Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл эхэллээ

2018 оны 02-р сарын 05 өдөр, 13 цаг 55 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
d2567e0df11361a4366115b75f983393

Монгол улсын хэмжээнд их, дээд сургуульд элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшинг тогтоох зорилготой Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл эхэллээ. Бүртгэл орон даяар 2018 оны 02 дугаар сарын 05-ны өглөө 09:00 цагт эхэлж, 2018 оны 04 дүгээр сарын 16-ны орой 18:00 цагт дуусна. Бүртгэлийн хугацаа болон цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүй. Элсэлтийн ерөнхий шалгалтыг 2018 онд бүрэн дунд боловсрол эзэмшин төгсөх иргэн, 2018 оноос өмнө бүрэн дунд боловсрол эзэмшсэн болон түүнээс дээш боловсролтой иргэн өгнө.  Их, дээд сургуульд суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч нь МУ-ын ЗГ-ын 37 дугаар тогтоолын дагуу Монгол хэлбичгийн шалгалтад хамрагдсан байна.

            2018 оны ЭЕШ-ын журамд дараах өөрчлөлтүүд орсон. Үүнд:

  • Улсын бүртгэлийн ерөнхий газраас шалгуулагчийн хувийн мэдээллийг авдаг болсон.
  • Шалгуулагч Мобиком компианы “Candy” үйлчилгээг ашиглан  шалгалтын төлбөрөө төлөх боломжтой
  • Шалгуулагч бүртгүүлэхдээ файлаар оруулсан цээж зургаа урьдчилж харах боломжтой болсон.
  • Өмнөх оны шалгуулагчдийн “Бүртгэлийн хуудас” нь QR кодоор баталгаажсан байна.

ЭЕШ-ын бүртгэл онлайнаар явагдах ба шалгуулагч www.eec.mn цахим хаягаар бүртгүүлнэ. ЭЕШ-ын нэг хичээлийн бүртгэлийн хураамж 5800 төгрөг, батламж хуудас 700 төгрөг байна. Шалгуулагч хэдэн ч шалгалт өгсөн нэг батламж хуудастай байна. ЭЕШ-д бүртгүүлэхэд Монгол хэлбичгийн шалгалт нь шууд сонгогдох ба шалгалтын хураамжгүй, батламж хуудастай байна.

Энэ онд төгсөх шалгуулагчийн суралцаж буй сургууль, анги, бүлэг, регистрийн дугаарын мэдээлэл зөрүүтэй бол сурч буй сургуулийн сургалтын алба /сургалтын менежер/-аар дамжуулан БСШУСЯ-ны боловсролын салбарын нэгдсэн систем /esis.edu.mn/-д засварлаж www.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аар орж “зөвшөөрөх” товчийг дарж баталгаажуулна.

Шалгуулагчид бүртгүүлэхдээ дараах зүйлсийг бүрдүүлсэн байна. Үүнд:

  • Цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг
  • Өнгөт цээж зураг файлаар / цээж зураг нь 3*4 хэмжээтэй, сүүлийн 3 сарын дотор авхуулсан, урагш цэх харсан, арын фон нь цайвар цулгуй өнгийн, нарны шил болон малгайгүй байна/
  • Бүрэн дунд боловсролын үнэмлэх ба түүнтэй дүйцэхүйц боловсрол эзэмшсэнийг баталгаажуулан эрх бүхий байгууллагаас олгосон баримт бичиг /энэ нь зөвхөн 2018 оноос өмнөх онд төгссөн ба гадаадад суралцаж дүйцүүлсэн шалгуулагчид хамаарна/
  • И-мэйл хаяг /шалгуулагч бүр зөвхөн өөрийн и-мэйл хаягтай байна/
  • Шалгалтын хураамжийг Хаан банк, Голомт банк, Худалдаа хөгжлийн банк, Капитрон банк, Төрийн банк, Улаанбаатар банк, Хас банкны интернэт гүйлгээний эрхтэй төлбөрийн карт, candy /1 candy = 1 төгрөг/ цахим мөнгө ашиглан шилжүүлнэ.

Шалгуулагч бүртгэлийн хугацаанд бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аар дамжин шалгалт өгөх хичээлээ нэмж болно. Бүртгэл баталгаажсанаас хойш шалгуулагчийн овог, нэр улсын бүртгэлийн ерөнхий газрын бүртгэлд солигдсон бол www.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аар орж “зөвшөөрөх” товчийг дарж баталгаажуулна.

Өмнөх онд төгссөн шалгуулагч шалгалт өгөх аймаг /хот/ -аа өөрөө сонгож бүртгүүлнэ. Гадаад улс оронд бүрэн дунд боловсрол буюу түүнээс дээш боловсрол эзэмшсэн иргэн шалгалтад бүртгүүлэхдээ бүрэн дунд боловсролын үнэмлэх ба түүнтэй дүйцэхүйц боловсрол эзэмшсэнийг баталгаажуулан эрх бүхий байгууллагаас олгосон баримт бичгийг БСШУСЯ-аар баталгаажуулж, Боловсролын үнэлгээний төвд ирж бүртгүүлнэ. Хөгжлийн бэршээлтэй болон тусгай сургуулийн суралцагчид шалгалтад хамрагдахаар бүртгүүлсэн бол холбогдох бичиг баримтыг бүртгэлийн хугацаанд БҮТ-д ирүүлнэ.

Энэ онд ЕБС төгсч буй бүртгүүлэгч www.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас “Бүртгэлийн хуудас”-аа хэвлэн авч сургуулийн захирлаар гарын үсэг зуруулан, тамга даруулж баталгаажуулна. Харин өмнөх онд төгссөн шалгуулагчийн “Бүртгэлийн хуудас” нь QR кодоор батаалгаажсан байх ба шууд хэвлэн авна.

Шалгуулагчид шалгалт өгөх шалгалтын байр, анги танхим, суудлын хуваарийг өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгийг ашиглан 2018 оны 05-р сарын 15-наас хойш www.eec.mn цахим хуудаснаас хэвлэн авна.

ЭЕШ болон МХБШ-ын товыг БСШУСЯ-тай зөвшилцөн БҮТ-өөс зарлана. Шалгуулагч шалгалт өгөхөөр ирэхдээ бүртгэлийн хуудас, суудлыг хуваарь, цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг, бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг бүрдүүлэн ирнэ. ЭЕШ-ын дүн оноо, жагсаалтыг 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 09:00 цагаас өмнө www.eec.mnцахим хуудсанд байршуулан нийтэд зарлана. Шалгуулагч шалгалтын дүн, оноог өөрийн бүртгэлийн дугаар, болон нууц код ашиглан www.eec.mn цахим хуудаснаас үзэж болно.

Шалгалтын бүртгэл болон зохион байгуулалттай холбоотой асуудлаар Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтнүүд нийслэлийн бүх ЕБС-иуд, зарим аймгийн ЕБС-ийн төгсөх ангийн сурагчидтай уулзаж заавар зөвлөмж өгөх ажлыг зохион байгуулж байна. Мөн “Элсэлтийн ерөнхий шалгалт – 2018” нээлттэй өдөрлөгийг Улаанбаатар хот болон зарим аймгуудад зохион байгуулахаар төлөвлөж байна.

Бүртгэл болон шалгуулагчийн хувийн мэдээлэлтэй холбоотой өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг бүртгэлийн хугацаанд БҮТ-ийн лавлах утас болох 70119498, 75779498, info@eec.mn и-мэйл, www.facebook.com/eec.mn/ цахим хуудсаар хүлээн авна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх