ДОХ-ын халдвараас ирээдүй үеийнхнээ сэрэмжлүүлж,эрүүл мэндээ хамгаалахад сургая

2017 оны 11-р сарын 21 өдөр, 17 цаг 56 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
doh

Жил бүрийн 12 дугаар  сарын 1-нийг ХДХВ буюу ДОХ-ын асуудалд анхаарлаа хандуулах олон улсын  өдөр болгон тэмдэглэдэг. Халдвар судлалын төвийн эмч мэргэжилтнүүдийн ярьж буйгаар,Монголд 1992 онд анхлан “хөл тавьсан” ДОХ гэгч аюул өдгөө 249 хүнд халдвар түгээжээ. Гуравхан сая хүнтэй Монгол Улсын хувьд энэ тоо халдвараас чанд сэрэмжил гэсэн дохио өгч байна. Халдвар тээгчдийн 80 хувь нь эрэгтэйчүүд байгаа бөгөөд, 20-44 насныхан 56 хувийг эзэлж байгаа гэсэн судалгаа гарчээ. Нийт бүртгэгдсэн хүмүүсийн 79.2 хувийг бэлгийн цөөнх буюу ижил хүйстэн,трансжендер эмэгтэй эсвэл гей залуус эзэлж байгаа аж. Халдвар тээгч 249 хүн байна гэх статистик тоо “яс” үнэнийг хэлж хараахан чадахгүй. Яагаад гэвэл, манай монголчууд сайн дураараа шинжилгээ хийлгэх дургүй. Ойрхон ханиад хүрээд,амьсгаадаад, турж эцээд байна гээд эмчид очдог хүн хэр олон бол. ДОХ нь хүний дархлалын тогтолцоог гэмтээж өвчлүүлдэг нэг өвчний дараалсан үе шат юм.Тухайн хүний биеийн эсэргүүцлээс хамаарч дархлалын тогтолцоог гэмтээх хүртэл тодорхой хугацаатай, шинж тэмдэг дунджаар 6 сараас10 жил үргэлжилдэг.Энэ хугацаанд тухайн хүн эрүүл мэт харагдаж, өөрийгөө халдвар авсныг мэдэхгүй байсаар халдвар тараах аюултай. Халдвар авсан үед дараах шинж тэмдэг илэрнэ. Ямар ч шалтгаангүйгээр биеийн жин буурна,байнга ядарна, шөнө орондоо хөлөрнө,хүзүү, суга, цавины булчирхай томорно,амьсгаадна, хуурай ханиалгана.  Эдгээрээс гадна   дархлалын систем сулрах тусам тухайн хүн турж жингээ алдаж, ядрамтгай болно, Янз бүрийн арьсны өвчин, элдэв яр шарх, мөөгөнцөр  гарна,шингэн алдана. Энэ мэтчилэн аливаа халдварт өртөмтгий болдог.Улмаар уушигний үрэвсэл, хомхой, сүрьеэ, хорт хавдар зэрэг илүү ноцтой хүнд өвчнүүдэд өртөнө. Нэгэнт ДОХ өвчний энэ шатанд хүрсэн нөхцөлд хүндэвтэр халдварын улмаас хүн ихэвчлэн 1-2 жилийн дотор нас бардаг гэж мэргэжилтнүүд ярьж байна.  Халдвар судлаачдын ярьж  буйгаар,ХДХВ-ийн шинжилгээг улс даяар жилд 400 мянга орчим хүн өгдөг байна. Тэд бүгдээрээ сайн дураараа шинжилгээ хийлгэх гэж ирээгүй. Учир нь, шинжилгээ, үйлчилгээнд хамрагдагчдын 70 хувийг жирэмсэн эхчүүд, энхийг сахиулагчид, төрийн албан хаагчид  эзэлдэг гэв. Голдуу гадаадад үүрэг гүйцэтгэх, ажиллах сурах хүмүүс ДОХ-ын шинжилгээ заавал өгөх ёстой. Уг нь улсын хэмжээнд уг шинжилгээг 85 цэгт үнэ төлбөргүй хийдэг ч эрсдэлт бүлгийн гэгдэх хүмүүс тийшээ  гүйлдээд байхгүй л дээ. Хэрэв гадаадад олон жил амьдарч байгаад ирсэн хүмүүс, ижил хүйстэн,биеэ үнэлэгч эмэгтэйчүүд  ДОХ-ын шинжилгээнд хамрагдвал арай өөр тоо гарна гэж эмч нар хэлж байна. Монголд өнөөдөр янхандалт бодит байдал болсон. Буудал,цэнгээний газруудаар явж биеэ үнэлэгчидтэй тэмцээд хүчин мөхөсдөж байгаа.  Тэдний дунд өөрийгөө ХДХВ-ийн халдвар авсныг мэдээгүй явж байгаа хичнээн хүн байдаг бол. Биеэ үнэлэгчдийг цагдаагийн хүчээр хоморголон баривчилж, шинжилгээнд хамруулахад олонхи нь бэлгийн замын халдварт өвчтэй, дархлал хомсдлын вирус тээгч цөөнгүй илэрдгийг мэргэжлийн  хүмүүс  харамсан ярьж буй. Тэд өөрсдөө сайн дураар эмнэлэгт очих нь үгүй. Эмчид хүргэгдэн ирж үзүүлэхдээ л хүнд өвчтэйгөө мэддэг. Өвчин нь хүнд шатандаа орчихсон уйлаад ч харамсаад ч нэмэргүй тохиолдол ч цөөнгүй. Хэрэв  эрсдэлд орох алхам хийсэн л бол заавал шинжилгээ хийлгэж байх ёстойг эмч нар анхааруулсаар байгаа билээ. Монголчуудын маань дунд  2017 он гарснаас хойш ДОХ-ын  халдвартай эхчүүдээс төрсөн 19 хүүхэд эрүүл эсэн мэнд бойжиж байна. Шинжилгээгээр бүх хүүхэд ХДХВ -ийн халдваргүй болох нь батлагджээ. Хэдийгээр бяцхан үрс эрүүл саруул бойжиж байгааг сонсоход таатай ч 19 ээж халдвар тээгч гэж бодохоор гунигтай. Бидний үүрдийн хөрш Орос,Хятад улс руу монголчууд хүссэн цагтаа зорчиж байгаа. Үүнийг хэлэхийн учир нь эдгээр улсад ДОХ залуужсантай холбоотой. ОХУ-ын “Спид центр” төвийн судалгаагаар тус улсад 1.2 сая шахам хүн халдвар тээж яваа гэсэн тоо гарчээ. Сүүлийн жилүүдэд жилд 20 мянган хүн нөгөө ертөнц рүү одож байна. Халдвар авсан хүмүүсийн судалгааг харахад 15-20 насныхан хамгийн олноор аюулд өртжээ. Бэлгийн цөөнх,биеэ үнэлэгчид уг халдварт хамгийн ихээр нэрвэгдсэнийг  тус төвийнхний судалгаа нотолжээ. Өнөө цагт Монголын халдвар тээгчдийн дунд хүүхдүүд байгааг мартаж болохгүй. 2013 онд 13 настай хүүхэд ХДХВ халдвар авсан гэсэн мэдээ олныг цочирдуулж байсныг хүмүүс санаж буй. Цаг үеийн шаардлагаар ерөнхий боловсролын сургуульд эрүүл мэндийн хичээлээр ДОХ болон уг өвчний халдварын тухай ярих хэрэгтэй байх. Хүүхдүүдэд нийгэмд хэрхэн зөв биеэ авч явах,бэлгийн амьдралд хэрхэн бэлэн байх талаар ойлголт өгөх шаардлагатай болсон байна. ДОХ гэхээр л нэг их аймаар “мангас” мэт бодох ч юм уу эсвэл бүр огт тоохгүй явахын аль аль нь муу үр дагавартай. ДОХ бол хүний дархлааг идэн идсээр үхэлд хүргэдэг гэдгийг хүмүүс мэддэг болсон шигээ үр хүүхдүүдддээ халдвараас хэрхэн өөрийгөө болон бусдыг хамгаалах талаар ярьж эхэлье,оройтоогүй дээрээ.

Н.Дөл

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. эх оронч
     (202.9.41.2.***)
    2017/11/24 09:09

    ёстой мэдүүштэй юм бичжээ. сургуульд эрүүл ахуй хичээл оруулъя. Дох- оос сэрэмжлэхийг зааж өгье. Дэмжиж бнааааа цааш түгэээээ

    (0) (0)