Гадаад хэл сурахаар шийдсэн бол өдөрт 20 үг цээжил

2017 оны 12-р сарын 07 өдөр, 15 цаг 46 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
bulgantuyaaaa

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс сэтгүүлчдийг чадавхжуулах цуврал сургалт зохион байгуулж байгаа. Уг сургалтын  хоёр дахийг өчигдөр зохион байгууллаа. Сургалтыг Сангийн дэд сайд Х.Булгантуяа удирдан явуулсан бөгөөд тэрээр гадаадад тэтгэлгээр болон хөнгөлөлттэй суралцах арга зам, гадаад хэлийг амжилттай сурахад туслах зөвлөгөө өглөө. Х.Булгантуяагийн хувьд  дунд сургуульд байхдаа Австрали улсад суралцаж англи хэл эзэмшжээ. МУИС-д суралцаж байгаад Засгийн газрын тэтгэлгээр Дундад Хятадын Шинжлэх ухааны их сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн. Дараа АНУ-ын Ейлийн их сургуульд олон улсын болон хөгжлийн эдийн засгаар магистр хамгаалжээ. БНХАУ-д суралцаж байхдаа англи хэлний багш хийдэг байсан аж. Японд жил гаруйн хугацаанд англи хэл заажээ. Англи, хятад, япон хэл эзэмшихдээ  баримталсан аргуудаасаа сэтгүүлчидтэй хуваалцлаа.

1.Зөв дуудаж сурах арга. Хэл сурч буй хүмүүс үгээ зөв, буруу дуудчих болов уу гэж санаа их зовдог. Гэтэл Энэтхэг, Австрали, Америк, Англи дуудлага өөр өөр мөртлөө ойлголцоод л байдаг. Тиймээс буруу уншихвий гэж эмээх хэрэггүй. Гол нь зөв дуудаж сурахын тулд авиа зүй буюу дуудлага дээр анхаарах шаардлагатай.

Үгийн ард хаалтад байдаг phonetics буюу дуудлагыг хүмүүс тэр бүр ач холбогдол өгдөггүй. Тэгвэл үүнд анхаарал хандуулах зайлшгүй шаардлагатай аж. Үүнийг мэддэг хүн зөв дуудна, зөв дуудаж байна гэдэг сонсоод ойлгож чадна гэсэн үг.

“Монголчуудад гаргаж чаддаггүй авиа гэж бараг байхгүй. Хятад, Япончууд гэхэд дуудаж чаддаггүй авианууд байдаг. Түүнээсээ болоод ойролцоо дуудлагатай үгнүүдийг андуурах тохиолдол бий. Гэтэл манайханд бол ийн хүндрэл бараг байхгүй” гэдгийг тэрбээр хэлж байв.

Дуудлагаа сайжруулахын тулд phonetics-ийг судалж, youtube дээрх энэ талаарх хичээлийг сайн үзэх хэрэгтэй. Мөн англи хэлний амны хайрцаг их шаарддаг учраас сайн дуудлагатай хүмүүсийн амны хайрцгийг сайтар ажиглаж, хэрхэн дуудаж байгааг сурах боломжтой байдаг аж. Тиймээс үүнд цаг зарцуулах хэрэгтэй гэдгийг тэрээр зөвлөсөн.

2.Шинэ үгийг ингэж цээжлээрэй

  • Дуудлагыг нь бичих
  • Жишээ өгүүлбэр бичих
  • Угтвар, дагавартай нь бичих,
  • Ижил утгатай өөрийн мэддэг үгээ санах,
  • Эсрэг утгатай өөрийн мэддэг үгээ санах,
  • Ижил, ойролцоо дуудлагатай өөрийн мэддэг үгээ санах гэсэн зарчмын дагуу цээжлэх хэрэгтэй. Ингэснээр тухайн үгийг зөв цээжлэхээс гадна үгийн сангаасаа эргэн санах, хэрэглээг илүү ойртуулдаг юм байна.
  1. Үгийн сангаа нэмэхийн тулд
  • Өдөрт 20 үг цээжлэх,
  • Өгүүлбэр, өгүүлбэрээр нь цээжлэх. Ингэснээр ярианд ашиглахдаа бодохгүйгээр ашиглах чадвартай болдог байна.
  • Байнга сонсох. Гэхдээ дуунаас илүүтэй мэдээ, нэвтрүүлэг үзэх хэрэгтэй.
  • Шинэ үгээ хаа сайгүй бичээд харж байх,
  • Эхний 6 өдөр цээжлээд, ням гаригт өөрийгөө шалгаж байх. Энэ өдрийг зургаан өдрийн турш цээжлэх гээд чадаагүй үгсээ нэгтгэн цээжлэх өдөр болгох.
  • Өдөр бүр өдрийн тэмдэглэл хөтлөх. Энэ нь өөрийгөө хэрхэн өсөж дэвшиж байгааг харах нэг арга байдаг аж. Өдрийн тэмдэглэл бичихдээ өөр өөр зүйлийн талаар бичихийг оролдоорой.
  • Орчин бүрдүүлэх. Өөртэйгөө ижил, эсвэл дээд түвшний хүмүүстэй цаг гарган уулзах. Хоол хийх зуураа англи хэлтэй сувгууд дээр телевизээ тааруулах гэх мэтчилэн аргуудыг хэрэглэж болно.

4.Эерэг ба сөрөг утгатай үгсийн ялгааг анзаар

Ойролцоо утгатай үгнүүдэд анхаарал хандуулах шаардлагатай. Учир нь монгол хэлэнд байдаг доромж үгтэй адил тул харилцааны явцад сөрөг үр дагавар гарч болзошгүй байдаг аж. Жишээлбэл, stingy, economical гэдэг үгс адилхан л хэмнэлттэй гэсэн утгатай мэт боловч stingy нь нарийндаа хатсан, economical нь эдийн засагт хэмнэлттэй гэсэн үг аж. Энэ мэтчилэн адилхан мэт боловч нэг нь эерэг, нөгөө нь сөрөг утга агуулж байдаг үсгийн ялгааг олж харах нь чухал аж.

“Айх хэрэггүй. Дадлага сургуулилт л төгс зүйлийг хийх эхлэл нь болдог” гэдгийг тэрээр онцолсон юм.

Н.Насан

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх