БОЛЖМОР : Сэтгэл сохорсон байж хайрт минь…..2

2018 оны 11-р сарын 12 өдөр, 16 цаг 13 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
setgel

Цогт өглөө босоход нь сайхан хоол үнэртэж байлаа. Тэрээр усанд орчихоод гараад иртэл Тунгалаг өглөөний цай бэлдээд ширээ засчихсан байв. Цогтод энэ нь нэг л сайхан дулаан, дотно мэдрэмж төрүүлэв.
Сайхан амарсан уу? Ойрдоо ингэж хүнээр цайгаа бэлдүүлээгүй сайхан харагдаж байна шүү хэмээн инээмсэглэн хэлээд хоёул хамт суун хооллонгоо Цогт амарч байгаа дээрээ жаахан гадуур явж юм үзэх үү хэмээн хэлэхэд Тунгалаг уриалагхан зөвшөөрөөд одоохон бэлдээд орхие гээд өрөө рүүгээ гүйх нь холгүй явлаа.
Тэр хоёр хотын төв орон шинэ ирсэн хүний үзэж болох бүх л зүйлийг үзэн яг л амраг хосууд шиг хөгжилдөн явна. Хоёулаа машинаа тавьчихаад гудамжаар хөндлөн гулд алхан явтал Тунгалаг хальт гишгэн хөлөө эвгүй даран унах агшинд Цогт түүнийг түшин авлаа.
Яасан зүгээр үү, хөл чинь яаж байна … явж чадах нь уу?
Зүгээрээ баярлалаа. Би ч мөн болдог үедээ өсгийт өмсөж гарч ирлээ хэмээн ялдамхан инээмсэглэн хэлэв. Тэр хоёр жуулчдын гудамжинд ирэн жаахан амрахаар суунгаа мөхөөлдөс идэцгээж байтал явуулын зураач ирэн
Та хоёр ямар сайхан зохисон хосууд вэ, зургаа зуруулбал би тал үнээр нь зурж өгье хэмээв. Цогт
Үгүй ээ баярлалаа бид хоёр зуруулахгүй гэтэл Тунгалаг гадарлан
Зуруулах уу гэж байна уу тэгье л дээ тэгэх үү, би амьдралдаа өөрийгөө зуруулж үзээгүй, их сайхан санагдаад байна хэмээн эрхлэнгүй хэлэв. Намхан модон сандал дээр намбатайхан суун нүүрнээсээ оч гэрэлтүүлэн инээмсэглэн тэвчээртэй нь аргагүй зуруулан сууж байгаа Тунгалагийг Цогт хараад л баймаар байв. Тэрээр харах зуураа өөдөөс нь харан инээмсэглэл бэлэглээд “Би ер нь ингэж эмэгтэй хүнд анхны харцаар дурлаж байгаагүй дээ … энэ эгчмэд бүсгүйн юу нь миний сэтгэлийг ингэтлээ татаад байгаа юм бол, харах тусам л улам эгдүүтэй нэг л хүрч халдаж боломгүй санагдаад, энэ хэдхэн хоногт би яаж тэгтлээ хүсэн тэмүүлж байгаа хэрнээ биеэ барьж чадаад байгаагаа үнэхээр бодоод олохгүй юм. Түүний энэ жижигхэн хар мэнгэ л татаад байна уу … үнэхээрийн хайр хүрэм юмаа ” нэг мэдсэн тэрээр Тунгалагийг өөрийн мэдэлгүй ширтэн бодлогоширон зогсож байв. Зураач өвгөн инээмсэглэн гайхалтай сайхан хүүхэн юмаа, их сайхан буулаа хэмээн зургийг үзүүлвэл яг адилхан зурсан харагдана. Хоёул талархсанаа илэрхийлээд гарын мөнгө нэмж өгөөд явлаа. Тунгалаг байн, байн зургаа харан
Энэ ямар гоё юм бэ, би ийм хөөрхөн гэж үү… чамд тэгж санагдаж байна уу миний дүү хэмээн өөрөө яг л жаахан хүүхэд шиг хөөрөн асуув. Цогт хариуд нь
Дүү гэнэ шүү, 12 дотор үе байдаг юм за … гээд инээснээ их адилхан хөөрхөн зурсан байнаа хэмээв.
Нээрээ хөөрхөн байна уу? За тоглосон юм. Дахиж дүү гэхгүй ээ гээд тэгш цагаан шүдээ ил гарган инээснээ өлсөж байна хоёулаа хоолонд орох уу?, Ийм сайхан юм үзүүлж байгаа хүнээ нэг дайлахгүй бол болохгүй байхаа хэмээн хэлэв. Өдөржингөө өндөр өсгийт дээр яваад, дээрээс нь өдрийн хальт гишгэсэн хөл нь өвдөөд ядарсандаа тэрээр машин руугаа арайхийн явж байв. Цогтоо түүний хазганан явахыг хараад
Яасан зүгээр үү, машин хүртэл явж чадах нь уу? Ядаж байхад арай л хол паркалчихжээ. Алив би үүрээд явъя… хэмээн хэлээд хариу хүлээлгүй урд нь очин хагас суулаа. Тунгалаг санаа нь зовон үгүй ээ яах юм бэ … би зүгээр хэмээн хичнээн хэлсэн ч нэгэнт л тэгнэ гэсэн бол тэрүүгээрээ зүтгэдэг Цогт үгийн зөрүүгүй түүнийг тэвхийтэл үүрэн алхлаа. Тунгалаг санаа нь зовсон хэдий ч энэ нь түүнд маш тааламжтай байлаа. Түүний өргөн мөрийг тэврэн хөлс нь гарсанаас хувцасанд нь шингэсэн эхүүн ч юм шиг үнэр, түрхсэн үнэртэй устай нь холилдон нэг л содон үнэр ханхлуулна. Тунгалаг өөрийн мэдэлгүй шилэн хүзүүн дээр нь нүүрээ аваачин үнэртэж орхив. Цогт гэнэт халуун амьсгал хүзүүнд нь хүрэхэд цочисхийснээ инээмсэглэн
Яаж байна, хөлс үнэртэж байна уу? хэмээн асуувал Тунгалаг хацар нь үл ялиг улайсхийснээ
Чиний энэ түрхсэн ус их гоё үнэртэй юмаа … тэгтэл ч машины бараа харагдан ядарсан хоёр хүн шууд гэрээ зүглэн хөдөллөө.
Тунгалаг усанд орж байхдаа яагаад ч юм амандаа дуу аялмаар болов. Түүнд үүрүүлээд алхсан тэр газар нь хэдий богинохон ч гэлээ сэтгэлийг нь хөнджээ. Ер нь хүн болсоор хүний нуруун дээр гарч үзээгүй юм байна шүү. Нэг л сайхан юм гээч … түүний өргөн цээжийг нь тэврээд сайхан үнэрийг нь үнэртээд л яваад баймаар … урд нь кинон дээрээс хараад юун сүртэй ямбатай юм билээ гэж бодож байсан чинь өнөөдөр өөрөө үзээд ирэхээр үнэхээр л нялхамсаад өөр байдаг юм байна. Энэ эрчүүл яахаараа ингэж эрхэлсэн энхрий, гэнэн, ялдам, өөрөөс нь хүчин мөхөс хүүхнүүдэд дуртай байдаг байнаа. Ер нь л хараад байхад тийм шинж ажиглагдаад байх юм. За бид нар ч гэсэн өөртөө итгэлтэй, түшиг болохуйц нуруутай, халамжтай харчуулд ихэнхи нь дуртай байдаг шиг л байх даа хэмээн өөрөө өөртэйгээ ярин инээд алдав.
Тунгалаг уснаас гарахдаа сайхан цэвэрлээд араас нь Цогт орохоор хүлээж буйг мэдэж байгаа болохоор энд тэнд нэг ширхэг үс ч болов үлдсэн байх вий хэмээн нямбайлан шалгаад гарлаа.
Цогтийн банны өрөөнөөс хангинатал дуулж байгаа сонсогдов. Тунгалаг дуулахыг нь сонсоод инээд алдсанаа нимгэн сул даавуун даашинз углан жаахан хөнгөхөн идэх юм бэлдэхээр гал тогооны өрөөнд орлоо.
Цогт мөн л Тунгалагийг бодсоор: Хнн эгчийн дүү байхдаа яахав дээ. Нэг л их эгч болох гэсэн хүн. За яахав Цогтоо хүү нь дүү байна уу үгүй юу хараарай сайхан төрсөн эгчмэд бүсгүй минь … хэмээн бодон амандаа
Санааны газраас санагдаад байх юм даа
Сайхан Монгол бүсгүйд би хайртай…хэмээх дууны бадгийг өөрөө зохион үргэлжлүүлэн дуулав. Тэрээр алчуураар ороон гараад иртэл Тунгалаг
Сайхан дуулах юмаа, усанд орохдоо дандаа дуулдаг уу? Манай аав ч гэсэн байнга л усанд орохдоо дуулдаг юм. Гэнэт аав минь санагдаад өөрийн эрхгүй инээд хүрлээ. Цогт даган инээснээ
Үгүй яахав дээ ганцаараа хүн чинь ингэж л хань хийх юм байна ш дээ. За найз нь одоохон хэмээн хэлээд өрөөндөө орохдоо хаалгаа албаар хагас хаагаад орлоо. Тунгалаг том өрөөний буйдан дээр өдрийн хөл нь жаахан өвдөхөд хөлөө ачин суухдаа тэр зүг өөд харвал хагас хаалттай хаалганы цаана нааш, цааш холхих Цогт тодхоноо харагдав. Үнэхээрийн сайхан тэгш биетэй залуу юмаа … харин нөгөөх нь хэр бол гэснээ дахиад л өөрийгөө шоолон тэсэхгүй инээд алдчихав. Цогт үсээ арагш илэн богино өмд майктай гарч ирэнгээ (энэ нь зүгээр ч нэг гартаа тааралдсанаа өмссөн хэрэг биш байлаа)
За яагаад л инээд алдаад байна даа, бас аавыг чинь санагдуулчихсан уу хэмээн өөрөө ч гэсэн инээнгээ хүйтэн шар айраг залгилан сайхан байна шүү, за ядарсан уу гайгүй юу, одоо тэгээд ажилд орчихоор ингээд явах цаг зав багатай болчихдог юм. Хөл чинь яаж байна зүгээр үү? хэмээн асуув. Тунгалаг гэнэт аальгүйтсэн мэт болон жаахан зовсхийснээ
Гайгүй ээ, жаахан л өвчтэй байна хэмээн хэлэв. Цогт түүнд шар айраг задлан хийж өгөөд алив үзээдхэе дээ хэмээн барьж үзсэнээ
Жаахан хавдар орчихсон байна ш дээ. Өнөөдөр халуун дээрээ мэдэгдэхгүй байхгүй юу, маргааш аягүй л бол гишгэж чадахгүй юм болно. За байз эмийн сан ороод ирдэг юмуу
Үгүй яах юм бэ зүгээр, харин жаахан хар цайгаар шавшдаг юм билүү нээрээ, цайны ханд байгаа юу?
Байхгүй дээ, липтон л байна болох болов уу?
Өө тэгвэл тэрийг чинь гаднах цаасыг нь авч байгаад тавьчихъя, болох биз гэж хэлээд босох гэтэл Цогтоо
Чи хөдлөлгүй хэвтэж бай, би хийгээд ирье гээд босон явлаа. Тунгалаг баярлалаа… уучлаарай гэсээр үлдэв.

Цогтод яагаад ч юм түүнд юм хийж өгч байгаа нь их л сайхан санагдаж дор нь ханд буцалган хөргөөд хэлсэнийх нь дагуу хөлийг нь шавшиж өгөв. Түүний хөл нь бүр ч хөөрхөн, жижигхэн цэвэрхэн хөөрхөн хөл байлаа.
Чиний хөл чинь хүртэл хөөрхөн юмаа. Надад ямар ч сайхан хүүхэн байсан хөл нь онцгүй бол нэг л сонин байдаг
Би ч өнөөдөр чамд сайн эрхэлж байнаа …
Тэр хоёр ядарсан байсан тул хэн, хэн нь удаан суухыг хүссэнгүй унтахаар болон Цогт ширээн дээрхээ хурааж эхлэв. Тунгалаг түүнийг нүд салгалгүй хөдөлгөөн бүрийг нь ажин сууна.
За болчихлоо унтах уу хэмээн Цогт түүнийг тэврэн авлаа. Тунгалаг ч байдлыг ойлгон тэврэхээр тонгойход нь хүзүүгээр нь тэврэн авахад тэр хоёрын нүүр бие биеийн өөдөөс тулан халуун амьсгал хормын төдийд харилцан солигдоход хэсэг ингэж ширтэлцэж байснаа Цогто унжсан үсийг нь арагшлуулан зулай дээр нь нүүрээ наан үнэрлэв. Тунгалаг ч цээжинд нь нүүрээ наан олон юм ярилгүй Цогтод тэврүүлэн өрөөнд нь орлоо.
Цонхоор тусах чийдэнгийн ёлтгор гэрэл зөвхөн тэр хоёрын хайрын түүхийг бичихээр яаран буй дуран авай шиг гэрэлтэнэ. Цогт Тунгалагийг өргөн орон дээр зөөлөн хэвтүүлэн бүүдгэр тусах гэрэлд тодрон буй түүний үзэсгэлэнт цагаан царайг удаанаар ширтлээ. Дөрвөн хос нүд юу ч хэлэлгүйгээр хоёр биендээ шунан дурлаж уусан шингэсээр. Цогт сул асгарах гил хар үсийг нь илбэнгээ түүнийхээ хацрыг гарынхаа араар зөөлөн иллээ. Энэ сацуу Тунгалагын хамаг бие нь нялхамсан гүйдэл гүйх мэт болж эхлэв. Цогт яаралгүй бүх л эд эсийг нь хүрэн алдан тэмтчинэ. Тунгалаг анх л удаа хүнтэй ойртож буй мэт бүх л үйлдэлд нь сэрэл нь хөдлөн хүрсэн газар бүрт нь цочин давхийнэ. Ийнхүү тэр хоёр аажим, аажмаар биедээ тэмүүлсээр нэг л мэдэхэд хүслийн жолоо нь хэдийн алдуурч орчлонгоос тасарлаа.
Хоёул нэвт хөлрөн хэн, хэн нь салж төвдөлгүй удаан хэвтлээ. Тунгалаг инээмсэглэн
Чи намайг дарж аллаа ш дээ гэхэд Цогт чичирсэн биеэ арайхийн барин чи минь гайхалтай хэмээн хэлээд нүдэн дээр нь үнсээд хажууд нь зэрэгцэн хэвтэв.
Ямар сайхан байнаа. Чамд баярлалаа Цогтоо. Тунгалаг Цогтоогын гарыг дэрлэн цээжээр нь тэврэн хэвтэхдээ ийнхүү хэллээ. Би чамаас нэг юм асууж болох уу?
Чи минь өөрөө гайхалтай увидастай хүүхэн юмаа … тэгээ асуу л даа хэмээн хэлээд дахиад л нүдэн дээр нь үнсэв. Тунгалаг тааламжтайяа инээмсэглэснээ
Чи яагаад дандаа нүдэн дээр үнсдэг юм бэ. Хайртай хүнийхээ л нүдэн дээр үнсдэг биз дээ
Би чамд хайртай болчихвол яах уу?
Юу гэж дээ би чинь чамаас дөрөв эгч шүү дээ
Дурлалд нас ямар хамаатай юм бэ
Тэгэхдээ л би чамайг хайрлаж чадахгүй бол яана. Үнэндээ эмэгтэй хүний сэтгэл хэтэрхий их гомдол тээхээрээ буцаж эдгэртэлээ их л удаан юм шиг байна.
Чи минь тэгтлээ их зовсон гэж үү. Хүний амьдралд жаргал зовлон ээлжилж байдаг гэсэн биз дээ. Тэгвэл одоо жаргал нь ч ирж байгаа юм бил үү.
Чи нээрээ надад дурлачихсан юмуу?
Худлаа дурлана гэж яадаг юм. Би анх чамайг Жагаагийнд хараад л анхны харцаар дурласан. Урд нь би хэзээ ч ингэж үзээгүй болохоор чамд дэндүү татагдаад байх шиг байна
Би чамд юу ч амлаж чадахгүй. Үнэхээр сэтгэлийг минь хөндөж чадвал би юундаа дургүйцэх вэ. Чи ийм сайхан залуу нэг л өдөр сонирхол чинь буурвал яана. Хэт их шунан дурлаж тэмүүлсэн хайр бөхөхдөө хурдан ч байж магад шүү дээ
Хэхэ … чи минь яасан ч өхөөрдөм юм бэ. Чи надад ерөөсөө эгч санагддаггүй, бас харагддаггүй, өчигдөр би чамруугаа очихыг ямар их хүсч байв аа. Даанч чамайгаа үргээчих вий, миний талаар буруу ойлголт авчих вий гэж бодоод хүчээр биеэ барьсан … ийнхүү тэр хоёр сэтгэлийнхээ үгийг ярилцан хэвтэнэ.

Цогтоод юм бүхэн сайхан байлаа. Тэрээр анх удаагаа ажлаа хурдан дуусахыг хүлээн байн, байн цагаа харна. Утсаар ч болов ярьчихгүй гэснээ. Нээрээ би ямар тэнэг юм бэ, яаж ярина гэв. Түүнд Тунгалагаас өөр бодогдох зүйл байсангүй. Ингэж гэнэт хүчтэй дурлана гэж байдагаа. Тэрээр гэнэт нэгийг сэдэн учиртайхан инээлээ.
Тунгалаг чихнийхээ бөглөөг онгойлгоход хэрэгтэй хэмээн кино үзэж өнжив. Уг нь ч унаган Орос хэлтэй бас ч гэж Англи хэлээр ч гэсэн гайгүй, өөрөө л ажилд оръё хэмээн нэг их хүчлэхгүй байгаа болохоос биш. Болдогсон бол Болороотойгоо нэг дор ажиллах юмсан. Уг нь эргээд мэдэгдэнэ гээд утасны дугаар аваад үлдсэн дээ. Нээрээ Цогтоог ирэхээр гарч нэг утас авъя. Тэгэхгүй бол ажилтай үед нь залгаад Цогтоо утсаа сонсохгүй бол балрах нь байна. Цогтоо гэснээс би юу л хийж байна даа. Энэ хүү надад үнэхээрийн дурласан юм болов уу, эсвэл ганцаараа байгаа эрэгтэй хүн нэг хүүхэн гараад ирэхээр шохоорхож байна уу? Манай дүүтэй чацуу гэж бодохоор нэг л сонин … тэгсэн хэрнээ тавьж байгаа анхаарал халамж, мэдрэмж нь бол ямарч хүнийг татахаар байдаг. Би өөрөө л мэдэж явахгүй бол хүний хүүхдийн сэтгэлээр тоглоод өөртөө ч дахин нэг нэрмээс нэмэх вий дээ. Ай даа энэ хүний сэтгэл гээч юм нь даанч жолоогүй эд дээ хэмээн санаа алдлаа. Тэрээр цагаа хартал оройн хоолны цаг аль хэдийн болсон байв. Хоолоо хийх санаатай, ямар хоол хийхээ шийдэж ядан бэлдэж байтал Цогтоо түлхүүрдсээр ороод ирлээ. Тэрээр шууд хүрч ирэн тэвэрч авч үнсээд
Өнөөдөр цаг ямар удаан өнгөрөвөө. Миний хайр уйдаагүй биз дээ. Хөл нь яаж байна? Би бүр зөндөө саналаа, чи намайг санасан уу гээд инээснээ за хоолоо орхичихоо хоёулаа гадагшаа гаръя, хурдан хувцаслаарай хэмээн яаруулав. Тунгалаг учрыг үл ойлгон пүүз, жинсэн өмдтэй углан, цагаан майкан дээр задгай энгэртэй бэлтгэлийн цамц өмсөөд, үсээ ардаа шуун явахад бэлэн болон гарч ирлээ. Цогт түүнийг өргөн эргүүлсэнээ чи минь бүр жаахан охин шиг болчихжээ алив хэмээн эрхлүүлэн дуугарлаа. Тэр хоёр инээлдэн шуугилдсаар гэрээс хөтлөлцөн гараад машинд суусан хойноо л хаачих гэж байгааг нь сая асуув. Цогтоо инээснээ очоод хараарай цаг нь амжих нь уу харин хэмээн хэлээд хотын төврүү яаран давхилаа. Тэднийх ч нэг их хол биш тул дороо л хүрээд ирэв. Цогт Тунгалагийг хөтлөн гүйхээрээ явангаа өнөөдөр хоёулаа Титаникданаа. Тунгалаг бүр ч их гайхлаа. Тэр хоёр явсаар нуурын эрэг дээрх том цагаан усан онгоцон дээр хүрч ирэв. Цогтоо ашгүй амжлаа хэмээн тасалбараа аваад хоёул дотогш орлоо. Тэнд тэр хоёроос гадна жуулчид голдуу нилээн хүмүүс байгаа харагдана. Хоёулаа хамгийн урд нь очин зогсоод сая нэг амьсгаагаа даран инээлдэцгээн за эхлэх үү хэмээн хошигнов. Тунгалаг
Ямар сайхан юм бэ. Би урд нь хэзээ ч ингэж усан онгоцонд сууж үзээгүй. Баярлалаа хэмээн хүүхэд шиг хөөрөн Цогтоогоо үнслээ. Тунгалаг Цогтоогын урд нь зогсон арагшаа гэдийн хүзүүгээр нь хоёр гараа ороон, Цогтоо араас нь тэврэн мөрөн дээр нь толгойгоо тавин хоёул зүсэгдэн ярагдах их усыг ширтэн хацраа нийлүүлэн явна. Аль, аль нь дэндүү жаргалтай харагдана. Тунгалаг эхлээд дотор нь жаахан эвгүй байснаа дороо дасаад ирэв. Тойрог ч дуусч хоёул хөтлөлцөн онгоцноос буулаа. Тунгалаг үнэхээр баярласан нь илт, Цогтоо ч гэсэн түүнийхээ баярлан инээж буйг хараад сэтгэл нь нэн хангалуун байлаа. Тунгалаг ийш тийш харан юм ярьсаар Цогтоог хариу өгөхгүй болохоор нь гайхан хартал хажууд нь байсангүй.
За тогломоор байна уу гээд гэнэт эргэн хартал ард нь ч байсангүй. Тэрээр жаахан гайхасхийн нүдээ билчээн ойр орчим харлаа бас л байдаггүй. Гадаа аль хэдийн бүрэнхий болсон тул тэрээр гайхан надад юм хэлсэнийг нь энэ чимээнд би сонсоогүй юм байх даа. Хэдийдээ алга болчихдог байнаа. Сонин хүү шүү. Эндээ хүлээж бай гэснийг нь би мэдэхгүй ангайж юм үзэж байж сонсоогүй юм болов уу… гэтэл халаасанд нь нэг юм чичрэх шиг боллоо. Гайхан юу билээ гээд гараа оруултал цоо шинэ цагаан өнгийн гар утас байв. Яадаг билээ энэ чинь, яахаараа миний халаасанд утас байж байдаг билээ хэмээн сандран дэлгэцийг нь сөхтөл Цогтоогын дугаар гараад ирэв.
Байна уу … байна уу чи хаана байнаа, яагаад байгаа юм бэ… гэтэл
БИ ЧАМД ХАЙРТАЙ … хэмээсээр Цогт хажуугын бутны араас гараад ирэх нь тэр. Тунгалаг юу ч хэлэлгүй уйлчихав. Цогт ч сандран
Яасан бэ, уучлаарай би чамайг гэнэт баярлуулах гээд л, зөндөө залгасан, чи сонсохгүй байсан … айлгачихсан уу … уучлаарай миний хайраа
Чи… чи … би амьдралдаа хайртай гэдэг үгийг ингэж хүлээж авч байсангүй хэмээн доголон нулимстай нүдээр инээмсэглэн өөдөөс нь ширтэн хэлээд Цогтоогийнхоо хоёр хацарыг жижигхэн гараараа барин үнсэж гарлаа.
Цогт, Тунгалаг хоёрт цаг хугацаа харвасан сум шиг өнгөрсөөр. Тунгалаг ч ажил хайсан хэвээрээ л. Гэтэл 3 долоо хоногийн дараа Болормаагийн ажилд орсон газраас утасдан ирж шалгуул хэмээв. Тунгалаг бөөн баяр болон Цогтод утасдан хэлэхэд Цогт дурамжхан утсаа тавьлаа.
Маргааш нь өглөө эрт хоёул гэрээс гаран ажлынх нь зүг явж байхдаа Цогт нэг л дуу муутай байв.
Би хамт орж ярьж өгье. Болж өгвөл долоо хоногтоо хоёр өдөр амрах ажил байвал зүгээр байна. Би чамайг ирж аваад хүргэж өгөөд байх юм чинь
Хүний газар ажил хийхгүй бол болохгүй ш дээ хайраа. Чи минь арай наддаа итгэдэггүй юм биш биз дээ. Би чинь бас хүүхэдтэй хүн боломж гарвал муу хүүгээ наашаа авчирах санаатай байгааг чи минь мэдэж байгаа биз дээ хэмээн нөгөө л хөөрхөн нүдээрээ өөдөөс нь харан инээмсэглээд сул гарыг нь тас атган мөрийг нь дэрлэн явав.
Болормаа тэр хоёрыг харан бөөн баяр болон угтлаа. Тунгалаг яагаад ч юм тайван байв. Тэрээр Орос хэлтэй байсан нь их хэрэг болов. Учир нь ажил олгодог газар нь Орос эзэнтэй. Ярилцлагад нэг халзан толгойтой 40 гаран насны гүзээгээ унжуулсан эрэгтэй, мөн хамаг байдгаараа будан нүүр нь хаанаа байгаа нь мэдэгдэхээ байсан шавар баримал шиг нэг Орос авгай хоёр байлаа. Тунгалагаас ойр зуурын юм асуун хоорондоо яриад оффистоо ажиллуулахаар болов. Энэ нь ч тун боломжын ажил, ирж байгаа хүмүүсийг бүртгэн авч хувиарлан, мөн зар сайн тарааж захиалагчидийг өөртөө татан хамруулах гээд ер нь дажгүй цэвэрхэн ажил байв. Ажиллах өдрийг нь асуувал долоо хоногийн 5 өдөр өглөө 8 цагаас оройны 22 цаг хүртэл ажиллана. Ингээд бүгд тохиролцон гарын үсгээ зуралцаад шууд маргаашнаас нь эхэлж ажиллахаар болов. Эднийх хүүхдийн цэцэрлэгт асрагч, гэрийн үйлчлэгч, настай хүнийг асрах зэрэг ажилд хүмүүсийг зуучлан ажиллуулдаг агентлаг. Ажилд орж байгаа болон, ажил захиалж байгаа хоёр тал хоёулаа мөнгө төлдөг болохоор орлого ч боломжийн байдаг байлаа. Тунгалагын өмнө нэг Польш хүүхэн байж байгаад хүнтэй гэрлэхээр болоод ийнхүү ажлаасаа гарсан аж. Тэр үед нь Тунгалаг, Болормаа хоёр ажил хайн очиж таараад Болормааг нь цэцэрлэгт хүүхдийн асрагчаар авсан байна. Горган хэмээх ерөнхий захирал нь ирээгүй байсан болохоор тухайн үедээ Тунгалагийг шийдэж чадалгүй бүртгэн авч хоцорчээ. Горганд Тунгалагын биеэ авч яваа байдал нь таалагдаж олзуурхууштай байлаа. Цогт Тунгалагт хандан
Боломж л олдвол ярьж байгаарай, бас янз бүрийн юм болбол хэдэн ч цагт байсан хамаагүй залгана шүү хэмээн салж ядан зогсоно. Болормаа тэр хоёрыг гайхан харж байснаа
Та хоёр чинь хэзээдээ ийм сүрхий болоод амжуулчихваа, намайгаа хөдөө цөлж хаячихаад араар амжуулчихсан байх шив хэмээн тоглоом болгон хэлэв. Болормаа ч гэсэн тийм ч муухай хүүхэн биш. Мах шөл нь таарсан энгийн байгаагаараа сайхан нүдэнд дулаахан шардуу хүүхэн. Тунгалаг инээмсэглэн
Харин нэг л мэдсэн ийм болчихлоо гээд түүндээ шигдэн зогсов. Тунгалаг, Болормаа хоёр цэцэрлэгт байрлах ажилчидын нэг өрөөнд нь хамтдаа амьдрах болов. Уулзаагүй удсан хоёр найз шөнөжингөө буу халлаа. Мэдээж ярианы ерэн хувь нь Цогт байв. Болормаа тиймүү … сайхан юмаа … ямар атаархмаар юм хэмээн уулга алдахаас үл хэтэрнэ. Хоёулаа дундаа нэг шил вино тавин хоёр биенийхээ амжилтын төлөө хундага тулгацгаав. Тунгалагын утсанд зогсоо зайгүй мессэж ирсээр. Ингэж ирэх тоолонд Тунгалаг баяртай нь аргагүй нүүрэндээ мишээл тодруулан: Уучлаарай хө, найз одоохон, энэ нээрээ ингэж байна хэмээн Цогтоогын дурлалын үгтэй мессэжүүдийг түүнд уншуулан өөрөө ч гэсэн инээд алдан сууна. Энэ бүхэнд Болормаа яагаад ч юм цагаахнаар атаархах сэтгэл төрж, Цогтоо ч сайхан залуу даа, чи нээрээ азтай юмаа хэмээн дуниартсан нүдэээр Тунгалагийг харж хэлэв. Тунгалат түүнийг анзаарах ч сөхөө байсангүй.
Харин тиймээ, найз нь эр хүний хайр халамжийг одоо л мэдэрч эхэлж байна. Намайг гээд хүндлэн хамаг сэтгэл зүрх, цаг заваа зарцуулж, анхаарлаа хандуулаад байгаа нь үнэхээр уярахгүй байхын аргагүй юмаа … ийнхүү Тунгалаг Цогтоогийн тухай бүр ор хөнжлийнх нь тухай хүртэл яриа дэлгэн сууна. Болормаад эхэндээ сонин байсан энэ яриа сүүлдээ утгагүй мэт санагдан дотор нь хэрэв би байсан бол хэмээн бодогдоод хэцүү байсан тул хоёулаа унтая даа хэмээн хэлээд ороо заслаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх