Г.Эрдэнэбат: С.Зориг агсныг хөнөөсөн хэргийг илрүүлсэн нь зарим хүнд тааламжгүй байх шиг байна

2018 оны 02-р сарын 21 өдөр, 15 цаг 58 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
maxresdefault

Сэтгүүлч Э.Хүрэлбаатар Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбаттай ярилцлага хийж,С.Зориг агсныг хөнөөсөн ужиг хэргийн талаар тодорхой хариулт авчээ. Уг ярилцлагад нийгэмд хардлага,эргэлзээ дагуулж байгаа олон асуудлаар хариу авчээ.

-ЭНЭ ХЭРГИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ШАЛГУУЛАХГҮЙ БАЙХ СОНИРХОЛТОЙ ӨНДӨР ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ, УЛС ТӨРИЙН ИХ ХҮЧТЭЙ БҮЛЭГЛЭЛ БАЙНА –

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг УЕПГ, ТЕГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг шалгаж, захиалагчаас бусдыг илрүүлээд байгаа билээ. Тодруулбал, Улсын дээд шүүхээс Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт гэм буруутай хэмээн үзэж, хүнд дэглэмтэй хорих ангид тус бүр 20 жил хорих ял оноогоод байгаа. Хууль хяналтын байгууллагын хамтарсан ажлын хэсгийнхэн дээрх хэргийн захиалагч, дамжуулагч нарыг мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн шалгаж байна. С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн гүйцэтгэгчийг илрүүлэхэд ажлын хэсгийн ахлагчаар ажилласан Улсын ерөнхий прокурорын орлогч, Төрийн хууль цаазын Шадар зөвлөх Г.Эрдэнэбаттай ярилцлаа. Түүнээс С.Зориг агсны хэргийг хэрхэн илрүүлсэн тухай болон нийгэм даяар эргэлзээ төрүүлээд байгаа олон асуудалд хариулт авсан юм.


-С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг хэрхэн илрүүлсэн тухайгаас ярилцлагаа эхэлмээр байна. Олон нийт хүний амь нас онц хэрцгийгээр хөнөөгөөд гянданд хоригдож байсан Ц.Амгаланбаатар гэх эрэгтэй хууль хяналтынханд анх мэдээлэл өгснөөр энэ хэрэг илэрсэн гэсэн ойлголт, мэдээлэлтэй байгаа?

-С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэг 1998 онд гарсан. Энэ хэрэг 2018 онд эцэслэн шийдэгдэх эсэх дээрээ тулж ирээд байна. Гэхдээ нэг ялтан хууль хяналтын байгууллагад мэдээлэл өгснөөр сүүлийн үед болж байгаа үйл явдал өрнөсөн юм огт биш. Хэргийг шалгаж байсан ажлын хэсгийн ажлын арга барил, хэргийг шалгаж, ажиллагаанд ач холбогдол өгсөн байдлаас гол асуудал эхэлсэн байдаг юм. Өнөөдөр хүмүүс энэ хэргийг илэрсэн шалтгаан нь нэг ялтан мэдээлэл өгөнгүүт бүх зүйл ар араасаа ундарсан юм шиг ташаа ойлгоод байгаа юм. Тийм биш гэдгийг онцолж хэлмээр байна. Зарим мэдээлэлд ач холбогдол өгч шалгасан үеэс асуудлыг ярих нь зүйтэй юм. С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шалгасан, шалгаж байсан нөхцөл байдал өөрчлөгдсөн. Энэ хэрэгт нэлээд хүч анхаарал тавьж ажилласан үеэс хэрэг шалгах ажиллагаанд өөрчлөлт гарч, хэрэг илрэхэд ахиц гарсан.Ажлын хэсгийнхэн энэ хэрэгт олон жил, сарын турш цаг зав, сэтгэл зүрхээ зориулж, байдгаараа хичээсэн. Асар олон хүний хүч хөдөлмөр итгэл үнэмшил зүтгэл орсон. С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг шалгаж байгаа ажлын хэсэгт төрөөс анхаарал хандуулж, хэргийг шалгахад шаардлагатай хөрөнгөний асуудлыг бүрэн шийдвэрлэж өгсөн. Хэргийг шалгаж байгаа мөрдөгчид хөдөө томилолтоор явж, шаардлагатай хүнээс тайлбар авах гэхээр зардал мөнгө, унаа тэрэгний асуудал хүнд байсаар ирсэн. Харин хөрөнгө мөнгөний асуудал шийдэгдсэн болохоор хөдөө орон нутаг төдийгүй гадаадын улс орон руу шинжилгээ явуулсан. Сэжигтэй хүмүүсээс гадаадад очиж тайлбар мэдүүлэг авсан гээд олон ажиллагаа хийгдсэн. 1998 оноос өгөгдсөн мэдээлэл болгоны араас явж шалгасан. 65 хавтаст хэргийг ямар зүйлээр дүүргэсэн байх вэ. Энэ болгоныг нарийвчилж шалгасан. Сэжиг бүхий нэг хүний мэдээлэл нотлогдсон. Эндээс хэргийн зангилаа тайлагдаж, баримт болгон нь нотлогдсоор хэргийн гүйцэтгэгчдийн үйлдсэн хэрэг илэрсэн.

-Гэхдээ нийгэмд эргэлзээ төрүүлээд байгаа зүйл нь бага насны хүүхэдтэй эмэгтэй, 16 настай хүү, малчин залууд С.Зоригийн амь насыг хөнөөх захиалга өгдөг тэнэг хүн байхгүй гэх олны яриа, ойлголт. Иймэрхүү утгатай эргэлзээ төрүүлсэн мэдээлэл ч байнга гарч байна?

-Өнөөдөр энэ хэрэг их төвөгтэй нөхцөл байдалд байна. Хүмүүс С.Зоригийн хэргийг ил болголоо гэж ярьж байна. Гэвч зарим хэсгийг нь л ил болгоод байгаа шүү дээ. Хэрэгт холбоотой зарим хэсгийг хэн ч ярих боломжгүй болгоод нууцын зэрэглэлд үлдээсэн. Зарим улстөрчид С.Зоригийн хэргийг ил болголоо гээд буруутгаад яриад байна. Гэтэл эдгээр улстөрчийн ярьж байснаас хэсэгхэн хугацааны өмнө өөр нэг төрийн өндөр албан тушаалтны шийдвэрээр ил болгосон юмыг дахин шинээр ил болгож байгаа ч юм шиг ойлгомжгүй үйл явдал өрнөсөн. Гэвч аль ч үед нь яаж ч болохгүй төрийн нууцтай холбоотой, төр цаашдаа хүч чадалтай, тусгаар тогтнолоо хамгаалж ажиллах зүйлээ авч үлдэхийн тулд нууцлахаас өөр аргагүй байдаг тэр хэсэг дахиад л нууцын зэрэглэлд үлдсэн. Үүгээр дамжуулж юу хэлэх гэсэн юм бэ гэхээр энэ хэргийн талаар ярьж байгаа хүмүүс өөр өөрийн өнцгөөс асуудлыг тайлбарлаж яриад байна.

Энэ нь прокурорыг нэг өнцгөөс асуудалд хандаад байгаа юм шиг харагдуулах гээд байна. Өөр нэг хэсэг нь нөгөө өнцгөөс яриад байгаа юм шиг. Эсвэл хэрэгтэй холбоотой ямар нэгэн эргэлзээ гараад байгаа юм шиг яриад байна. Хамгийн харамсалтай нь хэргийн талаар бүгдийг нь ярьж болохгүй. Бүрэн дэлгэж харуулж чадаагүй байна. Гэхдээ энэ хэрэг хэзээ нэгэн цагт эцэслэн шийдэгдэнэ. Хүмүүсийн шаардаад байгаа хэргийн захиалагчийн асуудлыг шийдвэрлээд дуусахад энэ хэрэг эцэслэгдэнэ. Тэр үед хэрэгтэй холбоотой олон зүйлийг дэлгэн харуулж, ярьж болох байх. Саяхнаас хэрэгтэй холбоотой нотлох баримтыг цогц байдлаар харуулахыг хичээсэн нэвтрүүлэг хийж, олон түмэнд цацаж эхлээд байна. Эндээс хүмүүс хэрэгтэй холбоотой олон зүйлийг ойлгож авах байх. Хэн нэгэн хүн энэ хэргийн талаар гэнэт юм ярьж эхлээд түүн дээр тулгуурлаад илрүүлэх ажиллагаа нэг чиг рүү явчихаагүй гэдгийг дахин онцолж хэлмээр байна. С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг бүх талаас нь асуудлыг харж шалгах ёстой байтал зарим зүйлийг зориуд орхигдуулж ирсэнтэй холбоотойгоор илрэхгүй байсан юм байна лээ. Харин бид бүх сэжүүр таамгийг орхихгүй цогцоор нь шалгасан болохоор энэ хэрэг илэрсэн юм.

-Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг гэмт хэрэг үйлдсэн гэдгийг олон баримтаар нотолсон байдаг уу?

-Гүйцэтгэх ажиллагааны арга хэрэгслээр энэ хэрэг нотлогдсон гээд л яриад байгаа. Энэ хэргийн нотлох баримт дотор ил байдлаар нотлогдож байгаа олон зүйл бий. “1998 оны аравдугаар сарын 1-ний өдөр ийм хүнийг харсан. Ийм зүс царайтай хүн С.Зоригийн гэрийг асууж, сураглаад явж байсан. Гэрийнх нь гадуур сэжигтэйгээр олон удаа эргэлдсэн. Ийм зүс царайтай хүн байсан” гээд 1998 онд мэдүүлэг өгсөн гэрчээс хуулийн дагуу дахин гэрчийн мэдүүлэг авсан. Гэрчүүдээс өөр өөр орон зай, цаг хугацаанд “Таны ярьж байсан хүн эдгээр хүмүүс дунд байна уу” гэхээр олон хүний дундаас гэмт этгээдүүдийг эргэлзэх юмгүй зааж байсан. Хуульд заасан аргуудын нэг энэ л дээ. Зарим хүн “18 жилийн өмнөх юмыг энэ яахаараа тийм тод санадаг юм. Хэлмэгдүүлж байна” гээд байгаа. Гэтэл их дуулиантай, олныг сэрдхийлгэсэн хэрэг болсон болохоор хүн сэтгэлдээ хадгалаад үлдчихсэн байна шүү дээ. Энэ баримтыг ганц нэг хүнээс бус гэрчүүдээс авч нотолж, баталдаг гэдгийг мартаж болохгүй. Энэ мэт хэрэгт нотлох баримт маш олон байна. Нэвтрүүлгээр тодорхой гарах байх. Хэрэгт холбогдсон Б.Содномдаржаа гэдэг хүн санамсаргүй байдлаар энэ хэрэгт холбогдсон гэдгээ хуулийн байгууллагад бичгээр тайлбар хийж өгсөн. Хэрэг үйлдсэн хүнээс өөр мэдэх боломжгүй зүйлийг тэр мэдүүлсэн байдаг. Тэр хүн хэрэг гарах үед тэнд байгаагүй юм бол хэргийн талаарх тийм нарийн зүйлийг яаж мэдэх юм бэ. Хэргийг шалгаж байгаа мөрдөгч хянаж байгаа прокурор, шүүгчид тус тусдаа өөрийн гэсэн үүрэгтэй. Бие биеэ хянаж цагдаж байдаг гурван байгууллага. Гэтэл хуулийн гурван байгууллага нийлж байгаад нэг хэргийг асар будлиантайгаар шийднэ гэж байхгүй биз дээ. Монгол Улсад шийдэгдсэн хэдэн зуун мянган хэргийг огт яриагүй мөртлөө энэ хэргийн тухай тодорхой сонирхолтой хүмүүс маш хүчтэй яриад байгаа нь хүмүүсийг төөрөгдүүлж байх шиг байна. Хорих ялаар шийтгүүлээд байгаа гурван хүний ар гэрийнхэн нь “Тэднийг хэлмэгдүүлж байна” гээд л удаа дараа яриад байгаа. Хэрэг гарах үед Т.Чимгээ Дорноговь аймагт эмээгээ хараад хүүхдүүдтэйгээ байсан гэж ярьдаг. Гэтэл Т.Чимгээ тэнд байгаагүй. Харин хүүхдүүд нь тэнд байсан нь тогтоогддог. Мөн Б.Содномдаржаа цэрэгт явчихсан байсан гэх асуудал гарч ирсэн. Цэрэг татлагын комисст түүний нэр байдаггүй. Хөдөө хадлан дээр байсан гэж яриад байгаа. Энэ нь юугаар ч нотлогдоогүй. Харин эсрэгээрээ Улаанбаатар хотод байсан нь нотлох баримтаар тогтоогдсон.

-Ц.Амгаланбаатар шоронд хоригдож байхдаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ рүү энэ хэргийн талаар мессэж бичиж байсан. Үүнийг хуулийнхан тухайн он цагт нь огт шалгаагүй гэсэн зүйл яригддаг. Энэ талаар?

-Олон удаагийн яриан дээр Ц.Амгаланбаатар гэгч Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг сүрдүүлсэн гэсэн мэдээлэл гарсан. Б.Содномдаржаа гэдэг хүн өөрөө нэг удаагийн ярилцлага дээрээ энэ мессэжийг аль 2003 оноос эхлээд бичиж эхэлсэн гэж хэлсэн байдаг. Тухайн үед нь Ц.Амгаланбаатарын бичсэн мессэжтэй холбоотойгоор хуулийн байгууллагад шалгуулахаар өгсөн гэдэг. Гэтэл хууль хяналтын байгууллага Ц.Амгаланбаатар гэдэг хүн яагаад ингэж ярих болов гэдгийг тухайн үед яагаад шалгаагүй юм бэ гэж яагаад хэн ч бодохгүй байгаа юм. Энэ мэт олон асуудлыг бид мухарлаж шалгасан. Тэндээс сэжүүр нотлох баримт олдсон байна. Ингээд өнөөдрийн үр дүнд хүрсэн.

-УЕПГ-ын дарга Ц.Амгаланбаатар Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар хамтран гэмт хэрэг үйлдсэн О гэх хүнийг гэр бүлийнх нь хамт хөнөөсөн гэж мэдэгдэл хийсэн. Гэтэл цахилгааны утаснаас үүдэлтэйгээр гал гарч, байшин шатсан гэсэн дүгнэлт байдаг юм байна лээ?

-Хэргийг нарийн шинжилж үзээд тасарчихсан байсан цахилгааны утаснаас гал гарах үндэсгүй гэсэн эргэлзээнээс энэ хэргийг дахин шалгасан байдаг. Цахилгааны утаснаас гал гарсан гэсэн дүгнэлтийг зөвтгөж ярьж байгаа хүмүүс цахилгааны утас тасарчихсан байсан гэдгийг огт ярихгүй, оруулахгүйгээр “Цахилгааны утаснаас болж гал гарсан” гээд л чанга дуугаар ярьцгаагаад байгаа юм. Хэргийн газарт үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлтээр гал гарч, нэг гэр бүлийн дөрвөн хүн амь насаа алдсан айлын цахилгааны утас гэрээс нь хэдэн метрийн цаана тасарчихсан хэвтэж байсан байдаг. Тасархай цахилгааны утаснаас гал гарахгүй биз дээ. Гэр бүлийн дөрвөн хүний амь насыг хөнөөсөн гэдгээ гэмт хэрэгтнүүдийн зарим нь хүлээдэг. Зарим нь үгүйсгэж ярьдаг.

– С.Зориг агсны эхнэр Б.Булганыг энэ хэрэгт гэрч биш, хэрэгтэн ч биш болгосон гээд байгаа?

-Энэ хэргийг шалгаж дуусаагүй байна.Тодорхой хэсгийг эцэслэн шалгаж дуусахаар юу болох нь вэ гэдэг нь чухал. Зарим хүн энэ хэрэгт ямар оролцоотой байсан бэ гэдэг нь хэргийг шалгах ажиллагаа дуусахаар эцэслэн шийдэгдэх байх.

-Хэргийн захиалагч нь илрээгүй байхад гүйцэтгэгч нарыг шийтгэсэн шалтгааныг тодруулмаар байна. Бүлэглэн зохион байгуулалттайгаар үйлдсэн хэргийг нэгтгэж шалгадаг биз дээ?

-Би хууль зүйн талаас нь энэ асуудлыг тайлбарлая. Гурван хүнтэй холбоотой асуудлыг тусгаарлалгүй, захиалагчтай нь хамт шийтгэх ёстой гэсэн асуудал яригдаад байгаа. Энэ нь зөв буруу гээд маргаан үүсээд байна. Өмнө нь ийм захиалагчтай хэргийг Монголд хэрхэн шийдэж байсан юм бэ. Дэлхий нийтэд ийм асуудлыг хэрхэн шийддэг юм бэ. Гурван хүн хүний амь нас хөнөөчихсөн үйлдлийг шалгаад дуусахад тэрний цаана болсон олон асуудлыг илрүүлэхэд саад болох уу, үгүй юү гэсэн хууль зүйн асуудал байгаа. Олон хүн захиалагчийн асуудлыг шийдвэрлээгүй байж гүйцэтгэгчийн хэргийг шийдвэрлэсэн нь буруу гэж яриад байна. Аль хуулийг барьж, ямар хууль зүйн үндэслэлээр ийм дүгнэлт хийж яриад, бусдад ойлгуулаад байгаа вэ гэдэг нь өөрөө эргэлзээтэй асуудал. Дэлхий нийтийн туршлагыг харах юм бол захиалагчийг олохын тулд гүйцэтгэгч нарт холбогдох хэргийг нь түрүүлээд шүүхээр шийддэг тохиолдол дэлхийгээр дүүрэн байна. Захиалагчийг нь өнөөдрийг хүртэл олоогүй, хэрэг мөрдөн шалгах ажлаа үргэлжлүүлж байгаа олон хэрэг бий. Саяхан манай хойд хөршид нэгэн улстөрчийг хөнөөсөн хэргийн гэмт хэрэгтнүүдийг бариад л хэргийг шийдвэрлэчихсэн. Хэргийн захиалагчийг одоо хүртэл олоогүй байна. Зарим хүн “Захиалагчийг нь олоогүй юм бол энэ гурван хүнийг суллаж тавь” гэсэн. Суллаж болно. Хэргийг шалгах хугацаа хоногтой. Энэ хүмүүс хэрэг хэрхэн үйлдсэн гэдэг нь ил тодорхой болчихлоо. Гэхдээ энэ хэргийг захиалсан хүнтэй, бусад зохион байгуулсан хүнтэй холбоотой асуудлыг шалгах хүртэл хууль зүйн хувьд ямар арга, боломж байдаг вэ гэдгийг хүмүүс мэдэхгүй, мэдэхийг ч хүсэхгүй байх шиг. Хүмүүсийн яриад байгаагаар бид гэмт этгээдийг “Чи хэрэг хийсэн шүү. Гэхдээ гэртээ очоод байж бай. Хэргийн захиалагчийг олох хүртлээ чамайг эрх чөлөөтэй амьдруулах болно” гээд явуулах юм уу. Хуульд тийм зүйл заалт огт байхгүй шүү дээ. Өнөөдөр С. Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн захиалагч хэн бэ гэсэн эцсийн хариултад ажлын хэсгийнхэн хариулж арай дуусаагүй байна. Өнөөдөр ч гэсэн энэ хэргийн мөрдөлт үргэлжилж байгаа. Бид эхний ээлжинд энэ гурван хүн энэ хэргийг үйлдсэн юм байна гэдгийг тогтоочихсон. Энэ гурван хүн хэргийн захиалагчаа мэдэхгүй ч байж магадгүй. Голын дамжуулагчаас цаашаа гарахгүй ч байж мэднэ. Бид үүнийг шалгаж байна.

-“С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг илрүүлэхдээ хууль хяналтынхан гурван хүнийг хэлмэгдүүлж байна” гэж ар гэрийнхэн төдийгүй зарим улстөрч эсэргүүцээд байгаа шүү дээ?

-Сүүлийн үед энэ хэрэгтэй холбоотойгоор өрнөж байгаа үйл явдлууд, улс төрийн бүлэглэлүүд маш идэвхитэй реакц, хариу үйлдэл үзүүлж байгаа нь хэргийг шалгаж дуусах үр дүн рүү дөхүүлж байж магадгүй. Энэ хэргийг хууль хяналтынхан илрүүлээд шийдвэрлэж байгаа нь зарим хүнд тааламжгүй байх шиг байна. Гэм буруутай нь тогтоогдож, хорих ялаар шийтгүүлсэн гурван хүний ар гэрийнхэн ойр дотны хүнээ өмөөрч, хэлмэгдүүлж байна гэж ярих нь зүй ёсны асуудал. Гэр бүлийн хэн нэгнийгээ гэмт хэрэг үйлдээд ял сонсоход эсэргүүцдэггүй, сэтгэл тайван үлддэг нэг ч хүн байдаггүй. Үүнийг буруутгах аргагүй юм. Монголын ард түмэн энэ хэргийг илрээсэй гэж олон жил хүлээсэн. Үе үеийн төр барьж байсан улстөрчид энэ хэргийг илрүүлэх ёстой гэж ярьж ирсэн биз дээ. Гэтэл одоо хэргийг илрүүлчихлээ гээд уурлаад бачимдаад байгаа хүмүүс байна. Мэдээж хууль хяналтын байгууллага энэ хэрэг дээр ямар нэгэн алдаа завхрал гаргаж, зарим зүйлийг дутуу орхичих вий гэж шахаж шаардаж байгаа нь зүйтэй юм. Харин нөгөө талаараа энэ хэргийг цааш нь явуулмааргүй, үргэлжлүүлэн шалгуулмааргүй байгаа өндөр зохион байгуулалттай маш холоос захиалгатай, их хүчтэй сонирхлын бүлэглэл байгаа нь мэдрэгдэж байгааг хэлчихье.

-С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн хавтаст хэргээс зарим зүйлийг нь улсын нууцаас гаргасан. Тэгвэл улсын нууцад үлдсэн зүйлд энэ хэрэгтэй холбоотой ноцтой баримт хэр олон байгаа вэ. Өөр нэг сонирхолтой зүйл нь, энэ хэргийг шалгасан Ажлын хэсгийг шалгах гэж байгаа гэсэн мэдээлэл байна лээ?

-Нуухаас өөр арга байхгүй. Заавал нуудаг. Төрийн нууцтай холбоотой асуудлыг ил гаргаж ярьж болдоггүй. Үүнээс болоод мөрдөн байцаах газар, прокурор, шүүхийг хүн хэлмэгдүүлээд хуйвалдаж байгаа юм шигээр зарим хүн олон нийтэд харагдуулаад байна. Монголын хуулийн систем өөрөө ийм байгаа нь харамсалтай. Энэ нь системийн гажуудал үүсгээд байна. Хэргийн талаар яримаар олон зүйл байгаа ч ярьж чадахгүй байна шүү дээ. Хуульч хүн хуулиа л дагана биз дээ. Хүмүүст зөв зүйтэй зүйл хийсэн гэдгээ ойлгуулахын тулд, хүн бүрт таалагдахын тулд хууль зөрчиж, улсын нууц задруулаад байж болохгүй. Нууцыг задалж ярьсан хүн буруутан болно. Нэг талаар хуулийн байгууллагын нэр хүндийг унагаж байгаа зүйл нь хаалттай, нууцын зэрэглэлийн зарим асуудал. Үүнээс болоод олон эргэлзээ олон нийтэд төрдөг нь үнэн. Хууль хяналтын байгууллагад итгэх итгэл ч үүнээс болоод алдарч байж мэднэ. Энэ хэргээс авах ёстой том сургамж бол нууцалж, хааж байгаа системийг задлах ёстой юм байна. Энэ маш чухал асуудал гэдгийг онцолж хэлмээр байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх