БОЛЖМОР : Би чинийхээ нууцхан амраг … төгсгөл

2018 оны 11-р сарын 09 өдөр, 14 цаг 20 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
2-10-728x420

Орших орон дээрээ хагас хэвтэн зурагтын суваг эргүүлнэ. Оюумаа
Чи чинь юундаа гиюүрчихэв. Гарч түлээ, нүүрс бэлдэж өгөхгүй юм уу. Нэг бол гэрийн бараа харахгүй, эсвэл зурагт ширтээд гиюүрчихийн. Энэ гэрт би ганцаараа амьдарч байгаа биш шүү хэмээн галын өрөөнөөс чанга чанга ярина. Гэтэл хүү нь тоглож байгаад даалгавараа хийж суусан нэгдүгээр ангийнхаа эгчийн гарыг нь хөдөлгөчихөв. Бага охин нь уйлан: Чи миний гарыг хөдөлгөөд муухай бичүүлчихлээ ш дээ хэмээн дүүгээ түлхтэл, ээж нь тэндээс хүүе Бороо чи эгчийгээ хичээлийг нь хийлгэхгүй хаашаа юм, алив чи наад хэдэн хүүхдээ хоол хийх хооронд зохицуулж чадахгүй байна уу, яасан дүүрчихсэн хүн махалж дуусдаггүй хүмүүс гэхээрээ ийм байдаг байнаа хэмээн үглэн дуулсаар орж ирэв.
Оршихийн гэнэт дотор нь бачууран. Чимээгүй байцгаагаад өгөөч ээ. Би энэ гэрт чинь нэг өдөр тайван амарч болох уу … хэмээн орилтол бүгд гайхан дор бүрнээ чимээгүй боллоо. Том нь том, бага нь бага гэхгүй яасан хаашаа болцгоочихсон юм та нар чинь, ийм байхад хэн сайхан тайван байж чадахын гээд ажлын хувцасаа шүүрч аваад хаалгаа саван гарлаа.
****
Дулмаа ер нь нэг хүүгийндээ очмоор гэнэт санагдаад болох биш. Тэрээр хувцасаа өмсөж эхэлтэл өвгөн нь
Үгүй чи чинь хар үүрээр хаачих нь вэ?
Хүүхдүүд дээр нэг очоод ирье, идэш ирсэн дээр нь жаахан юм дөхүүлж өгье дөө
Заа, яршиг цаашаа өөрсдөө ирэхгүй байхад гүйж очоод байхдаа яадаг юм, таван алхамын газар ирж чадахгүй байгаа улсыг толгойг нь илээд байх юм
Үгүй яахав дээ, чи бид хоёрын хажууд ажил төрөлтэй улс завгүй л байдаг биз, тэгээд ч гэрт суусаар байтал хамаг бие хөших нь, даралт ч ихсээд байна, яахав агаар салхинд гарангаа очоод ирье, амралтын өдөр байна гэртээ байгаа биз гээд тортоо махаа дааж ядан гарлаа.
Оюумаа гурван хүүхэддээ шар будаатай цай чанаж өгчихөөд, угаалга хийх санаатай ус гал дээр тавьлаа. Тэгтэл хадам ээж нь ороод ирэв. Эмээ гэлцэн хүүхдүүд нь босон гүйлдлээ.
Өө ээж ороод ирлээ, ойрдоо ажил ихтэй очиж амжихгүй л байна
Ээж нь жаахан идэшний юм авчирсан юм. Та хэдийг завгүй байгааг ойлгож байнаа
Дулмаа хийж өгсөн цайгаа уунгаа харвал бэр нь нэг л гундуу, дуу муутай, нүд нь бүлцийсэн харагдана.
Орших хаачаа вэ, ажилтай байгаа юм уу?
Яахнав дээ, баярлалаа, зөндөө их юм байна ш дээ. Та яаж авчираа вэ гэснээ: Тиймээ гээд чимээгүй болов. Гэтэл хүү нь
Аав гэртээ ирэхгүй байгаа ш дээ эмээ
Өө тийм үү, хаачаа вэ цаадах чинь
Оюумаа сандарсанаа аан хөдөө ажлаар явсан гээд хүүгээ том улсууд ярьж байхад битгий ярианд оролцож бай, явж тогло гэв. Дулмаа дотроо энэ хүү уг нь томоотой л юмсан, зүгээр хөдөө явахад ингэж царай алдах охин биш дээ. Манай бэр ч уг нь аюулын ховор сайн охин байгаа юм даа. Золиг чинь арай хүний үрийг гомдоож явдаг юм биш байгаа хэмээн бодон суув. Тэр хоёр ойр зуурын юм ярилцан сууж байснаа Дулмаа: Миний охин ээждээ үнэнээ хэлчих, цаадах чинь арай янз бүр болж гомдоосон юм биш биз. Миний охины царай зүс нэг л биш байна даа хэмээн нухацтай хэлэв. Оюумаа ээжгүй өссөн болоод ч тэр үү эсвэл хадам ээж нь түүнд сайн байдаг болоод ч тэр үү бараг Оршихоос илүү хадам ээжтэйгээ дотно байдаг байв. Дулмаа ч гэсэн нутгийн удам сайтай төлөв айлын охин, хөөрхий муу эхтэй нь хар багаасаа гэмгүй сайхан найзууд явсан юм. Тэгээд ч муу бүрэлээч маань өнгөрөхдөө ганц охиноо та хоёрт үлдээж байгаа болохоор надад санаа зовох юм алга гэж билээ. Хүчээр шахуу юу ч мэдэхгүй жаахан охиныг хүүгээ цэрэгээс ирэнгүүт нь дэр нэгтгэж билээ. Миний охин ямар элдэв ааш, маяг байх биш хэмээн өөрийн хүүгээс илүү хайрлан ирсэн билээ. Оюумаа нэгэнтээ санаа алдсанаа уйлж орхив. Дулмаа сандран яав охин минь юу болов хэмээтэл:
Мэдэхгүй юм даа ээж минь, Орших нэг л өдөр хаалгаа саваад гараад явсан, одоо бараг 7 хонож байна. Хүү нь шөнө аавыгаа зүүдлээд уйлах юм, би юу буруу хийсэн юм бол гэж гайхахаас хэтрэхгүй л байна
Муу задарсан тархийг дээ, ажил төрлөө хийж байгаа юмуу, тэр утас шөрмөсөөр нь ярьсан уу?
Хийж байгаа байхаа. Би ямар ажил уруу нь ярьж асуултаа биш. Хүүхдүүдтэйгээ яриад ажил ихтэй байна гэсэн гэнэлээ. Хаалгаа саваад гарсан хүнлүү би юу ч гэж утасдах юм билээ. Уг нь урд нь ерөөсөө ингэж байгаагүй, сүүлийн үед л ааш нь хувираад, жаахан юман дээр хүртэл уурлаад, гэртээ ч тогтохоо байсан … ээжээ би яах ёстой юм бэ гээд өвдөгийг нь дэрлэн уйлж гарав. Гэтэл ээжийгээ уйлах дуунаар гурван хүүхэд нь орж ирэн хоёр бага нь ээжээ хэмээн даган уйллаа. Том охин нь арай учир мэдэх юм гэсэндээ ээж аавыг явсанаас хойш дандаа уйлдаг болсон. Та хоёр битгий уйлаад бай. Ээж зүгээр, алив явж хичээлээ хийцгээе. Ядаж гурвуулаа ээжийгээ бага зовооё гээд хоёр дүүгээ командлан галын өрөөнөөс дагуулан гарлаа. Энэ Анударь их сүрхий охин шүү хэмээн Дулам хэлсэнээ. Алив охин минь босоод ир одоо уйлаад юүхэв. Задарсан тархи чамайг аавд чинь хэлэхгүй бол нэг болохгүй нь дээ. Миний охин ээж нь хүүгээ өмөөрч хэлж байгаа юм биш шүү. Ер нь эр хүн амьдралдаа ингэж бусдыг илүү харах нь байдаг юм гэсэн. Тэгэхдээ манай энэ шиг толгой нь эргээд хамаг юмаа орхиод явдаг хүн ер нь байна уу. Цаадах чинь нэг л өдөр гэмээ ухаараад ороод ирнэ. Миний охин тэр үед нь битгий түлхээрэй, эмэгтэй хүн тэвчээртэй, хүлээцтэй байж эрэгтэй хүнийг нугалдаг юм шүү. Миний охинд ямар элдэв ааш байх биш ээж нь мэдэлгүй яахав, цаад тэнэг юм чинь даварчихаж, үгүй яаж толгой нь эргэхээрээ ингэдэг байнаа. Миний охин ухаантай юм чинь ойлгоноо. Одоо сэтгэлээр унаад юүхэв гээд өөр хэлэх үг олдохгүй толгойг нь илэн сууна.
Оюумаа босон нүүрээ угаасанаа
Ээжийгээ сандаргачихав уу даа уучлаарай тэссэнгүй
Өө зүгээр зүгээр өөр хэндээ хэлхэв гээд духан дээр нь үнэрлээд харихаар гарлаа. Дулмаа тэндээсээ гараад замдаа элдэвийн юм бодсоор нэг мэдэхэд гэртээ ирчихсэн байв.
Балт өмнөөс нь чи чинь нэг гарахаараа ирэхээ мэдэхээ больчих юмаа. Юугаа хийгээд айлд суугаад байдаг юм. Дулмаа нөхрийнхөө занг мэдэх болохоор шууд хэлж зүрхэлсэнгүй, үгүй яахав цай цүү уугаад, охинтой жаахан хуучилж байгаад ирлээ, харин хүү алга байна.
Тэгээд л хамаг юм хамаж шимсээр байгаад таарна шүү эд нар. Хүү яасан ажилтай байгаа юм уу. Ажил их гэнэ үү. Ингэж данх эргүүлдэж явахын оронд элдэв бусын юм үзэж харж яваа хүүдээ нэг гандан гараад ном уншуулсан бол дээрдээ
Тэр хүүд ч бурханы ном биш, чиний л ном хэрэг болоод байх шиг байна даа
Юу, ойлгосонгүй бас яачихаав
Яах юу байхав, чиний тэр томоотой хүү чинь гэрээсээ яваад долоо хонож байна гэнэ. Муу бэр минь гурван хүүхэдтэйгээ л байна
Тэгээд тэрэнд чинь юун сүртэй юм, эр хүн цагдаагийн ажилтан хөдөө гадаа л яваа биз, угаасаа тэгж явдаг л биз дээ, юун ч нялхамсуу юм, улсын ажил хийж яваа хүнийг
Тийм бол ч сайн л байна. Хүүхэн шуухан эргүүлээд яваа сурагтай байнаа гээд өвгөнөө тэсрэхийг мэдээд түлш оруулахаар гарлаа.
Юу гэнээ муу задарсан тархи, намайг амьд байхад ингэж ч галзуурахгүй шүү, юу нь болохоо болилоо гэж илүү дутуу юм харж явдаг байнаа. Өөрийгөө яая гэж байж бас юун хүүхэн шуухан, за гайгүй ээ, одоохондоо эцэг нь амьд байгаа юм байна би нэг чинийхээ толгойг мэдэхтэйгээ байлгүй гээд хувцасаа шүүрч аван гэрээс гарав.
Ажил дээр нь очин жижүүрээс асуутал өглөө буусан гэв. Балт за гээд хаачихаа мэдэхгүй гадаа нь тамхи баагиулин хэсэг харзнаж байснаа гэрийн зүг явлаа.
Оюумаа ээжийгээ явуулчихаад юмаа угаангаа хашааны үүд рүү нэг л мэдэхэд нүд билчээн сууна. Уг нь өнөөдөр бууж байгаа даа. Өдийд л хүрээд ирдэгсэн гээд. Гадаа хаяа нэг нохой бороолхоос өөр чимээгүй. Гэтэл хашааны хаалга дуугаран нохой нь хуцаж гарав. Оюумаа яагаад ч юм хүрээд ирлээ хэмээн бодон бушуухан унжсан үсээ арагш нь илэн нүүрээ нэг шуудраад бостол Орших биш Дорж ороод ирлээ. Оюумаа урамгүйхэн толгой дохин мэндлээд суугаач хө хэмээн сандал руу заав. Дорж юу хэлэхээ мэдэхгүй чимээгүй цай оочин сууснаа
Оюумаа минь та хоёр минь юу л болоод байна даа. Би ч цаадахад чинь зөндөө л хэллээ. Ямар одоо арван наймтууд биш … Оюумаа юу ч хэлэлгүй байснаа
Дорж минь би тэр хүний юу бодож, санаж явааг яаж мэдэхэв дээ.
За чи элдэв юм бодож шаналаад яахав, цаадах чинь манайд байгаа, би солих хэдэн хувцасыг нь авдаг юмуу гээд …
Өөрөө ирээд авах нь яасан юм, чи ч гэж аргагүй л найз юм даа …гээд солих хувцасыг нь бэлдэн тортой авчирч өгөөд: Надад өөр ярих юм алга даа гээд том өрөөнд орон суулаа. Дорж юу ч хэлэлгүй ширээн дээр нэг цаас нүдэнд харагдахаар тавиад гарлаа.
Дорж, Оршихтой уулзан хувцасыг нь өгөнгөө: Чи ч намайг ёстой нэг хүнд байдалд орууллаа даа. Ер нь юугаа ч хийж ингэж яваад байдаг юм. Би чамайг ойлгохгүй юм. Дахиж л би хувцасанд чинь явахгүй шүү. Ямар ч ухаантан дурлахаараа тэнэг болдог гэсэн. Аргагүй л үнэн үг юм даа. Эгээгүй хар багын найз минь болохоор хамаг нүүрээ улалзуулан байж хэллээ. Ямар хэцүү байсан гэж бодно гээд гараад явлаа.

Орших тэр нэгэн өдөр гэрээсээ гараад хаачихаа мэдэхгүй хэсэг байснаа Энхриймаатай ордог бааранд очин жаахан ууж суулаа. Гэтэл ч гаднаас төд удалгүй Энхриймаа ороод ирэв. Хоёул жаал ууж байснаа Орших би гэрээсээ гараад ирлээ гэтэл Энхриймаа: Тиймүү тэгвэл манайх руу явъя. Ингээд тэр өдрөөс хойш Орших Энхриймаагийнд амьдарч байгаа нь энэ билээ.
Оюумаа Доржийг гарсаны дараа элдэв бодолд дарагдан сууна. Доржийнд байгаа юм бол яахав. Гэхдээ л юундаа уурлаад, шаралхаад энэ олон хоног гэр орондоо ч ирэхгүй алга болчихдог байнаа. Удахгүй шинэ жил болох гэж байдаг, гэтэл манай гэрийн байж байгаа царайг, эр хүнгүй айл цаанаасаа л хүйт даагаад, эл хул оргиод байх юм. Орших минь чи минь хүрээд ирвэл би уучилна аа. Хар нялхаасаа л ханилсансан уг нь гээд Доржийн уусан аягыг цэвэрлэхээр өрөөнд орвол ширээн дээр нэг нугалсан цаас байлаа. Гайхан юу юм бол гээд дэлгэтэл нэг албан байгууллагын хаяг, доор нь “Оюумаа минь уучлаарай, би та хоёрыг салаасай гэж хүсэхгүй байна. Би чамд амаараа хэлж үнэхээр зүрхэлсэнгүй, худлаа ярьсанд уучлаарай. Энэ Оршихын одоо хамт байгаа хүүхний ажлын газрын хаяг, нэрийг нь Энхриймаа гэдэг юм. Чи нэг уулзаад үзнэ байгаа. Орших ч бантаад л байгаа биз, чи минь ойлгоно биз дээ ухаантай хүүхэн юм чинь…. Оюумаа тэр бичгийг уншаад хэсэг мэгдэн зогслоо. Би яах ёстой вэ? Тэрээр удаан ч бодсонгүй …. тиймээ би л хийх ёстой хэмээн шийдэмгий хэлээд гэрээс гарлаа.
Энхриймаа ажил дээрээ хүн ихтэй босох завгүй сууна. Цайны цаг дөхөж байв. Гэтэл хаалгыг нь тогшин орж болох уу гэсээр нүдэнд дулаахан намбалаг шар авгай ороод ирлээ.
За та ямар хүсэлтээр явна?
Одоо цайны цаг болж байгаа биз дээ. Би өөртөө чинь хувийн асуудлаар явж байна. Намайг Оюумаа гэдэг би Оршихын эхнэр байна гэв.
Энхриймаа сандран … сайн байна уу та … тиймээ цайны цаг … за гарах уу гээд нүд нь бүлтэгнэн хэн нэгнээс аврал эрж буй мэт ийш тийшээ харсанаа хувцасаа өмсөн даган гарлаа. Тэр хоёр хоолоо хүлээнгээ чимээгүй сууна. Энэхэн цаг хэн хэнд нь туйлын хэцүү бараг зүрхнийх нь цохилт мэдэгдэхээр нам гүм байв. Энхриймаа доошоо харж сууснаа
Намайг уучлаарай, энэ бүгд миний буруу, Оршиход ямарч буруу байхгүй, би л анхнаасаа өөрөө эргүүлсээр байгаад ийм байдалд хүрсэн …
Чи гурван хүүхэдтэйг нь мэдэж байсан уу? Хүү нь аавыгаа санаад байна гээд гайхмаар тайван хоолойгоор Оюумаа асуув. Өөрийгөө ийм тайван байгаад бас чиг гайхав. Энхриймаа дуугүй л толгой дохин сууснаа, том алаг нүднээсээ том том нулимс унаган
Уучлаарай миний буруу Оршиход ямарч буруу байхгүй хэмээн нөгөө л үгээ давтан амандаа шивнэнэ.
За яахав та хоёр тэр гурван хүүхдийн зовлонгоор жаргал хийж чадах юм бол би юу хэлэхэв дээ гээд, өөрийнхөө хоолны мөнгийг гарган тавьтал Энхриймаа
Хэрэггүй ээ би төлчихье
Би одоохондоо идсэн хоолныхоо мөнгийг төлөх чадвартай байна гээд эргэж ч харалгүй гараад явлаа.
Энхриймаа суудал дээрээ суусаар хоолондоо ам ч хүрсэнгүй. Гэтэл гар утас нь дуугаран даргаа таныг захирал сураглаад байна хэмээн ажлаас нь ярив.

Орших цаг харвал 19 цаг өнгөрч байв. За харъя даа. Хүн ч байхгүй байна. Тэрээр хаалга онгойлгон ортол гэрт нь хэн ч байсангүй. Энэ Энхриймаа ирээгүй юм байх даа. Ямар ч барагддагүй их ажил вэ. Тэрээр хувцасаа солин гараа угаачихаад хоол хийхээр гал тогооны өрөөнд орлоо. Хоол хийх зуураа тэр гэнэт энэ ханхай байшинд ганцаардах шиг болов. Би ер нь хэзээ байтлаа ингэж гал тогоонд хоол хийж байлаа. Эхнэрээ төрөхөд л хоол хийж байсан байх даа. Эхнэр гэснээс муу хэд минь яаж шуу байдаг юм болдоо. Би ч арчаагүй зан гаргаж байна даа. Маргааш хүүгээ нэг авчирч хоноё, санаж байна гэж тоймгүй. Оюумаа намайг үзэн ядаад харахаас ч дургүй байгаа байх даа. Өдийд гэртээ байсан бол хэдэн хүүхдүүд минь шулганалдаад, Оюумаа минь хоол цай барьж гүйгээд, сайхан байгаа даа. Жаргалтай газар хүн тогтохгүй гэж би ер нь энд ингээд байж байгаа минь зөв үү хэмээн өөртэйгөө ярина. Энхриймаа ирэхгүй л байв. Гайхан утасдтал: Би өнөөдөр ажил ихтэй жаахан оройтох нь, чи өөрөө хоолоо идчих гээд утсаа тасаллаа. Ааш нь олдохгүй хачин хүүхэн шүү. Үргэлж ийм байвал ч би хэцүүдэхнээ гээд инээмсэглэснээ, номынх нь шүүгээн дэх номуудыг үзэж байтал шүлгийн түүвэр гээд гараад ирэв. Тэрээр санаанд оролгүй нэг хуудсыг сөхөн эргүүлтэл Ш.Гүрбазарын “ Ханьдаа” хэмээх шүлэг гараад ирэв. Уншлаа, бүр хэд дахин уншлаа.
Хань минь дээ чи арай
Хорвоо дээрхи гучин жарантныг дэргэдээ дагуулсандаа
Хорин жилийн амьдралд нь заяа хазаагаагүй явна гэж боддог юм биш биз дээ… Орших номоо хойш тавилаа. Орших минь дээ эр хүн алддаг. Тэгэхдээ чиний алдаа чинь тэнэглэл болоод байгаа юм биш үү. Чи ер нь энд юу хийж яваа юм. Хар нялхаасаа ханилсан хань, хайртай гурван үрээ орхиод чи дахин амьдрал зохиож чадна гэж үү. Тэгээд ч чи хэдэн настай билээ, өөрөөсөө өчнөөн дүү, чамайг гэсэн энэ хүнтэй суулаа гэхэд чи түүнд хэдэн хүүхэд өгч чадах билээ. Баахан хүний амьдралаар тоглож байгаа юм биш үү!!! Тэрээр олон юм бодолгүй хувцасаа бөөгнүүлж эхэллээ.
Энхриймаад харих ямар ч хүсэл алга байв. Тэрээр онцын чухал ажилгүй ч ажил дээрээ л байгаад баймаар. Түүнд Оюумаагийн хэлсэн гурван хүүхдийн зовлонгоор жаргаж чадвал гэдэг үг зогсоо зайгүй бодогдоно. Оюумаа эгчээ та үнэхээр агуу тэвчээртэй хүн юмаа. Та тийм тайван байхынхаа оронд намайг нүүр нүдгүй загнаад, элдэв янзаар хэлсэн бол надад арай илүү амар байх байсан юм. Тиймээ би хүний зовлонгоор жаргаж чадна гэж үү. Тэр хүн эргээд л эхнэр хүүхдээ гэнэ, тэр болгонд нь би уулзуулахгүй гээд байна гэж үү. Ямар ч хэцүү юм бэ дээ. Би л анхнаасаа эхнэртэй гэдгийг нь мэдсээр байж самбагнаж одоо өөрөө ийм байдалд хүрлээ. За эртхэн очиж чамайгаа явуулъя даа. Энхриймаа гэртээ иртэл Орших хувцасаа өмсөн түүнийг хүлээн сууж байв. Хэн хэн нь үг хэлэлтгүй шууд ойлголоо. Энхриймаа түүнийхээ цээжээр тэврэн: Яв даа хайрт минь намайгаа уучлаарай. Надад чамтай байхад үнэхээр сайхан байсан, маргааш он солигдлоо, дахиад л ганцаараа байх нь дээ гээд уртаар санаа алдлаа. Орших түүнийхээ мөрөөр нь тэврэн үсийг нь үнэрлэнгээ
Харин чи намайг уучлаарай. Чамайг их л санах байх даа … Гэхдээ л чи надад их юмыг ойлгуулж өглөө. Чамдаа аз жаргал хүсье, чи сайн охин шүү гээд духан дээр нь удаан гэгч нь үнэрлээд гараад явлаа.
Энхриймаа хаалга хаагдахтай нь зэрэг суун тусан хаалгаа налан хичнээн удаан уйлж суусаныг мэдэхгүй нэг мэдэхэд их ядарсан хүн арай хийж босон түүнийхээ үнэр шингэсэн дэрийг үнэрлэн нүүрээ наан унтлаа.
Орших, Энхриймаад нилээн дассан байснаа сая л ойлгов. Тиймээ би эр хүн шиг шийдвэр гаргах хэрэгтэй … тэрээр машинаа асаан сүүлийн удаа Энхриймаагийн цонхруу хараад хөдөллөө. Дэлгүүр орж хэдэн хүүхэддээ тус бүрд нь дуртай юмыг нь аваад, эхнэртээ авах юм олдсонгүй, юу авахаа шийдэж ядан байснаа би нээрээ бүдүүн бараг нь дэндсэн хүн байсан байна шүү. Нэг л хэвийн амьдралаар өдөр хоногийг өнгөрөөж байхад хөөрхий хань минь надаас юу ч нэхэлгүй аясаар минь байдаг байсан. Тэрээр нэг удаа ч болов цэцэг авч өгөөгүйгээ санан шөнийн цэцэгийн дэлгүүр лүү давхилаа. Гэрийнхээ гадаа ирээд орж чадахгүй нилээн суув. Гэтэл хашааных нь хаалга онгойн Оюумаа гарч ирээд ирсэн юм бол орооч дээ хэмээн хэлтэл Орших машинаасаа цэцэгээ барин бууж ирээд.
Хайрт хань минь намайгаа уучил. Болчимгүй зүйл хийсэн намайг уучлаарай гээд цэцэгээ өгөнгөө түүнийгээ тэврэн уртаар санаа алдаад, би чамд хамгийн сүүлд хэзээ хайртай гэж хэллээ хэмээн өөдөөс нь харвал Оюумаа инээмсэглэснээ
Дөнгөж сая хэллээ гээд хоёул тэврэлдэн аажуухан хөхрөлдлөө. Тэр хоёрыг гэртээ ортол хүүхдүүд нь хөөрөн
Аав ирлээ … аав ирсэн гоё доо хэмээлдэн хүзүүнд нь аслаа. Орших ч бүгдийг нь тэврэн үнсээд дотороо: Тиймээ миний аз жаргал энд л байсан байна хэмээн бодон уртаар амьсгаа аван хайр шингэсэн харцаар тэр дөрөвийгөө ээлжлэн харлаа.
Энхриймаа өглөө нь ажил дээрээ очин хагас ажилаад шууд тэндээсээ аавынхруугаа явлаа. Дахиад л аавынд он гаргах нь дээ. За яахав дараа жил заавал нэг хүнтэй болно доо. Миний заяаны хань хаа нэгтээ намайг хайсаар байжил байгаа. Орших минь одоо гэртээ сайхан байгаа байх даа. Тэрээр яагаад ч юм инээмсэглэлээ. Нэг л сэтгэл нь онгойн хэний ч өмнө буруугүй хэмээн бодохоос сүүлийн хэдэн сарын турш өнөөдөр л цээж дүүрэн амьсгаа авав.
Гэрийнхэнтэйгээ хөгжилдөн он гаргачихаад дүү нараа даган салют буудуулхаар гадаа гарлаа. Байрных нь хүмүүс ч гэсэн ар араасаа гараад ирэв. Гэрийнх нь урдах жижигхэн сагсны талбай дороо хүмүүсээр дүүрээд ирлээ. Энхриймаа хүслээ шивнэн өнгөрсөн бүх явдалыг өнөөдөр л бүгдийг нь аваад хаяачихъя хэмээн байдаг чадлаараа орилон дээш харлаа. Гэтэл хажууд нь нэг хүн шинэ жилийн мэнд хэмээн хэлэв. Чамд ч бас гээд хартал царайлаг цэвэрхэн, өөрийнх нь үеийн өндөр шар залуу инээмсэглэн зогсоно. Сайхан баярлаж байна уу, хамтдаа хуучин бүхнээ хаях уу гээд орилтол Энхриймаа инээмсэглэн мөрөө нэг хавчиснаа тэгье хэмээн тэр хоёр хамтдаа орилж гарлаа.

Төгсөв

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. zochin
     (202.179.25.***)
    2020/08/29 17:07

    bayrlalaa

    (0) (0)