Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас зээл авсан улстөрчид, төрийн өндөр албан тушаалтнуудын нэр Монгол даяар ил боллоо. Уг нь хэн ч зээл авах эрхтэй, буцаагаад төлөх үүрэгтэй. Яаж, ямар аргаар зээл авсан гэдэг нь чухал болохоос биш зээл авах эрх хүн бүрт нээлттэй. УИХ-ын гишүүн, өндөр албан тушаалтан зээл авч болохгүй тухай хориглосон заалт хуульд байхгүй. Тийм болохоор тэд олноороо жижиг,дунд үйлдвэрлэгчдийг дэмжих сангаас хэдэн зуун сая,бүр тэрбумаар зээл хүртжээ. Тэр зээл уг нь эх орны хөгжилд хувь нэмрээ оруулж,баялаг бүтээж байгаа хүмүүст очих ёстой. Харамсалтай нь,тэр зээлийг үйлдвэрлэгчид авах гэж “Тамирын мөсийг долоох шахна”. Тэр зээлийг авах гэж долоон жил шар махтайгаа хатаж, тамираа барсан хүн ч бий,өнөөг хүртэл цөхөртлөө явж байгаа хүн ч олон бий. Монголын өнгөлөг,мөнгөлөг эрхмүүд энэ зовлон бэрхшээлийн зах зухыг ч үзээгүй юм чинь яахан ойлгох билээ.
Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас зээл авсан улстөрчид, төрийн өндөр албан тушаалтнуудын жагсаалтыг тэргүүлж буй эрхмүүдийн заримыг хэлбэл, Зам тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар өөрийн эзэмшлийн “Эпота Анарваан” компанид 1.2 тэрбум, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг өөрийн эхнэрийн “Тээвэр ачлал” компанид 1.4 тэрбум,УИХ-ын гишүүн Х.Болорчулуун өөрийн эзэмшлийн “Дорнод гурил” компанид 950 сая,УИХ-ын гишүүн Г.Солтан “Монгол шаазан” компанид 950 сая, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Газар буудай” 950 сая, УИХ-ын гишүүн Н.Учралын аавын “Хүннү” компани 950 сая, УИХ-ын гишүүн Н.Оюундарийн хүүгийн “Рэд Стар Клуб” ХХК 950 саяын зээл авсан гээд хөвөрч өгнө. Монгол банкийг тэргүүлэгч нэг дугаартай банкир Н.Баяртсайхан, Тагнуулын газрын дарга асан,эдүгээ Элчин сайд Хурц гээд жагсаалтыг өнгөлж яваа “жижиг,дунд үйлдвэрлэгчид” хэдийнээ нэрээ дуурсгэж буй. Араас нь нэхэж яваа Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэнгийн “Хүннү” ХХК, Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарын “Цэн стайл” ХХК гээд шуналтнууд тодорсоор авай. Тэд эрх мэдлээ урвуулан ашиглаж, ашиг сонирхлын зөрчилд идэгдсэн нь илт. Өчигдөр ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг үнэнд гүйцэгдэн үгээ хэлж албан тушаалаа орхив. Түүний адил “миний буруу” гэх зоригтон гарч ирэх болов уу.
Ер нь Монголд төр рүү зүтгэж,өндөр албан тушаалд ажиллавал мөнгөний уурхай руу орлоо л гэсэн үг. Үүнийг бүгд мэдэж байгаа. Өнөөдөр албан тушаалын амтанд орсон эрхмүүдийн хэн нь ч төрөөс зээл аваагүй,мөнгө идээгүй гэвэл хургүй тэнгэрээс аадар орлоо гэсэнтэй адил сонсдоно. Ёстой хөх инээд хүргэнэ. Одоо жижиг,дунд үйлдвэрлэл эрхэлдэг төрийн өндөр алба хашдаг эрх мэдэлтнүүдтэй хууль,хяналтын байгууллага ямар хариуцлага тооцохыг ард түмэн чих тавьж байна. Хэрэв тэд албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан нь тогтоогдвол хуулийн хариуцлага хүлээх ёстой.
Монгол Улсын Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлд эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан, албаны эрх чөлөөг урвуулан ашигласан, хахууль авч, өгөх, улсын нөөцийг хууль бусаар зарцуулсан, төсвийн хөрөнгийг хууль бусаар зарцуулах, үндэслэлгүй хөрөнгөжсөн нь тогтоогдвол ямар хариуцлага хүлээлгэх тухай заасан нь бий. Эрүүгийн хуулийэ 22.1 дүгээрт “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэжээ. Түүнээс гадна ёс зүй,улстөрийн хариуцлага гэж бий. Үүнийг яаж шийдэх вэ. Манайд ийм хариуцлага хүлээдэг тогтолцоо одоохондоо байхгүй байна. Ёс зүйгээ ухамсарладаг улс оронд ийм увайгүй байдал гаргасан бол өөрөөр хэлбэл жижиг дунд үйлдвэрлэгчдийн авах ёстой зээлийг өмнүүр нь орж авсан бол эхлээд улс төрийн хариуцлага хүлээх ёстой байдаг аж. Дараа нь мэдээж, хуулийн хариуцлага хүлээнэ. УИХ-ын гишүүн, төрийн өндөр албан тушаалтан ямар нэг зээл авсан бол түүнийгээ ил тод мэдүүлэх ёстой. Дэлхий нийтээр энэ зарчмаар урагш хөгжиж байхад бид хоцорсон нь нэг л өдөр аянга буухтай адил юм боллоо доо,эрхэм дээдсүүд ээ.
Н.Дөл

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
