Хар тамхины хэрэгт томчуулын хүүхдүүд холбогддог учраас чимээгүйхэн намждаг

2017 оны 12-р сарын 20 өдөр, 14 цаг 22 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
huuli

УИХ-ын гишүүн асан,”Бридж” Д.Ганхуягийн охин Г.Номуундарь баячуудын хүүхдүүдийн бохир булхайг дэлгэж, ноцтой гэгч “лайв” хийж Монголын нийгмийг хирдхийлгэв. Түүний ярьсныг зарим хүн эсэргүүцэн элдэвлэж байхад зарим нь эцэг эхийнхээ олсон,луйвардсан бохир мөнгөөр жарган цэнгэж,бусдыг дорд үзэн хүчийг үзүүлж буй залуусын үнэн нүүр царайг илчиллээ хэмээн талархаж байгаа. Охины аав ярилцлага өгсөн нь сонины нүүрнээс сошиал ертөнцөөр дамжин олонд түгэв. Мөнгөтэй хүмүүсийн хүүхдүүд хар тамхи гэж юу байдгийг мэдэхгүй,татаж үзэх байтугай барааг нь харж танилцаж байгаагүй гэлцэн өөрийгөө “мөрөөрөө явж байгаад гүтгүүлэв” хэмээн ярилцлага өгч эхлэв. Тэр охин бяцхан биедээ баймгүй зориг гаргаж, балчирхан  ухаандаа нийгмийн бузар булайтай тэмцэх гэж оролдсоныг нам дарна гэвэл “ёстой уучлаарай”. Монгол Улс ардчилсан улс гэдгийг санагтун.

Хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэхийг нийгэмд уриалдаг “Лантуун дохио” ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан Г.Номуундарийг өмөөрч хэлэхдээ  “тэр нэг охин овоо зориг гаргаж бүхэл бүтэн сүлжээ маягийн хар тамхи, хүчин, садар самуун, танхайтай холбоотой хэргийг илчиллээ. Одоо тэгтэл нийгмийнх нь хандлага түүнийг хамгаалах биш “Өөрөө яах гэж алцаганаж явсан юм хохь нь” гэх холгүй байна. Ямар ч тохиолдолд бага насны хүүхдийг хүчиндэж, хар тамхинд хордуулж болохгүй гэдэг өнцгөө л бариад сурчихаач. Овоо босгоогүй бол энэ тэр гээд л улиад суух юм” хэмээн анхааруулжээ. Энэ мэтчилэн Г.Номуундарь охиныг ойлгож дэмжиж байгаа хүмүүст талархая.

Өчигдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн тоог бууруулах чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар танилцуулгыг хийлээ. Танилцуулгын үеэр УИХ-ын зарим гишүүд өөрсдийн байр сууриа илэрхийлсэн. Д.Хаянхярваа гишүүн хар тамхины хэрэгт холбогдож байгаа хүмүүст хууль тэгш үйлчлэх ёстойг сануулав. Дуучид, баячуудын хүүхдүүд гэхээр чимээгүй өнгөрдөг жишиг тогтчихсон байхад хар тамхитай тэмцэх тухай асуудлыг яриад нэмэргүй гэсэн юм.

Судалгаанаас үзвэл,сүүлийн 10 жилийн судалгаагаар хар, тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэг  нийт гэмт хэргийн 0.2 хувийг эзэлж байна. Түүний 82 хувь нь Улаанбаатар хотод үйлдэгдэж, хэрэгт холбогдсон хүмүүсийн 65 хувийг 18-24 насныхан эзэлж байгаа юм. Өнөөдрийн байдлаар энэ хэргээр 66 хүн ял эдэлж, 117 хүн шалгагдаж байна. Хар тамхины хэрэгт улс төрчид, баячуудын хүүхдүүд нэр холбогдогч нэр нөлөө бүхий эцэг, эхийнхээ албан тушаалд эрдэж, хуулиас дээгүүр авирлан чимээ аниргүй болдог олон жишээ бий.

Хамгийн сүүлийн жишээг дурдахад өнгөрсөн хоёрдугаар сард Баянзүрх дүүрэгт байрлах “Royal castle” хотхоны нэгэн байрны 12 давхраас 21 настай Х гэх залуу унаж, амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.  Талийгаач “The colors” хамтлагийн гишүүн байсан юм. Хэргийг шалгах явцад түүнтэй хамт 11 залуу байсан бөгөөд тэд бүгд хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн нь тогтоогдсон байдаг.  Тэдний дунд улс төрийн нэр нөлөө бүхий хүмүүсийн хүүхдүүд байсны нэг нь  “Женко” Х.Баттулгын хүү  Хүлэгү байсан. Гэвч тэр хэргийн тухай одоо хэн ч ярихгүй чимээ алдарсан. Ер нь хар тамхи энэ тэр гэсэн хэрэг тэгсгээд замхран намждаг нь эрх мэдэлтэй өнгөлөг,мөнгөлөг хүмүүсийн үр сад холбоотой байдагтай…

Н.Дөл

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх