Учрал /богино өгүүллэг /

2018 оны 08-р сарын 12 өдөр, 20 цаг 11 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
38644140_702848630068300_621144788892123136_n

Гадаа хувин хувингаар цутгах мэт аадар бороо ширүүлэн асгарсаар байлаа. Ганхуяг эмч өрөөнийхөө цонхоор гадагш харангаа, – өнөөдөр ч усан бороотой өдөр байна даа, гэсэнчлэн бодон зогстол оодгор богино даашинзтай, царайлаг бас өндөр нуруулаг биетэй нэгэн бүсгүй шаагин асгарах бороонд норчихгүйг хичээнгүйлэн машиныхаа хаалгыг нээнгээ хурдан гэгч нь шүхрээ задлан дэлгээд гартаа барьсаар яаарангуй гэгч нь машиныхаа хаалгыг хурдан савж хаачхаад эмнэлгийн хаалга чиглэн хар эрчээрээ гүйх харагдлаа.
– Уянгаа эмч байна, сайхан бүсгүй шүү, яагаад ч юм бүү мэддээ,
сэтгэлд минь ихэд дотно байдаг нь юуны учир юм болдоо, гэсээр өөртэйгээ ярин хэсэг байтал өрөөнийхөн хаалгыг хэн нэгэн зөөлөн тогшоод хаалгыг нээснээ,
– Ганхуяг эмчээ таны өрөөнд орж болох уу, гэсээр Уянгаа эмч угийн сайхан инээмсэглэдэг хэвээр нүүр дүүрэн мишээсээр хаалганы завсраар шагайн харж зогсоно.
-Ор ор бололгүй яахав.
Уянга эмч өрөөнд орж ирэнгээ гар цүнхээ уудлаад алгуурхнаар нэгэн хуучирч элэгдсэн гэрэл зураг гаргаж ирээд,
-Эмчээ, би нөгөө танд дээр амлаж байсан шүү дээ, түүнийгээ хайж олоод аваад ирлээ, та хардаа энэ миний багын бүүр арван сартай байх үеийн зураг, гэсээр Уянга эмч хуруугаараа зураг дээрх нялх охиныг заан харуулав.
Ганхуяг эмч түүний хуруугаараа заах бяцхан охиныг харахаасаа илүүтэйгээр тэр нялх үрийг тэврэн суугаа залуухан сайхан эмэгтэйн зургийг хараад эгээтэй л ухаан алдахаа шахлаа. Тэрээр Ганхуяг эмч Уянга эмчид хандан,
– Энэ, энэ зураг чи хаанаас олж авсан юм бэ, бас ямар учраас энэ зураг чиний гарт орж ирэв, гэсээр үгээ эвлүүлж яадан утга учир авцалдаа нь үгүй үгс урсган догдлон бас гайхсан сонин өнгөөр асуув.
– Энэ эмэгтэй бол миний ээж,
нарт хорвоод намайг төрүүлсэн миний төрсөн ээж минь, би одоог хүртэл ээжийгээ хайсаар л байдаг юмаа мөн хэзээ нэгэн цагт уулзан учрах тэр цаг мөч ирнэ, гэдэгт ч итгэл төгс байдаг, Уянга эмч инээвхийлсээр ихэд баярлангуй яг бүүр одоо л төрүүлсэн ээжийгээ, тэр олон жилээр хайж сураглан байсан төрсөн эхээ олсон мэт хөөрөнгүй сэтгэлээр хэлэхэд,
– Сонин юм даа, гэсээр Ганхуяг эмч чичрэх гараараа халаасаа тэмтчин байсаар хайрцагтай тамхиа гаргаж ирээд нэгийг аван амандаа зуун асааж хэд хэд соронгоо гүн ихээр амьсгаагаа дотогш хураан байснаа алгуурхнаар буцаан үлээн гаргаад чив чимээгүй бүлх залгисан мэт тэрээр сандал дээрээ суугаад тамхиа үргэлжлүүлэн сорон татсаар байлаа.
– Дүү минь, чи ээжийгээ олсон, гэж хэлээд өөр юу ч хэлэлгүй Уянга эмчийн зүг ширтэн харлаа.
– Юу?, та Ганхуяг эмчээ та энэ зураг дээрх намайг тэвэрсэн байгаа миний төрсөн ээжийг минь таньдаг мэддэг юм уу? Та дуугараач дээ, таны хэлсэн үнэн үү, миний хоёр чих үнэхээр энэ бүгдийг сонссон минь үнэн үү, гэсээр Уянга эмч ихэд яаарангуй догдлонгуй аястай ч гайхшрангуу асуулаа.
Харин Ганхуяг эмч юу ч юм бэ дотроо бодолхийлэн хэсэг чимээгүй суух хэвээр, Уянга эмч хариу хэлэхийг нь тэсэн ядан хүлээн зүрх нь түг түг ..чангаар цохилон байв.
Тийм ээ, энэ чамайг тэврэн суугаа эмэгтэйг би танинаа, бүүр ч сайн танина. Чи миний төрсөн дүү минь юм байна шүү дээ, өчнөөн олон жил хоёулаа хамтдаа нэг дор ажиллаж ирсэн ч төрсөн ах дүүс гэдгээ харин мэдэлгүй явжээ.
– Ганхуяг эмчээ, тэгэхлээр та миний төрсөн ах болж таарлаа, ямар гоё бас гайхам юм бэ, ээж минь одоо хаана байна, та хурдан хариулаач дээ!
– Алив нааш ир! Миний хөөрхөн дүү минь, гэсээр Ганхуяг эмч суудлаасаа босон Уянгаа эмчрүү дөхөн очоод,
– дүү минь, бид чамайгаа ингэж олох гэж дээ, гэсээр аньсага дүүрэх баярын нулимсаа гараараа арчингаа Уянгаа эмчийг чанга тэврэн хоёр хацрыг нь ахын ёсоор үнсэв.
…Уянгаа эмч төрүүлсэн ээжийгээ л хайж байснаас өөрөөр ахтай үгүйгээ ч үнэндээ мэдээгүй явсан билээ. Тэрээр Уянга эмч мөн хариу тэврэн,
-ах минь, гэсээр баярын нулимсаа асгаруулан итгэж ядан дэвхцэн хөөрөн машид ихээр баярлаж байлаа. Хоёул бие биенээ тэврэн ер бусын нам гүмд оршин байтал, гэнэт хаалга нээгдэн бага эмч Булган өрөөнд орж ирэнгээ байдаг чангаар хашхиран,
– Тиймээ, би аль дээрээс л гадарлаад байсан юм, та хоёр их ч олон жил миний толгойг эргүүлж, олон жил нууц амрагууд явсан хоёр доо, одоо бүүр цагаандаа гарцгаасан юм биз дээ, хаалга үүдээ дотроос нь түгжихээ мартчихсан уу, хайрандаа бялуураад эргэн тойрноо та хоёр умартан байх чинь, гэсээр үгээ хурдан хурдан ар араас нь цувуулан өрөөгөөр дүүрэн цуурайтуулан зөрүүлээд ганц ч үг хэлэх ч чөлөө олголгүй хашхичсаар түрэмгийлэн Уянга эмчийн зүүн хацар дээр тас хийтэл алгадаад авав.
Харин Ганхуяг эмч догшрон ууртайгаар хашхичих эхнэрээ аль болох тайтгаруулах гэж оролдовч Булган эмч өөрийн буруу бодолдоо автсан хэвээр уурлан хашхичин байтал өрөөний хаалга дахин нээгдэж сувилагч эмэгтэй Оюун орж ирэнгээ,
– Та нар минь дуугаа аядацгаа, юу болцгоогоод хашхиралдаад унацгаав, цаана чинь коридорт сууцгааж буй үйлчлүүлэгч хүмүүс бүүр гайхацгааж байна. Та чинь одоо жаахан хүүхдүүд биш дээ, чимээгүйхэн учраа хоорондоо олцгоовол яасан юм бэ,.! гэж хатуухан хэлчхээд буцаад өрөөнөөс гарч одов.
Сувилагч эмэгтэйг өрөөнөөс гарч явсны дараа Булган эмч түр тайтгаран хажуу дахь сандал дээр суунгаа,
– Өдий олон жил бүхий л сайн сайхан, залуу халуун насаа, бие сэтгэлээ би зөвхөн чамд л зориулсаар ирсэн, тэгтэл чи намайг хуурсаар байж, гэсээр Булган эмч цурхиран уйлах нь голоо харлатал гомдож буйн илт ээ.
…Ганхуяг эмч Уянгаа эмч хоёул сандран,
– Үгүй дээ, хайрт минь, чи минь буруу ойлгоод байна. Энэ, энэ Уянга эмч миний дүү бүүр төрсөн дүү минь болж таараад байна, гэхэд Уянга эмч мөн дээр нь хүч нэмэн,
– Тиймээ, Булган эмчээ, та буруугаар ойлгоод байна, би төрсөн ахыгаа олчихлоо. Ганхуяг эмч миний төрсөн ах минь болж таарлаа, та
үнэмшихгүй байгаа бол энэ зургийг хардаа, гэсээр Уянга эмч өнөөх өөрийн төрсөн эхтэйгээ хамтдаа даруулсан элэгдэж хуучирсан хуучны багын гэрэл зургаа Булган эмчийн гарт атгуулж амжив.
Булган эмч зургийг хараад,
– Хадам ээж, гэсээр үгээ цааш дуусгаж амжаагүй байтал,
– Харин тийм, ээжийн минь залуугийн зураг байгаа биз дээ, ээжид тэврүүлсэн байгаа энэ жаахан охин манай Уянга эмч ингээд миний төрсөн дүү охин болж таарлаа, гэж Ганхуяг эмч сая нэг юм учрыг хэлж ойлгуулсандаа санаан амран мар мар хөхрөн инээснээ,
– Чи харин ингэж хардах гэж, гэхэд нь Булган эмч одоо л учрыг тунгаан өөрөөсөө жаахан ичисхийн,
– Уучлаарай намайгаа, ёстой том эндүүрэл болчихлоо, эвгүй байдал үүсгэснийг минь та хоёр минь өршөөгөөрэй!
– Зүгээрдээ, санаа зоволтгүй Булган эмчээ, үгүй, бэр эгч ээ,.хи хи, гэсээр Уянга эмч учраа олцгоосондоо баярлан инээвхийлэв.
Өнөөдөр чинь яасан ерөөлтэй өдөр вэ дээ. Буянтай хүн хур борооноор гэдэг дээ, алив одоо бүгдээрээ ээжийнхрүү хурдан очицгоое, ээж минь бөөн баяр болно доо, гэж Ганхуяг эмчийг хэлэхэд Булган эмч, Уянга эмч хоёр уухайн түүс, – тэгэлгүй яахав, явцгаая, ээж дээрээ очицгоое, гэсээр инээд хөөр болцгоон өрөөнөөс гарцгаахад түрүүнд орж ирээд хатуу
анхааруулан, чимээгүй учраа олцгоо, гэсээр гарч одсон сувилагч эмэгтэй Оюун коридорт зааланд дахин тааралдаад,
– Та гурав минь юу л болцгоогоод байна даа, нэг бол хашхиралдаад л нэг бол хөхрөлдөцгөөгөөд л, гэж дургүйцсэн аястай хэлээд тэдний хажуугаар шалавхан зөрөн өнгөрөв.
………………………………………………………….
Тэд сүнгэнэн яаран хурдалсаар ижийнхээ гэрт ирцгээлээ.
Амттан дүүрэн өрсөн баярын ширээний ард Ханд хөгшин одоо л нэг санаа нь бүрэн амран магнай тэнэгэр нүүрэнд нь инээмсэглэл тодрон ихэд баяртай сууна. Амьдралын эрхээр охиноо айлд үрчлүүлсэн ч үргэлжид зүрхэндээ үрээ гэх хайраа тээн явсан Ханд хөгшин баярлахын дээдээр баярлан тэрээр охиноо олсондоо хөөрцөглөн тэрээр хайртай охиноо байн байн үнсэн энхрийлэн тэврэн байлаа. Уянгаа эмч мөн адил төрсөн ээжийгээ бас ингээд ахтай байснаа мэдэж, хайртай хүмүүсээ олж чадсандаа хязгааргүй ихээр баярлан бүгд сэтгэлийн их жаргалд умбацгаана.
…Яагаад ч юм эмнэлэгийн бусад ажилчдаас онцлоод Уянга эмчид сэтгэл нь татагдаад ойр байдаг байсан минь ийм учиртай байж, хэмээн Ганхуяг эмч дотроо зурвасхан бодно.
Булган эмч ханиа харамлан Уянгатай хардан тэднийг байнга чимээгүйхэн тагнан араас нь нууцаар гэтэн байснаа дотроо бодонгоо хөх инээд нь хүрч өөрийгөө шоолонгуй байвч сэтгэл нь тайвшран баяртай сууна. Өн олон жилээр бие биенээ эрэн хайн үгүйлэн санан бэтгэрсэн эх үрс бие биенээ олж учран золгоцгоосон энэ ерөөлтэй өдөр гадаа хувин хувингаар цутгах мэт аадар бороо улам ширүүлэн асгаран орсоор л байлаа.
Харин гэрт халуун дулаан уур амьсгал дүүгэхийн зэрэгцээ хүмүүн бүрийн дотор наран мандсан жаргалтай амгалан тайван сайхан өдөр байна даа.

Зохиолч: Л. Энхтуяа

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх