Буун дууны өмнө /Тууж/

2017 оны 10-р сарын 30 өдөр, 11 цаг 00 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
buun

3-р хэсэг

Тэгснээ:

-Хэргийн газар очиж баримт тодруулах шаардлагатай гэж Дээд шүүх үзсэн. Тэгээд л бид хоёр явж байна. Та хоёр яаж мэдээ вэ…гэж Энхийг аядуухан дуугаар асуухад Цэндмаа,Оюундарь хоёр бараг л хашгирах нь холгүй “Ашгүй дээ” хэмээн дуу алдацгаав.

    Дээд шүүхээс ямар шийдвэр гарсныг ч мэдээгүй явсан ээж, эхнэр хоёр  нь  сая л нэг юм учрыг ойлгож. Сэтгэл нь түр амсхийсэн ч “Энэ бол амийг хэлтрүүлж, ялыг өөрчилсөн юм биш шүү. Ямар ч байсан тэр баримтыг шалга гэсэн” гэх мөрдөн байцаагчийн үгийг орхичихож чадахгүй байлаа…

  Хошууч Энхийн  өгөх шийдийг хүлээх зуур хүүгээ машины шилний цаанаас хайж ядан, харж суухдаа “Нутаг усных, том ажил албатай… гээд  Шатарыг их тоож явдаг байсан юм сан. Тэгэхэд юу гэнэ вэ?  “Тогтоолыг аваад явчихаж” гэж хэлсэн. …Учрыг гаргаад хэлээд өгч болоогүй юм байх даа… Энэ хүртэл ухаантай, ухаангүй хоёрын дунд л явлаа шүү” хэмээн гоморхсоноо “Баримт шалга гэсэн энэ тогтоолын тухай хэлснийг би буруу ойлгосон байх аа” гэж тэр дорхноо өөрийгөө буруутгахыг хичээв.

 “Машинаас бууж болохгүй” гэж хошууч “команд” өгсөн болохоор загалтаж сааралтсан  шилний цаанаас бие бие рүүгээ тэмүүлэх, хайрлах харцнууд уралдаж байгаа нь Энхийн итгэл, сэтгэлийн цоожийг өөрийн эрхгүй уярааж, мулталсан  байна. Хошууч эрийг машинаасаа буухыг харсан Цэндмаа суудал дээрээ өндөлзсөнөө буцаж суув.

  Тэвхгэр өргөн цээж, цэх өндөр нуруутай, хүдэр чийрэг, сайхан бор  хошууч ирж, зөв талын урд хаалгыг онгойлгосноо:

          – Дагаад хөдөл… гэж дуулдах төдий хэлээд, машиндаа суулаа.

          Асуудлын учрыг нарийн сайн ойлгоогүйдээ ч тэр үү, олон хоног, сараар хоригдож гундсан нөхрийгөө харж сэтгэл нь өвдсөн Оюундарь хүртэл уйлахаа больж, нулимсаа арчаад, жолооч, хадам ээж хоёр руугаа ээлжлэн харахад хэн нь ч ам ангайсангүй, нүдээрээ дүүрэн бодол хургуулан зам ширтэцгээнэ.

  “Их сайн байцаагч байгаа юм. Энэ төрийн хатуу хуулийн дор ажиллаж байгаа амьтан намайг харахаас зүрх нь шимширдэг байх аа, зайлуул. Өөр хүн байсан бол уулзуулахгүй. Энх хошууч бол их өөр хүн дээ… Миний хүү чинь сайхан сэтгэлтэй, түмэнтэй явсан хүн болохоор байцаагч хүртэл ийм сайн хүн таарсан хэрэг…” хэмээн ээж нь арай сийрэг бодол шилгээж явлаа.

          “Айдас”-ын даваанаас эргэж баруун тийш 10 гаруй километр яваад хошууч Энх “Зогс” гэж жолоочдоо үүрэг өгөв.

          – Ээж, эхнэр хоёртойгоо уулзчих, Болдхүү! гээд мөрдөн байцаагч нь гарынх нь гав, хөлийн дөнгийг салгахад итгэж ядсан залуу:

          – Хаана… Энд үү…Болох юм уу? хэмээн  сулхан дуугарсан залуугийн нүдэнд нь нулимс цийлэгнээд ирэв.

          – За, та хэд Төв аймаг орж дулаан газар олж хоночихоод өглөө эрт энд хүрээд ир… гээд дуугаа цааш татав. Тэгснээ:

-Итгэж байна шүү… гэж хошууч Энхийг хэлэхэд гурвуул зэрэг шахам:

          – За… гэлээ.

          “Эргэж яв” гэхээс нь эхлээд “Байцаагч аа, та юу хийгээд байна аа?” гэж сануулж түүний үйлдэл бүрийг жолооч нь  эсэргүүцэж байсан боловч “буурал” На тоосонгүй. Өөрийнхөөрөө зүтгэсээр явуулчих нь энэ.

   Саарал 69-ийн тоос харагдахаа больтол араас нь харж зогссон хошуу эр цагаа хараад:

-Ажил тарахад цагийн зай байна… Хийморьтой хүү байгаа юм… Эвтэйхэн яваад ирнэ… гэж хэлээд жолооч руугаа харав.

          – Та одоо юу хийгээд байгаагаа мэдэж байна уу? Наадах чинь хүний амь хөнөөсөн гэмт хэрэгтэн шүү дээ…

          – Дуугүй бай…

          – Ирнэ гэж та итгэж байна уу…

          – Итгэж байна…

    Зам, хүн амьтны хөлөөс дайжин, холдоод, нэлээд хонхор газрыг сонгосны учрыг сая ойлгосон жолооч нь:

-Цайгаа ч уулгүй, өглөө эрт гарсан. Ядаж ходоод руугаа жаахан юм хийх үү дээ… хэмээн аргадангуй дуугарчээ. Бас ч гэж нэлээд хэдэн жил нэг дор ажиллаж, хол ойрын замд хамт явж байгаа болохоор “буурал” На-гийнхаа хударга хийгээд жудгийг жолооч Барсаа тун сайн мэднэ. Ингэж хэлэхийг нь хүлээж байсан мэт инээж алдсан Буурал хошууч:

-Өвчүү нуруу хоёр наалдчихсан юм биш үү… гээд суудлын араас ширэн цүнхээ гаргаж ирлээ. Байцаагч жолооч хоёр сайхан хооллож аваад суудал дээрээ мар мар хийцгээж байгаад хэн хэн нь унтчихжээ. Энхийг сэрэхэд гадаа харанхуй даагаад сэрүү орчихсон, оройн 20 цагаас 30 минут өнгөрч байв. Түүнийг бие засчихаад ирэхэд, босоод суучихсан байсан Барсаа:

-Хоёулаа тэдний араас явъя. Бушуухан хэрэгтнээ аваад ажлаа бодъё. Юун хоногоор явуулах… Яасан ч болохгүй… Аймгийн төв ороход тэднийг дороо олно гэв.

 Энх жуумалзаад:

-Нэгэнт хэлсэн, ярьсан, тохирсон. Өглөө хүрээд ирнэ…  Зам шалгалтыг үлдсэн хоёр хоногт амжуулчихна. Болж байгаа биз дээ… гэчихээд машиныхаа хөгжмийг асаажээ.

          – Хм. Хэний ч санаанд багтамгүй сонин юм хийчихээд… Тэгээд эргэж ирнэ гээд  хөдөө хээр хонох гээд сууж байдаг…

          …Нөхөд нь “Буурал” хэмээн хочилж, “На” гэх авгайлгаараа нэрээ солих шахсан хошууч Энх жолоочдоо ийнхүү бангадуулж суухдаа “Хүнд итгэх шиг сайхан юм хаана байх вэ?” хэмээн бодож байсан ч ил гаргаж хэлж чадсангүй. Жолооч залуу үглэсээр… Чихгүй хүн шиг суух Энх “Төр нь иргэн рүүгээ буу шагайж хороохоо болих цаг хэзээ юм бол… Амьд явах гэдэг эрхийг нь ингэж боогдуулж болохгүй юм шүү дээ” хэмээн бодоод, тэссэнгүй цагаа харлаа. Өглөөний 05 цаг болжээ. “Ирнэ” гэдэгт нь итгэж байгаа хэрнээ байн байн тамхи татаж, машинаасаа бууж, суугаад нэг л тогтож өгөхгүй байв. Шөнө цурам хийгээгүй болохоор нүд нь хорсч, толгой нь дүйнгэтэвч дотроос нь халуу төөнүүлсэн сайхан мэдрэмж түүнийг дулаацуулах шиг болоход Энх амандаа дуу аяллаа. Духгүй нь улам хүрэв бололтой жолооч нь түүн рүү муухай хараад, дургүйцлээ илэрхийлэн хэдэн алхам холдов.

     Машины дуу гарч, саарал “УАЗ-469” ирж зогслоо…

    Уртаар амьсгаа авсан хошууч Энх инээд тодруулсан харцаар тэднийг угтаад:

          – Миний тусалж чадах юм энэ  байлаа. Хэрэг цаашид хэрхэн шийдэгдсэнийг өөр хүн рүү ярьж асууж, сэтгэлээ үймүүлээд яах вэ. Хэн хэн нь буруу зөрүү ойлгоод, өөрсдийгөө зовоохын нэмэр. Ганцхан надаас энэ тухай асуугаарай. Би ч гэсэн танд хэл дуулгана аа. Та хоёр сайн яваарай гээд машиндаа суув.

Сэмэрч гундсан сэтгэл дотор халуун дулаан мэдрэгдэх авч, салж ядан уйлалдаж байсан тэр гурав Энхийг машиндаа суухыг хараад, нулимсаа шударцгаалаа.

          – Та хоёр минь сайн яваад хариарай. Миний эхнэрт тус дэм болж, харж, хандаарай. Ээж ээ, та хүүгээ уучлаарай… гэж чанга гэгч нь хэлээд Болдхүү эргэж харж чадалгүй явсаар хошуучийн машинд суулаа.

          Араас нь сүү өргөн хоцорч байгаа ээжийг нь толиндоо  хараад Энх “Монголчуудын минь  цацлаа өргөж, сэтгэлээ дэвсдэг энэ сайхан заншил улам бүдгэрээд байгаа юм даа. Уг нь зам мөр цайлгасан сайхан уламжлал шүү ” гэж бодов.

                                     ***         ***      ***       ***        ***

    Бүх бие нь чичирч байгаа нь мэдрэгдэвч Болдхүү уйлсангүй. Нулимсанд хүртэл хэмжээ байдаг бололтой…

   Энхийн сэтгэл уужраад нэг их ажил амжуулчихсан хүн шиг хөгжим даган дуу аялаад, жолооч руугаа  доог, бахархлыг хослуулан харж инээд алдана. Аман дээрээ гарч ирсэн үгээ  ил гаргаж чадахгүй байгаа нь илт. Барсаагийн нүд сэргээд иржээ. Бахархсан харцаараа хошуучийгаа шагнаад:

-Одоо замд зогсохгүй шүү… гэснээ хөгжмөө чангалаад, машинаа асаалаа.

     Нутгийн зүг явахад зам нь хүртэл танил дотно… Болдхүүгийн сэтгэл зөөлөрч, нэг  л аятайхан мэдрэмжинд хучигдах шиг. Талын салхи ийм сайхан үнэртэй байдгийг анх анзаарч байгаадаа харамсахын учир нь далдаас өгөх “Дахиад ингэж явахгүй” гэсэн дохиог мэдрэхтэй зэрэгцсэн байж болох…

  Шөнө унтаагүй хошууч замын дундаас хойш үүрэглэж явснаа суудлаа налан тухлаад хурхирч эхлэв.

    “Нутагт нь гэгээн цагаан өдрөөр очоод дэмий. Шөнө харанхуйд шалгах, үзэх юмаа амжуулна. Өглөө бүх хангай дэлхий сэрэх, сэргэх цагаар Болдхүүгээ нутаг усанд нь мөргүүлж, сэтгэлийг сайхан засаад авах юм шүү.       Нутаг ус, баян хангай нь түшиж, алтан амийг аврахыг үгүйсгэх аргагүй, тийм ээ. Энэ сайхан залуугийн амийг өгнө гэхээс гол харлах юм даа… “

    “Буурал” На –гийн жолоочдоо өгсөн “тушаал” нь энэ болохоор Барсаа цаг, газрын баримжаа хоёроо тохируулан зугуухан давхисаар говь, тал хосолж, агь таанын үнэр  хамар цоргисон нутгийн дээсэн дээр ирээд зогслоо. Хошууч нүдээ нээж, хаана ирснийг таамаглан, цагаа харснаа:

-За, Болдхүү минь дажгүй биз… Бид одоо яг хаана явж байна. Харанхуйд газар танигдах нь уу… гээд гараараа Барсаа руу “Зогс” гэж дохилоо. Жолооч тэр дороо хурдаа хасч, аажуухан  замаас гарч, машинаа зогсоолоо.

-Бууцгаая… гээд түрүүлэн гарсан хошууч хойд талын хаалга онгойлгон, Болдхүүгийн гарын гавыг аваад:

-За, буугаад газар нутгийнхаа баримжааг хараарай  гэв.

    Болдхүүгийн нүд бүрэлзэн, дотор нь харанхуйлаад иржээ. Тэрбээр хэд алхаж баруун урагшаа харж зогссоноо:

-Ээ баян хангай, төрсөн нутаг, ус минь… Өршөөж хайрла… хэмээн амандаа шивнэн, хэдэнтээ сунаж мөргөлөө. Тэгснээ сөхрөн суугаад, нэлээд удаан уйлав.      Түүнийг харахаас зүрх нь эмтрэх шиг болж, тамхи татан суух хошууч Энх:

-Барс аа, чи урьд нь говьд ирж байсан уу… хэмээн асууж өөрийгөө сатааруулахыг оролдов.

-Би чинь аавтайгаа тээврийн замд их явсан хүн шүү дээ. Энэ сайхан нутагт  танаас   олон удаа ирсэн байх шүү.

-Олон нь ч юу л бол…?  Би анх оюутан байхдаа зуны ажлаар ирээд хэд хонохдоо халууныг гайхаж, хатаж, цангаж хэцүүдэх нь гэж хэлээд аавдаа бангадуулж явсан юм, ах нь. Түүнээс хойш ажил төрөл, за тэгээд анд нөхдийн урилга, заллага гээд зөндөө ирсэн. Энэ говийнхон  их зочломтгой, сайхан сэтгэлтэй ард түмэн. Энэ тэнүүн уужим тал хүний дотрыг тийм сайхан болгодог байх аа…

 Энэ хоёрыг ийн ярьж байх зуур Болдхүү овоо тайвширсан бололтой босоод зогсчихсон байлаа. Тэгснээ хэнгэнэтэл санаа алдаад:

-Хангай тийш сэрүү ороод бүр намаршаад ирсэн байхад манай нутагт ийм дулаахан сайхан байгаа биз…хэмээн догдлонгуй хэлэв..

   Тэр гурав намуухан шөнийн тэнгэр дор  ойр зуурын юм ярьж, тамхи татан хэсэг зогсоод цааш хөдөлжээ.

   Шөнийн түнэр харанхуй нөмөрсөн хэдий ч төрсөн нутгийнх нь дов толгод, сондуул дэрс нь хүртэл танил дотно харагдана.

”Морьтой, мотоцикльтой хөндлөн гулд мөн ч их давхисан даа. Нутгийнхаа энэ сайхан бүхнийг анзаарахгүй л явж дээ” гэх харуусалтай нь зэрэгцэн тамганы найр хийсэн тэр айлын нутаг ойртож байгааг мэдрэн дотор нь давчдаад иржээ…

-Болдхүү, чи машиндаа сууж байсан ч  болно…Энд удахгүй.  Харин чи өөрийнхөө шүтдэг хайрхан нутгаа бодож бай. Нутгийн хайрхан, чулуу, шороо гэдэг чинь хүний сүлд хийморийг сэргээж өгдөг, амины минь хэлтэрхий байдаг юм гэсэн шүү. Энэ сайхан нутаг ус  хүүгээ ямар нэг байдлаар харж түшнэ ээ, хө.

   Хошууч Энх түүний байдлыг анзаараад, ийнхүү тайвшруулав.

  Хагас цаг шахам давхиад “Эхэн шанд”-ны хойд дэнж дээр хүрч ирлээ. Болдхүү машинд сууж үлдсэнээ гэнэт бууж, Энх, Барсаа хоёрын араас гүйж очоод:

-Одоо энд юу байгаа юм бэ… Шалгах, мөрдөх юм үлдсэн гэж үү… хэмээн зэвүүцэнгүй асуужээ.

-Морины уяаны ойролцоо хэсэг шовх хад байдаг. Талийгаач  тэр хадан дээр зүүн талаараа унасан гэх нэг гэрчийн мэдүүлэг байдаг даа. Чи  мэдэж байгаа. Үхэлд хүргэсэн шалтгааныг тогтоосон дүгнэлт “Зүүн тархи бяцарсан… цээжний баруун дээд хэсэгт хутгалуулсан…” гэж гарсан… Дээд шүүхээс “Тэр хадны байрлал, тогтцыг баримтжуул…” гээд байгаа юм. Уг нь чамд тус болох хад байж болох л юм. Болдхүү дахин үг дуугарсангүй. Жолооч залуу гэрэл тусгаж, хошууч Энх тонгойн ийш, тийш харж  тааралдсан бүх чулууг барьж, тавьж явав. Тэгтэл нэлээд том газрыг сэндийлж ухаад шав татсан гэлтэй энд тэнд хэдэн мод, төмөр хатгасан нь гэрэлд туслаа.

– Энэ чинь бас юу вэ…Яагаад энд газар ухав… юу хийх гэсэн хэрэг вэ… хэмээн Энх дуу алдав.

-Талийгаачийн ах, дүү нар нь суварга босгож, бараг сүм байгуулах гэж байгаа дуулдсан. Энэ буурийг сонгосон юм байх даа… Яадаг билээ… хэмээн Болдхүү түгшүүр дагуулсан өнгөөр арайхийн дуугарлаа.

-Чи яагаад айгаад байгаа хэрэг вэ?  Хошууч ингэж асуучихаад дээш харан зогсов.

-Манай ээж энэ газрыг их догшин, савдгийн гүйдэлтэй гэж ярьж байсан… Тэгээд л   ингэж хөндсөнийг нь хараад айдас төрлөө.

-Тэднийхэн чинь ядаж байхад хараал жатга хийдэг айхтар улс гэсэн биз дээ. Учраа мэдээд ухаж төнхөө байлгүй дээ.

-Талийгаачийн хадам ээжийн талынхныг хараалч гэцгээгээд нутгийнхан жаахан жийрхэцгээдэг л юм. Гэхдээ тэд хараалч байлаа гээд маньд муу муухай юм хийж яваагүй ээ. Болдхүүг ингэж хэлэхэд Энх:

-Хм… хэмээн амандаа тоомжиргүй дуугараад:

-Явцгаая… гээд машин руугаа алхав.

  Машиндаа хэсэг чимээгүй сууцгаалаа. Болдхүү тамхиа асаасангүй. Харин Энх шуналтай нь аргагүй татаж дуусаад:

-За, Болдхүү чиний яг төрсөн нутаг хаана байна. Чи очих замаа мэднэ биз дээ гэв.

Дотор нь үймэрч таагүй бодолд ээрүүлж суусан залуу:

-Миний төрсөн нутаг тийм ч ойр биш.Эндээс 90 гаруй километрийн зайтай даа… гэснээ:

-Зам нь янзын сайхан… хэмээв. Тэгснээ:

-Хошууч аа, би энэ газар ямар ч байсан сүү өргөж, дахиад нэг сайн залбирч мөргөж болох уу… гэлээ. Энх түүний санааг дор нь ойлгож:

-Бололгүй яах вэ, Болдхүү. Алив Барсаа сүү гаргаад өг. Задлаагүй сүү байгаа юм уу… гээд өндөлзлөө. Жолооч залуу хойд талын суудал дор тавьсан цүнхнээс хайрцагтай сүү гаргаж өглөө.

  Тэрбээр сүүг авч, халааснаасаа ноосон улаан малгай гаргаж өмсөөд машинаас буув.

   …Сар баруун тийш гудайсан нь шөнө нэлээд сайн хэвийснийг илтгэх…

Болдхүү зугуухан алхсаар талийгаачийн морины уяа байсан газрын  орчимд очиж сүү өргөлөө. Буцаад хэд алхтал бут шиг бөөндүүхэн, хэдэн жижиг, шовх ургаа хад нүдэнд нь харагдах шиг болжээ. Тэрбээр өвдөглөн сууснаа өөрийн эрхгүй цурхиран уйлав. Нүүрээ дарж мэгших тэрбээр амандаа:

-…Намайг уучил… амийг минь өршөөж хайрла…” хэмээн үглэж байлаа.

Ард нь ирээд хэдэн алхмын зайтай зогсох хошууч Энхэд “Суварга босгох газар нь яг энд таарч, тэр хэдэн жижиг хадыг булгалж авсан байдаг. Юм гэж цаанаасаа хяслантай юм даа. Болдхүү минь чи үнэхээр энэ газрыг хилэгнүүлж дээ. Тэр хад байсан бол…” гэх харууслын бөгөөд эргэлзээтэй нэгэн бодол зурсхийх агшинд “Амийг нь аврах сан” гэх түүний чин хүслийн гал бөхөх шиг санагджээ.      Нулимсаараа дотроо угааж, бас хэлэх гэснээ хэлсэн Болдхүү арайхийн тайтгараад босохдоо  ард нь цагдаагийн хошууч  зогсч байгааг анзаарчээ. Тэр хоёр нэг их ажил амжуулчихсан ч юм шиг аль эсвэл хэн нэгээс зугтаж буй мэт эргэж харалгүй хөл нийлүүлэн хурдан алхсаар ирж, машиндаа суулаа.

   …Үүр манхайтал цайж, цэлийсэн талыг чимэх аараг толгод нь өндөлзөх мэт тодоос тод харагдаж эхэллээ. Бүрхээд ирсэн нулимсаа унагахгүйг хичээн,   цавчлан байж, арайхийн аньсагандаа шингээсэн залуу өөрийгөө зоригжуулах гэж ядадаа ойр ойрхон санаа алдах.

– “Шарга толгой” тэр байна. Манайх энэ толгойн энгэрт зусч байхад би төрсөн гэсэн. Намайг төрөх үеэр ээж минь гэртээ ганцаараа байсан юм билээ. Тэгээд яг төрөх гээд өвдөж, яах учраа олохгүй сандарч байхад нь холын нэг  тууварчин ашгүй манайд ирж. Тэгээд Өмнөговийн Найдан гэдэг тэр тууварчин намайг эх барьж авч, хүйг минь боосон юм билээ…гээд Болдхүү чанх өөдөөс мэхийн тонгойх адил харагдах бяцхан толгой руу хуруугаараа заан суудал  дээрээ өндөлзлөө.

      Шинэ өдрийн эхлэл үүрийн цагаан туяа эх дэлхийг ийнхүү гийгүүлэх үеэр  Болдхүүг төрсөн газар нь авчирсандаа “Буурал” На тун чиг баяртай байлаа.            Барсаа өглөөний цай бэлдэж, хошууч орчин тойрныг ажиж “ажлаа хийж” байх хооронд төрсөн нутгийнхаа  “Шарга толгой”-г хэдэнтээ тойрч гороолсон залуугийн царай одоо л цус гүйж эхлэв үү гэлтэй улаа бутарсан харагдана. Тэрбээр хөлд тааралдах чулууг хүртэл хөндөж, хөдөлгөхөөс эмээн, хөлөө өргөж, зөөлөн гишгэхийг хичээнэ.

     “Шарга толгой” дээрээ гаран ийш тийш хараачлан зогсохуйяа тэнгэрийн хаяа газрын хээлийг холбох мэт том шаргал наран өндийгөөд иржээ. Уй гуниг, хар бараан бүхэн энэхэн хоромд үгүй болж Болдхүү наранд, овоо хангайдаа залбирлаа. Илч гэрэл, эрчим бүхэн түүнийг угааж угтсан гэлтэй. Сэтгэл нь хөнгөрөөд, зоо нуруу нь тэнийсэн санагдана. Багынх нь дүр зураг, сайхан дурсамжууд түүнд зай завдал өгөлгүй хөвөрсөөр. Гутлаа тайлан хөлөө жийж суулаа. Дээш харан хөхрөгч тэнгэрийн энгүй уудмыг бишрэн хэвтэв. Хошууч Энхийн хэлснээр “Юу дуртайгаа бодож, мөрөөдөж, тэмүүлж…” байлаа. Төрсөн нутаг нь түүний сэтгэлийг цатгаж, цаг хугацааг мэдрэх сөхөө өгсөнгүй. Үд хэвийж байхад ирчихээд:

-Өглөөнийхөө ундыг ууцгаах уу … хэмээн асуужээ.

      Бүтэн өдрийг Болдхүүгийн төрсөн “Шарга толгой”-н энгэрт өнгөрүүлэхдээ хошууч Энх “Сайхан агаарт гарчихлаа” хэмээн бодоод “Зөв бодол, зөөлөн сэтгэлтэй залуу учраас төрсөн нутагтаа ирж, бүх тэмүүлэл, бодлоо хэллээ дээ. Дээд шүүхээс чи, бид хоёрт ийм боломж олгосон. Хэн, хэн нь харсан тэнгэртэйн шинж…” хэмээн олзуурхжээ.

  “Шарга толгой”, “Бор тойром”, “Билүүтийн хөндий”, “Хөх овоо” гээд өвөлжөө, хаваржаа, зуслангийнхаа хэдэн нутаг бас “Өндөр хэц” гэх тэр хавьдаа хамгийн өндөр бөгөөд хамгийн их шүтлэгтэй, тахилт овоондоо очиж мөргөсөн Болдхүү баярласандаа:

-Одоо би… гомдолгүй ээ, хошууч аа. Ээж, эхнэр хоёртойгоо уулзаж сэтгэлээ дэвтээчихлээ. Төрсөн нутаг усандаа ирж, хараа, нуруу хоёроо тэнийлгэлээ. Нутаг ус, овоо толгод минь миний зам мөрийг засч, хойд нас, ураг төрлийн минь буян заяаг түших байх аа. Удам…гэснээ хоолой нь сааралтан, дуугаа хураав…

Түүний үгийг тосч авсан Энх:

-Энэ бие мөнх биш. Гэхдээ бид заавал хойд насандаа эргэн төрдөг гэж байгаа. Тэгэхээр бид үхэл гэдгээс айж эмээх учиргүй. Харин ч бэлэн байх ёстой гэж Буддын сургаалд айлдсан байгаа юм. Тэгэхээр Болдхүү минь айдас, харууслын аль алиныг өөрөөсөө гаргаж хаях хэрэгтэй хэмээн сургамжлаад, босч суниалаа. Нар жаргахын хэрд тэд хөдөлж, оторлон нэлээд хол нүүж аймгийнхаа зүүн урд талын өвсний сөл жигдэрсэн сайхан нутагт намаржиж байгаа хоёр айлд очсон байна. Тэнд хэргийн гэрч болох хоёр хүнтэй уулзах гэж байгааг Болдхүүд хэлээгүй ч гэсэн тэрбээр хотонд байгаа болон ойр хавь нь идээшилж байгаа малыг хараад хэнийх болохыг таньжээ.Тэгээд хэнтэй уулзах гэж байгааг хүртэл дотроо багцаалж, сэтгэл нь илт хоргодон хэдэн сайхан найзыгаа санагалзан цээж нь хөндүүрлэж ирсэн байна. Энэ байдлаасаа гарах гэж:

-Манай нутаг сайхан байгаа биз… хэмээн Барсаас яриа өдөв.

-Их сайхан…Ёстой л дуунд гардаг шиг аядуухан, тогтуухан, тэнэгэр нутаг. Хүн нь хүртэл нутаг шигээ тавилуун шүү гээд Болдхүүг хүндэлж, хайрласан нүдээр харлаа.

  Мөрдөн байцаагч айлд орж ажлаа амжуулах хооронд мань хоёр буу халж, хурдан морь, бөх гээд бүр өвс, ургамал, уул, усны домог хууч ярьж суулаа. Эхний айлаас гарч ирэхэд нь амттай яриандаа халсан хоёр дараагийн айл руу 20 гаруй километр яваад очтол үргэлжлүүлжээ. Энэ хооронд хошууч санаа алдан “Хүн их муухай амьтан. Үгээ хүртэл буцааж, ингэж өөрчилдөг байгаа юм…” хэмээн бодлогоширч байснаа “За энэ юу ч гэж хэлсэн одоо үнэ цэнээ алдсан. Яахав, баримтан дотор орох юм даа” гээд нөгөө хоёрын ярианд чихээ хандуулав. Бараг үе чацуутан болохоор  Болдхүү, Барс хоёрын яриа нийлээд түүнийг анзаарах янзгүй.

-“Хадан ус”-ны худаг дөхөж байна уу, Болдхүү ээ… гэж асуухад сая сэхээ авч, ийш тийш харснаа Болдхүү:

-Одоо энэ довцгийг тойроход яг усан дээр нь очлоо. Манай Галаагийнх дөрвөн улирал тойроод энэ хонхортоо нутагладаг юм. Малд тарга,хүч сайн өгдөг, их өгөөжтэй нутаг. Салхи, шуурганд хойноос уруудаж, туугдсан мал энэ хонхорт орж ирээд тогтоно шүү. Галаа минь угаасаа нутаг шинжих, танихдаа их сайн гээд ихэд гэгэлзэн хэлжээ. Төдөлгүй худгийн хажуугаар өнгөрч давхисаар зээглэн буусан хоёр гэрийн гадаа очиж зогсов. Энх бууж, чимээ өгч байгаа бололтой чангаас чанга хоолой засаад боргон дайрах том халтар нохойноос жийрхэв бололтой:

-Нохой хорио… хэмээв. Гэрэл асч, гэрээс хоолой зассаар эрэгтэй хүн гарч ирсэн нь гэрийн эзэн Галаа байлаа. Мөрдөн байцаагчтай гар барин мэндлээд дотогш орохыг харж суусан Болдхүү “Миний найз…” хэмээн амандаа хэлснээ:

-Галаа бид хоёр чинь нэг ангийнх. Хоёулаа ноцолдоно. Мань хүн бяртай болохоос мэхээр тааруу. Өвдөг шороодох болгондоо “Чи таргалаад бүр даагдахаа больж” гээд инээж зогсдог юм. Их сайн залуу… гээд дуугаа намсгалаа.

Түүнийг энэ байдлаас нь гаргах гэсэндээ Барсаа:

-Хоёулаа сумо ярья… хэмээн шинэ сэдэв хөндсөнөөр тэд хошуучийг гарч иртэл Японд монгол эрчүүд хэрхэн аархаж, гялалзаж яваа тухай ам уралдуулан ярьцгаажээ. Ийнхүү ажлаа амжуулж, “Зам шалгалт” дууссан байна.

     Харанхуй нөмөрсөн говийн дов, сондуул дундуур тонгочуулсаар хотын замд оров. Тэд хурд хасалгүй давхисаар Болдхүүгийн нутгийн зах уулзвар дээр байх дээхнэ үед товчоо байсан одоо “Цайны газар” гэх хаяг бүхий хэдэн гэрийн гадаа дөрөө мулталжээ. Замын алжаалаа түр үргээж, халуун цай хоол хийлгэх зуураа нүдний хор гарган дуг хийх хошуучийг харж суусан Болдхүү:

-Хүний яс чанар муудсан энэ үед ховор сайхан хүн дээ… хэмээн бахархаж байлаа.

   Хоол, цай бэлэн болоход босч ирсэн “Буурал” На:

-Хэдүүлээ энд жаахан амарч байгаад өглөө эрт гарах уу.. хэмээн хэнээс асууж байгаа нь үл мэдэгдсэн асуулт тавив. “Дахиад бас юу сэдчихэв дээ” гэсэн байдалтай Барсаа түүн рүү муухай харахад Энх юу ч анзаарч мэдээгүй дүр эсгэн:

-Хоноод явбал гурван хүний ор байгаа юу, эгч ээ хэмээн  Энх үйлчлэгч эмэгтэйгээс асуулаа.

  Хошуучийн саналыг зөрж, өөрчилж чадахгүй учраас тэр хоёр Энхийг даган гарч хажуу талын гэрт даган оржээ. Халуу дүүгсэн  гэрт цэвэрхэн цагаан хэрэглэлтэй орон  дээр амарна гэдэг Болдхүүд сайхан бөгөөд төмөр хяхтнаж, чийг үнэртсэн тэр муухай газраас нэг хоног ч гэсэн хол байх нь таатай санагдана. Гэвч Энх, Барсаа хоёр орондоо оронгуут хурхирч эхлэхэд Болдхүүгийн нойр хулжин элдвийн  бодолд ээрэгдсээр өглөөтэй золгосон байна.

  Өглөө цайлчихаад тэд алтан шар нартай уралдах мэт Улаанбаатарын зүг хөдөлжээ…

                                           ***             ***            ****           ***

…Хүлээлгийн өрөөнөөс шилжиж “А” корпуст очоод хоёр сар гаруй болжээ. “Дээдийнхэн” гэх хаягтай умгар цагаан байшинд байсан үеэ бодвол Болдхүүгийн сэтгэл нэлээд онгойж, итгэлийн гэрэл сэтгэлийн мухарт сүүмэлзэж байлаа…Гэвч өвлийн сүүл сарын цас бударч хялмаа хаялсан нэг өдөр:

-Дээд шүүхээс хариу ирсэн танилц… гээд Болдхүүг дагуулан явжээ. Түүний хөл гуйвлан бараг газар онохгүй шахам явсаар Шалган нэвтрүүлэх хэсэг дээр очсон байна…

Дахиад л “Хүлээлэг” гэх тамын тогоог санагдуулам нөгөө умгар цагаан байшин руу шилжсэн Болдхүүг “…Амийг хэлтрүүлэх боломжгүй” гэсэн хариу ирсэн тэр өдрийг хүртэл ганцхан бодол тэжээж байсан тухайгаа дэвтэртээ бичиж үлдээжээ…

                                 ***                 ***          ****           ***               ***

          … “Буурал” На цол нэмж, хурандаа болоод нийслэлийн нэгэн дүүрэгт цагдаагийн хэлтсийн даргаар дэвшиж очоод удаагүй байлаа. Өглөөний рапортаа сонсч, бие бүрэлдэхүүнд үүрэг тавьж, ажлын чиг үүрэг өгсөн хурандаа өрөөндөө орж ойр зуурын бичиг цаас эмхэлж суув.

  • Дарга аа, тантай уулзах гээд хоёр хүн ирээд байна хэмээн нарийн бичгийн дарга нь хэл дуулгалаа.

          Хэрэг төвөг шийдүүлэх эсвэл өргөдөл, гомдол өгөх гэж яваа хүмүүс биз гэж бодоод:

          – Оруул, оруул гэв.

          Хөдөөний бололтой цэнхэр торгон дээлэн дээр нарийхан суран бүс бүсэлж, жижиг цүнх сугавчилсан залуухан бүсгүй, настай хөгшин хоёр, жаахан хүү дагуулсаар орж иржээ.

          – Сайн байна уу, хүү минь. Энх… Энх…! Миний хүү, чи чинь намайг танихгүй байна уу? Би Цэндмаа байна. Яагаав, Болдхүүгийн ээж… гээд хоолой нь зангирч ирсэн хөгшин хурандаа На руу сарвайлаа. Тэр нэг өдрийн явдал нүдэнд нь харагдах шиг болж, хурандаа Энх ер бусын байр тээгээд, тохойг өргөн золгоход хөгшин хоёр хацрыг ээлжлэн үнсэв. Угтлагын том ширээнээ тэднийг урьж суулгаад, халуун цай авчруулсан Энх хөөрхөн бор хүүгээс харцаа салгаж чадахгүй байв. Түүний үг хэл эвлэхгүй, гэмшээд эсвэл догдлоод байгаагийн алин болох нь бүү мэд, нэг л учраа олохгүй байлаа. Сандраад ч байх шиг. Эмээгээд ч байх шиг.

            “Нутаг руу нь зам шалгалтаар гарч явтал араас хүрч ирээд, гуйгаад байхаар нь уулзуулж өгсөн…” хэмээн эхэлсэн Энхийн бодлыг таслан:

– Энэ миний ач хүү Азболд. Сүүлчийн тэр уулзалтаар миний хүү удмаа үлдээж чадсан… Хүү нь ийм том эр болчихсон. Гурван ой хүрэх гээд явж байна…хэмээн Цэндмаа гуай хэлээд, ач хүүгийнхээ толгойг илж, энхрийлэн үнслээ…

       Хавтаст хэрэг бүрдүүлж өгсөн мөрдөгч нь болохоор хүүгийнхээ амийг “өгсөн” эхийн өөдөөс хараад суух тийм амаргүй байсан ч тэдний яриа хөөрөө, бодол, сэтгэл огт өөр, харин ч Энхэд талархаад, түүнээс өөр гавьяатан үгүй мэт магтжээ. Энэ үед хурандаа ажил мэргэжлээрээ мөн үр удмаа үлдээж чадсан залуугаар бахархсан сэтгэлээ нүүр дүүрэн тодруулж суув.

Хурандаа Энх өөрөө хүүтэй болсон юм шиг баярлажээ. Тэд үдийн цайны цаг хүртэл халуун дулаан яриа өрнүүлжээ.

-Хүүгээ тантай танилцуулна гэж  ээж, бид хоёр ярьсаар байгаад өнөөдөр ирсэн юм. Хүүгээ тантай золгуулж, санаа амарлаа… хэмээн Оюундарь хэлээд хадам ээжийгээ, бас хүүгээ хөтөлсөөр гарсан байна…

          “Юм гэж сонин юм даа. Найман жил хамт амьдрахад нь олдоогүй хүүхэд,  ганцхан хоногийн уулзалтаар “ирчихдэг”. Эгзэг нь таарвал ийм амархан, эв нь таарахгүй бол тийм хатуу орчлон юм гээч.

          Тэртээгээс “Хүүтэй болсноо мэдээд, үр удмаа үлдээсэн эр хүн гэж өөрөөрөө бахархаж, олон жил тээсэн гомдол нь арилж, амар амгалан байгаа даа, хөөрхий” гэх бодлоор сэтгэлээ улам тайтгаруулсан “буурал” На ажилдаа орлоо…

   Жил бүрийн төрсөн өдөр, Цагаан сараар Азболд ирж “Буурал” На-д золгодог. Удам залгах үртэй болоход нь сэтгэл, итгэл, зориг гарган тусалсан буурал  хурандаа бол “Хүн” хэмээх аугаа орчлонгийн хэлтэрхий яах аргагүй мөн буюу.

       Буун дуунаас хэдхэн сарын өмнө ирсэн Азболд аавынхаа удмыг залган, айл гэр баганадсан сайхан залуу одоо хошуучийн мөрдөс гялалзуулаад алхаж явна. Хувь, тохиол оо гэж…

/Энэ зохиолыг бичиж дуусах үед Монгол Улс “Цаазын ял” оноодог байсан билээ. Харин хэвлүүлэхээс өмнө энэ ялаас татгалзсанд талархалтай байдаг аа. Зохиогч/

Ж.Дүүрэнжаргал

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх