Хойд солонгосууд өнгөрсөн шөнө пуужин туршсан нь дэлхийг цочирдуулав

2017 оны 11-р сарын 29 өдөр, 15 цаг 00 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
puujinn

Хойд Солонгос өнгөрсөн шөнө баллистик пуужин туршсан байна. Энэ бол манай дэлхийд заналхийлж байгаа ноцтой аюул гэж АНУ-ын Батлан хамгаалахын сайд Жеймс Мэттис мэдэгдэв.

Пентагоны үзэж буйгаар пуужин Япон тэнгист унахаасаа өмнө 1000 км ниссэн байна.  Өмнөд Солонгосын цэргийнхний ярьснаар, энэ удаа пуужинm 4500 км өндөрт ниссэн  өмнөх пуужингуудын нислэгээс илүү өндөрт гарсан байна. Мэттис Цагаан ордонд мэдэгдэл хийснийхээ дараа Ерөнхийлөгч Дональд Трамп болон засаг төрийн удирдагчдад пуужингийн талаар танилцуулав гэж ВВС мэдээлэв.

Өмнөдийн Рёнхап  агентлагийн мэдээлснээр, пуужинг  Пхеньян-Намдо гэх бөглүү суурингаас хөөргөжээ. Тус агентлагийн мэдээлснээр, Хойд Солонгос нь нэгэн дор гурван пуужин харваж чадах байжээ. Өнгөрсөн шөнө хөөргөн туршсан пуужин нь Японы эдийн засгийн чөлөөт бүс Аомори мужаас 250 км зайд унасан талаар тус улсын Гадаад хэргийн сайд Ицүнори Онодэра мэдэгдсэн байна. “Энэ явдал нь БНАСАУ-ын пуужингууд хэрхэн хөгжиж байгааг харууллаа” гэж Гадаад хэргийн сайд анхааруулжээ. Шинзо Абэгийн тэргүүлдэг Японы Засгийн газар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн яаралтай хуралдаан зарласан байна.

 Хойд Солонгосын ээлжит хууль бус үйлдлийг олон улсын удирдагчид шүүн хэлэлцэж байгааг дэлхийн мэдээллийн агентлагууд уламжилж байна. Хойдуудын туршилт нь олон улсын аюулгүй байдалд ноцтойгоор заналхийлсэн үйлдэл боллоо гэж тэд үзэж байна. “Олон улсын хэм хэмжээг зөрчсөн үйлдэл хийж байгаагаа ухаарах чадвар Пхеньянд байхгүй. Харин Ким Жон Уны увайгүй үйлдлийг тэвчих чадвар, ухаан АНУ-д байсаар” ирснийг Доналд Трамп дахин сануулав. Тэрээр “Бид үүний учрыг тодруулах болно” гэж мэдэгдсэн байна.  БНАСАУ-ын бодлогогүй үйлдэл дэлхий ертөнцийг хэврэг болгож байна гэж ажиглагчид дүгнэж байна.

Хойд Солонгос нь өнгөрсөн есдүгээр сарын эхээр мөн алсын зайн тусгалтай пуужин харваж, тэр нь Японы газар нутгийг даван унасан. Дараа нь дахин   хэд хэдэн пуужин туршсан. Хойдуудын  заналхийллийг дэлхий даяараа тэвчиж байгааг ажиглагчид онцолж буй.  БНАСАУ-ын эсрэг хүч хэрэглэхэд АНУ бэлэн байгаа бол ОХУ, Хятад зэрэг орон нөхцөл байдлыг дипломат замаар шийдвэрлэх гарц хайхыг уриалдаг.

Н.Дөл

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх