Эрхүүд төгсөгчид төрөлх сургуулийнхаа 100 жилийн ойд оролцлоо

2018 оны 10-р сарын 31 өдөр, 09 цаг 43 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
otg_large

Аравдугаар сарын 25-27-ны өдрүүдэд ОХУ-ын Эрхүү хотноо болсон Эрхүүгийн Улсын Их сургууль (ЭУИС)-ийн 100 жилийн ойн баяр ёслолын арга хэмжээнд Монголын 160 орчим хүн оролцсоны дотор Монголоос ОХУ/ЗХУ/-д төгсөгчдийн МАВСУЗ холбооны Дэд ерөнхийлөгч, Монгол Улсын гавьяат багш Д.Цогзолмаа тэргүүтэй төлөөлөгчид албан ёсоор уригдан оролцлоо.

Их сургуультайгаа нас чацуу бөгөөд Эрхүүгийнхний дунд “Цагаан байшин” хэмээн алдаршсан эртний түүхт номын сангийн шинэ байранд болсон баярын уулзалтанд оролцогчдод Д.Цогзолмаа Монголоос ОХУ/ЗХУ/-д төгсөгчдийн МАВСУЗ холбооны Ерөнхийлөгч, Монгол Улсын Их хурлын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарын илгээсэн баярын мэндчилгээг уламжлав.

Уг мэндчилгээнд Монголоос ОХУ/ЗХУ/-д төгсөгчдийн МАВСУЗ холбоо болон ЭУИС-ийн үе үеийн төгсөгчдийн нэрийн өмнөөс тус сургуулийн багш, ажилтнууд, оюутан, аспирантуудад 100 жилийн түүхэн ойн баярын мэнд хүргээд “Монгол Улсад ЭУИС-ийг дэлхийн түвшний мэргэжилтнүүд бэлтгэн гаргасан амжилтаараа ихээхэн алдартай Оросын дээд боловсролын улсын байгууллага, Дорнод Сибирийн эрдэм шинжилгээ – сургалтын томоохон төв гэдгээр нь сайн мэднэ. ЭУИС ялангуяа Монголын улс ардын аж ахуйн бүхий л салбарт үндэсний боловсон хүчин бэтгэх үйлсэд үлэмж хувь нэмэр оруулж ирсэн, оруулсаар байгааг онцлон хэлэхийг хүсэж байна. Өөрөөр хэлбэл, ЭУИС нь Монголын боловсон хүчин бэлтгэх жинхэнэ эх уурхай болж, анхны монгол оюутнууд төгсгөж эхэлснээс хойшхи хагас зуу гаруй жилийн хугацаанд 1000 гаруй оюутанд чанартай боловсрол эзэмшүүлсэн…”-ийг цохон тэмдэглэсэн байв.

Д.Цогзолмаа МАВСУЗ холбооны нэрийн өмнөөс ЭУИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч И.В.Бычковт аз хийморь нь сэргэж, ажил үйлс нь бүтэмжтэй байхыг бэлгэдэн хийморийн морины мөнгөлсөн хөөмөл дүрсийг бэлэг болгон гардуулаад өөрийнхөө тухай цухас өгүүлэхдээ:
-Би энэ сургуулийн хэлний факультетийг 1971 онд буюу 47 жилийн өмнө төгссөн. Эрхүүд анхны хайртайгаа учирч хуримаа хийн том охиноо төрүүлж байлаа. Энд төрсөн охин маань эрдэмтэн профессор болсон. Эндээс л амьдралынхаа гарааг эхэлсэн болохоор Эрхүү бол миний хоёр дахь Эх орон гэж хэлж болно хэмээн дурссан юм.

Зуун жилийн ойн арга хэмжээнд уригдсан хүндэт зочдын дунд Монгол Улс, ЗХУ-ын баатар, сансрын нисэгч, Найрамдлын Нийгэмлэгүүдийн Монголын Эвлэлийн тэргүүн Ж.Гүррагчаа байлаа. Тэрбээр ойн уулзалтанд оролцогчдод баяр хүргэж хэлсэн үгэндээ “Эрхүү мужийг нэг талаар сансрын бүс нутаг гэж хэлэхэд буруудахгүй. Миний найз Борис Валентинович Волынов 1934 онд Эрхүү мужид төрсөн, 1960 оны 3-р сараас Сансрын нисэгчдийг бэлтгэх сургалтын төвд бэлтгэл хийж байсан Юрий Гагарины багийн анхны нисэгчдийн нэг, ЗХУ-ын хошой баатар, ЗСБНХУ-ын сансрын нисэгч хүн. Волынов “Восток-3”, “Восток-4” онгоцоор багийн нислэг хийх бэлтгэл сургуулилтыг бүрэн хангаж, 1963 онд “Восток-5” хөлгийн нислэгийн үеэр Валерий Быковскийн хамтран нисэгч байсан…”-ыг дурсаад ЭУИС-ийн нийт хамт олон, түүний үе үеийн төгсөгчид, өнөөгийн оюутнуудад бүгдэд нь “Сансрын эрүүл мэнд”, амьдралын сайн сайхан, амжилт бүтээл ерөөж, Монгол Улсад мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхэд үлэмж их хувь нэмэр оруулсныг нь үнэлж Эрхүүгийн Улсын Их Сургуулийг Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын эвлэлийн дээд шагнал – “Алтан од” одонгоор шагнасан юм.

Дорнод Сибирь, Алс Дорнодын дээд боловсролын анхны байгууллага, бүтэн зууныг үдэн, шинэ зуунд дэвшин орж буй Эрхүүгийн их сургуулийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар мөн төрийн дээд шагнал – Сүхбаатарын одонгоор шагнасныг УИХ-ын гишүүн, тус сургууль төгсөгчдийг нэг З.Нарантуяа гардуулсан юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх