Оросуудыг өвлийн олимпод оролцуулахгүй гэсэн шийдвэр олныг цочирдуулав

2017 оны 12-р сарын 06 өдөр, 15 цаг 11 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
olimppp
Олон улсын олимпийн хорооны гүйцэтгэх хорооны шийдвэрээр ОХУ-ын шигшээ багийн тамирчдыг БНСУ-д болох өвлийн олимпийн наадамд оролцуулахгүй гэсэн шийдвэр гаргажээ.
Олон улсын олимпийн хороо (ОУОХ)-ны ерөнхийлөгч Самуэль Шмидийн мэдэгдэж буйгаар оросуудын сэргээшийн асуудал олимпийн хөдөлгөөн,хөгжилд асар муу нөлөө үзүүлж байгаа аж. Олимпийн наадамд оролцохоор уригдсан тамирчид (ганцаарчилсан болон багийн төрөлд) “Оросоос оролцож буй Олимпийн тамирчин” гэсэн нэрээр хурд хүчээ сорино. Тэд бүгдээрээ олимпийн туг дор жагсана,уралдана. Хэрэв түрүүлсэн нөхцөлд ОХУ-ын төрийн дуулал биш Олимпийн сүлд дуу эгшиглэх болно гэж ОУОХ-ны хэвлэлийн мэдээнд дурджээ. Энэ удаагийн сэргээштэй холбоотой арга хэмжээ бол олимпийн түүхэн дэх анхных юм. “Олимпиада-2018” тоглолтын үеэр ОХУ-ын далбааг нэг ч удаа мандуулахгүй,төрийн дуулал эгшиглэхгүй гэдгийг Олон улсын сэргээшийн эсрэг агентлаг мэдэгдэв. ОУОХ-ны хувьд оросуудыг олимпийн наадамд оруулахгүй гэсэн шийдвэрээ улс төрийн оролцоогүй бие даасан хараат бус шийдвэр хэмээн мэдэгдэж байгаа юм.
 
Олон улсын олимпийн хороо ОХУ-ыг “Пёнчан 2018” өвлийн олимпийн наадамд оролцохыг хориглосон шийдвэрийн эсрэг ямар хариу үйлдэл үзүүлэх асуудлаар ОХУ-ын Үндэсний олимпийн хороо байр сууриа хараахан нэгтгэж амжаагүй байгаа талаар Оросын хэвлэл мэдээллээр мэдээлж байна. Гишүүдийн зарим нь ОХУ нэгдмэл байр сууриа харуулж, олимпийн наадамд очихгүй байх нь зүйтэй гэж үзэж байгаа бол зарим нь “Тамирчин болгонд өөрийнхөө шийдвэрийг гаргах боломж олгох нь зүйтэй” гэсэн байр суурьтай байна. Өөрөөр хэлбэл, тамирчин хүсвэл олимпийн тугийн дор оролцох, хүчээ үзэх эрхийг нь хүндэтгэн нээлттэй үлдээх нь зөв гэсэн байр суурийг илэрхийлж байна. Олон улсын хөнгөн атлетикийн холбоо 2017 оны ДАШТ-д ОХУ-д яг ийм боломж олгоход олон тамирчин оролцож, медальт байрт шалгарсан туршлагыг тэдгээр гишүүд жишээ татаж, улстөрийн шинжтэй шийдвэрээс болж тамирчид хохирох ёсгүй гэж үзэж байгаа аж.
ОУОХ-ны шийдвэрээр “Сочи-2014” олимпийн наадмаас оросуудын хүртсэн 10 медалийг одоогийн байдлаар хүчингүй болгосон бөгөөд зарим тамирчдыг дахин хэзээ ч Олимпод оролцуулахгүй гэдгээ мэдэгдсэн байна. Бобслейн тамирчин А.Зубков,А.Негодайло,Д. Труненков, скелетонч А.Третьяков, биатлоны эмэгтэй тамирчид О. Зайцева, О. Вилухина,Я.Романова,цаначин А.Легков, М.Вылегжанин нарын медалийг тус тус хүчингүй болгожээ.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин ОУОХ-ны шийдвэрийг “ манай улсыг доош хийж байна” гэжээ. Үйл явдал цааш хэрхэн өрнөхийг дэлхий нийт харж байна.
olimpp olimp1
Н.Дөл

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх