Өвөөгийн өчиг / Тууж/

2017 оны 11-р сарын 04 өдөр, 08 цаг 47 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
uvuuu

3-р хэсэг

Зээ хүүтэйгээ чааталсан Чогдон Жинхүүг тэр оройноос эхлэн хэдэн өдөр ам хуурайгүй ойр хавийнхандаа магтжээ.

-Миний хүү байнга нутгаа санадаг байж. Би ч тэр, эх нь ч тэр хүүгээ энд хашаад юу ч анзаараагүй байгаа юм даа… Миний хүү, өөрийнхөө хурааж, хадгалсан мөнгөөрөө зардал хийгээд нутагтаа очоод бүр ажилд орчихож. Ийм лут амьтан даа, миний хүү чинь… Уг нь өвөөдөө захиа явуулсан чинь бас нэг лүд гээсэн юм байлгүй, авчирч өгөөгүй. Тэгээд хэл авалцахгүй өдий хүрч. Түүнээс биш миний хүү тэгж муухай зан гаргаад чимээгүй алга болох хүн биш… Ам хуурайгүй ингэж магтах Чогдон “Захиа авсан байж ярихгүй байна гээд ёстой гомдох гэж байлаа” гэж байна лээ. Заавал эндээс хэн нэг нь ярихыг хүлээсэн байна… Их холын бодолтой амьтан даа, миний хүү чинь… Хүргэн хөөцөлдөж сураг гаргаагүй бол энэ Анир, бид хоёр хөдөө, хотод уйлахаас өөр чадах юмгүй улс хэцүүдэх байж шүү, янз нь”  хэмээн нухацтайхан бодоод авчээ.

                        ***                   ***                   ***                      ***                   ***

          Зочны ширээний хойморт тухлан суусан Чогдон цэвэр ус аягалж өгөөд инээмсэглэн зогсох өндөр гоолиг биетэй тас хар хүүхнийг харж сууснаа “Миний хүүд хань болж чадах л юм байх даа” хэмээн бодож амжив. Жигдхэн цагаан шүдээ яралзуулан инээсээр халуун хоол барьж орж ирсэн Жэймс:

-За, өвөө минь сайхан хоол идээрэй… Миний эхнэр сайхан бүсгүй байгаа биз … гээд Чогдон руу нүд ирмэхэд өвгөний сэтгэл ер бусаар уярч, тэр дороо  огшоод иржээ.

          Бодлоосоо ичихэд хүрсэн өвгөн “Би ер нь булуу хураах дуртай хүн юм гээч. Тэгээд хөгшин зөнөг чинь хол, ойроос хамж шимсэн хар булуунуудаа даахгүй үр хүүхдэдээ гай тарьсан өгөр толгой шүү дээ. Муу хүүгээ “ Хар, бор, хаа холын олиггүй амьтны үр” гээд өчнөөн их өөчилсөн. Эцэст нь хулгайд хардаж… Ээ, мөн их муухай булуу хураасан хүн дээ, би.

        Миний бэр гэж ямар ухаантай, сайн бүсгүй билээ. Ахас ихсээ хүндэлнэ. Айл гэрийн ёс жудгийг жигтэйхэн сайн мэднэ, дагана. Тэгэхэд бас л өөдгүй бодлоор өөрийгөө зовоож, үр хүүхдийнхээ сэтгэлийг үймүүлж байлаа. Миний ач хүү чинь монгол ген нь давамгайлсан хүн байгаа юм. Яах вэ, халуун биеэр нь хангүг цус гүйж байгаа юм чинь ямаан омог, ясандаа тулсан атаач зан цухалздаг л юм… Гэхдээ зүгээр, уужуу монгол ухаанаараа залаад авахад аяндаа болоод ирнэ” хэмээн өөрийгөө зэмлэж, өөртэйгөө ярьж суулаа.

      Тэдний гэрэл зургийн цомог, видео бичлэгийг шимтэн үзэж байсан Тавхай, Анир зочны өрөөнд орж ирэв.

-Аав, бэрийнхээ нэрийг мэдэж амжсан уу…

-Та хоёрыг бодвол би хамгийн түрүүнд мэдээд авсан… Жоонтан…

Анирыг давах гэж аав нь бэрийнхээ нэрийг ингэж хэлээд бөөн инээдэм болцгоов.

Нэрийг нь жаахан буруу хэлсэн өвөөг нь дооглоод байгааг мэдэв бололтой бэр нь босч ирснээ:

-Манай өвөө сайн… болж байна… Жо-на-та… хэмээн үелэн хэлж өглөө.

-Хэл сайн сурвал монгол руу дагуулж явна гээд болзол тавьсан болохоор миний хань хичээж байгаа. Ойр зуурын яриаг ойлгоно. Ярихдаа удаан… Жинхүүг ингэж хэлэхэд Жоната:

-Ажилтай, ажилтай… гээд хичээл заахгүй байгаа хэмээн хөөрхөн хов дуулгаад авав.

-Болж байна. Миний охин сайн ярьж байна шүү дээ. Жинхүү бид хоёр хэл сурах гэж яадаг байлаа… Гэхдээ миний хүү махруун, уйгагүй оролдсоор байгаад их сайн сурсан хүн байгаа юм гээд Жеймсийн толгойг илснээ, шуналтай гэгч нь үнэрлэв.

   Эхний хэдэн өдөр Прага хотын төвөөр явж танилцсан зочдоо Жеймс Карл Варын амралт руу хүргэж өгчээ. Амралт сувиллын энэ газар хүн ихтэй. Эмчилгээ үйлчилгээ их сайтай. Монгол хэлмэрчтэй тул тэр гурав санаа зовох юмгүй 14 хонов…  Амралтаас буцахдаа Тавхай:

-Манай нутат очоорой. Манай гэр Хэнтийд байдаг юм. Хотод ойрхон, зам сайтай. Их сайхан нутаг шүү… гэж ирээд бараг тэндхийн үйлчлэгч хлмэрчийг бүгдийг урьж, эхнэртээ дооглуулаад авав.

-Чех байтугай Орос оронд очоогүй би хүүгийнхээ буянаар үзээд, хараад явж байгаа юм чинь энд байгаа улс Хэнтийд очихыг хэн байг гэх вэ дээ… Тавхай өөрийгөө өмөөрөнгүй янзтай ингэж хэлэхэд:

-Манай хүн сайхан сэтгэлтэй, олонтой болохоороо хаана ч очсон бүгдийг урьж залдаг юм … гэж Анир түрүүчийн үгээ залруулах завсраа нөхрийгөө магтаад авлаа…

       Хоёр жил шахам барааг хараагүй хүүгийнхээ дэргэдээс явмааргүй санагдавч Анир дотроо гэр рүүгээ яарч байлаа. Хоёр том нь биеэ даагаад овоо болчихсон. Жеймсийн удаахь охин Хэрлэн хоёр дүүгээ асарч дөнгөх хэдий ч хоёр ой өнгөрч байгаа бага охин руугаа яараад байв. Түүнийг хөхнөөс нь гаргаад орхижээ. Ой хүрэнгүүт хөхнөөс гаргах гэтэл Тавхай:

-Хүүхдэд эхийн сүү шиг хэрэгтэй юм байхгүй гээд зурагт, радиогоор их ярих юм. Чи сонсоогүй хэрэг үү. Наад хөхнөөс чинь сүү гарахаа больтол охиноо хөхүүл… гэжээ. Анир нөхрөөсөө айсандаа юм уу үгнээс гардаггүй дуулгавартайдаа ч биш “Эхийнхээ сүүг хөхөж өссөн хүүхэд их ухаантай, зөөлөн аядуу хүн болдог” тухай номноос бүр бага байхдаа уншсанаа санаад охиноо хөхүүлсээр байжээ.

 -Миний дүү нар хэнтэй адилхан бэ … Жинхүүг ингэж асуухад:

-Охин хүүхдүүд угаасаа аавыгаа л дууриадаг юм гээд Тавхай их маадгар суулаа.

-Хоёулангийнх нь хамар, чих ахынхтайгаа адилхан. Тэгээд том болох тусмаа жаахан цайвар болохоос ахтайгаа адилхан болоод байгаа юм. Өвөө нь Жинхүүд тал засах маягтай ингэж хэлэхдээ ер нь л Жинхүүгийн дүү нарыг ээжтэйгээ адилхан гэдгийг ойлгуулав.

-Энэ зурган дээрээ бол өвөөгийн хэлснээр цагаан царайтай болохоос биш гурвуулаа  надтай адилхан харагдаад байна даа. Жинхүүг ингэж хэлэхэд:

-Угаасаа Анир бид хоёрыг хүмүүс ямар адилхан юм бэ гэдэг юм. Заяаны ханиуд адилхан гэдэг үнэн үү, аав аа… хэмээн хадам ааваасаа дэм авахаар шийдэв бололтой Тавхай хариулттай асуулт  илгээлээ.

   Хүүхдүүдийнхээ яриаг бахархангуй  сонсч суусан Чогдон толгой дохин Тавхайг   дэмжээд “Миний охин чинь ёстой сайн хань сонгосон…  Дэлгүүрт худалдагч хийнэ гэхэд нь дургүйцэж байсан. Тэгтэл даавуу зарсны буянаар ханиа олоод авсан шүү. “Мал дагавал ам тосдоно” гэж миний охин шиг буян өвөрлөж яваа хүн ховор шүү… Манай Тавхай, Тэнүүн хоёр их сайн хүргэчүүд дээ. Эрчүүд нь хүн шиг явбал ээ дээ, энэ муусайн охид хүүхнүүд улам өнгө ороод явдаг тун ч эмзэг улс шүү дээ…” хэмээн бодов.

                          ***                   ***               ***               ***          ***

          Өдөржин гадуур зугаалсан Тавхай, Анир хоёр дуу шуутайхан орж ирэв. Жэймс Тавхайн гадуур хувцсыг авч өлгөснөө:

-Та чинь юун том хар юм тэврээд ирэв… гэж хэлээд өвөөгийнхөө мөрийг нь түшин хүүхэд шиг эрхлэнгүй суув.

   Тавхайгийн авсан хоёр нүдний дуран, Анирын цуглуулсан аяга, шаазанг гайхан харж байсан Жэймсийн эхнэр Жоната:

-Монгол их сайхан орон гэсэн. Би удахгүй очно оо… гээд очтон гялалзах алаг нүдээрээ Чогдон, Жэймс хоёрыг ээлжлэн харлаа.

    Сураггүй алга болсон зээ хүүгээ “Уурандаа амиа хорлосон юм биш байгаа” гэхээс цай ч хоолой руу нь давахаа болиод байсан Чогдон:

-Жэймс амьд байна… Чехэд очоод төвхнөжээ… гэсэн мэдээ сонсоод жигтэйхэн их уйлжээ. Цээж нь даагдахаа больтол бөөгнөрсөн хар юм сарнин үгүй болов. Ингэж дотор нь онгойжээ. Хормын зуур кино зураг адил нүдний нь өмнүүр жирэлзээд ирсэн энэ агшныг үргээх гэж худлаа ханиалгасан Чогдон:

-Тэгэлгүй яах вэ, миний охин. Та нарынхаа дунд сууж байх шиг жаргал надад алга аа… гээд зээ хүүгийнхээ духыг зөөлөн үнэрлэв.

    Өвөө, аав, ээж гурвыгаа нулимстай үдсэн Жеймс:

-Хүүхдээ жаахан өсөөд замын ая даах болонгуут бид гурав Монголдоо очиж амарна аа… гэхэд хажууд нь зогсох эхнэр Жоната хэвлий дээрээ гараа тавиад инээж зогслоо…

                        ***                 ***                  ***                 ***                   ***

        Шереметьевийн нисэх онгоцны буудал. “Буцаачихвал яана аа” гэхээс Жеймс байх суух газраа олж ядна.

    “Ээжийнхээ үгэнд ороод их сургуульд орох минь яав. Ажил хийсэн нь дээр гэж зүтгэсээр байгаад гурилын үйлдвэрт ачигч болсон… Одоо яаж байна…

-Бичиг баримтыг шалгана… гээд давчуу жижигхэн өрөөнд оруулаад цоожилчихжээ.

-Орос хэл сайн мэддэг бол ойлголцож болно доо. Аз болж гайгүй хүн таарвал намайг явуулна. Эсвэл… гэхээс түүний дотор харанхуйлах шиг. Холхих ч боломжгүй тэр өрөөн дотор хойш, урагш алхаж, амандаа өвөөгийнхөө зааж өгсөн тарнийг зогсоо зайгүй бувтнав. Тэгтэл хажууд нь бас хашигдаад байсан нэг  нөхөр харааж байна гэж ойлгосон уу. Аль эсвэл бухимдлаа бусдад гаргамаар санагдсан уу …  Оросоор  “Болиоч…” хэмээн  хашгирчээ. Жеймс чихгүй хүн шиг амандаа тарниа үргэлжлүүлэв.

 . “Ханхүүг дагаж интернэтээр аялан, компьютер дээр Оросын хэдэн тоглоом тоглохдоо хальт хульт сурснаас өөр мэдэх үг ховор…” гэж харамсахаас өөр гарцгүй мэт санагдана… Гэвч түүнд “Би заавал нутагтаа очно…” гэх итгэл дүүрэн байв. Бас “Надад аавын минь ээж гэх эмээ байгаа. Тэр хүнийг олж уулзана” гэх мөрөөдөл нь оволзсон хэвээр…

     Үүрийн дөрвөн цагийн дохио өгөхөд зүрх нь багтаж ядан оволзов. Түр саатуулагчдыг нэрээр нь дуудаж эхэллээ… Түүний ээлж болоход гартаа цагаан цаас барин, онгойлгосон хаалгаар гараад дүрэмт хувцас бүхий бүдүүн, том орос эрийн дэргэд очжээ.

   Гартаа барьсан  Жеймсийн гадаад паспорт руу нэг, түүний нүүр рүү нэг харж  байснаа их найрсгаар инээмсэглэв. Жеймс ч толгой дохин хариу инээмсэглэжээ. Нэг үг асуусангүй. Бас ямар нэг юм хэлсэнгүй. Шууд хил нэвтрэх тэмдэг даржээ…

   Уснаас өөр юу ч хоолойгоороо давуулаагүй Жэймс онгоц өндрөө аван дээшлэх тусам өлссөнөө мэдэрч байв.

   Түүнийг саатуулагдсан шөнө  нэг орос авгай ирж, байцаалт маягийн хэдэн асуулт асуухад тэрбээр огт түгдрэлгүй хариултыг өгчээ.  Өглөө ирж, хилээр гарах дардас дарсан хүн бол дарга нь болов уу… Байцаалт авсан эмэгтэй миний тухай тайлбар, мэдүүлгийг ямар ч “но”-гүй гэсэн учраас би эх орон руугаа саадгүй ирсэн.  Ханхүүг Солонгос тоглоом тоглож байхад заавал орос хэл дээр тоглодог байсан нь  хил давахад тус болсон тухай Жэймс дурсан ярьжээ…

-Манай Гансүх ах их сайн хүн. Танихгүй, огт өөр зүс царайтай надад итгэж тусалсан … Жеймс ингэж хэлээд:

-Би уг нь ээждээ, бас Анар эгчид захиа өгч явуулсан. Тэр захиаг хүргэж өгөөгүйгээс өдий хүртэл холбоо тасраад та нарыгаа  минь ийм урт хугацаанд шаналгажээ, уучлаарай. Хүний итгэлийг хөсөрдүүлэх ийм л муухай хор хөнөөлтэй байгаа юм… хэмээн харуусан суулаа. Хэрэв Жеймсийн тэр захиа ар гэрийнхэнд нь буюу эзэндээ ирсэн бол Интерпол хүртлээ эрэн сурвалжлагдахгүй. Хэн хэнийх нь сэтгэл онгойж, аль хэдийнэ ойлголцох учиртай байж.

   “Хэл, захиа өгүүлээд байхад над руу хэн ч ярихгүй чимээ сураггүй болцголоо. Намайг явсанд баярлаж байгаа биз…”  Жеймс ийм гомдолдоо хүлэгдээд хэн рүү нь ч утсаар ярихгүй, зүрхлэхгүй байсан гэдгээ ярив.

  Тэгэхэд Хэнтийн Хөдөө арал болоод Улаанбаатарт Жеймсийг хайж юу болж байсныг сонсоод харамссан ч хожимджээ…

    Түүнд тусалж, Монголоос үдсэн хүн бол Гансүх.  Жеймс тэр хоёр ураг барилдсан ахан дүүс биш ч гэлээ уулзах, учрах л тавилантай байсан гэлтэй.

   -Энд сайхан байгаа ч гэсэн яагаад юм бэ нутагтаа очмоор санагдаад байдаг юм. Тэгэхээр нутаг орон гэдэг чинь тийм хүчтэй соронз шиг юм биш үү… Тэнд надад хамаатан садан байхгүй. Аав хаана явааг мэдэхгүй. Мэдсэн ч одоо бараг танихгүй. Гэхдээ л заавал явна. Би тэр газар л амьдармаар байна…

   Энэ ярианд нь уярсан гэж Гансүх хожим дурсав.

-Оргосон… Бусдын нэр ашигласан гээд сүйд болох вий  гэхээр:

-Зүгээр ээ. Дүүгийх нь зөн совин татаад байна… гээд Жеймс маань огт тоохгүй.

  Би эхлээд цэрвэж болгоомжилсон. Хаанаас гарч ирээд, юу хийж яваа амьтан бол гээд… Тэгсэн чинь өөрийнхөө тухай ярьсан. Их холын бодолтой ухаалаг… гэдгийг үг, ярианаас нь ойлгосон. Эр хүн нутгаа ингэж санаж бэтгэрдэг юм байна гэж бодоод…Тусалъя гэж шийдсэн… Жеймсэд итгэхээс бас туслахаас аргагүй ийм дулаахан залуу байсан. Сүүлд сураглаж, эрж байгааг мэдсэн.

-Гэрийнхэндээ өөрөө хэл дуулгана… гэсэн болохоор би чимээгүй л байлаа.

 Гэхдээ мань хүн над руу:

-Хил давлаа… гэж хүнээр хэлүүлсэн байсан. Тэгээд миний  санаа амарсан…

                            ***                  ***                 ***                ***                 ***

    Нисэх онгоцны буудлаас аавындаа ирэхэд Анар, Соён хоёр хоол унд бэлтгээд, ширээ зассан байлаа.

   -Өвөө өө … гээд уралдан очсон ач, зээ нараа үнсэхдээ бүгдийг нэрээр нь дуудав.

    Чогдон явсан газрынхаа сонин сайхныг хэдэн өдөр ярьж тэднийх хөл хөдөлгөөн тасарсангүй.

    -Тавхай ах, эгч хоёрыг буцахаас өмнө Номингийн даахийг үргээе гэж бодсон юм… Ингэж хэлээд эргэхэд нь Анарын хэвлийг анзаарсан Чогдон “Одоо ч гарцаагүй хүү дээ…” хэмээн дотроо баярлав.

  Ханхүү Монгол Солонгосын хамтарсан үйлдвэрт хэлтсийн дарга болсон. Ганхүү удахгүй их сургуулиа төгсөөд багшаар үлдэхээр шийдээд байгаа. Сайнхүү  одоо элсэлтийн шалгалтаа өгөөд сонгосон сургуульдаа орно… гээд ач нар нь бөөн сонин өвөөдөө дуулгав. Гурван ачийнхаа ам уралдуулах шахам ярихыг чих тавин сонсч суусан Чогдон:

-Сайнхүү, миний хүү ямар сургуульд оръё гэж бодож байна… гэснээ хариу хэлж амжаагүй байхад нь:

-Өвөөгийн шар хүү Монголынхоо аль нэг их дээд сургуульд ордог юм шүү.. гэж аминчлах маягтай хэллээ. Тэдний яриаг сонссон хүү, бэр, хүргэн охин нар нь тачигнатал инээлдсэнээ:

-Аргагүй шүү дээ… Гадаадад сурна гээд явуулах сайхан ч буцаад ирэхдээ ямар хүн дагуулаад ирэх бол гэхээс аавын минь зүрх шимширч байгаа… хэмээн Сонорыг хэлэхэд нөгөө хэд ч нам гүм болцгоолоо…

Халуун ам бүлээрээ нэг гэртээ цуглаж хоносон тэд маргааш өглөө нь гурван настай Номингийн даахийг үргээв.

  -Гэзгээ авахуулахгүй гэж уйлж байсан зээ охиноо:

-Өвөөтэйгөө адилхан болно… Ийм гоё… хэмээн өөрийнхөө толгойг үзүүлэн байж аргадсанаар даахинд гар хүрэх эрхээ авцгаажээ.

-Манайх охид олонтой айл болжээ. Миний зээ нар өсөөд ах  нартаа тус дэмтэй ухаантай хүүхнүүд болно…  Аавыгаа ингэж хэлж байгаагийн цаад учрыг ойлгонгуутаа Тэнүүн:

-Аав аа, та удахгүй зээ хүүгээ тэвэрнэ. Бид хоёр ЭХО-д харуулсан. Хэвлийд байгаа хүүхдийг хүү байна… гэсэн  хэмээгээд цээжин доторхи баяр нь багтаж ядах шиг харагдав.

-Харваас тийм байсан юм. Аав нь яах аргагүй хүү… гэж дотроо гадарлаад байсан юм шүү… гээд  хүргэнийхээ амыг нь дагуулж, хүүхдүүдээ дахин инээлгээд авлаа.

   Отгон охин  нь хэвлийдээ хүү тээж явааг мэдсэн “Өндөр” Чогдонгийн сэтгэл  дүүрээд иржээ. Энэ үед даахиа үргээлгэсэн Номин:

-Өвөө би том болсон юм уу… хэмээн шулганахад:

-Тэгэлгүй яах вэ, миний охин том болсон. Удахгүй дүүтэй болно. Тэгээд бүр том эгч болно. Сургуульд орно гээд зээ охиныхоо мөнгөн толгой дээр үнсэв.

  -Хүүхэд, хөгшин хүн хоёрт найр, наадам зориулах дэмий. Тэднийг цаанаас  Бурхан нь түшиж явдаг юм.

-Тэгээд хүүхэд, хөгшин хоёроос бусдыг Бурхан түшихгүй гэж үү…

-Хүүхэд насандаа хар муу бодол огт байхгүй ямар гэгээн байдаг билээ. Тэгэхээр тэд өөрсдөө бурхад гэсэн үг. Бодол сэтгэл нь хиртээгүй. Самуурах, сарних, шаналах, гуних  юм байхгүй их сайхан үе шүү дээ. За тэгээд хөгшрөөд ирэхээр очих газар руугаагаа дөхсөнийг ойлгоод буян бодохоос биш буруу зөрүү юмнаас холдох, тэр бүгдийг арчих, угаахыг хүсч, нэг ёсондоо сэтгэлээ цэвэрлээд эхэлдэг юм байна. Тиймээс хүүхэд, хөгшдийгөө Бурхад хэмээн хүндэлж хайрладаг сайхан ёс, заншилтай улс, манайхан. Залуучууд болоод ид дундынхан бол  санаа, бодол нь олон юм руу самгардаад сэтгэл рүүгээ өнгийж  анзаарах мантай явж байгаа юм.

  Аавынхаа хэлсэн үгнээс асуулт гаргаж ирсэн биш ийм сургаал айлдахад хүргэсэн Анар “Манай аав ном уншаад, сурч боловсроод явдаггүй мөртлөө энэ амьдралын үнэн бүхнийг хаанаас сурч мэдээд бидэнд хэлж өгдөг юм бол. Ёстой гайхамшигтай сайн аав шүү” хэмээн бодов. Тэгснээ аавынх нь ярианы сэдэв их таалагдсан тул:

 -Уг нь бол энэ их төвлөрөл, бөөгнөрөл, техник, технологи өндөр хөгжсөн нүд эрээлжлэм цаг үед ганцаараа байх, өөрийгөө чагнах, анзаарах цаг гаргах ёстой гээд саяхан нэг лам зурагтаар яриад байна лээ. Тийм ээ, аав аа… хэмээн аавдаа алга ташсанаас илүү дэм өгөөд авав.

-Сонссон. Миний охин тийм сайхан яриа сонсоод өөртөө нэг санааг нь ч гэсэн үлдээж, тогтоож ойлгоно гэдэг тун сайн хэрэг…

  Ер нь сэтгэл булингаргүй бол амьдралд бартаа болон буруу зөрүү гэж байх боломжгүй гэдгийг дор бүрнээ санаж яваарай, миний хүүхдүүд.

        Аав нь хэзээний нэг их сүртэй ёслол, найр наадамд дуртай бишийг бүгд мэдэх болохоор Номингийн даахийг үргээх ёслол өндөрлөлөө.

   -Нар жаргахаас өмнө гэртээ оччихвол гээд Тавхай өндийхөд:

   -Манай энэ өнөөдөр гэнэт ухаан оров бололтой. Чехэд амарч байхдаа  хэдэн морио хүртэл мартсан байх шүү… хэмээн Анир тас тас инээн хэлсэн нь “Бусдын тав тухыг алдуулж, бүү өндөлзөөд бай” гэсэн давхар сануулга байлаа.

   Том охин, хүргэн хоёр нь нутаг руугаа буцахаар цүнх саваа цэгцэлж эхлэхэд Чогдон:

-Миний хүүхэн Хэрлэн ямар мэргэжил сонирхдог хүн юм бол… Ууган ач Ханхүү, ууган зээ Жинхүү хоёр маань амьдралд хөлөө олсон… Авгай, хүүхэд… гээд одоо тэд айлтгүй болж… Одоо Хэрлэнгээ оюутан болтол аав нь амьд байж чадвал…   Охин минь амьтны царай харахгүй, өвөөтэйгөө нэг гэрт байж байгаад мэргэжилтэй болохыг харчих юм сан… гэж хэлсэн нь Анирын сэтгэлд нэгийг бодогдуулав бололтой.

-Миний аав эмгэг хууч байхгүй ийм сайхан, тэнхлүүн байж юундаа амьд сэрүүн байх юм бол гэж ярих болов. Хэрлэнг угаасаа ирэх намраас хот руу шилжүүлнэ. Сая Жинхүүд хэлсэн чинь жигтэйхэн дуртай байна лээ. Хэрлэн өөрөө мэдээгүй байгаа. Мэдэх юм бол:

-Өвөө дээрээ очих юм чинь…  гээд малын цаагуур гүйхээ болих биз.

   Охиныхоо ингэж хэлэхийг сонсонгуутаа аав нь инээд алдан, суудлаа засч ирээд:

-Миний охин тэгвэл энэ намар өвөөгийндөө ирэх нь байна.  Аав нь маргааш энэ хажуу дахь сургуулийнхаа захиралтай уулзъя, байз… хэмээн хэлээд бараг өндөлзлөө. Энэ бүгдийг анзаарсан Анир, Анар хоёр “Ээжийн чинь сүнсийг авч ирсэн. Мэнгэ тэмдэгтэй миний охин… гээд ширүүхэн ч дуугарч чаддаггүй амьтан аргагүй биз ээ. Хэрлэнгийн сургууль, боловсролд хүртэл санаагаа чилээж явдаг байх нь… Эцэг хүний ухаан тэр тусмаа миний аав алс хойчоо харна гэж гайхалтай… Аав гэдэг- ийм агуу, тэнүүн ертөнц байдаг юм байна аа…” гэх агуулга тээсэн  харцаараа ярилцав…

   -Ирэх жил аавыг Чэжүд амраахдаа Хэрлэнтэй цуг авч явна шүү… гэж Соён нөхрийнхөө чихэнд шивнэлээ. Сонор толгой дохиод, Тавхай, Тэнүүн хоёр дээр очиход:

-Хадам аав шигээ ухаантай эцэг байхын тулд нэлээд олон даваа давах байх шүү. Манай Сонор бас их сайн аав шүү. Гурвын гурван байлдагчийг хүмүүжүүлээд хөлийг дөрөөнд хүргэчихлээ дээ… гэж Тэнүүн хэлэхэд:

-За, Тэнүүн минь чи бид хоёр бол энэ бөндгөрүүдийг бүр их ажиллуулах учиртай байх шүү. Энэ охид бүсгүйчүүдийг хүн болгоно гэдэг амаргүй даваа гэдгийг аавын яриа, үг бүхэн хэлээд байна. Манай аав тэгэхэд яаж байна, өөрийн хэдэн хүүхдийг өсгөж өндийлгөөд авсан. Одоо үр ач, зээ нартаа өгөөж, буянаа хүртээж үнэтэй  үг, сургаалаараа ирээдүй хойчид нь тус дэм болоод явж байна… хэмээн Тавхай нэлээд нухацтайхан дуугарав.

      Уул адил ханхайгаад, үр хүүхдүүд дундаа сууж байгаа нь үртэй хүний жаргалтай төрхийг бүрдүүлсэн сайхан монгол аав  бол Чогдон хэмээх өндөр хөх өвгөн мөнөөсөө мөн.

Ж.Дүүрэнжаргал

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх