Д.Хаянхярваа ба харизм

2017 оны 11-р сарын 16 өдөр, 09 цаг 50 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
1_500x500
МАН-ын их хурал болох сургаар даргын төлөөх марафон эхэлсэн. УИХ дахь бүлгийн дарга Д.Хаянхярваа намын даргад нэр дэвшихээ илэрхийлсэн байна. Дарханы засаг ноёноос хэлтэй амтайхан дэвшин УИХ-ын гишүүн гэх суудалд тухлаад удаж буй Хаянхярваад 90 гаруй жилийн түүхтэй 100 мянга хол давсан гишүүдтэй МАН-ын дарга хийх харизм бий юу.
Харизма гэдэг нь “charis буюу найрсаг” гэсэн үгнээс гаралтай бөгөөд судалгаануудаас харахад үүнийг эзэмшсэн хүний нөлөөнд эргэн тойрныхон болон олон нийт татагдан орж түүнийг дагаж эхэлдэг гэнэ. Харин харизм нь төрөлхийн заяагддаг гэдгийг олон улсад сэтгэлзүйн судалгаагаар хэдийнэ хүлээн зөвшөөрсөн байдаг байна.
Тэгвэл МАН хэмээх том айлыг толгойлохоор санаархагч Хаянхярваад ийм харизм байгаа юу гэх асуултад ямар хариулт тохирох вэ. Сар хүрэхгүйн өмнөхөн өөрийн толгойлсон УИХ дахь 65-ын бүлгээ хоёр хуваагаад тараачихсан хүнийг сэтгэлзүйчид  ямар ангилалдд оруулан дүгнэх бол. Ийнхүү түүний удирдагч мөн эсэх талаарх асуултуудад сар хүрэхгүйн өмнөхөн үйл явдлууд “Үгүй” гэсэн харилтыг өгч байна.
Өөрийгөө удирдагч байх, олныг зангидах харизмгүй хүн гэдгээ ч Д.Хаянхярваа өөрөө хүлээн зөвшөөрсөн байдаг. Тэрбээр хоёрхон хоногийн өмнө өдөр тутмын сонинд өгсөн ярилцлагадаа “Засаг унах болсон үндсэн шалтгаануудыг бүлгийн даргын хувьд өөртэйгөө хамаатуулах гээд бодоод үзэхэд миний баримталж явдаг ёс зүй, зарчмаас өөрөөр явчихсан. Харамсалтай нь надад ганц ч үг дуулгалгүйгээр эцсийн өргөн барих мөчид нь хэвлэлээс л мэдэх жишээтэй” гэж ярьсан байгаа юм. Ямар ч эрүүл ухаантай хүн түүний эл өгүүлбэрийг ойлгох гээд ойлгоход бэрх.  Зүгээр ч олонхийн бүлгийн дарга энэ өгүүлбэрийг хэлснээрээ өөрийгөө удирдах харизм битгий хэл мэдрэмжгүй нэгэн гэдгээ энгийн маньд ч ойлгогдохоор зарлачихаж байгаа юм.
Өөр өөрийн гэсэн амбицтай, амжилтад хүрсэн 65 лидерийн дарга гэдэг утгаараа нарийн мэдрэмжтэй, багийн урсгалыг өөрийнхөөрөө хөдөлгөдөг, гишүүдээ араасаа дагуулсан харизмтай байх ёстой. Түүнээс биш Хаянхярваа дарга шиг Засгийн газрыг нь унагах бичиг өргөн барих гэж байгааг хэвлэлээс мэдээд ангайгаад суудаг байж таарахгүй. Жижиг сажиг хэрүүлээ дотроо шийдээд гардаг, даргын үгийг сонсч сурсан МАН-ыг нийгэм нэг бүхлээр нь хүлээж аваад сурчихсан. Харин Хаянхярваа даргын өнгөн дээр МАН парламентын бүлгээсээ улбаалан хоёр хуваагдаад байна.
Бүлгээ зангидаж чадаагүй нөхөр Хаянхярваа бүхэл бүтэн нам зангидан удирдаж чадах уу.
Л.Төгс

Эх сурвалж http://www.info.mn

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. zochin
     (103.229.12.***)
    2017/11/16 15:54

    ЯАГААД Ч ЧАДАХГҮЙ, ХИРЭЭ МЭДЭЖ ИЧМЭЭР ЮМАА

    (0) (0)