Сүхбаатарчууд “Эрүүл залуус” аянд нэгдэж байна

2018 оны 03-р сарын 15 өдөр, 10 цаг 24 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
29136800_1944391599208939_2439862167990697984_n

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвд энэ сарын 13-нд “Эрүүл залуус” аяны нээлт амжилттай зохион байгуулагдлаа. Сүрьеэ болон бэлгийн замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилготой энэхүү аяны нээлтэнд Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа, Эрүүл мэндийн төвийн дарга Л.Баярхүү, Үйлдвэрлэл урлалын политехникийн коллежийн сургалтын менежер Г.Баярхүү болон багш, эмч, мэргэжилтэн, оюутан залуус оролцлоо.

Нийслэл, дүүргийн Засагдаргын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэн, дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу дүүргийн нутаг дэвсгэрийн их, дээд сургууль, коллежийн оюутнуудыг сүрьеэ, бэлгийн замаар дамжих халдвар илрүүлэх үзлэг шинжилгээ, эрүүл мэндийн боловсрол олгох сургалтад хамруулах “Эрүүл залуус” аянд Үйлдвэрлэл урлалын политехникийн коллежийн хамт олон ийнхүү нэгдлээ.

Үйлдвэрлэл урлалын политехникийн коллежийн 1147 багш, оюутныг энэ сарын 12-наас 23-ны өдрүүдэд урьдчилан сэргийлэх үзлэг болон эрүүл мэндийн боловсрол олгох сургалтад хамруулах юм.

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төвөөс өнгөрсөн онд энэхүү аяныг Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулж, нийт 20 ЕБС-ийн 2382 хүүхдийг хамруулснаар амьсгалын замын өвчлөл 28%, шүд цоорол 20.9%, чих, хамар, хоолой, дайвар хөндийн эмгэг 8.58%, үтрээний үрэвсэл 3,9%, бөөрний үрэвсэл 1,2%, хоол боловсруулах замын эрхтэний эмгэг 1,5%, тэмбүү өвчний 3 тохиолдол, халдваргүй хэлбэрийн сүрьеэгийн 1 тохиолдол, сүрьеэгийн сэжигтэй 6 тохиолдол илрүүлж, онош тодруулах шинжилгээнд хамруулан хяналтанд авч, эмчлэн эрүүлжүүлсэн байна.

2018 онд тус аяны хамрах хүрээг өргөжүүлж, их дээд сургуулийн оюутнуудыг хамруулж байгаагаараа онцлогтой юм. Монгол Улсын хүн амын 35 хувийг 15-34 насныхан эзэлдэг. Тэгвэл бэлгийн замаар дамжих халдварт өвчнөөр өвчилсөн нийт тохиолдлын 42 хувийг 15-24 насныхан эзэлж байгаагаас 14хувь нь оюутан залуус, ДОХ-ын халдвар авсан иргэдийн 5,7 хувь нь 15-19 насны залуучууд, байна. Үүнээс гадна, Монгол Улсын хувьд гурван хүн тутмын нэг нь сүрьеэгийн халдвар тээж болзошгүй гэх судалгаа байдаг ажээ. Тиймээс нийслэл хотод үйл ажиллагаа явуулж байгаа их дээд сургуулийн дийлэнх нь харъяалагддаг Сүхбаатар дүүргийн хувьдэнэ нь зайлшгүй анхаарах асуудлын нэг юм.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх