Болжмор : Яргуйн хэнзхэн дурлал-3 /Өгүүллэг/

2018 оны 10-р сарын 22 өдөр, 13 цаг 07 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
da1079a9440ac283great

Ганхүүгийн гэрийнхэн Нандинг их сайхнаар угтан авав. Ганхүүгийн ээж угийн ихэмсэг зиндаархаг хүн тул эхэндээ нэг их ойшоодоггүй байв. Гэлээ гээд яахав ганц хүү нь өөрөө хайртай гээд сая тусдаа байсан хэсэг хугацаанд архи уун яаж зовоож байсныг нь бодхоор найрсаг байхаас өөр арга байсангүй. Харин аав нь Нандинд үнэхээр сайн охин минь гээд л байгаа бүхнээ барьдаг хүн. Тэгээд ч Нандин, Ганхүү хоёр оюутан байхаасаа үерхсэн болхоор хаа нэг орж гарсаар гэрийнхэнийг нь мэддэг болсон байв. Ганхүү шууд л гэртээ очин Нандинд хандан
Одооноос эхлээд чи миний эхнэр эндээ хамт амьдарна.
Нандин гэр цэвэрлэж байгаад санамсаргүй хөхөндөө хүрвэл хөндүүрлэхэд биений юм нь ирээгүй их удаж байгааг саналаа. Тэрээр одоо ирэх гэж байгаа юм болов уу. Сая чинь хэдхэн сарын дотор юу болоод өнгөрөвөө хэмээн зүүд ч юм шиг өнгөрсөн өдрүүдээ бодон инээмсэглэн байлаа. Нандин хэд хэдэн газар ажилд орхоор анкетаа бөглөчихөөд хүлээх хоорондоо энэ айлын нэргүй зарц хийж өнжинө. Ганхүүгийн нэг хэцүү юм нь орой болгон түүнийг оролдоно. Хэдэн цагт ч байсан хамаагүй. Уг нь гайгүй л байсан даа хэмээн бодсоноо… нээрээ ч оюутан байхдаа ямар одооных шиг байнга хамт байдаг байсан биш юугаа ч мэдэхэв дээ хэмээгээд дуугүйхэн аяыг нь тааруулсхийгээд л өнгөрөөдөг байв.
Хэд хоногийн дараа амралтын өдөр тэд гэр бүлээрээ ширээ тойроод хооллож байтал хадам ээж нь Нандинг их нухацтай харж байснаа
Нандиан, чиний бие чинь зүгээр үү?
Аан зүгээр байгаа, яасан э… гээд цааш хэлж чадахгүй гацчихав. Ээж гэх гэсэн нэг л амнаас нь гарсангүй. Ээж хэмээх энэ үгийг хэлэлгүй зөндөө удсан болхоор хэлэх л юм бол уйлчих юм шиг санагдаад байв.
Чи нэг үзүүлсэн нь дээр байх аа. Жирэмсэн болсон шиг л байна даа гээд халбагаа ширээн дээр тавьлаа. Нөгөө хоёр
Юу…………. нээрээ гэж үү хэмээн зэрэг дуу алдан Нандингийн өөдөөс харвал Нандин хацар нь улаа бутран
Би харин сайн мэдэхгүй байна аа, юм ирэхгүй байгаа хэмээн сулхан дуугараад доош харлаа. Ганхүү хөөрөн би аав болох нь… ямар сайхан юм бэ хэмээгээд Нандингаа барьж аван үнстэл тэрээр ээж, ааваас нь санаа зовсондоо бушуухан түлхээд аяга тавагаа хураан гал тогоонй өрөө уруу явлаа.
Нандинг маргаашнаас нь шууд хяналтанд оруулж ажил төрөл бүгдийг нь болиулав. Цаг хугацаа өнгөрдгөөрөө өнгөрсөөр нэг л мэдэхэд амаржих хугацаа болж намрын налгар тэр нэг өдөр Нандин охинтой боллоо.
Ганхүү болон аав нь бөөн баяр хөөр болон хөл алдана. Харин ээж нь нэг л янз муутай нэгийг бодсон шинжтэй. Тэрээр дөнгөж төрсөн охиныг хараад ч өөрийнх нь бодол үнэн мэт санагдахад эргэлзээ нь улам даамжирав. Ганхүүгийн аав бэрийнхээ хүсэлтийн дагуу бяцхан охинд Сүрэн хэмээн нэр хайрлав. Сүрэн охин өдөр өдрөөр торнисоор. Тэгэхдээ яагаад ч юм их бие султай, туниа муутай охин байв. Байсхийгээд л өвдөнө. Нандин Ганхүүгийн ээжийн тооцоолж байснаас хоёр сарын өмнө төржээ. Гайхан эмчээс нь дутуу төрчихөв үү хэмээтэл үгүй хугацаандаа төрсөн гэнэ. Сүрэн төрсөнөөсөө хойш хоёр сар гарантай байхдаа гэнэт ихээр халууран эмнэлэгт хэвтэв. Цэвэлмаа авгай тэр хоёрыг эргэж оччихоод эмчтэй нь уулзан хүүхдийн цусны бүлгийг тогтоож өгөхийг аминчлан хүслээ.
Цэвэлмаа шинжилгээний хариуг тэсч ядан хүлээн найзынхаа өрөөнд сууна. Яагаад ч юм түүний таамаглал үнэн юм шиг бодогдоод, тэгэх тусам нь бушуухан хариуг нь харж сэтгэлээ амраамаар санагдаад байлаа. Найз нь утсаар нь дуудан 203 тоотод хүрээд ир хэмээн яаж ирхийг нь зааж өглөө. Нэгдсэн 1 дүгээр эмнэлэгийн ард байрлах “Цусны бүлэг тогтоох” гэсэн хаягтай хаалгаар орохдоо Цэвэлмаагийн хөл нь гуйвлан зүрх нь тэсэхүйеээ бэрх цохилно. Түүнд хариуг хэлтэл тэрээр гэнэт тайвширчихав. Яагаад гэж ч бодсонгүй баярлалаа хэмээн тэр хоёртой салах ёс хийгээд хариугаа харан царай нь татвас хийснээ машинаа асаан шууд эмнэлэг явлаа.
Нандин Эх нялхсын хүлээлгийн өрөөний сандал дээр доош харан нүүрээ даран уйлсаар. Цэвэлмаа ч хэлэх үгээ хэлэн эмнэлэгээс гарч байгаад өөрөө учраа тайлбарлана биз. Манайх удмаараа ариун голомт шүү. Ичдэггүй хүүхэн яаж чи ийм байж манай босгыг алхаж чадаж байнаа хэмээн тас шилбүүрдээд жижиг цүнхээ ууртайяа уудлан энэ хариу надад байж байг хэмээн далд хийгээд эргэж ч харалгүй гараад явчихав. Нандинд хэлэх ч үг олдсонгүй. Тэрээр “Яасан хатуу хорвоо вэ. Яагаад ийм юм болчихвоо. Болдоос л боллоо. Болд хэрэв байгаагүй бол, Болд тэр өдөр ирээгүй бол, Болд манайд хоноогүй бол… хэмээн зүхэж байснаа арай тайвширсаныхаа дараагаар… Үгүй, энд Болдын буруу огт алга. Намайг л гээд сэтгэлээрээ байсан хүн. Би өөрөө л ёстой тэнэг юмаа… яахаараа өдий насалчихаад юу ч мэдэхгүй зүгээр л хамхуул шиг хийсээд байдаг байна аа. Би одоо яах вэ… Ганхүүд яаж хэлэх вэ. Охиноо аваад яв гэвэл нутагтаа л очих байх даа. Тэнд очоод Болд надад итгэнэ гэж үү… Тэгээд ч би Болдтой амьдарч чадна гэж үү ???” хэмээн элдэвийг бодон сууна.
Гэнэт охин нь часхийн уйлж түүний бодлыг сарниулав. Нандин яаран охиноо авсанаа энгэртээ наан хөхөө хөхүүлэнгээ өөдөсхөн жаахан үрээ харах тусам өр нь эмтэрнэ.
Охин минь яана даа. Тэнэг ээжээсээ болж миний охин зовох нь дээ. Аав нь хойд аав гэдгээ хир хүлээн зөвшөөрөх бол… ийнхүү бодох тусам нүднээс нь том, том нулимс дуслан охины нимгэн өлгийд нэвчисээр. Бяцхан охин ч юу л болоод байна даа гэсэн янзтай хэнгэнэтэл эхэр татан санаа алдана.
Нандин, Сүрэн хоёр эмнэлгээс гарлаа. Тэр өдөр хадам ээж нь ядаж байхад бараг үг дуугарсангүй. Ганхүү ажилтай оройхон ирнэ гээд. Хадам аав нь л наана цаана нь гаран Сүрэнтэй эрхлэн тоглоно. Аав нь Сүрэнтэй тоглож байгаад
Миний бор охин чинь хэнтэй ч адилхан юм бэ дээ… манай ээжтэй л адилхан харагдаад байх юм. Муу ээж минь хүрээд ирсэн юм биш байгаа даа… хэмээтэл Цэвэлмаа тэндээс
За чи юу мэддэгтээ олон юм яриад байгаан. Харваас манайхны төрөл биш л байгаа биз дээ. Эхийнхээ талыг дуурайсан юм байгаа биз… ингэж хэлэх нь Нандингийн зүрхийг хөрөөгөөр хөрөөдөх шиг болов. Тэр сацуу өөрийн эрхгүй нүдэнд нь нулимс тороод ирлээ. Галсан Цэвэлмаа уруу гайхан хараад
Чи юу яриад байгаа юм, наад хэл үгээ бодож ярихад яадаг юм. Энэ хоёр чамд ямар гэм хийчихээв.
Чи юугаа мэддэгтээ өмөөрөөд байгаа юм. Ямар гэм хийснээ ичихгүй бол наад хүүхэн чинь өөрөө хэлнэ биз.
Гэм хийсэн байлаа ч яадаг юм, чи наад ааш авираа татвал таарна. Ганц хүүгийнхээ эхнэр хүүхдэд аятайхан ээж шиг нь биш юмаа гэхэд эгч шиг нь хандаад байж чадахгүй байна уу?
Хүн, хүн шиг байвал би зүгээр л байна.. Чи ер нь яагаад надруу дайраад байгаа юм бэ?, Нандин гуай чиний бах чинь ханаж байна уу, энэ гэрт сүүлийн хэдэн жил ийм хэрүүл гарсангүй… чи ямар бузартай хүүхэн бэ… хэмээн хашгичиж гарав.
Нандин юу ч хэлж чадалгүй чичрэн охиноо тас тэврэн хярсан туулай шиг нугдайн нулимстай нүдээр тэр хоёрыг ээлжлэн харж хаашаа ч хөдөлж чадахгүй зогсоно. Энэ үед гаднаас Ганхүү орж ирэв. Тэрээр гэртээ их дуун гарахад гайхан бушуухан орж ирээд байдлыг харан дор нь ойлгоод Нандинг охиноо аваад өрөөндөө очиж бай хэмээгээд өөрөө үлдлээ. Нандинд энэ бүх явдал хар дарсан зүүд шиг л байв. Тэрээр бүр энэ маань хар дарж байгаа зүүд байгаасай хэмээн залбирах нь холгүй байдгаараа чичрэн охиноо хөхүүлэх гээд чадахгүй сандрав. Ганхүү ээждээ хандан
Та яах гээд байгаа юм бэ ээж, манай хоёр таньд ямар гэм хийсэн юм. Харин ч нялх биетэй гэлгүй энэ айлын бүх л юмыг хийж яваа байх. Таньд тээртэй байвал бид гурав хөлсний байр ч болов аваад тусдаа гаръя. Би Нандингүйгээр амьдарч чадахгүй…. гээд үг хэлэхийн зуургүй өрөөнөөс гаран угаалгын өрөөнд орлоо. Цэвэлмаа нэг хэлэх гэснээ хүүгийнхээ занг хэнээс ч илүүтэй мэддэг болхоор арайхийн шүдээ зуун дуугүй өнгөрөв. Сүрэн овоо торнисон ч туниа муутай жижигхэн хэвээрээ тэгсэн хэдий ч тэр гэрийн ганц хөгжөөн баясгагч нь байв. Цэвэлмаа Нандинтай бараг үг дуугарахаа больж шаардлагатай үед товчхон хэдэн үг хэлээд хүйтэн хөндий харьцах нь хэзээ үнэнээ хэлэх гэж байна, чамайг хэлэхгүй бол би хэлж чадна шүү хэмээж байгаа мэт хурц нүдээр шөвөгдөн шилбүүрдэнэ.
Сүрэнд агаар ус хэрэгтэй, хэмээгээд зуслангын байр хөлслөн тэр гурав зусланд гарлаа. Нэг орой Ганхүү харихаасаа өмнө хотынхоо байраар орон усанд орчихоод явъя хэмээгээд ортол ээж нь байж байлаа. Тэр хоёр ойр зуурын юм ярьж байгаад Ганхүү ээжээсээ уучлал гуйтал Цэвэлмаа ч гэнэт ихээр уйлж гарав. Ганхүү сандран
Ээж яасан бэ, битгий уйл л даа. Хүүгээ үнэхээр уучлаарай. Та өвдөж зовоогүй биз… хэмээн урд хойно нь гаран гүйнэ. Цэвэлмаа ч одоо л яг цаг нь гэдгийг мэдэн эртнээс бэлдээд хүлээж байсан гайтай шүүгээ уруу заан тэндээс ээждээ эм аваад өг хэмээв. Ганхүү ч огло харайн заасан шүүгээг онгойлготол эм биш харин эмнэлэгийн хоёр бичиг байлаа.
Ээж, энд чинь эм байхгүй байна ш дээ эмнэлгийн бичиг л байна. Та өвдөө юу, энэ юу вэ?
Наадхаа аваад ирээ, миний өвчний шалтгаан. Сайн унш даа. Би угаасаа цаашаа тэвчихгүй нь. Наад хүүхэн чинь чамаар тоглоод байна. Би ганц хүүгээ зовж байхыг хармааргүй байна. Сүрэн чиний охин биш…. хэмээн ар араас нь аажуухан хэллээ.
Юу… та эрүүл үү, юугаа яриад байгаа юм бэ… Цэвэлмаа юу ч хэлсэнгүй. Ганхүү чичирсэн гараар хоёр хариуг харан би энийг чинь ойлгохгүй юм байна. Энэ юу юм хэмээн хашгичив. Цэвэлмаа аль болох биеэ барихыг хичээн ар тийш нь эргүүлээд хардаа гэв. Ганхүү эргүүлж харан эмчийн бичсэн тодорхойлолтыг уншаад толгойтой үсээ барин……….. Яагаад…….. яагаад…… хэмээн хамаг байдгаараа орилж байснаа: Чи муу новш яаж чадаж байнаа хэмээсээр шүдээ хавиран гэрээс гарлаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх