Болжмор : Яргуйн хэнзхэн дурлал-1 /Өгүүллэг/

2018 оны 10-р сарын 20 өдөр, 12 цаг 59 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
da1079a9440ac283great

Сүрэн жаахан сандран бэлтгэлийн өрөөнд биеэ халаан зогсоно. Тэрээр “Яргуй” хүүхдийн урлагийн их наадамд ардын бүжгээр оролцохоор аймгаасаа шалгаран ирсэн билээ. Энд тал бүрээс цугласан авъяаслаг хүүхдүүд хуран чуулжээ. Бусадтайгаа зэрэгцэн том толинд харан сунгалтын дасгалаа хийж байтал түүний ардхан талд хотын цэвэрхэн цагаан хөвгүүн ярилцлага өгч байв. Тэрээр бушуухан босч холдон явах гэтэл сурвалжлагч бүсгүй хүрч ирэн наадмын өмнөх сэтгэгдлээсээ хуваалцана уу? хэмээн түүнээс асуухад Сүрэн хэсэг мэгдэн гэнэтийн асуултад юу хэлэхээ мэдэхгүй сандран зогсоно. Ядаж өнөөх хүү юу ярих нь вэ гэсэн шинжтэй хажууд нь зогсоод байдаг. Яагаад ч юм өөрийнхөө үг дуугарч чадахгүй байгаагийн буруутан нь энэ хүү юм шиг санагдаад сандарч тэвдэн юу ярьсанаа ч мэдсэнгүй. Нэг мэдэхэд сурвалжлагч бүсгүй баярлалаа хэмээгээд цааш явлаа. Сүрэн хэсэг азнаж байснаа нэгэнтээ уртаар амьсгаа аваад нөгөө хүүгийн байсан зүг өөрийн мэдэлгүй харвал аль хэдийн алга болчихсон бололтой харагдсангүй. Тэрээр яагаад ч юм урамгүйхэн санаа алдаад үргэлжлүүлэн халаалтаа хийж байтал наадам ч эхэллээ.
Хүүхдийн “Яргуй” наадам үнэхээрийн сайхан болж өндөрлөлөө. Тоглолтын дараа наадамд оролцсон бүх хүүхдүүдийг “Найрамдал” зуслан руу авч явав. Тэнд хүүхдүүд улам илүү дотно танилцан утас, хаягаа солилцоцгоов. Сүрэн алтан медаль хүртэж харин өнөөх хотын цэвэрхэн цагаан хүү дуугаар мөнгөн медаль хүртжээ. Түүний нэрийг Тэмүүжин гэх бөгөөд охидод л баймаар дүрлэгэр алаг нүд, өтгөн хөмсөг, цав цагаан царай, тас хар үстэй. Бас түүний биеэ авч яваа байдал цаанаа л нэг энгийн, хэнтэй ч инээмсэглэн уриалагхан аргагүй намбалаг харьцаж, цөөн үгээр бодлоо илэрхийлэн ярих чадвар нь ямар ч охидын нүднээс холуур өнгөрч чадахгүй байлаа. Сүрэн ч гэсэн хотын тэрхүү хөөрхөн хөвгүүнийг сэмхэн харуулдана, тэгэх төдий цээжин тушаа газар нь үл ялиг догдлоход өөрийн эрхгүй хацар нь улайн доош харлаа. Сүрэн багаасаа бүжгээр хичээллэсэн. Намхан л болхоос өөлөхийн аргагүй тэгш биетэй, жижгэвтэр жартгар ч гэлээ өөрт нь зохисон хар нүдтэй бордуу охин. Тэмүүжин ганцхан түүнийг л тойроод бусадтай нь харьцаад байгаа юм шиг санагдахад ямарч хамааралгүйг нь мэдсэн ч гэсэн дотор нь нэг л сонин гомдох сэтгэл төрөөд ирэв.
Хаалтын үдэшлэг болж хүүхдүүд хөгжилдөн бүжнэ. Бүгд урлагийн хүүхдүүд болохоор айж эмээх зүйлгүй нүүр нь хагарсан нь илт. Сүрэн наадамд оролцоно хэмээн ээжийнхээ баярлан байж авч өгсөн богино дэрэвгэр даашинзаар гоён найз охин Хашаагийн хамт хөтлөлцөн бусадтайгаа нийлэн инээж хөхрөлдөн, дуулж хуурдаж байсан ч нэг л мэдэхэд нүдээрээ нөгөөх л хүүг өөрийн эрхгүй хайн зогсож байлаа. Тэмүүжин хүүхэд бүртэй бүжиглэж, тэгэх мөртөө байн, байн хөлсөө арчиж буй нь харагдана. Тэрээр Сүрэнг урих нь бүү хэл харсан ч үгүй. Харин түүний найз Хашааг хоёр ч удаа урин бүжиглэлээ. Тэр хоёр инээлдэн Хашаа түүнд зогсоо зайгүй юм ярьж буй бололтой өөрөө тачигнатал инээд алдахад Тэмүүжин тэрүүхэн тэндээ инээмсэглэж харагдана. Сүрэн тэр бүхнийг хараад урамгүйхэн өрөөндөө очдог юм билүү хэмээн бодож байтал сүүлчийн бүжиг хэмээн зарлалаа.Сүрэн за дуусахын хооронд хэмээн бодон бусдыгаа харан тэрүүхэндээ бүжиглэмэр аядан зогсож байтал Тэмүүжин ирж түүнийг урив. Сүрэн сандарсандаа чичрэн өөдөөс нь ч харж чадахгүй доошоо харан хөлөө арайхийн зөөж тавина. Түүний зүрх нь даашинзных нь цаанаас хүчтэй цохилход тэрээр Тэмүүжинг мэдчих вий гэсэн аятай амьсгаагаа түгжин бага багаар нь гаргаж байв. Тэмүүжин түүнээс юм асуухад ганц хоёрхон үгээр хариулна. Тэрээр урьд нь ямар ч уралдаанд орсон ингэж сандарч байгаагүйгээ санав. Тэгтэл ч ая дуусч Тэмүүжин талархсанаа хэлээд өөдөөс нь харан эрэгтэй хүүхэд гэхэд гайхалтай сайхан инээмсэглэв. Хүүхдүүд шүгэлдэн гуйсаар дахин нэг ая сунгах боллоо. Тэмүүжин Сүрэнд хандан
Уучлаарай, дургүйцэхгүй бол дахин бүжиглэх үү? Бүжигчин охины хөлд чирэгдээд байгаа болов уу хэмээгээд түүний өөдөөс харвал Сүрэн бушуухан толгой дохиод инээхэд хацар нь жаргаж буй нарны тэнгэрийн хаяа адил улаа бутран халуу дүүглээ. Энэ удаа харьцангуй бие нь тайвширан хоёул нэрээ хэлэлцэн сурдаг сургууль, сонирхол, наадмын талаар гээд ойр зуурын овоо хэдэн юм ярилцаад авлаа.
Сүрэн Дархан буцахаар хамт ирсэн нөхдийн хамт жижиг микроны арын цонхон талд Хашаагийнхаа дэргэд суун мөрөөдөлд умбана. Тэрээр замын туршид ганцхан Тэмүүжинг бодон явсаар. Сүрэн аймагтаа л хөөрхөн охин гэггдэг, түүнд сургуулийнх нь төдийгүй өөр сургуулийн гээд энд тэндээс олон хөвгүүд ирж үерхэж нөхөрлөхийг гуйдаг ч хэн нь ч Тэмүүжин шиг сэтгэлийг нь хөдөлгөж байсангүй. “Сонин юм даа, бүр анх хараад, огтын таньж мэдэхгүй хүүд шүү. Нөгөө анхны харцаар дурлана гээч нь л байх даа. Би нээрээ яасан бүтэхгүй юм мөрөөдөж явдаг юм бэ. Хаа хамаагүй холын хүүхэд, тэгээд нэг л удаа бүжиглэж, хэдэн үг сольсноос хэтрээгүй байж. Яаж ч бодсон яагаад ч бүтэхгүй юм мөрөөдөж явах гэж” хэмээн бодлоо. Тэгсэн ч гэлээ Сүрэн нэг л мэдэхэд сайхан мөрөөдөлд автан өөрөө ургуулж бодон тэгэх бүртээ нүүрэндээ инээмсэглэл тодруулан явна. Хажууд нь сууж явсан Хашаа гайхан түүнийг нудчин
Хүүе чи зүгээр үү. Алтан медальтай харьж байгаа хүн ч баясгалантай байхгүй гээд яахав. Цааш нь инээ, инээ гээд өөрөө юуг нь ч ойлгоогүй байж даган инээлээ. Хашаа бол түүний найз. Хоёулаа багаасаа бүх юман дээр хамт байж ирсэн. Яг л нэг гэрийн хоёр шиг сайн найзууд. Хашаа их шартай болхоороо байнга л Сүрэнтэй барьцан хичээнэ. Тэрийгээ өөрөө ч бодож санах зүйлгүй шууд хэлчихдэг, сэргэлэн нь дэндсэн охин. Сүрэн тэр хоёр бараг арван хэдэн жил үерхэж байгаа сайн найзууд билээ. Хашаа гэнэт Сүрэнг нудчин
Сүрээн, тэр Тэмүүжин их дажгүй хүү байгаа биз. Найз нь бүжиглэж байхдаа нилээн дотно танилцаад утасныхаа дугаарыг хүртэл солилцоод авсан шүү… хэмээн хөөрөнгүй хэлэв. Сүрэн хэдий хэний тухай ярьж байгааг нь мэдэж байсан ч мэдэхгүй байгаа дүр үзүүлэн
Хэн гэнээ? ямар Тэмүүжин… ингэж асуухдаа тэрээр өөрийгөө хэрхэн догдолж байгааг аль болох мэдэгдэхгүйг хичээв. Хашаа өөдөөс нь
Яагаав дээ, дуугаар мөнгөн медаль авсан, хотын цэвэрхэн хүү байсан даа. Аан тийм сүүлийн хоёр бүжгэнд чамтай хамт бүжиглэдэг
Аан, тэрийг Тэмүүжин гэдэг билүү. Би сайн нэрийг нь анзаараагүй юм байна. Ингэж хэлээд Сүрэн цонх руу харлаа. Түүний дотор гэнэт харанхуйлаад ирэв. Хашаа хажууд нь Тэмүүжингийн талаар зогсоо зайгүй шивнэн магтаж гарна. Сүрэн болдогсон бол дуугүй байгаад өгөөч хэмээн хашгирмаар, эсвэл яагаад ч юм уйлмаар болоод ирэв. Хашаа Сүрэнг гайхасхийн харсанаа яриа нь сонирхолгүй байгаа юм байх хэмээн бодоод
Чамайг эргүүлдэг тэр олон маанаг хараас чинь хэдэн зуун хувь илүү за найз минь хэмээн инээснээ гэнэт хажуудаа хүмүүс байгааг анзааран чимээгүй боллоо.
Сүрэн хэсэг чимээгүй сууснаа гэнэт өөрөөсөө ичих шиг болов. Юу ч болоогүй байж юун ч их юм боддог юм. Даваахүү эгч ээжид нь юу гэдэг байлаа: Учрах тавилантай бол алсын газар байлаа ч учирна, харин тиймгүй бол хажууд чинь хамтдаа байсан ч учирдаггүй юм гэж байсан. Сүрэн ингэж бодоод Хашаагийнхаа өөдөөс харан гүнзгий амьсгаа аван инээмсэглээд бөөрөнд нь наалдан хоёул наадмын сонин хачин ярилцан явсаар гэртээ ирлээ.
Сүрэн гэртээ их л цоглог орж ирэв. Тэрээр энгэртээ медальтай, сэтгэлдээ бодох хүнтэй, ээждээ шагналынхаа мөнгөөр авсан хүзүүний ороолттой ирж байгаадаа хөөрөн баясана. Ээж нь ч ганц охиноо ороод ирхэд нь нүдэндээ нулимс цийлэгнүүлэн
Миний муу өөдөсхөн бор охин овоо ш дээ, ээж нь охиноороо ямар их бахархаж байна аа хэмээн үнслээ. Алив үр минь гараа угаагаад ширээндээ суу. Ээж нь дуртай хоолыг нь хийсэн. Сүрэн өрөөндөө орж хувцасаа солин гараа угааж байтал ээж нь тэндээс миний охион медалиа зүүгээд ороод ирээрэй хэмээн дуудав. Сүрэн хариуд нь
Та харчихсан юм чинь өөр хэнд харуулна гэж зүүх юм бэ… за за тэгье ээ ээжээ… Сүрэн ээжийнхээ үгнээс ер зөрдөггүй байв. Тэрээр мэдээ орох цагаасаа л ааваасаа тусдаа өсчээ. Учрыг нь асуумаар байвч ээж өөрөө хүсвэл хэлнэ биз зовоогоод яахав гэж бодоод үл дурсана. Тэгээд ч ээж нь Сүрэнгийн л төлөө гэж яаж зүтгэж явдагыг тэрээр мэдэх билээ. Аав нь хүүхдийн баяр юмуу, төрсөн өдрөөр нь ямар ч ажилтай байсан заавал ирдэг байв. Тэр тоолонд ээж нь юу ч болоогүй юм шиг инээж байгаад гараад явсан хойно нь Сүрэнгээс нуун нулимсаа арчиж байсныг олонтой харжээ. Тэрээр энэ удаа яагаад ч юм аавыгаа ихээр саналаа. Тээр нэг жилийн Майн баярын жагсаалаар аав нь ирэн гурвуулаа хамтдаа жагсаалд оролцож билээ. Сүрэн тэгэхэд эхний бөгөөд сүүлийн удаа аавынхаа хүзүүн дээр суун, ээж нь хажууд нь мөрийг нь түшин гурвуулаа жаргалтай инээж байгаад зурагаа авхуулж байж билээ. Тэр баяр түүний хувьд сэтгэлд нь тодоос тод үлдсэн гэгээн дурсамж… ийнхүү хөнгөн гунигт автан санаа алдан зогстол ээж нь хүрч ирэн
Зүгээр үү ээжийн бор охин… ядраа байлгүй хоолоо идчихээд эртхэн амар хэмээгээд өнөөх л сайхан үнэр шингэсэн энгэрээ хамарт нь ойртуулан зулай дээр нь удаан гэгч нь үнэрлэн үнслээ. Сүрэнд энэхэн мөчид энэ хорвоо дээрхи хамгийн сайхан хэзээ ч мартагдахгүй, дахин давтагдахгүй үнэр энэ л үнэр… ээжийн минь энэ л үнэр хэмээн бодогдон тэрээр ээжийнхээ суган доогуур нь гараа оруулан энгэрт нь наалдан сайн гэгч нь үнэрлээд авлаа. Нандин охиноо өхөөрдөн харсанаа: Миний охин чинь ээжийгээ саначихаа юу даа… ийм том болсон охин чинь
Тиймээ, таныг зөндөө их санасан. Надад ганцхан та минь л байгаа шүү дээ гэтэл Нандин хулмалзан за хоолоо ид хөрчихлөө хэмээв. Сүрэн медалаа хангинуулсаар том өрөөнд ортол өөдөөс нь ёслолын буудлага хийн өнгө, өнгийн цаасаар буудуулан аав нь хүү, охин хоёртойгоо угтан авлаа.
Сүрэн аавыгаа хараад бас гэнэтийн бэлэгт баярлан улам илүү догдлов. Тэр орой хэдүүлээ жаал сууж байгаад аав нь хүүхдүүдээ аван охиноо үнсээд харихаар гарав. Сүрэн ээжтэйгээ хамжилцан аяга тавгаа цэвэрлэнгээ наадмынхаа сонинг хуучилна. Нандин охиноо харсанаа нэгэнтээ санаа алдаад: Миний охион өнөөдөр ээжтэйгээ унтчих тэгэх үү хэмээн гуйв. Сүрэн уг нь орондоо орон Тэмүүжинг бодохыг хүсч байсан ч ээжийгээ гомдоохоос эмээн зөвшөөрлөө. Ээжийнхээ халуун өвөрт хэвтэн энгэрт нь хошуугаа наан хэвтэх юутай жаргалтай.
Ээж ээ та унтаж байна уу?
Үгүй ээ, яасан миний охин?
Аан, зүгээр л. Ээжээ таньд хэцүү байдаг уу ?
Юу тэр вэ, миний охион
Аав ингээд ирж очоод байх, бас дүү нарыг дагуулаад юу ч болоогүй юм шиг байгаад байдаг нь.
Үгүй дээ үр минь. Тэр чинь чиний эцэг шүү дээ. Хүссэн үедээ охин дээрээ ирэх эрхтэй хүн.
Би мэднээ. Та надад хэлсэн ш дээ. Хоёр дүү бид гурвын цусаар нэг л цус гүйж байгаа гэж
Тиймээ, миний охин ухаантай охин. Чи минь л сайн явж байвал ээжийнх нь баяр баясал тэр. Миний охин чинь багадаа их өвдөж ээжийгээ мөн их сандаргадаг байсан даа.
Хөөх, тийм үү. Миний санахын би их л туниа муутай хүүхэд байсан шиг. Та надад яриад өг л дөө тэгэх үү. Би одоо жаахан охин биш ш дээ. Ингээд аравдугаар ангид орж байгаа том аниа юм чинь. Таныгаа яаж зовоож байснаа мэдэх хэрэгтэй биз дээ.
Нандин нэгэнтээ санаа алдсанаа тэртээх он жилийг нэхэн санаж хаанаас эхлэхээ мэдэхгүй бодолд дарагдав.

Байгалмаа Цэнд

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх