Гэгээн өглөөний нарны түмэнтээ цацарсан гэрлээс аз жаргал, баяр хөөрийг мэдэрч, өдөр бүр ажил өөдөө яаран тэмүүлэх энэ хүнийг Цогзолын Баянжав гэнэ. Тэр “Эрдэнэт” үйлдвэрийн Баяжуулах фабрикийн Шүүн хатаах хэсгийн оосорлогч, ачилтын бригадын дарга. Эх орны эгэлгүй бүтээгдэхүүн зэс молибдений баяжмалыг экспортод ачих эцсийн дамжлагын хариуцлагатай албыг Ц.Баянжав, түүний журмын нөхөд залгуулдаг. Шүүн хатаах хэсэг хоногт 27-30 орчим чингэлэг буюу 2000 орчим тонн зэсийн баяжмал ачуулдаг. Энэ аварга үйлдвэрийн эцсийн бүтээгдэхүүн төлөвлөгөөндөө хүрч ачигдах эсэх нь тэднээс хамаарах болохоор “Бид эх орны хөгжилд хувь нэмрээ оруулдаг” гэж “томрохоос” ч аргагүй. Кранд ууттай баяжмал өлгөх, баяжмалыг чингэлгийн даацад тохируулан ачих үүрэгтэй энэ ажил кранчны дохиог зөв мэдрэхээс эхлэн сонор сэрэмж, авхаалж самбаа их шаарддаг аж. Хөдөлмөр “буцалсан” энэ талбайдаа очих нь түүнд юу юунаас илүү жаргалтай. Биеийн хүч, эв дүй шаардсан, гар ажиллагаа ихтэй, ачаалал өндөртэй оосорлогчийн ажилд 30 шахам жил зүтгэхдээ тэр хэзээ ч түүртсэнгүй. Ц.Баянжавын ажил залуустайгаа таван хормын дасгал хийж, биеийн чилээ гаргахаас эхэлнэ. “Баянаа ахаа дасгалаа эхлээрэй” гээд л хөгжилдөх залуусаа харахаар өөрийнхөө насыг ч мартахаа дөхнө. Тэднээсээ маш их эрч хүч авдаг гэнэ. Тасралтгүй ажиллагаатай “Эрдэнэт” үйлдвэрт үндсэн үйлдвэрлэлийн ажилчид 12 цагийн ээлжээр ажилладаг. Ажил дээр үүргэлэх нь аюул эрсдэлд хүргэх хор хөнөөлтэй, иймээс маш сайн амарч ирэхийг залууст тэр “үүрэгдэнэ”. Ц.Баянжав ажил эхлэхийн өмнө бригадынхнаа сайтар ажиглана. Хэн нэгний нойр дутуухан, ядарсан харагдвал: “За хө чи 10 минут дугхийчих. Ах нь ажлыг нь хийж байя” гэх. Арыг нь найдвартай дааж, хоёр хүний ажлыг зэрэг хийж буй бригадын даргаа хараад залуус түүнд талархдаг. Аюулгүй ажилла, ажилдаа 5А зарчмаа баримтал гэж үргэлж захина. Мөн ажлаа чин сэтгэлээсээ хий, бүү залхуур гээд л сургамжлах. Ажлын байран дахь эрсдэлээс сэргийлж, мэдээлэх ажилд тэр байнга идэвхтэй оролцдог. Энэчлэн Эрдэнэт үйлдвэрийн “Аюулгүй ажиллагч”-аар хоёр ч удаа шалгарсны гэрч зэс бугуйвчаа зүүсэн нь содон харагдана.
17-хон настайдаа автын засварчнаас хөдөлмөрийн гараагаа эхэлсэн Ц.Баянжав улсад 40 шахам жил ажиллахдаа нэг ч удаа эмнэлгийн акт авч үзээгүй аж. 2015 онд “Эрдэнэт” үйлдвэр 20-иос дээш жил ажилласан, акт авч байгаагүй дөрвөн хүн байгааг тогтоож, унадаг дугуйгаар урамшуулсан юм. Тэдний нэг нь миний хөргийн баатар. Уул уурхайн үйлдвэрт хүнд хүчир хөдөлмөр эрхэлдэг хүмүүсийн хувьд ийм байх нь бараг боломжгүй зүйл. Ц.Баянжав өөрийгөө эерэг энергээр цэнэглэн, хөгширч биш хөшиж үхдэг гэх үгийг санаж, байнгын хөдөлгөөнтэй байсныхаа үрээр олон жилийн турш “эрүүл, саруул” аж төрж буй ажээ. Тэр өглөө эртлэн босч, нарнаас энерги авч, биеийн тамирын дасгал хийн, гүйдэг хэвшилтэй гэнэ. Дулааны улиралд унадаг дугуйгаараа ажилдаа явна. Ц.Баянжав бага залуудаа иртэйхэн эр байж. Спортын тэмцээнд хамт олноо оройлон оролцоно. Тэр “адуу шиг” гүйж, чөлөөт болон үндэсний бөхөөр чамгүйхэн барилдчихдаг залуу явж. Хатгалд цэргийн албаа хааж байхдаа Хөвсгөл аймгийн баяр наадамд гурав давчихаад, халуун сав, таван төгрөгөөр шагнуулж явснаа мартдаггүй.
Эрт босвол нэгийг үздэг, орой унтвал нэгийг сонсдог, худал хуурмагаас хол яв, үнэнч шударгаар хөдөлмөрлө гэх аав ээжийнхээ сургаалиар замнасан Ц.Баянжав эцэг эхээс наймуулаа. Завхан аймгийн Алдархаан сумын харьяат Цогзол агсны хүүхдүүдийн тал нь Эрдэнэтэд үнэнч хөдөлмөрөө зориулан, сайн сайхан ажиллаж амьдарч явна. Ц.Баянжавын ах Ц.Дагвадорж “Эрдэнэт” үйлдвэрийн анхдагч, краны машинч, түмэнд алдраа дуурсгасан Аж үйлдвэрийн гавьяат ажилтан бий. Одоо тэр гавьяаны амралтаа эдэлж буй. Дүү Ц.Төмөрбаатар нь Шүүн хатаах хэсэгт оосорлогч, охин дүү Ц.Даваажаргал нь Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ компанид ажилладаг.
Ц.Баянжавын амьдрал аз жаргалаар дандаа бялхаж явсангүй. Элэг бүтэн жаргалтай амьдралыг нь нэг л өдөр хагацлын хар сүүдэр бүрхжээ. Нэгэн биенийх нь тал, насны үнэнч хань нь гэнэтийн ослоор хорвоог орхив. Орчлон орвонгоороо эргэсэн мэт энэ цагт барьц алдаж, бор дарсаар сэтгэлээ хуурах үе ч тохиосон. Тэр сэтгэлийн тэнхээгээр энэ “балчгаас” сугарч чадсан ухаантай нэгэн. Үр хүүхдээ эрдэм чадалтай, ухаалаг зөв хүн болгохын төлөө бүхнээ зориулж, өөрөө зөв үйлтэй зөв хүн байхыг хичээж ирж. Одоо тэдний зургаан хүүхдийн тав нь дээд боловсрол эзэмшин, улс орондоо сайн сайхан хөдөлмөрлөж явна. Бага охин нь Хятадын Бээжин хотноо гадаад харилцааны чиглэлээр суралцаж, орон орны охид хөвгүүдтэй мөр зэрэгцэн суралцаж байна. Тэр хүмүүст инээмсэглэж байхыг уриалдаг. “Инээмсэглэл- баяр баясал, сэтгэлийн амар амгаланг түгээдэг шидтэй. Сайхан энергээр өөрийгөө цэнэглэн, бусдад үүнийгээ “халдааж” яваарай” гээд сайхан инээмсэглэв.
Баяжуулах фабрикийн болон “Эрдэнэт” үйлдвэрийн Хөдөлмөрийн аварга, Тэргүүний уурхайчин цолтой энэ хүн, “Би ганцаараа юухан бүтээж чадах билээ. Хамт олон, хүчирхэг үйлдвэрийнхээ буянаар ажил үйлс маань өөдрөг бүтэмжтэй, амьдрал ахуй маань гэрэл гэгээтэй байна. Би бор ууландаа сүслэн залбирч явдаг. “Эрдэнэт” хэмээх гайхамшигтай үйлдвэрийн нэгэн эд эс нь болсноороо би дандаа бахархаж явдаг” гэсэн юм.




Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
