БОЛЖМОР : Би чинийхээ нууцхан амраг…..1

2018 оны 11-р сарын 05 өдөр, 18 цаг 48 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
2-10-728x420

Энхриймаа өрөөндөө утсаар ярин сууж байтал Мөнхөө хаалгийг нь тогшин даргаа унаа ирчихлээ, бид хэд юмаа аччихлаа гэв. Энхриймаа саяхан байгууллагынхаа нэг хэлтэст тасгийн даргаар томилогдоод байгаа нь энэ. Арван хэдэн хүүхний аргыг олно гэдэг хэцүү. Дээрээс нь удаан жил ажилласан хэд нь үл тоомсорлох гээд нэг байгууллага ч гэсэн өөр тасаг л бол өөр тасаг хэцүү зүйлүүд их тулгарч байв. Ажлаа хүлээж авчихаад яаая даа хэмээн шантарч байсан үе ч бий. Хуучин тасаг нь хичнээн сайхан эвтэй байлаа. Ингээд шинэхэн дарга ажилчидтайгаа арай ойр дотно болох хэрэгтэй байлаа. Ажил дээр бол ажилдаа дарагдаж ажлын тухай л яриа өрнөнө. Ингээд хоорондын үл ойлголцолоо эвдэхийн тулд тэдэнтэйгээ чөлөөт цагийг хамт өнгөрөөх хэрэгтэй байв. Нэг өдөр хуралдаж байгаад хуралын төгсгөлд: Надад нэг санал байна. Ойрд гадаа их сайхан байна, өвөл болж хүйтрэхээс өмнө хэдүүлээ салхинд гарч өдрийн амралтанд явах уу? гээд асуутал нэгээс бусад нь бүгд дуртай нь аргагүй зөвшөөрлөө. Ийнхүү тэд явж байгаа энэ … шинэ ажил, шинэ хамт олон. Зам зуураа ганц нэг шил юм тойруулан, дуулж хуурдаж инээлдэж явсаар нэг л мэдэхэд хүрэх газраа хүрээд ирсэн байв. Харин ч санасаныг бодоход овоо чөлөөтэй, хөгжилтэй, наргианч улс юм гээч хэмээн олзуурхангүй бодож битүүхэндээ баярлаж явлаа. Тэд явсаар Цэргийн амралтанд очин бөөндөө хамт байхаар нэг давхарын нэг том өрөөг аваадахлаа. Очсон даруйдаа хоолонд орчихоод цэвэр агаар амьсгалъя хэмээлдэн гадаа модны тэнд очин тухлан сууцгаав. Байгаль гэж ярих юм биш. Нам тайван, урд ардаа битүү модтой сэрүү татаад өөрийн эрхгүй сэтгэл сэргэн сайхан болж ирлээ. Амрагчид ч гэсэн цөөндүү. Зарим нэг нь эхнээсээ халж дуулах нь дуулж, уйлах нь уйлж, сургах нь сургаж ер нь чөлөөт байдалдаа орж эхэлцгээлээ. Гэтэл Нараа хэмээх барагтай л бол үг дуугараад байдаггүй өөрийнх нь үеийн нэг хүүхэн
Даргаа би таниар үнэхээр бахархадаг шүү. Та миний үеийнх л байх. Гэтэл Англи, Орос Герман хэлээр чөлөөтэй ярьчихна, хоёр ч дээд сургууль төгсчихсөн. Тэгээд бас царай зүс, бие чинь хүртэл ийм сайхан тэгш. Харин нэг юм гайхаад байх юм. Та ер нь нөхөргүй байхаа тэ. Байнга л ажил дээрээ шөнө орой болтол суугаад, өглөө хамгийн түрүүнд ирчихсэн. Би гэтэл хоёр хүүхэдтэй, тэднийгээ асрамжлах, эр нөхрөө халамжлах гээд л ганц сургууль төгсөөд тэр мэргэжилээрээ нэг л газраа ажилаад байдаг. Өдөр бүр яг нэг хэвийн, болдог юм болдогоороо өнгөрөөд л. Нэгэн бодлын уур хүрмээр ч юм шиг, хамаг сайхан залуу насаа нэг хар юм харж, хүүхэд асраад л өнгөрөөлөө дөө … хэмээн утга авцалдаагүй юм ярин уйлж гарав. Энхриймаа инээмсэглэн
Нараа минь дээ чи харин ч их юм амжуулаад амьдрал чинь ч жигдрээд сайхан байгаа биз дээ. Би хэзээд нь хүнтэй сууж, хэзээд нь хүүхэд гаргах юм бүү мэд. Та нар сайхан хүүхэдтэйгээ хамт өтөлж байхад, миний хүүхэд жаахнаараа л байх нь байна ш дээ гэв. Гэтэл ч нэг нь өлгөж аван
Дарга нээрээ нөхөргүй юм бол эндээс нэг юм олж өгнөө гэснээ пар пар хийтэл цээжээ түлхэлзүүлэн инээд алдав.
За тэр нөхөр ч яахав болох л байлгүй, өнөөдөр та хэд минь л сайхан амарвал болоо гээд, за бүгдээрээ доошилье сэрүү орж байна алив Мөнхөө наадуулаа хамаад юмаа сайн шалгаарай. Тэд хэлхэлдэн чанга, чанга ярилдсаар модноос буун өрөөлүүгээ явцгаалаа. Өрөөндөө ороод дан хүүхнүүд болохоор элдэв бусын юм хамж шимэн ярьцгаана. Зарим нь урдах даргаа муулж ч байх шиг, тэгсэнээ нөхөр сүүдэр, ар гэр, үр хүүхэд гээд бүр сүүлдээ нууц амрагын ярианд хүртэл орлоо. Энхриймаа харин дотроо ” Өлзий минь дээ чи минь намайгаа даанч их гомдоосон доо. Хэрвээ бид хоёр суусан бол хүүхэд минь ч овоо хөөрхөн болчихсон байгаа. Хөл гар нь бүрэлдчихсэн том хүү байсан ш дээ. Чи намайг мөч мөчөөр нь эвдүүлж хүүгээ авхуулж байхад чамайг ямар их үзэн ядсаныг мэдээгүй л дээ. За яахав ээ. Энэ шарх минь хэзээ нэгэн цагт аньж намайг гэх сайн хүнтэй би учирах л болно” хэмээн бодон суутал нэг нь
Даргаа та яасан зүгээр үү?
Өө зүгээр, зүгээр та хэдийн ярихыг сонсоод сайхан хөгжилтэй юмаа гэтэл Мөнхөө орж ирэн манайхаан гадаа бүжиг эхлэх гэж байна бүгдээрээ явах уу гэцгээв. Бүгд за тэгье хэмээн хувцасаа сольцгоож эхэллээ. Энхриймаа
Өө та нар чинь солих хувцастайгаа ирээ шив гээд инээснээ манай хүүхнүүд чинь ийм сайхан хүүхнүүд билүү. Ажил дээр ч нэгнийхээ барааг л харахаас хэн нь хэн бэ гэж харахгүй юм даа. Гэтэл Бүдээ хэмээх ахимаг насны авгай
Тэр ч тийм шүү, заримдаа нөгөө талд сууж байгаа хэдээ цайны цагаар л олж хардаг шүү хэмээхэд бүгд инээлдэв. Тэд бүжгийн зааланд ортол ганц нэгхэн хүн сууцгааж байв. Тэр хэдийг бөөндөө яваад ортол цэнгээнт бүжгийн ая тавьж өглөө. Нэг нэгийгээ уриад бүжиглэцгээж байтал төд удалгүй гаднаас мөн нэг газрын бололтой хэсэг залуучууд ороод ирлээ. Аль, аль нь биенийгээ хараад нүд нь сэргэсэн нь илт. Гэтэл тэндээс нэг нь
Хөөх энэ олон хүүхнүүд хаанаас гараад ирэв ээ. За сайхан танилцацгаанаа гэж ирээд л эхнээс нь гар барин танилцав. Тэд нар нэгэн дүүргийн цагдаагийн газар ажилладаг гээд яг аль дүүргэ гэдгээ хэлсэнгүй. Үе тэнгийхэн дороо танилцаж хамтдаа бүжиглэн их л хөгжилтэй байцгаана. Энхриймаа тэднийг харан сууж байтал Мөнгөө ирэн даргаа бүжиглээчээ алив хамт бүжиглэе гээд татан босгов. Цэнгээнт бүжигийн ая тасралтгүй цувсаар. Гэтэл вальсийн аян дээр нэг сайхан нас тогтсон нүдэнд дулаахан хархүн ирэн Энхриймааг урьлаа.
Та яагаад бүжиглэхгүй байна, залуу хүн байж хараад байхнаа дарга нь бололтой гээд ухаалаг нүдээр өөдөөс нь ширтэв. Тэгсэнээ намайг Орших гэдэг чамайг хэн гэдэг вэ? хэмээн асуув. Энхриймаа чимээгүйхэн инээмсэглэн нэрээ хэлсэнээ
Үгүй яахав би бүжигэнд жаахан муу л даа, яанаа хөл дээр чинь гишгээд байна уучлаарай гэснээ, та чинь харин их сайн бүжиглэдэг юм байна ш дээ гэв.
Энэ орой тэр хоёр нилээн олон бүжгэн дээр хамт бүжиглэж нилээдгүй юм ярьцгаав. Бүжиг ч тарж нэг нэгнийхээ тасгаар орж дайлуулах юм болов. Гэтэл Энхриймаа бид нар эрчүүдийн тасагт орохгүй, та хэд юмаа аваад манай тасагт ороод ир гэхэд бүгд нэгэн дуугаар зөвшөөрлөө. Ийнхүү тэд нэгэн оройг дуу хууртай, инээд наргиантай тун ч хөгжилтэй өнгөрөөлөө. Маргааш нь буцах замдаа бүгд өчигдөрийнхөө онигоог ярин хөгжилдөнө. Энхриймаа ч дотроо их л сэтгэл хангалуун байлаа. Гэртээ очиж усанд ороод ядарсандаа нам унтав. Маргааш нь ажилдаа иртэл ажилчдынх нь сэтгэл сэргэсэн нь илт. Цайны цагаар нөгөө л амралтын паянгаа үргэлжлүүлэн ярина.
…Тэр нөгөө хэн билээ сайхан гар чинь тасарчихаад хүүхэн болгоныг үнсэх гэж дайраад байдаг … мэдэхгүй ээ нэр ерөөсөө алгаа … даргадаа нэг гайгүй юм байвал олоод өгчихье гэсэн чинь ихэнхи нь эхнэр хүүхэдтэй юм шив дээ … яахаараа ийм эрт хүнтэй сууцгаачихдаг байнаа. Намайг нээрээ нэг нь чамайг их харсан юм байна, чи хаана ажилладаг вэ гээд байсан … бид нар яаж ажилаа овоо худлаа хэлэвээ … цэцэрлэгийн багш гэсэн чинь хүүхдээ чиний ангид өгмөөр байна, тэгээд байнга уулзаж баймаар байна ч гэж байх шиг … энэ эрчүүд нээрээ алдаг гарууд шүү гэснээ нэг нь:
Нээрээ даргаа таньтай бүжиглээд байсан тэр өвөө таниас нүд салгаж чадахгүй ширтээд байсан ш дээ. Энхриймаа инээснээ
Өвөө байхдаа яахав дээ, гайгүй л юм байна лээ ш дээ дөнгөж л дөч гарч яваа юм билээ
Нээрээ дөч гарсан эр дөрөө дарсан ат гэгчээр тийм л эр хүн чинь жинхэнэ мужык байдаг байхгүй юу. Хоёрын хооронд жаахан хүүхдүүд дэмий, дэмий хэмээн нэг нь тэндээс тас, тас хөхрөв. Ийнхүү тэд ажил дээрээ хооллон халуун яриа өрнүүлэн их л таатай байлаа.
Энхриймаа улиралын эцэс болох гээд тайлангаа нэгтгэн суусаар нилээн оройтчихов. Цаг харвал аль хэдийн 23 цаг өнгөрсөн харагдана. За харъя даа. Ямар ч уйтгартай нэгэн хэвийн амьдрал гэхээрээ ийм байдаг байнаа. Ажил гэрээс гарахгүй болохоор яаж ч хүнтэй танилцах билээ дээ. Надад одоо эрхэлсэн тодорхой байр суурьтай ажил, орох орон, бас ч гэж овоо хүний гар харахааргүй хөрөнгө, боловсрол, зүс царай бүгд л байх юм. Гэтэл яахаараа ингээд ханийн тэнгэр хазайсан юм шиг эр хүн олддоггүй байна вэ. Хамаг сайхан насаа Өлзийг харж дэмий үрлээ дээ. Тэр хүн яаж намайг ингээд орхиж чадаж байнаа. Бүхэл бүтэн 5 жилийн үерхэл ингээд дууслаа гэж үү. Хэн нь ч билээ нэг хүн “Эмэгтэй хүн эр нөхрөөсөө аль нэг талаараа илүү байвал тэр айл аз жаргалгүй байдаг ” гэж байсан санагдана. Тэгээд би хайртай залуутайгаа хамт байхын тулд бүхнийг орхиж зөвхөн гэрийн сайн эзэгтэй л байх байсан гэж үү. Яагаад! … түүний дээд сургуульд сурч чадаагүй нь миний буруу биш биз дээ. Би яахав хааяа дээрэлхэх зан гаргадаг л байсан байх. Би хэтэрхий өөртөө итгэлтэй, бардам зангаасаа болж чамайгаа алдсан ч байж болох юм. Одоо яая гэхэв дээ. Бид хоёр салаад жил л болох гэж байхад чиний эхнэр чинь төрөх гэж байдаг. Би гудамжинд таараад үнэхээр цочролд орсон шүү. Тэр болтол чамайгаа нэг л өдөр инээсээр ороод ирэх байх гэж мөн ч их харуулдсан даа.
Энхриймаа шүүгээгээ онгойлгон Өлзийтэйгээ анх дотносож эхлээд удаагүй байхдаа авахуулж байсан зурагаа гарган удаан гэгч нь ширтлээ. Тэгтэл өөрийн эрхгүй анх танилцаж байсан нь бодогдон инээд нь хүрэв.
Энхриймаа хоёр найз хүүхэнтэйгээ ойрдоо уулзсангүй хэмээн цаг товлоод зүүн дөрвөн замын тэнд нэг кафед уулзахаар болзлоо. Замын түгжрэлд орон арайхийн явсаар очтол нөгөө хоёр нь аль хэдийн ирчихсэн байв. Гурвуулаа өчигдөрийн болсон явдалаас эхлээд орчлон ертөнцийн хамаг юмыг хаман ярьцгаав. Гэтэл Жагаа
Хоёроо энэ хажуугийн ширээнд дөрвөн аятайхан залуу суугаад байнаа
Тэгээд бид нарт ямар хамаатай юм сууж л байг
Үгүй ээ тэр бүлтгэр бор залуу нь Энхриймааг ширтээд байх шиг байна гэтэл аль хэмээн Сумъяа тэр хоёр зэрэг эргэн хартал яг харц тулчихав. Нөгөө залуу инээвхийлэн доошоо хартал манай хоёр тэсэхгүй пис хийтэл инээд алдчихав. Гэтэл Жагаа мангар юмуу та хоёр хүн хэлэнгүүт хараад байхдаа яадаг юм, жаахан байж байгаад харахгүй гэтэл Сумъяа тэсэхгүй дахин эргэн харсанаа
Нээрээ тийм байнаа Энхриймаа чамайг л сонирхоод байх шиг байна, сая дахиад харц тулгарлаа гээд инээв. Энхриймаа санаа дагаад ч тэр үү нээрээ нэг хүн хажуугаас нь хараад ч байх шиг санагдаад биеэ жаахан барисхийв.
Гэтэл зөөгч хүрч ирэн нэг шил улаан дарс өглөө. Нөгөө гурав гайхан бид хэд захиалаагүй чи ширээ андуурч байх шиг байна гэтэл зөөгч охин тэр ширээний ах нар өгч байгаа юм гээд нөгөө хэдрүү заахад гурвуулаа гайхан хартал нөгөө дөрөв хундагатай архи барин өргөж байна, гэтэл Жагаа за бүсгүйчүүд минь эхлэх нь дээ гээд мушийхад Энхриймаа та хоёр болилдоо тоглоом тоотой нь дээр шүү хэтрүүлэв ээ гэв. Ийнхүү өөд өөдөөсөө харан алсын зайнаас тулган нэг нэг хундагыг тогтооцгоов. Гэтэл нэг намхан шар зальтай байрын залуу хүрч ирэн
За бүсгүйчүүд хамт сууж болох уу? Сайхан танилцая гэтэл нөгөө гурав зэрэг үгүй, үгүй баярлалаа бид гурав ингээд гарлаа.
Тэр гурав гараад учиргүй инээлдэж байснаа
Ямар урамгүй юм бэ, нэг уулзсаных гээд сайхан сууж байхад тэнэг юм шиг өдөөд
Харин тийм, за гэхдээ газар мундсан биш одоо хаачих уу?
За байз, ойрдоо бүжиглэсэнгүй сайхан бүжиглэх үү хэмээн Энхриймааг асуутал нөгөө хоёр ч за тэгье гээд гурвуул такси барин “River Sounds “ орохоор явлаа. Тэнд очин нэг булангийн ширээнд тухалж аваад сууж байтал гаднаас нөгөө дөрөв орж ирээд хажуугынх нь ширээнд суучихав. Тэгсэнээ нэг нь
Сайн уу дахиад тааралдлаа шүү, бидний үеийнхэний очдог газар нь нэг юмуу даа гэхэд бүгд даган инээлдэв. Ингэж л Өлзий, Энхриймаа хоёр танилцаж ариун хайрын эзэд болж билээ. Энэ бүхнийг нэхэн санахад өчигдөрхөн болсон мэт тодхон. Харин бүр дараа нь хэзээ хойно чи минь бид нарын хойноос надтай танилцах гэж нөгөө хэдийгээ шавдуулан гарч дагаж тэнд очсоноо хэлж билээ. Цаг хугацаа ч хурдан юмаа даа.
Энхриймаа энэ бүхнийг бодсоноо мушийсхийгээд за, за харьж үзье, цаг ч нилээн орой болчихлоо гээд ажлаасаа гарлаа. Зам дээр гаран такси барьтал нэг хувийн тэрэг ирээд зогсчихов. Хэсэг эргэлзэж байснаа хальт цонхны цаанаас хартал тохьтой хүн харагдахаар нь за гайгүй байлгүй гээд арын суудалд суун хаягаа хэлж өглөө. Тэгтэл жолооч толиндоо харсанаа
Сайн уу? чи мөн байх шив дээ Энхриймаа гээд инээмсэглэхэд нь гайхан толинд нь харвал Орших байлаа.
Хүүе та юу. Ашгүй таньдаг хүн таарлаа, үнэнийг хэлэхэд жаахан эмээж байлаа шүү
Энэ орой ганцаараа юу хийж яваа юм бэ? Энхриймаа түгдэрсхийснээ
Аан найз дээрээ ирээд жаахан яриад суучихсан чинь оройтчихлоо хэмээн худлаа ярив. Тэгсэнээ чи харин юу хийж яваа юм хэмээн сөргүүлэн асуутал
Аан би амралттай өдрөө халтуур хийдэг юм л даа. Тэгэхгүй бол ганц цалингаар ч амбан явахгүй нь байна шүү гээд инээмсэглэв.Тэр хоёр ойр зуурын юм ярьж явсаар нэг л мэдэхэд гэрийнх нь гадаа ирчихсэн байв. Энхриймаа яагаад ч юм энэ хүнтэй яриад л суугаад баймаар санагдаад ер болдоггүй. Тэгсэнээ зориг гарган
Уучлаарай Оршихоо чи надад хань болоод нэг газар жаахан сууж чадахгүй биз. Үнэндээ надад өнөөдөр жаахан хүнд өдөр байна л даа гэж худлаа ярив.
Ээ харлаа, уучлаарай би сая уг нь харих гэж байснаа зам дагуу нэг хүн гар өргөхөөр нь авчихсан юм л даа. Одоо харихгүй бол хүүхдүүд хэдүүлхэнээ, эхнэр байхгүй байгаа л даа гэв. Энхриймаа урамгүйхэн санаа алдсанаа, та надад утсаа түр өгч чадахгүй биз, миний утасны цэнэг дуусчихсан, би нэг мессеж биччихээд өгье. Энхриймаа өөрийгөө яагаад ингээд байгаагаа ойлгосонгүй. Энэ хүнд намайг татах юу байнаа хэмээн бодов. Орших: Тэг тэг бололгүй яахав хэмээн утсаа өгтөл Энхриймаа өөрийнхөө дугаарлуу мессеж бичээд за баярлалаа, боломж таарвал дахиад уулзана биз дээ гээд мөнгөө төлөн буулаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. zochin
     (202.179.25.***)
    2020/08/29 16:25

    bayrlalaa

    (0) (0)