэг зогсов. Жаахан амсхийв бололтой духныхаа хөлсийг шудрах аядсанаа хөлөө зөөж ядсаар гал тогооныхоо өрөөнд орлоо. Тагийг сөхтөл хайруулын тавагтай хоолноос уур савсч байв. Хоолыг халуун саванд хийчихээд эргэтэл доошоо нойт оргиод явчихжээ.

   Тодгэрэл ширээний өнцгөөс барин, доош суув. Тэгтэл ашгүй, хаалганы хонх дуугарлаа.

    -Одоохон…  гэж хэлээд эвхэрч явсаар, арайхийн очиж хаалганыхаа түгжээг мултлав.

     Царай нь хүрэнтэж, уруул нь омголтоод, усаа савируулан зогсох найзыгаа харангуутаа Алдармаа араасаа орж ирсэн Солонгоод:

-Түргэн дуудаарай. Болохоо байж… Ус нь гарчихсан юм биш үү…  гэж хэлчихээд тогоо шиг гэдэстэй бүсгүйг түшин, орон дээр хэвтүүлэв.

    Санасныг бодвол, түргэний эмч удалгүй иржээ. Хамрын нь хөлс бурзайж, нүд нь чийгтэн, уруул нь чичирхийлэх бүсгүйд чагнуур тавьж үзээгүй атлаа:

 -Хэдэн настайдаа анх бэлгийн харилцаанд орсон бэ…  гэж эхлээд хэрэггүй гэмээр баахан асуултаар ээрч гарлаа. Тэгснээ:

-Чи чинь хөдөөнийх юм байна шүү дээ…хэмээн хайнгадуухан дуугарав.

      Хариугүй төрөх гээд өвдөж байгаа эмэгтэйд тусламж үзүүлэх биш, эд хөрөнгийн тооллогоор ирсэн комисс аятай ташаагаа тулж ирээд, гэр доторхийг тойруулан, нэгд нэгэнгүй ажиглах махлаг бор эмч рүү аргадангуй харж, Тодгэрэл гар картаа сарвайв.

     Орчин үеийн тохижилттой, чинээлэгжүү байдал нь тэр эмчид таалагдав бололтой:

-За, за… Төв эмнэлгийн хяналтад орсон юм байна. Аваад явахаас… гэж дуугарахад Алдармаа, Солонгоо хоёр бараг зэрэг шахам ухасхийлээ. Угийн нямбай, ажилсаг учраас Тодгэрэл төрөхөд шаардлагатай бүх юмаа бэлтгэжээ. Өөр ойр зуурын дутууг гүйцээгээд хоёр найз нь  Тодгэрэлийг түшсээр гарав. Ойр ойрхон дуу алдтал өвдөж байсан хэдий ч бүсгүй түргэний машинд орж суутлаа хайртай залуу Ширмэнгийнхээ гар утас руу залгасаар байлаа. Утсаа авсангүй. Аргаа барсан Тодгэрэл:

-Хайр аа, төрөх гэж байх шиг байна аа. Аймаар өвдөөд… Бас их ус гарсан. Эмнэлэг рүү шууд очоорой… гэх бичил зурвас илгээгээд, нүдэндээ дүүрч ирсэн нулимсаа нууж ядан байгааг харсан Алдармаагийн самсаа шархиран, огшоод иржээ. “Сэтгэлийг нь улам зовоочих вий” гэсэндээ найзынхаа хамар дээрх бурзайсан хөлсийг арчиж өгөөд, хацар дээр нь зөөлөн үнсч:

– Санаа зоволтгүй. Бид хоёр араас чинь очно… гээд цааш эргэлээ…

      … Дотно танил аялгуу бүүр түүрхэн сонсдож байлаа. Монголын радиогоор “Төрийн дуулал” эгшиглэж байна гэдгийг Тодгэрэл мэдэж байвч өглөө, оройн алин болохыг ялгаж чадсангүй. Гэтэл хүүхэд уйлах дуу сонсогджээ. Ам нь өмөлзөвч, дуу нь гарч өгсөнгүй.

-Ашгүй, ухаан орлоо. Пульсийг сайн тоолоорой… гэж сувилагчдаа хэлээд, их  эмч Бужгар хорвоод ирснээ зарлах гэсэн шиг адтай нь аргагүй чарлах  охиныг энгэртээ тэвэрсээр Тодгэрэлийн дэргэд очив.

-За, хар даа. Энэ муухай амьтныг… Чи гурван килограмм охин төрүүлсэн. Чамд баяр хүргэе.

 -Алив, миний охин… Тодгэрэлийн нулимс нь бүрхээд юу ч харагдахаа болив. Гэвч тэрээр хоёр гараа сарвайн, охин руугаа тэмүүллээ.

                           ***                  ***              ***              ***               ***

        Хүндрэл өгсний улмаас хагалгаанд орж, охинтой болсон бүсгүй хоёр хоноод “Эх”-ийн тасаг руу шилжжээ. Тасагт орж ирснээс нь хойш түүнийг амаа цангатал асууж, байцаасан махлаг шар хүүхнийг Бүрнээ гэх.

-Хадамдаа голомт залгах хүү төрүүлж өглөө. Тэр айлын буяныг хүртэх бэр надаас өөр байхгүй ээ… гээд ам хуурайгүй ярьж, аяга тавилгүй идэж, уух, ихэмсэг, бардам түүний зэргэлдээ орон дээрх анхныхаа охиныг өлгийдөж аваад хоёр хонож байгаа бүсгүй бол Заяа.

     Тэс өөр  төрх, ааш аягтай гурван бүсгүй ийнхүү нэг өрөөнд оржээ.

      Бүрнээг эргэж ирэх хүн олон төдийгүй тэрээр өдөржин утсаар ярьж, зааж, зааварлаад жигтэйхэн завгүй өнжинө. Чанартай, тансаг хоол хүнс завсар зайгүй болтлоо идэж уудгаараа бол Бүрнээ хамгийн их сүүтэй байхаар. Гэвч тэрээр хүүгээ цатгах нь байтугай цайх юм үгүй аж. Хүндрэлгүй, анх төрсөн Заяа ч өөрийнхөө хүүхдээс илүү гарч чадахгүй.  Хүүхдээ дөнгөж л цатгах төдий. Харин Тодгэрэл хүндрэлтэй, хагалгаанд орсон мөртлөө хамгийн их сүүтэй нь. Хэдэн оймс илүү элээсэн юм гэсэндээ Бүрнээ хүүгээ Тодгэрэлд хөхүүлнэ. Хоёр хүүхэд хооллох атал хөх нь чинэх тул саагаад бусдад илүүчилдэг байлаа.

      Тодгэрэл охин төрүүлчихээд ийн гурав хонож байвч хайртай залуу, охины  нь эцэг Ширмэн бараагаа  харуулсангүй, таг чиг. Утсаа авахгүй.

Эсвэл “… хаалттай байна” гэх хариу авах нь нялх биетэй бүсгүйн сэтгэлийг   төрөхөөс илүүтэй өвтгөж байлаа.

            -Цаадахь чинь хэн бэ гэдгээ харууллаа… Одоо өөрийгөө, бяцхан охиноо  бод.  Бид нарын үгэнд ороод, Ширмэнгээс аль эрт холдож, салах ёстой байсан юм…  Сайн, сайн гээд хир халдаадаггүй биз дээ… Тэр сайн хүн чинь одоо яаж байна…

    Хуурамч, ор хөнжлийн жаргал хөөсөн эрчүүд л  үр хүүхдийн сургаар ингэж алга болдог байхгүй юу. Эмнэлгээс гараад тэр гэр орон руу нь битгий зүглээрэй…   Алдармаа, Сувд хоёр  зэмлэж, аргадахыг хослуулан ингэж ятгах. Тодгэрэлийн зүрх улам шимширч, Ширмэнд байж ядталаа гомдовч ил гаргахгүйг хичээнэ. Түүнийг ийнхүү шаналж байхад Бүрнээ:

-Миний хүүг хөхүүлээрэй. Ээжийгээ дууриасан хоолонд сайн хүү шүү… хэмээн байсхийгээд шавдуулна.

    “Ховдог, сувьдгаараа гайхуулах гэж…” хэмээн дотроо дурамжхан байвч Тодгэрэл хүүг нь хөхүүлнэ, унтуулна… гээд ихэр хүүхэдтэй хүн шиг завгүй өнжинө. Тэгэхэд Бүрнээ өдөржин ийш тийш утсаар ярьж байснаа:

-Миний нэг найз туслахаа явуулчихаж… гээд сагс дүүрэн цэцгийн баглаа, үнэтэй бэлэг сэлтээ үзүүлж гайхуулна. Тэгснээ:

-Манай энэ ч яах вэ, даргын суудалд очоод удаагүй болохоороо 200-хан мянган төгрөг өгсөн байна. Үүнээс илүүг чадахгүй л дээ… гэж хүүтэй болсонд нь баяр хүргэж ирсэн хүмүүсээ өгсөн бэлэгний  нь үнэ, өнгөөр дугаарлах нь Тодгэрэлд хүүхдийг  хөхүүлж, арчлахаас тээртэй санагдана.

            Ээж болж, анхныхаа үрийн дууг сонсч, ангир уургаа хөхүүлсэн хорвоогийн хамгийн баярт мөчдөө хамт байсан Заяаг эмнэлгээс гарсан тэр өдөр Тодгэрэл илүүтэй хямарч, тавгүйрхэв. Яг ийм үед нь Бүрнээ зэрэг, зиндаагаа гайхуулах гэж гарахаасаа нэг хоногийн өмнө төлбөртэй өрөө рүү орсон болохоор тэрээр охинтойгоо хоёулхнаа үлджээ.

   Нойр нь хүрэхгүй эргэж, хөрвөөж байснаа Тодгэрэл үнэгчлэн унтах охиноо өхөөрдөн хэдэнтээ үнсээд, босч суулаа. Хань болж, сэтгэлээ онгойлгодог өдрийн тэмдэглэлээ үргэлжлүүлэн бичив. Аав, ээж хоёрыг нь орлож өсгөсөн ахынхаа үгэнд оролгүй “Ширмэн шиг сайн хүн байхгүй” гээд зөрүүдэлж явсандаа анх удаа харамссан бүсгүй шөнө хэвийснийг анзаарсангүй. Сонголтоо буруу хийснээ, Ширмэн өөрт нь хайргүйг Тодгэрэл одоо л ойлгож байхад найз, нөхөд нь аль эрт түүнтэй үерхэж эхлэхэд нь олж харсанд гайхаж, өөрийгөө зэмлэж суулаа. Хүн таних, хүнд дурлах гэдэг амьдралын ямар том шалгуур болохыг бүсгүй энэ шөнө л ухаарчээ.

                           ***                 ***                 ***                ***                ***

      Хүмүүс хоорондоо дүнгэр дүнгэр хийж байснаа хөлийн чимээ нь бүр ойртоод ирэх шиг болов.Тодгэрэл буруу сонссонгүй. Төдөлгүй сувилагч томоос том гэдэстэй эмэгтэйг түшсээр орж иржээ. Орондоо амжиж орсон Тодгэрэл унтаж байгаа дүр эсгэн хэвтэж байгаад дугхийчихэж…

          Өвдөж ирсэн нөгөө бүсгүй үүр шөнийн заагаар төрчихөөд өрөөнд орж ирэхэд нь сэрэв. Гурав дахь төрөлтөөрөө охинтой болсон Навчаа орос, монголоор хольж ярьсан жигтэйхэн хямсгар төрхтэй бүсгүй байлаа. Ийнхүү өрөөндөө ханьтай болсон Тодгэрэлд дахиад нэг хүүхэд амлуулж, хөхүүлэх ажил нэмэгджээ. Бардам, ихэмсэг, баярхуу зангаараа Бүрнээтэй адил боловч ааш зангаа авалцаагүй болоод ч тэр үү Навчаа илүү муухай ааштай, хэт дээрэнгүй санагдав. Хүүхдийн нь чихээр хатгуулж, уйлагнаад унтахгүй болохоор Навчаа:

 -Чи цадтал хөхүүлсэн юм уу. Аль эсвэл наад хар дэлэнгээ харамлаад байгаа юм уу… гэж Тодгэрэлд уурлана…

       “Ширмэн яагаад сураггүй болов… Өөр хүүхэнтэй завхайраад яваа нь үнэн юм болов уу… Эмнэлгээс хурдан гарах юм сан” гэх шаналгаат бодол түүнийг дотроос нь урж байсан болохоор Навчаагийн ааш аяг илүү тээртэй санагдана.

            Охины нь хүй цөглөөд, өдрөөс өдөрт хөрсжин, эрүүл саруул хөөрхөн бойжиж байвч Тодгэрэлийн хагалгааны шарх бүрэн эдгэрээгүйгээс тэр хоёрын эмнэлгээс гарахыг  хойшлуулаад байлаа.

                                ***               ***               ***              ***               ***

         Төрөлхийн зүрхний гажиг, тархины даралттай гарсан охины нь бие гэнэт муудсанд Навчаа цухалдан, ийш тийш утасдаад, танил талаа дуудаж, эмнэлгийнхнийг түргэн авахуулжээ.

     Хөхөж ч чадахгүй, ам нь ангалзан уйлж, таталт өгч эхэлсэн охиныг “Сэхээн амьдруулах” тасаг руу шилжүүлэхэд сүүний нь ээж болсон Тодгэрэлийг хүүхэдтэй нь хамт тэнд аваачив. “Энэ бол Навчаагийн захиалга” гэдгийг тэрээр сайн мэдэж байв.

    Тодгэрэл тэр тасгийн нэр болоод хүнд өвчтэй хүүхэдтэй хамт охиныг нь оруулсанд эмзэглэн, сэтгэл нь нэг л сонин болоод явчихаж.  Гэвч яалтай билээ, “Нялх амьтан өвдөж, амь  нас нь дээсэн дөрөөн дээр ирсэн байхад…” гэх бодол түүнийг  уужруулж байв.

     Бие нь олигтой тэнхэрч өгөхгүй, сульдаж, сүү нь татрах  тусам Ширмэнд гомдсон сэтгэлийн шаналгаа нь үерлээд ирнэ…

-Хүүхэд гаргах гэж яарахгүй шүү гээд байхад чи одоо юу яриад байгаа юм бэ… гэж уцаартай дуугарснаа, тэр дороо хувирч, худлаа инээгээд:

-За, за тоглосон юм. Миний хайр хүүхдэд хайртай юм чинь, тийм ээ. Хайр нь чамдаа хамгийн том бэлгээ барилаа шүү… хэмээн булзааруулаад өнгөрсөн нь тодхон санагдаж, “Тэр үнэхээр хүүхдэд дургүй байж… Хүүхдэд дургүй гэдэг чинь амьдрах тухай бодол огт байгаагүй гэсэн үг…” гэж бодох тусам Тодгэрэлийн дотор давчдана. Гэвч “Бусдын дор орохгүй, хүнд муугаа үзүүлэхгүй…” гэсэн шазруун зан нь өндийж, дотрыг онгойлгоно.

 “Чи хүүхдээсээ  зугтаж байгаа бол, надад миний охин хамгийн нандин эрдэнэ…”  хэмээн гоморхлоо тайлах мөчид эхийн хайр аяндаа ивлэн уясч, сэтгэлд нь аялгуу эгшиглэн, гэгээ татаад ирнэ…

             … Урьд нь хоёр ч бүсгүйтэй дэр нэгтгэсэн атлаа жилийн дотор шилийг нь   харсан гэх Ширмэн Тодгэрэлийг бодвол юм үзсэн толгой байв…

      Нэг өдөр оройтчихоод гэр рүүгээ яаран алхаж явсан Тодгэрэлийн дэргэд машин ирж зогсчээ. Тэгснээ нэг залуу толгойгоо цухуйлгаад:

-Хүргээд өгье… Ийм орой болсон хойно ганцаараа … гэснээ амандаа юм хэлсэн ч бүсгүй сонсоогүй байна. Тодгэрэл элдвийн муу юм бодсонгүй, бас эргэж  тээнэгэлзсэнгүй, шууд очоод машинд суужээ. Ийнхүү сайхан сэтгэлээр түүнийг гэрт нь хүргэж өгсөн хүн бол Ширмэн. Тэр оройноос хойш энэ залуу:

–  Харангуутаа дурласан… гээд араас нь дагаж, утасдан сайн, сайхан үгээр цатгах  ажлыг бараг хоёр сар хийжээ.

     Эхнэр, хүүхний намтар арвинтай түүнд нүүр өгөхгүй зугтаж байсан бүсгүй нэг   мэдэхэд түүнийх болж, “Ханиа оллоо” хэмээн сэтгэл дүүрэн явах болов. Тодгэрэл түүнд чин зүрхнээсээ дурлаж, түүнийг хайрлахын тулд төрсөн мэт     уярч, хайр халамжиндаа умбуулжээ.

        Гэтэл тэр “сайн” залуугийн чанар ийнхүү танигдсанд Тодгэрэл өөрийгөө зэмлэж, буруутгаж суулаа. Найзууд нь, ах нь:

 -Энэ хүн чамд хань болж чадах уу… хэмээн нэг бус удаа сануулж, амьдралд түшиг болох хүн арай өөр байдаг юм гэдгийг анхааруулахад дурлалынхаа мананд төөрсөн бүсгүй огт тоогоогүй. Харин ч Ширмэнгээ өөгүй сайхан мэтээр төсөөлж дотроо өмөөрч явсан… Өнөөдөр Тодгэрэл охиноо энгэртээ тэврээд сууж байх энэ мөчдөө тэр бүгдийг эрэгцүүлэн бодож суув.

     “Охин минь бас л аавгүй өсөх юм уу…”  Аавгүй байхын хэцүү, хатууг амсч өссөн түүнийг энэ асуулт ээрч, хоргомчилно.

       Өнгөрсөн, өнөөдрийн хариулт нэхэх энэ бүх шаналгааг өөрөө бий болгосноо мэдрэх тусам цээжин дотор нь гоморхол хуралдаад багтаж ядах.     Дөнгөж төрсөн бүсгүйн сэтгэл, санаа  тайван бусаас болж, бие нь сайжрах бус улам сульджээ.

                               ***                  ***                 ***                  ***                ****

              Тодгэрэл өдөр болгон халуурч, нэмэлт эмчилгээнд орсон тул охиныг угжихаас өөр аргагүйд хүрэв. Түүний хөх өвдөн, хүүхдээ хөхүүлж чадахаа болихтой зэрэгцэн Навчаагийн охины бие дахин мууджээ…

        … “Сэхээн амьдруулах” тасаг ачаалал ихтэй, хүнд өвчтэй хүүхэд олон байлаа. Тэр өдрийн ээлжийн сувилагч Буд борви бохисхийх завгүй өдөржин гүйсээр оройхон хэрд түр амсхийв. Өдрийн ачаалалдаа ядарсан  сувилагч   сандал дээр суугаагаараа унтчихжээ.

    Хоолой нь сөөнгөтөн уйлах хүүхдийн дуунаар арайхийн сэрэв.

    …“Сэхээ”-ний орон дээр хүчилтөрөгч залгуулсан Навчаагийн охин, харин наад талын жижиг өрөөний ганц орон дээр Тодгэрэлийн охин байжээ.

   Будыг яаран очиход Тодгэрэлийн охины хоолой сөөчихсөн, уйлж байлаа. Явуут дундаа охиныг сугавчлаад, “Сэхээ” рүү ортол Навчаагийн хүүхдийн царай хачин болчихсон байв… Сувилагч бүсгүй сандарч Тодгэрэлийн охиныг орон дээр тавьснаа яаран очиж, хаалгаа дотроос нь түгжээд авчээ.

            Буд мэддэг, чаддаг бүхнээ Навчаагийн охинд хийсэн боловч оройтсон нь тодорхой болов… Айж, мэгдсэн сувилагч бүсгүй эргэж очоод, ам хамхихгүй уйлах Тодгэрэлийн охины аманд сүүтэй угж ойртуулахад ховдоглон хэд сорсноо нойрондоо дийлдэн, унтаад өгчээ. Сандарч, салгалсан сувилагчийн нүдэнд Навчаагийн төрх харагдана…

           Тэрээр чимээ гаргахгүйг хичээн өлмий дээрээ алхсаар “Эх”-ийн тасаг руу ортол Тодгэрэл өөдөөс нь хараад зогсч байлаа.

-Тийм хүчтэй эмчилгээ хийлгэж байж яагаад босчихсон юм бэ? Хэвтрийн дэглэм сахь гэж хэлсэн биз дээ… хэмээн ичсэн хүн юу хийдгийг хамгийн тодоор харуулан Тодгэрэлийг зандрав. Тэгснээ нүд салгахгүй харж зогсох Тодгэрэлийг:

-Эмч мэдвэл загнана. Одоо унт, унт… гээд  ор руу нь түлхэх нь холгүй хэвтүүлжээ.

-Миний охин өлсч байгаа болов уу. Уйлаагүй биз дээ… хэмээн түүнийг аргадангуй харахад:

-Хөхөө хөхөхгүй байгаа болохоор яаж өөдтэй байх вэ… Тэглээ гээд чи яалтай билээ. Сая угжсан…. Одоо унтаж байгаа… гэчихээд сувилагч Буд бушуухан гарчээ.

 Энэ чимээнээр сэрэв бололтой Навчаа яраглан хөдөлснөө:

-Унтахгүй юугаа хийгээд шөнө хүртэл гиюүрч суудаг юм бэ… хэмээн  уцаарлангуй дуугарснаа, нойроо харамлан хөнжилдөө шургав.

    Орондоо орж, нэг их уртаар санаа алдсанаа нүдээ анин хэвтсэн Тодгэрэлд хонгилоор цааш алсран холдох өндөр өсгийтийн тог, тог гэх чимээ түгшүүртэй, зэвүүн санагджээ. Унтаж чадахгүй хэсэг эргэж, хөрвөөж байснаа Тодгэрэл өндийж суулаа. Шөнийн 03.30 цаг болж байв.

   “Энэ шөнө яагаад өнгөрч өгөхгүй… Цаг ийм эрт байгаа юм бол…” хэмээн өөртэйгээ яриад, часхийтэл хатгуулж, халуу төөнөн чинэрэх хөхөндөө янгуучлан, буцаж хөнжилдөө шургалаа.

            “…Салхи сэвэлзэх шиг болсон чинь  цонхоор Ширмэн ороод ирэв. Тэгснээ Тодгэрэлийг дуугарч амжаагүй байтал охиноо шүүрч аваад гарч зугтлаа.

Ж.Дүүрэнжаргал

/Үргэлжлэл бий/

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх