Хүүхдийг хайрлая,хамгаалъя гэдэг байгууллагууд нойрноосоо сэрээч ээ

2017 оны 10-р сарын 18 өдөр, 09 цаг 25 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
22554496_1217031058428390_1295388354_n

Энэ оны эхний 9 сарын байдлаар бага насны хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн тохиолдол   298 бүртгэгджээ. Насны хувьд 2-7 настай нялх амьтад гээд бод доо. Энэ тоо бол Хүний эрхийн үндэсний комисст бүртгэгдсэн тоо. Харин үүний цаана бүртгэгдээгүй хичнээн ийм хэрэг гарч,хичнээн хүүхдийн эрүүл мэнд,ирээдүй,бие сэтгэл хохирсныг хэн ч хэлж мэдэхгүй. Үүнтэй нэгэн адил анхаарал татах өөр нэг тоо бол 12-17 насны 1613 эх амаржсан гэсэн мэдээ байна. 12-хон настай охин жирэмслээд хүүхэд гаргасан гээд бодохоор зүрх шимширнэ. Хар нялхаараа охин биеэ эмтлэн хүүхэд төрүүлээд, бяцхан үрээ хөхүүлэн суугаа  1600 гаруй ээж бидний дунд байна. Бид үр хүүхдээ үл тоон хаашаа яваад байна вэ. Охин үрээ ч хамгаалах ухаангүй, хэн түүнийг хүчирхийлээд байгааг ч  мэдэхгүй л явж байна даа.

5–хан настай бяцхан охиныг хүчирхийлсэн хэргийг сонсоод нийгэм даяараа цочролд оров. Түүний үзсэн зовлонг 298 охин амссаныг сая сонсож байна. Цаана нь балмад этгээдэд хүчиндүүлснээ, бэлгийн дарамтад ордгоо хэнд ч хэлээгүй  тас нууж яваа хичнээн хүүхэд байгаа бол. Ийм зовлон дарамтад орсон хүүхэд өөрийгөө жигшиж, өөрөөсөө ичиж, ангийнхан, найз нөхөд, гэр бүлийнхнээсээ тусгаарлагдаж, цаашлаад биеэ үнэлэгч болох замд ордог гэж сэтгэл зүйчид үздэг. Өнөөдөр манай нийгэм ийм болжээ.

Монгол Улс Хүүхдийн эрхийн тухай конвенцид 1990 онд нэгдэн орсон. Хүүхдийн эрхийн хороонд тухай бүр илтгэлээ хүргүүлдэг. 2016 оноос хойш НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа улс. Гэвч хүүхдийн эрхийг арай л дэндүү хохироож байна. НҮБ-ын “Хүүхдийн эрхийн тухай” конвенцийн хэрэгжилтийн тухай 5 дугаар тайлан илтгэлээ Хүүхдийн эрхийн хорооны 75 дугаар чуулганд 2017 оны 5 дугаар сард хэлэлцүүлээд, сайшаал магтаал хүртсэн гэж байгаа.

Хэд хоногийн өмнө 13-хан настай охиныг балмад этгээд  буудалд дагуулж ороод архиар шахаж амийг хөнөөсөн хэрэг гарсан. Энэ мэт хүүхдийн эрх зөрчсөн хэрэг өдөр алгасахгүй дуулдах болсон нь нууц биш ээ.  Хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг, төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг төрийн болон төрийн бус байгууллагууд Монголд хэдэн мянгаараа бий. Тэд юу хийдэг вэ. Төрөөс цалин авдаг нь аваад,төслийн мөнгөө иддэг нь идээд зүүрмэглэн байна уу. Нойрноос сэрмэгц хааяахан “хүүхдийг хайрлая,хамгаалъя” гэж уриа лоозон цуурайтуулаад байж байна. Хүүхдийн баяр гэж ганц өдөр л хүүхэдтэй гэдгээ сая мэдэж чухам сүр сүлд болдог. Яг үнэндээ хүүхдүүдээ алхам тутамдаа анхаарал халамжиндаа байлгаж чадаж байна уу гэдгээ яг одоо бодмоор. Хэрэв одоо л бодохгүй бол хэзээ хүүхдийн төлөө “За” гэх вэ. Нялх балчир насандаа хүүхэд бүр эцэг эхдээ эрхлэн жаргаж байх ёстой. Гэтэл тийм боломж олдохгүй байгаа балчрууддаа яаж хайр хүртээх вэ. Хүн бүрээс авахуулаад төр засаг хүртэл үүнийг бодмоор байна.

Н.Дөл

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх