Нутгаа өмгөөлсөн Заамарын малчид Засгийн газрыг шүүхэд өгнө

2017 оны 10-р сарын 18 өдөр, 16 цаг 15 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
zaamar1

Төв аймгийн Заамар сумын Төмөстий багийн малчид нутгийнх нь уул усыг эвдлэн сүйтгэж байгаа алт ухагчдын эсрэг тэмцэж байна. 15.541.8 га газрыг “Эрдэнэсийн эрэг” компанид  хулгайгаар зарсан дарга нарын үйлдлийг баримтаар нотолж,  шүүхэд өгөх болсноо мэдэгдсэн юм. Малчдын уугуул нутаг Тосон Заамар хэмээн залбирдаг нутгийг алтны компаниуд хайр найргүй ухаж,малын бэлчээрлэх газаргүй болтол талхалж олон жил боллоо. Одоо бид тэвчих аргагүй болсон гэж тэд учирлаж байна.

 “Алт-2” хөтөлбөрийн хүрээнд Засгийн газрын 37 тоот тогтоолын дагуу олгосон гэх тусгай зөв­шөөр­­лийг цуцлуулахаар ийнхүү малчид АМГТГ, Засгийн газрыг шүүхэд өгөхөөр болжээ. Тиймээс ажлын хэсгээс малчидтай итгэлцлийн гэрээ байгуулж таван малчинг нэхэмжлэгчээр сонгосон байна.

Төмөстий багийн малчин, аймгийн алдарт уяач Д.Баасан “Би энэ нутагтаа үе удмаараа амьдарч сүүлийн 30 жил мал маллаж байна. Аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, ИТХ-ын дарга Ц.Энхбат нар биднийг хуурч “хулхидсанд” их гомдолтой  байна. Тэд нарт итгэж найдаж найман жил сонгосондоо харамсаж байна. Тусгай зөвшөөрлийг цуцалтал тэмцэнэ” гэж цухалдан ярьжээ. Нутгийн  иргэд “Хэрэв аймгийн удирдлагуудыг нааш ирвэл оймс шидэх ч багадна, чулуу шидэж хөөж явуулна” гэх зэргээр бухимдлаа илэрхийлж байна.

Итгэлцлийн гэрээ шүүх үйл ажиллагаа дуустал хүчин төгөлдөр байх ба аймгийн архивын газарт хадгалж түүхэнд үлдээнэ. Малчид нутаг орноо ашигт малтмалын зориулалтаар ухуулахгүй гэж хэрхэн тэмцэж байсан болон дарга нар малчдыг хэрхэн хулхидсан тухай хойч үеийнхэн мэдэх хэрэгтэй гэж Заамар сумын ИТХ-ын төлөөлөгч Ж.Буянхишиг ярьжээ.

zaamar2

М.Эрхэм

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх