Б.Гангаамаагийн Бор дугтуй

2018 оны 08-р сарын 06 өдөр, 20 цаг 08 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
15335190985b67a4fad3f1d

Sutain Bor Mountaineering Club
БОР ДУГТУЙ

Монгол хүн алдарт К2 буюу Хархорум уулын оргилыг зорьж эх нутгаасаа хүлгийн жолоо залсан өдөр.Чингис хаан олон улсын нисэх буудал, 2018 оны 6 дугаар сарын 14.Монголын уулчдын гуравдахь оролдлого.Уулчдыг төлөөлж бидний хэсэг нөхөд МУГТ Б.Гангаамааг үдэж мордуулахаар ирцгээсэн юм. Тэрбээр нислэгийн цагаас бараг хоцрох нь уу гэлтэй хүлээлгэсний эцэст хүлээлгийн танхимд яаран орж ирэв. Элдэв ажил амжуулахын зэрэгцээ надад нэгэн бор дугтуй захиж үлдээв.Ямар учиртай дугтуй вэ? гэтэл юм хэлэлгүй урдаас инээгээд л байв.Тэр даруйд дотроо ойлголоо хэмээн өөрөө өөртөө хэллээ. Энэхүү даруухан дугтуйг “түр хадгалсаар” өнөөдөр эзэнд нь буцаан хүлээлгэж өглөө. МУГТ Б.Гангаамаа дугтуйг хүлээж аваад шуудхан задалж дэлгэрэнгүй танилцуулсан. Амь нас,эрүүл мэндээ алдах зэрэг элдэв эрсдэлд орох аваас гомдолгүй,хэнийг ч буруутгахгүй хэмээн гарын үсгээ зурж,хувийн тэмдэг даржээ. Түүнчлэн бусад нарийн ширийн асуудлуудыг маш тодорхой зохицуулсан утга агуулга бүхий нийт гурван хуудас гэрээслэл…

“К2 Монголынх” гэсэн түүхэн мэдээг Монголчууд омогшин хүлээж авсан билээ.Харин “…Яах гэж өндөр ууланд эрсдэл үүрэн амь насаа үл хайхран …?” гэсэн утгатай санал шүүмжлэл мэр сэр өрнөж байсныг эрхэм уншигч авхай та санаж буй бизээ. Анзаарагдсан нэгэн зүйл гэвэл ийм санал бодолтой хүмүүс хэдэн жилийн өмнөхтэй харьцуулбал ихэд цөөрчээ. Байсаар ирсэн цаашид ч оршин байх үзэл бодол юм.Эд бүгдтэй зэрэгцэн амьдрал дээр алив улс орныг манай бөмбөрцөг дэлхий даяар бусдаас нь онцгойлон таниулж байдаг хэдхэн зүйлс байх. Нэгдүгээрт,улс төр,эдийн засгийн хүчирхэг нөлөөлөл; хоёрдугаарт,хүн төрөлхөтний түүхэнд дуурсагдахуйц даацтай зохиол бүтээл туурвисан эрдэмтэд,томоохон зүтгэлтнүүд Жишээ нь, Нобелийн шагналтнууд; гуравдугаарт, спортын талбарт байгуулсан онцгой гавьяа.
Ойрын жишээ бол манай улстай ойролцоо тооны хүн амтай Европын “жижигхэн” Хорват улс.Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд үзүүрлэсэнээр тус улсын нэр хүнд олон улсын тавцанд эрс өсөв. Хөлбөмбөг сонирхдог болон сонирхдоггүй таван тивийн хэдэн тэрбум хүн ардын нүд баясаж чих дэлдийв.Том гүрний төрийн тэргүүнүүд жижигхэн Хорваттай зэрэгцэв. Харин Хорватын багийн тоглогчоос “Та нар яах гэж бөөрөнхий бөмбөгний араас гүйдэг юм бэ? хэмээн хэн нэгэн зүрхэлж асуувал тэдний хэн нь ч хариулж чадахгүй л байсан болов уу. Ойлголт нь ур чадвартайгаа адил өндөр түвшинд хүрсэн байж болох.Ийм нөхцөлд хэт хялбарчлах амаргүй.Дэлхийн аваргын тэмцээний үеэр болон дараа гадаадын хэвлэлүүдэд гарсан нийтлэлүүдээс үзэхэд Хорватчуудын дайчин чанарыг чухалчилсан нь олонтаа таарч байв.Чухам энэ зан чанар бол соёлт ертөнцөд аль ч талаар өндөр үнэлэгддэг хүчин зүйл мөн билээ. Хөлбөмбөгийн дээд лиг нь 10 -аадхан багтай, 1912 онд барьсан томоохон ганцхан хуучин стадионтой, Европ тивдээ ядуу орон.Гэтэл дайчин чанар нь энэ бүгдийг нөхжээ.

Харин одоо яах гэж хөлбөмбөг тоглодог вэ гэсэн асуултаа үргэлжлүүлье.Энэ тэмцээний дараа тус улсад гаднын хөрөнгө оруулалт нэмэгдэхгүй гэж үү?, аялал жуулчлал эрчимжихгүй гэж үү?,Хорват тамирчны үнэ цэнэ өсөхгүй гэж үү?…

Үүнтэй адил Монголыг дэлхийд К2 уулын оргилоор таниулаагүй гэж үү?. Ялгаатай нь К2-ын оргилд хүрэх,буух замд уулчин хүн амь нас,эрүүл мэндээ золих эрсдэл хөлбөмбөгийн дэлхийн аваргын шигшээ тоглолтын үеийнхтэй харьцуулашгүй их юм.К2-ын оргилд гарсан бөмбөрцгийн 20 хүрэхгүй цөөхөн бүсгүй уулчдын нэг бол Монгол уулчин. Монгол хүний тэсвэр тэвчээр,эрэлхэг зориг,дайчин чанарын илэрхийлэлийг К2 уулын энэ удаагийн авиралт харууллаа. Яах гэж авирдаг юм бэ? гэсэн асуултад хариулт олж үл чадах хүнийг уулчин гэе.Үнэндээ бол уулчин хүнээс ийм асуулт асуух ч хэрэггүй мэт.
Баярлалаа Б.Гангаамаа!
— o O o —

Монголын Уулчдын Үндэсний Холбоо, “Сутайн бор” клубын Удирдах зөвлөлийн гишүүн А.Батсүх phD

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх