Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга танаа ил захидал

2018 оны 04-р сарын 17 өдөр, 10 цаг 43 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
battulga

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ  ХАЛТМААГИЙН БАТТУЛГА ТАНАА

ИЛ ЗАХИДАЛ

2018 оны 04-р сарын 17

Эрхэм ерөнхийлөгч таны энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилье.

Намайг Г.Баасандагва гэдэг. Би Монгол улсын иргэн. Миний бие энэхүү ил захидлыг бичиж эрхэм таны их үйл хэрэгт зарцуулах цаг, хормыг хороож байгаадаа хүлцэл өчье.

Эрхэм ерөнхийлөгч таныг шударга нийгмийг байгуулахын төлөө хичээнгүйлэн ажиллаж байгаа гэдэгт гүнээ итгэдэг. Бусдын шударга хөдөлмөр, түүний үр шимээр бий болсон хөрөнгө мөнгийг хууран мэхэлж, залилан авч амьдардаг гэмт этгээдүүд, тэдэнд үйлчилдэггүй хууль, шүүхийн тогтолцоо амь бөхтэй оршиж үнэнч шударгаар амьдрах итгэл, сэтгэлийг минь мохоож байгаад миний бие чин сэтгэлээсээ харамсаж хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаа шударга эсэхэд эргэлзэн энэхүү ил захидлыг эрхэм танд хаяглан бичиж сууна.

Миний бие СЭГИДА ТРАНС ХХК-ийг үүсгэн байгуулан амжилттай ажиллаж амьдарч байлаа. Гэтэл н.Баттулга гэгч зальт этгээд  2011 онд  бидний 200.000.000 |хоёр зуун сая төгрөг|, TOYOTA PRADO маркийн УНМ 87-66 дугаарын автомашиныг залилан авч хохироосноос хойш буюу 2012 оноос өнөөдрийг хүртэл бид цагдаа, шүүх прокурорын үүд хаалга сахин хэрэг, маргааныг минь шударгаар шийдвэрлэн бидний хохирлыг барагдуулж өгнө хэмээн итгэсээр олон жилийг ардаа орхижээ. Бидний бизнес, амьдрал дампуурч амьдрах аргагүйд хүрээд байна.

Гэмт этгээд зөвхөн биднийг залилан хохироогоод зогсохгүй өөр бусдыг хохироосоор 1 тэрбум гаруй төгрөгийн хохирлыг бусдад учруулсан байдаг.

Яагаад гэмт этгээдүүд ямар хариуцлага хүлээхгүй, учруулсан хохирлоо барагдуулахгүй байна вэ?

Яагаад хууль хяналтын байгууллагыхан элдэв шалтаг тоочин гэмт этгээдийг гэсгээн, зохих хариуцлагыг нь үүрүүлж, нийгмийг элдэв гэмт этгээдүүдээс хамгаалах үүргээ биелүүлэхгүй байна вэ?

Энэ мэтчилэн маш олон асуулт хариулт нэхэн толгойд минь эргэлдэж бухимдаж явлаа. Гэхдээ энэ бүх асуултын хариулт байж болохоор үйл явдал болж байгааг бид тогтоосон юм. Гэмт этгээд Баттулга хууль хяналтын байгууллагынхантай хуйвалдаж, авилга хээл хахууль өгсөн байна гэж би үндэслэлтэйгээр хардаж байна.

Хан-Уул дүүргийн цагдаагийн 1-р хэлтэс дээр шалгагдаж буй Баттулгад холбогдох эрүүгийн хэрэгт манай компаний бичиг баримтыг хуурамчаар үйлдэж шилжүүлэн авсан прадо маркийн автомашиныг ЭБШХ-ийн 134-р зүйлд зааснаар иргэний нэхэмжлэлийг хангах, хохирол барагдуулах зорилгоор битүүмжилж хураасан байдаг. Ингэхдээ биднийг оролцуулан бүх хаалга, дугуй эд ангиудыг лацдаж, битүүмжилсэн. Гэвч нөгөө битүүмжлэгдсэн машин маань замын хөдөлгөөнд оролцоод явж байхдаа миний бие таарсан. 2015 онд өөрийнхө машиныг замын хөдөлгөөнд оролцож байхад нь зогсоож мөрдөн байцаагч Адъяабаярыг дуудан шалгуулахад Солонго прокурорын нөхөр шүүгч Оч уначихсан байна. Энэ хүн чинь халдашгүй эрхтэй хэмээн мэдэгдэж тухайн үед машиныг дахин битүүмжилнэ гэж хэлээд л өнгөрсөн юм. Гэтэл түүнээс хойш удаа дараа өөрийнхөө машинтай тааралдаж хамгийн сүүлд 2018.04.10-ны өдөр нийслэлийн шүүхийн хашаанд байхад нь Иргэдийн Шударга Шүүх ТББ-д хандан Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн жижүүрийн шуурхай бүрэлдэхүүнийг дуудан шалгуулах хүсэлт гаргасан билээ. Харамсалтай нь тэд мөн л шалгахгүй. Хэрэг мөрдөн шалгах хойшлуулшгүй үйл ажиллагаагаа хийж чадахгүй байсаар явчихсан.

Шүүгч хүний халдашгүй дархан эрх гэж гэм, нүгэл үйлдэх зөвшөөрөл юм уу? Өөрийнхөө өмч хөрөнгийг хамгаалж, шаардсан нэгнийг гөлөг, новшоор нь дуудах эрх  юм уу эрхэм ерөнхийлөгчөө!!!

Шүүгч хүн эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн бусдын автомашиныг өөрийнх биш гэдгийг мэдсээр байж, битүүмжлэгдэн хураагдсан гэдгийг мэдсээр байж, техникийнэ үзлэг, тооллогод ороогүй, татвар хураамжаа төлөөгүй машинаар замын хөдөлгөөнд оролцож болохгүй гэдгийг мэдсээр байж удаа дараа торгуульж хувийн хэрэгцээндээ ашиглаж байгаа нь гэмт хэрэг биш гэж үү? Андгай тангарагаасаа няцсан үйлдэл биш гэж үү?

Эхнэр нь прокурор, өөрөө шүүгч. Би ийм эрх мэдэлтэй хүмүүсийн эсрэг гомдол гаргаж байгаа нь мунхаг хэрэг байж болох ч шударга ёсыг шаардах нь миний Монгол улсын иргэн болсны үүрэг билээ.

Бид энэ тухай АТГ-т гомдол гарган шалгуулж байгаа билээ. Гэвч шүүгч Оч нь өөрийн гэм буруу, алдаа дутагдлыг ухамсарлаж ойлгохоосоо илүүтэй ямар нэгэн аргаар намайг болон миний эргэн тойрны хүмүүсийг айлган сүрдүүлж, дарамтлах арчаагүй үйлдэл хийж байгаад би жигшин зэвүүцэж байна.

Прокуророор ажиллаж байгаа тэтгэвэртээ гарсан гэх эмэгтэй, Очийн өмгөөлөгч гэх Сүхбаатар гэгч этгээдүүд уулзъя хэмээн дуудаж уулзаад ярилцахаараа шүүгчийн нэр төрд халдсан та нар хол явах уу? Та нар хаана хүрэх үү? гэх мэтчилэн даапаалан, басамжилж байгааг би танд уламжлахаас өөр хэнд уламжлах билээ.

Хэрвээ Монгол улсын шүүгч нар, прокурорууд бүгдээрээ ингэж ёс суртахууны доройтолд орчихсон юм бол бид хэнд итгэх болж байна аа?

Энэ прокурор, шүүгч нарт хараа хяналт гэж байна уу?

Эрхэм ерөнхийлөгч та Үндсэн хуулийн 1-р зүйлд хуульчлагдсан шударга ёсыг төрийн үйл ажиллагаанд хэвшүүлэхийн төлөө миний энэхүү ил захидлын мөрөөр холбогдох асуулга, шалгалтыг эрх бүхий байгууллагаар шалгуулан, УИХ-ын нэгдсэн хуралдаанаар  Нээлттэй сонсгол зохион байгуулж иргэн миний зөрчигдсөн эрхийг сэргээж учирсан хохирлыг минь гэм буруутай этгээдүүдээр төлүүлэх тал дээр арга хэмжээ авч өгөн үү?

Ил захидал илгээсэн                                  Г.Баасандавга

Утас: 99058432,  91111700

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх