Тэнгэр заяатай монголчууд утаанд хордож үхнэ гэвэл гонж

2018 оны 10-р сарын 24 өдөр, 10 цаг 09 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
utaa_large

Сүүлийн 20 гаруй жилд Монголын нийгмийн зиндаа дээгүүр давхаргынхан,УИХ-ын эрхэм гишүүд, сайд дарга нар утаа ярьж цагийг “зугаатай” өнгөрөөж байна. Харин ард түмэн утаандаа хордож үхдгийн даваан дээр хаврын салхитай золгож амь аврагддаг болсон. Монголчууд өөрсдийгөө  тэнгэр заяатай гэдэг болохоор хордож үхнэ гэдэг гонж. Яаж ийж байгаад л хаврын хавсаргыг үздэг болсон нь нүгэлгүй үнэн билээ.

Энэ жилийн утааны эсрэг тэмцэлд босогчдын зардал 54 тэрбумаар хэмжигдэж буй. Даанч их мөнгийг салхинд хийсгэх бололтой. Халуун зунаар эхэлсэн утаа шүүх цахилгаан шүүлтүүрийн асуудал одоо оргилдоо хүрч байна. Жилийн жилд дарга нар утаа гэж баахан ярьж байгаад эхнэр хүүхдээ дагуулаад ганцхан өдөр гадаад руу сүнхийтэл нисэж оддог. Утаа арилахаар тэд ирнэ.

Утаандаа хахаж цацаж арай ядан байхад айл болгоныг утаагүй зуухтай болгож байна, утаагүй түлшээр хангаж байна гэсэн үлгэр домог мэт  яриа,хөгийн жижиг сажиг үзүлэх тоглолт жилийн жилд олныг залхаав. Энэ бол утаагаар бизнес хийдэг элдэв янзын аргын цөөн нь. Хар ухаанаар бол гэр хорооллыг утаагүй зуухтай болгосон, утаагүй түлш хашаанд нь овоолоод өгчихсөн,тэгэхээр өөр юу хэрэгтэй гэж.

Тэгвэл энэ жилийн хувьд утаатай хэрхэн тэмцэх вэ гэвэл,Хятадын “HAIER” компаниас нэг бүр нь 500 мянган төгрөгийн үнэтэй яндангийн шүүлтүүр худалдан авч , гэр хорооллын 100 мянган айлд тавиад утаа бууруулах мэргэн санааг У.Хүрэлсүхийн багийнхан бодож олжээ. Үүнд татвар төлөгчдийн мөнгөнөөс 54 тэрбум төгрөг зарцуулах гэнэ. Хэрвээ ийм шүүлтүүр тавиад утаанаас салдаг байсан бол Хятадын Бээжин үндэсний үйлдвэрийнхээ шүүлтүүрийг тавиад утаанаас салчихгүй яасан юм бол гэж эргэлзэх хүн олон. Гэвч эргэлзээд яалтай. Эрхмүүд “иднэ” л гэсэн бол юу ч тэднийг зогсоохгүй. Асуудал дээр нь дөрөөлж, айдас хүйдэст автуулж байгаад “ашиг хийдэг” манай эрх баригчдын увайгүй бодлого өнгөрсөн 10 гаруй жилд 1 их наяд төгрөгийг салхинд хийсгэжээ. Үрэн таран хийсэн гэхээсээ илүү ашиг олж, хагартлаа баяжсан гэвэл үнэнд нийцнэ.

Энэ удаа өмнөхөөсөө улам үнэмшилтэй арга сүвэгчилсэн бөгөөд тэр ажлыг Н.Цэрэнбат гэгч ухаантай эр толгойлж буй. Өдөр алгасахгүй телевизийн бүх сувгаар шүүлтүүр рекламдах сайдаас үнэндээ уйдлаа. Гэвч яалтай. Нээрээ утаагүй өвөлжчих юм биш биз хэмээн битүүхэн горьдоостой. Уг шүүлтүүр нь цахилгаанд залгаж ажиллана. Хоногт 2,5 квт-ын цахилгаан зарцуулна гэнэ. Ингэхээр нэг айл сард хамгийн багадаа 25-30 мянган төгрөг зөвхөн шүүлтүүр ажиллуулсныхаа төлөө төлнө. Нүүрс,цахилгааны төлбөрөө яая гэж байхад бас дээр нь мөнгө. Хоногт 2 квт-ын цахилгаанаар жижиг гэрийг дулаацуулах цахилгаан халаагуур манай зах зээлд өчнөөн бий. Заавал нүүрс тэй зууралдах ямар ч шаардлага байхгүй. Цахилгаан халаагч залгаад л бараг утаа шүүх мөнгөөрөө гэрээ дулаацуулчихна. Гэтэл Н. Цэрэнбат сайдын дэвшүүлж байгаа санаагаар бол гэр хорооллынхон 2 дахин илүү төлөх нь л дээ. Утаа үйлдвэрлэгч нүүрсээ худалдаж авна. Түүнийхээ утааг устгахын тулд шүүлтүүр ажиллуулж мөнгө төлнө. Энэ бол монгол төрийн бодлого биш. Мөнгөний төлөө нүдээ ухахаас буцахгүй хэдхэн хүмүүсийн л бизнес. 30 гаруйхан насандаа 30 гаруй компанид эзэн суусан Н. Цэрэнбатын бизнесийн золиос нь ядарсан гэр хорооллынхон болж таарах нь. Ашиг л олж байвал ард түмнийг босч чадахгүй болтол нь гишгэлэх санаатай ийм увайгүй амьтныг сайд болгодог гайхамшигтай цаг иржээ.
Сүүлийн хэдэн жилийн өвлийн амьдрал тэсэхүйеэ бэрх байгаа. Утаа бол эрхэм дээдсүүдэд тийм ч том асуудал биш. Монголын бийлэгжүү баячууд, төрийн томчууд тэдний гэр бүл,үр хүүхдийн  утааны улирлын амьдрал гадаадад эсвэл Тэрэлж, Гацуурт, Санзай,Хандгайт,Шаргаморьтод үргэлжилдэг болохоор утааны голомтод өвөлжихийн зовлонг үл эдэлнэ бас үл мэднэ. Тийм атал ард түмэнтэй адил зовж байгаа мэт УИХ дээр цэцэрхэн мэдэмхийрэх нь шог ч юм шиг.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн жил агаарын бохирдолтой холбогдуулан Онц байдал зарлах саналыг УИХ-д хүргүүлж, утаагаар бизнес хийгчдийн тухай анх удаа олонд дэлгэж байсан. Түүний ярьж байснаар Монголд  утаатай холбоотой зовлон дээр бизнес хийдэг маш том улс төр, бизнесийн бүлэглэл гарсан байна энэ тэр гээд нулимс зангиртал ярьж билээ.  Гэвч тэгсхийгээд намжсан санагдана. Тэрээр Ерөнхийлөгч болсныхоо дараахан “Агаарын бохирдлыг бууруулах үндэсний чуулган” зохион байгуулсан. Энэ чуулганаар утааг бууруулах, багасгах арга шийдлийг хэлэлцсэн ч харамсалтай нь утаанд хордогч  ард түмэн юу ч олж долоогоогүй. Энэ мэт сэтгэл сэргээсэн олон баримтыг эргэн дурсаж болох. Утаанд зовж өвлийг чадан ядан өнгөрүүлж байгаа хүмүүсийн зовлонгоор хооллож байдаг бирдүүдийг илчилж,байх ёстой газар нь цоожлох юмсан.

Дэлхийн дайны үед Германы нацистууд концлагерьт хүмүүсийг олноор нь хордуулж алж байсан хорт утаанаас дутахгүй хороор бид хичнээн өвөл амьсгалав, Гэтэл нөгөө ертөнц рүү бөөнөөрөө явчихгүй тэсч үлдээд л байгаа. Тэгээд бас хамгийн тэнгэрлэг баяр гэх ёлка нь утааны ид үеэр болдог. Чухам л их багагүй ёолкдоод цэнгэн хөгжилдөөд байна шүү дээ. Утааныхаа үнэрийг сүрчгээр саармагжуулаад,дайллага цайллаганы шарсан нугас,торой,стейкийг утаатай хольж  идчихээд, 100-гаа татчихаад дуулж бүжиглээд жаргаж өгнө дөө. Монгол хүн амныхаа бэлгээр гэдэг болохоор сайхан байна гэлцэн утаатай үдшийг чимэн бүгшүүлнэ. Ийм болохоор монголчууд бид тэнгэр заяатай гэдэг үнэн гэдэгтэй маргашгүй. Монгол Улс дэлхийн хамгийн их хорт утаатай улсаар тодроод удаж байгаа. Ямар сайндаа л өвлийн цагт гаднаас ирэх хүмүүс халшраад байхав дээ. Бид тэнгэр заяатай болохоор хордож үхнэ гэвэл гонж. Хайран мөнгө бүү үр,бизнесээ зогсоо Н.Цэрэнбат сайд аа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх