“Баг” хуулалт буюу аварга Б.Бат-Эрдэнийн үнэн худлын дэнс

2018 оны 04-р сарын 20 өдөр, 09 цаг 45 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
15241852855ad938c5b15f1

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ танд ҮНЭН гэж байна уу гэж нэн түрүүнд асууя. Сүүлийн үед тантай холбоотой мэдээллүүд хөвөрч, таны тухай янз бүрийн факт мэдээллүүд хэвлэлийн хуудаснаа дурайж байна. Энэ бүхэнд чимээгүй байсан нь тус мэдээллүүдийг үнэн биш байгаа гэх хардлагыг төрүүлж байсан. Гэтэл албан ёсоор мэдээлэл, хийж заримд нь тайлбар няцаалт өгөх шиг боллоо. Гэвч….

Та дахиад л худлаа ярьчих шиг боллоо. Таны мэдээллийг үзсэн хүний хувьд дархан аваргынхаа үнэн нүүр царайг харж, “нэр цэвэр, гар цэвэр” гэх “баг”-аа жинхэнээсээ тайллаа хэмээн дүгнэж сууна. Юуны өмнө таныг албан ёсоор сонгогдсон эсэхээс чинь авахуулаад үнэн худлыг дэнслэе.

Худал: Та 2018 оны гуравдугаар сарын 24-нд МҮБХ-ны тэргүүнээр сонгогдсон байдаг. Үүнийгээ ” Гуравдугаар сарын 24-нд ээлжит хурлаараа бүтэц зохион байгуулалтаа өөрчлөх асуудлаа хэлэлцэн баталсан. Улмаар хурал болсны дараа залуучууд “Бид нар ачааг үүрье” гэж хэлээд 15 тэргүүлэх цолтой бөхчүүд дүрмэнд орсон өөрчлөлтөөр тэргүүн нь тусдаа “та бол 15 тэргүүлэгчийн нэг” гэдэг ийм л зарчимтайгаар ажиллаж байгаа юм. Уг Ганболд заантай утсаар яриад “Та нар хурал хийсэн гэсэн. Тэргүүлэгчээр нь Бат-Эрдэнэ аваргыг томилсон гэж дуулсан. Аваргатай бол юу ярих вэ. Залуучууд ингээд санаачилга гаргаад, ачаагаа үүрээд явна гэж байгаа бол дэмжинэ ээ” гэсэн хэмээн ярьсан”

Үнэн: Гэтэл…   2018 оны гуравдугаар сарын 14-ний өдөр БЗД-ийн Иргэний Хэргийн Анхан Шатны Шүүхээс 101/Ш32018/04928 тоот шийдвэр гарч, Р.Нямдоржийг хууль бус хурал зохион байгуулахыг хориглосон. Гэтэл Р.Нямдорж нар гуравдугаар сарын 24-нд хууль бус хурал зохион байгуулан таныг тэргүүнээрээ сонгосон байдаг. Монгол Улсын хууль цаазыг биелүүлэх үүрэгтэй шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хууль бус, хуурамч хурал зохион байгуулахгүй байхыг сануулсаар байхад хурал зохион байгуулагдсан нь таны томилгоо хууль бус болохыг гэрчилж байна.  Тэр ч бүү хэл таныг гуравдугаар сарын 24-нд сонгогдсоныг ШШГЕГ-аас хууль бус хурал зохион байгуулсан тул хурлын шийдвэрийг үндэслэн хуулийн этгээдийн бүртгэлд өөрчлөлт оруулахгүй байхыг ОӨУБЕГ-т даалгасан байдаг. Худлаа гэвэл доорх баримтуудыг харж болно.

Худал: Та хоёр тамга тэмдэг, гэрчилгээний асуудалд тайлбар өгчээ. Ингэхдээ “28 жилийн түүхтэй бөхийн холбооны тамга тэмдэг, гэрчилгээ хэвээрээ байгаа юм шүү. Л.Чинбатад давхардуулж тамга тэмдэг гаргаад өгчихсөн асуудал байгаа юм билээ. Үүнийг хууль шүүхийн байгууллага эргэж харах ёстой” гэж ярьсан байх юм.

Үнэн: Гэтэл… ОӨУБЕГ-ын Улсын байцаагчийн дүгнэлт гарч, Монгол Улсын Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг шүүх бусад этгээд заавал биелүүлнэ…” Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэрийг МУ-ын нутаг дэвсгэрт суугаа хувь хүн, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус заасныг баримтлан Улсын бүртгэлийн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.7-д “Улсын бүртгэл хөтлөх, их нотлох баримтын үнэн зөвийг нягтлан бүрдлийг хангах, илэрсэн дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах замаар Улсын бүртгэлийн үнэн зөв, бодит байдлыг хангах зорилгоор 2010 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдөр МҮБХ-ны улсын бүртгэлийн жагсаалтын мэдээлэлд нэмэлт өөрчлөлт оруулсан бүртгэл, Улсын бүртгэлийн гэрчилгээ тэмдэгийг хүчингүй болгохоор шийдвэрлэв” гэсэн байдаг. Тэгэхээр хоёр тамга тэмдэг, гэрчилгээ олгосон зүйл байхгүй. Р.Нямдорж тэргүүтэй та бүхнийг гурван шатны шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байсан учраас тамга тэмдэгийг чинь хүчингүй болгож, тэргүүнээр сонгогдсон Л.Чинбатад албан ёсоор олгосон байдаг юм. Худлаа гэвэл доорх баримтаас харж болно.

     Худал: Мөн та албан ёсны тэргүүнээр сонгогдоод буй Л.Чинбатын тухай ам нээсэн байна лээ. Ингэхдээ “Л.Чинбатыг МҮБХ-ны тэргүүнээр сонгосон, томилсон гэдгийг баталгаажуулсан нэг ч зүйл байхгүй” гэв.

Үнэн: Гэтэл….  МҮБХ 2002 оны арванхоёрдугаар сарын 19-23-ны өдрүүдэд болсон ИХ ЭЕ хурлаар Р.Нямдорж өөрийгөө тэргүүнээр сонгогдсон гэж үзэж шүүхэд хандсан байдаг. Гэвч 2003 онд анхан болон давж заалдах, дээд шүүх шүүх хэрэгсэхгүй болгож дахин Их Эе хурлыг хуралдуулж тэргүүнээ сонгохыг Цэцдийн зөвлөлд даалгасан ч тус зөвлөлийг хуралдуулалгүй өөрийгөө хууль бус тэргүүнээр өргөмжлөн 2010 он хүртэл явсан байдаг. 2010 онд дахин хууль бус хурал хийж өөрийгөө тэргүүнээр сонгосныг 2011 онд анхан, давж заалдах, дээд шүүх хүчингүй болгосон ч нийтдээ 7 удаа шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй ирсэн. Тиймээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас огт хуралдахгүй, ямар нэгэн байдлаар ирц хүргэдэггүй цэцдийн зөвлөлийг хуралдуулж, 2014 оны зургадугаар сарын 24-ны өдөр Их Эеийг хуралдуулах комиссыг сонгосон байдаг. Уг комисс нь ээлжит бус Их эеийг 2017 оны 5 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулж бүх төлөөлөгчдийг байлцуулж байгаад МҮБХ-ны шинэ тэргүүнээ сонгож, Л.Чинбатыг шинэ ажилд нь томилсон юм. ОӨУБЕГ-аас 2018 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдөр нэмэлт өөрчлөлтөөр Л.Чинбатыг МҮБХ-ны тэргүүнээр албан ёсоор Л.Чинбатыг бүртгэж авсан байна. Ингэснээр хуулийн дагуу Л.Чинбат албан ёсоор бөхийн холбоог удирдаж, тамга тэмдэг ашиглах эрхтэй болсон баримтыг доорх зургаас харж болно.

Худал: Бас нэг зүйл гэвэл, Мөр зэрэгцэн нэг ангид суугаа, нэгэн цагт зүлэг ногоон дэмжээнээ хамт барилдан ард түмэн баясгаж явсан Дархан аварга А.Сүхбатын тухай бас л худлаа ярилаа. Та ярихдаа “УИХ-ийн гишүүн, Дархан аварга А.Сүхбатын биед халдсан зүйл байхгүй. Өглөө нь өөрөө хувцсаа өмсөөд гараад явсан” хэмээн ярьсан явдал байв.

Үнэн: Гэтэл…..  Таны хувийн бие хамгаалагч гэх Улсын начин Б.Одхүүг УИХ-ын гишүүний биед халдсан хэмээн цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоолыг та юу гэх вэ. Түүгээр ч үл барам Шүүх эмнэлгийн дүгнэлтээр Улсын начин Б.Одхүү нь УИХ-ын гишүүн, Дархан аварга А.Сүхбатын биед хөнгөн гэмтэл учруулсан гэх дүгнэлт гарсан байна. Түүнийг та шүүх эмнэлгээс асуугаад нэг үзээрэй.

Эцэст нь, Таниас дахин нэг зүйл асуумаар байна. Та ядаж үүнд үнэн зөв хариулт өгөөрэй. Тантай нийлэн Монголын хууль шүүхийн байгууллагыг төрийн хуультай нь хамт 10 гаруй жил уландаа гишгэлж байгаа Р.Нямдоржоосоо бас асуугаад өгөөрэй.

Монгол Бөхийн өргөө хаачив. Ард иргэдийн дэмжлэг, туслалцаатайгаар боссон үл хөдлөх хөрөнгө МҮБХ-ны өмч байх ёстой атал МҮБХ-нд бүртгэлгүй байна. Чухам хаана, хэний нэр дээр бүртгэлтэй байгаа юм бэ. Арай Бөхийн өргөөний бүртгэлийн асуудалд ч бас холбоотой юм биш биз дээ. Спортод ч тэр, улс төрд ч хүрч болох бараг бүх оргилд нь хүрч байгаа хэрнээ та юуны тулд ийнхүү нэг төрийн бус байгууллагын төлөө өргөсөн тангаргаа умартаж, улсын хуулиа уландаа гишгэж сууна вэ. Ингэтлээ улайран зүтгээд байгаа ямар эрх ашиг байгаа юм бэ. Ядаж нэр төрөө бод, бөхөд хайртай түмнээ бод, нутаг усаа бод, өргөсөн тангаргаа бод, бөхчүүдээ бас бодоод энэ хууль бус бусармаг зүйлээс эртхэн нэрээ татаж ав. Хэрэв тэгж чадахгүй бол таны нөгөө цэвэр нэр тань гутаагдаж, цэвэр гар чинь бохиртож гүйцэх нь байна шүү.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. Зочин
     (192.168.8..***)
    2018/04/20 11:41

    Ингэж бичих тусмаа та 2 өөрсдийгөө хэн бэ гэдгийг улам харуулж байна. Сүхбат Баянмөнх нар Бат-эрдэнэ аваргыг унагах гэж мөн ч их хичээх юм даа хөөрхийс.

    (0) (0)