БОЛЖМОР : Сэтгэл сохорсон байж хайрт минь…..3

2018 оны 11-р сарын 13 өдөр, 18 цаг 35 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
2-10-728x420

Маргаашнаас нь эхлээд тус, тусын ажилдаа шогшсоор өдөр хоног ч дороо өнгөрсөөр. Тунгалаг орой орж ирэхдээ л утсаар ярьчихсан байна, эсвэл гар нүүрээ угаав уу үгүй юу утас нь чичрэн Баясгалангийн “Санах тусам” эгшиглэнэ. Тэр хоёрт тухтайхан яриад суух цаг ч ховор гардаг болов. Болормаа гэнэт ихээр ганцаардаж байгаагаа мэдэрлээ. Хэн нэгнийг чимээгүйхэн үгүйлээд ч байх шиг, эсвэл өөрийнх нь байх ёстой байсан хүн нь нэгэнт хүнийх болчихсон болохоор чимээгүйхэн хадгалж явсан зүрх нь зүүгээр хатгах ч шиг. Болормаа өдийг болтол хүнтэй суугаагүй бөгөөд анх Цогтоог хараад бас л тэрүүхэндээ мэгдэн сандарчээ. Тэрээр Тунгалаг, Цогт хоёрыг арай ч ийм болтолоо дотносоно гэж үнэндээ зүүдэлсэн ч үгүй. “ Яахав залуу улс боломж гарвал наана уу, цаана уу болох л биз хэмээн бодож өнгөрөөдөг байв. Гэтэл одоо найзынхаа амнаас байнга түүний тухай сонсч, Цогтоогийн найзад нь тавих анхаарал, халамжид атаархахгүй байж чадсангүй. Дэмий бачууран суухаас үл хэтэрнэ. Түүний Цогт намайг нэг удаа ч гэсэн боддог болов уу? хэмээн нууцхан бодож элдэвээр зөгнөн, мөрөөддөг байсан бүхэн нь зөвхөн өөрт нь л үлдэх нууц болон хадгалагдаж байгаад маш ихээр шаналдаг байв. Тэглээ гээд яахав дээ… нэгэнт байдал ийм болчихсон байхад. Ай хөөрхий гэж энэ амьдрал гэж яахаараа ийм хүсэхэд хясдаг байнаа” хэмээн бодон хэвтэж байснаа босон Жавхлангийн “Амьдрал” хэмээх дууг тавин буцаад орондоо орон нүдээ анин хэвтлээ.
****
Маргааш нь тав дахь өдөр болж Цогт Тунгалагийг авахаар ирэв. Болормааг хичнээн хамт явъя гэж ятгаад дийлсэнгүй. Үнэндээ Болормаа гадагшаа гармаар байвч тэр хоёртой хамт байх ямар ч хүсэлгүй байсан тул шалтаглан эндээ үлдлээ.
Иймэрхүү янзтай Цогт Тунгалагийг тав дахь өдөр болгон авч бүтэн сайнд хүргэж өгсөөр, заримдаа ажилтай үед нь Тунгалаг метрогоор дамжин өөрөө явчихдаг болов. Тэр хоёр бие, биенгүйгээрээ байж чадахгүй мэт их л янаг дотно байдаг байв.
Тэр нэг өдөр Цогт хүлээж байтал Тунгалаг ирдэг цагаасаа нилээн орой ирэв. Цогт утасдвал хэд, хэд дуудуулсаны дараагаар арайхийн утсаа аван очиж байнаа юун сүртэй юм хэмээн жаахан уцаарлангуй аястай хэлэхэд Цогтоогийн сэтгэлд жаахан хар бууснаа тэгэс гээд гайгүй боллоо.
Тунгалаг орж ирчихээд яагаад ч юм анх удаагаа жаахан тар тур хийн нэг л эв зүйгээ олохгүй байв. Тэрээр байн, байн утас нь дуугаран ярих тоолонд нөгөө өрөөнд орон ярина. Цогт энэ удаа түүнийг сайтар ажлаа. Ер нь сүүлийн үед нэг л хөндий болоод байгааг нэхэн санав. Цогтоо өөрөө л хайрт минь гээд гүйгээд байгаагаас биш Тунгалагын харьцаа өөр ч болсон юм шиг, үгүй ч юм шиг. Би хэтэрхий хардаад байгаа юм болов уу… ямарч боломж байхгүй л баймаар юм хэмээн бодон суутал Тунгалаг инээмсэглэн нөгөө өрөөнөөс гарч ирсэнээ эрх муур шиг энгэрт нь асан найз нь усанд орчихоод гараад ирье хэмээн хэлээд хамар дээр нь үнсээд дуу аялан угаалгын өрөөнд орлоо. Цогтоо урьд нь хэзээ ч ингэж байгаагүй ч яагаад ч юм утсыг нь шалгаж үзмээр санагдан, ус дуугарангуут гүйж очин утсыг нь аван хадгалсан болон залгасан дугаар, ирсэн мессеж зэргийг нь яаран үзэж байхдаа зүрх нь хүчтэй цохилж байгааг мэдрэв. Тэнд ноцтой юм юу ч байсангүй. Хайраа хэмээн өөрийнх нь дугаар, тэгээд Болормаагийн, бас ажлын газрынх нь дугаар, Монгол дахь гэрийнх нь дугаар гэсэн хэдхэн дугаар байсанд тайвшран өөрийгөө шоолсоноо санаа нь амарсан байртай буцаан тавин буйдан дээрээ ирэн хайртыгаа хүлээн тухаллаа.
Маргааш нь Цогт Тунгалагийг Кино үзэх үү? хэмээтэл Тунгалаг эртхэн харьж амармаар байна гэхэд нь Цогт уурлан
Чи ер нь сүүлийн үед яагаад байгаа юм бэ? үнэнээ хэл хэмээн асуув
Би яасан юм бэ, байдгаараа л байна даг. Чи харин өөрөө яагаад байгаа юм. Тэгээд ч чамд намайг ингэж хардаж цагдах эрх одоохондоо байхгүй шүү, би ямар чиний аваад суучихсан эхнэр чинь биш. Сүүлийн үед юм л бол уурлаад байдаг болж гэнэ. Би хэнтэйгээ уулзаж, утсаар ярихаа чамаар заалгахгүй за.
Цогтоо юу ч хэлэлгүй гараад явчихав. Гараад хэсэг байж байгаад дэлгүүр орж уух дуртай виног нь аван эвлэрэхээр гэртээ орвол Тунгалаг нөгөө өрөөнд хэн нэгэнтэй ярьж байгаа бололтой сайн биш ч гэлээ Англи хэлээр ярилцаж байгаа нь дуулдав. Цогт энэ удаад тоохгүй царайлан албаар ирсэнээ мэдэгдэх гэж чанга дуутай хаалгаа хаалаа. Тэр сацуу Тунгалаг нөгөө өрөөнөөс гарч ирээд
Хайраа би оффис руу яриад чөлөө авчихлаа. Маргааш амрана. Хоёулаа жаахан гадуур явах уу, чи ядрахгүй гэвэл намайг шөнөдөө хүргээд өгчих хэмээн хэлэв. Цогт баярлан авчирсан виногоо өгөөд
Миний хайраа намайг уучлаарай. Би нээрээ л арай хэтрүүлсэн юм шиг байна. Энэ зүрх сэтгэл чинь заримдаа тархинд захирагдахаа байчих юм байна, дахиж ингэхгүй ээ хэмээн хэлээд халуухнаар тэврэн үнслээ. Тунгалаг ч инээмсэглэн
Намайг ч гэсэн уучлаарай… ийнхүү тэр хоёр учраа ололцон хайрын баландаа умбан шумбалаа.

****
Горган Тунгалагийг харсан өдрөөс л түүний хүсэл бадраад ирэв. Ази хүүхэн гэхэд их сайхан хүүхэн юм гээч. Би урьд нь Солонгос хүүхэнтэй явдаг байхад тэр ийм байгаагүй дээ. Чамайг би эр хүн л юм бол яаж ийж байгаад заавал нэг үзнэ дээ хэмээн өөртэйгээ ярин үлдэв. Тунгалагын ажилд орох саналыг тэр олон үггүй шууд зөвшөөрлөө: “ Өөрийн хажууд байнга байлгаж байвал нэг учир гарч ирж л таарна. Угаасаа нэг асуудал байж л таараа, тэрийг нь олж хөндөж чадвал. Бас ч гэж өдий наслахдаа овоо юм үзсэн толгой юмсан уг нь. Даанч сайхан амьтан шүү ” хэмээн бодно. Тэрээр шилэн хоргоныхоо цаанаас Тунгалагийг эрээ цээргүй ширтэн суудаг байлаа. Ажилд ороод нэг их удаагүй байхад нь түүнийг өдрийн хоолонд урьтал Тунгалаг татгалзсан хариу өглөө. Дараагийн удаад дахин урьвал энэ удаа зөвшөөрөв.
Тунка чи намайг дарга гэж ёсорхоод яахав. Хоёулаа ажлын бус цагаар сайхан найз нөхөд шиг байж болно биз дээ. Би чамд чадлынхаа хирээр тусалж чадна. Чиний бүртгэлийг уншиж байхад хүүтэй гэж байсан. Хэрвээ чи зөвшөөрвөл би чамд бичиг баримтны талаар тусалж, хүүг чинь энд авчирах тал дээр ч анхаарч үзэж болох юм.
Тийм үү, үнэн гэж үү… таньд маш их баярлалаа. Хүүгээ авчирахыг мэдээж хүсэлгүй яахав. Тэгэхдээ та хүн бүхэнд ингэж найрсаг ханддаг уу?
Үгүй дээ, чи бол сайн ажиллаж байна. Хойшдоо ч энэ чигээрээ байна гэдэгт би итгэж байгаа тул нэг сайн ажилтнаа алдах вий гэсэндээ л ингэж байна. Үгүй яахав чи өөрөө хүсэхгүй бол би албадахгүй
Горган, Тунгалаг хоёрын харьцаа ийнхүү эхэлжээ. Тэр өдрөөс хойш Горган байнга Тунгалагт анхаарал тавин бүр цалинг нь хүртэл нэмж өглөө. Тунгалагын далбаан доор Болормаа ч гэсэн цалингаа нэмүүлэв. Горган тэр хоёрт тусад нь байр хүртэл авч өглөө. Болормаа нэг өдөр Тунгалагт
Энэ Горган юу л санаж чамд ингэж тусалж гүйгээд байгаа бол доо. Цогтоо мэдвэл ч…
Миний найз Цогтоод юу ч мэдэгдэж болохгүй шүү. Цаадах чинь ойрдоо их хартай болоод байгаа. Тэгээд ч хүн намайг сайн ажиллаж байна гээд зүгээр тусалж байхад. Босс нэг ч удаа намайг оролдоогүй, бүр гараас минь хүртэл бариагүй. Би ч гэсэн анхандаа жаахан буруу ойлгож л байлаа. Гэхдээ энэ чинь одоо нөхцөл нь ийм байна. Горган бид хоёрт сайн байна гэдэг чинь тэр хирээрээ хоёулаа удаан ажилланаа гэсэн үг биз дээ хө. Би угаасаа Цогтоотой суух талаар бодолгүй байгаа. Тэр хүнийг сайн танисаны дараа бол бодож болно. Эхний ээлжинд жаахан хөл дээрээ босоод хүүгээ аваад ирэх хэрэгтэй байна
Тэгэхдээ Цогтоо чамд үнэхээр хайртай ш дээ….
Тийм л дээ, би ч гэсэн Цогтоодоо хайртай… гэхдээ би хүүхэдтэй тэрнийхээ төлөө л гэж энэ хол харийн нутагт хүн, хүн царайчилж явна. Миний найз ойлгож байгаа биз дээ. Манай мангар хар ямар хартай, яаж намайг зовоодог байсныг чи мэднэ дээ. Үнэндээ би хартай хүнээс маш их айдаг болсон. Цогтоо ч гэсэн тийм гэх газаргүй. Тэгэхдээ мэдэхгүй юм даа энэ амьдрал гээч юмыг ойлгохгүй юм заримдаа
Би чамайг ер ойлгохоо байлаа … за, за өөрийн бодол өөртөө зөв, өөрийгөө мэдэж байвал найз нь юу хэлэхэв дээ. Нээрээ л Цогтоог чи бид хоёр хэдийхэн мэдэх билээ тэ. Болормаа, Тунгалаг хоёр ийнхүү ойлголцон энэ бүхнийг Цогтоогоос нуухаар болж, шинэ орсон байраа өөрсдийн мөнгөөр түрээсэлж байгаа хэмээн хэлэхээр тохиролцон ам нийллээ.
****
Цогтоо Тунгалагаасаа салж ядан түүнийгээ хүргэж өгөхөөр явна. Зам зуур Тунгалагын утас хэд, хэд дуугарсан боловч тэрээр дугаарыг нь харчихаад авсангүй.
Хэн яриад байгаа юм бэ?
Байрны эзэн авгай л байна, түрээсийн мөнгө гэж байгаа биз
Та хоёрын шинэ байр их тохилог юм билээ, бас үнэтэй ч байх, хайр нь тэгж байгаад нэг сарынх нь ч болов төлбөрийг хийж өгнөө
Үгүй яах юм бэ, чи өөрөө тэртээ тэргүй их зардалтай амьдарч байж, бид хоёр одоохондоо болж л байна
За, за болж байвал яахав дээ хэмээн Цогтоо хэгжүүрхэнгүй хэлээд дуугүй боллоо. Түүний дотор юу ч юм буцална. Тэр хоёр явсаар гэрт нь ирэхэд бараг үүр цайж байлаа. Тунгалаг Цогтоог хоноод явахгүй юм уу гэтэл үгүй одоо шууд ажилдаа явлаа гээд цай уугаад гарав. Цогтоо гараад гэрлүүгээ явж байснаа бараг замын дундаасаа өнгөрсөн хойно Тунгалагийг залгахгүй болохоор яасан юм бол гээд утасаа үзтэл байдаггүй. Замын хажуу руу гарч зогсоод зөндөө хайсан ч олсонгүй. Тэрээр гэнэт ярьж байгаад буйдан дээр нь тавьсанаа санан жолоогоо эргүүлэн тэднийх уруу буцлаа.
Тунгалаг усанд орчихоод гараад иртэл утас нь дуугарав.
Байна уу… уучлаарай харин усанд орж байгаад сонссонгүй. Юу, одоо юу… би уг нь өнөөдөр чөлөө авсан даа. За, за би өөрөө яваад оччихъё.
Тунгалагийг яарсаар иртэл Горган ажил дээрээ өрөөндөө сууж байлаа. Тунгалаг мэндлэн за аль бичиг баримтыг цэгцлэх вэ хэмээн шууд асуулаа. Горган инээмсэглэн хажууд нь дөхөж ирээд үүнийг уншдаа хэмээн хэдэн баримт сарвайв. Тунгалаг гүйлгэн хараад олигтой ойлгосонгүй.

Уучлаарай босс, би сайн ойлгохгүй байна, ямар утгатай юм бол?
Би чамд амлаж байсан даа. Энэ чиний ногоон картны талаарх материал байгаа. Одоо жаахан л юм үлдсэн тэр бүрдчихвэл бараг боллоо
Тийм үү ямар сайхан мэдээ вэ, би таньд үнэндээ яаж талархахаа мэдэхгүй байна.
Горган түүний хажууд ирэн араас нь тэврэн: Ердөө амархан, чи өөрийгөө ямар үзэсгэлэнтэй хүүхэн гэдэгээ мэдэх үү, чамайг харсан ямар ч эр хүн хүсэмжлэхгүй байхын аргагүй. Би чамд аль хэдийн сэтгэл татагдсан… тэрээр наалинхайтан олон үг ярин Тунгалагын гарыг нь үнслээ. Тунгалаг гараа угз татан автал чи дургүй байна уу, тэгвэл надад ч гэсэн заавал хүний төлөө явах хүсэл алга хэмээн ширээн дээрээс хайч аван түүний бичиг баримтыг устгахаар завдав. Тунгалаг тэрхэн мөчид … ТҮР ХҮЛЭЭ Л ДЭЭ хэмээн хамаг байдгаараа сандран хашгирав. Горган инээмсэглээд
Үнэнийг хэлэхэд надад ч гэсэн харамсалтай байна. Би яагаад заавал өнөөдөр гэсэн гэвэл бүх юм чинь бүтчихвэл чи намайг ойртуулахгүй гэдгийг мэдсэн юм. За тэгээд тийм үү, үгүй юу?
Тунгалаг ацан шалаанд орлоо. Тэгсэнээ бяцхан заль хэрэглэхээр шийдэж хоёулаа дараа болбол яасан юм бэ, энд одоо хүн ороод ирвэл…
Тунка минь дээ, хэн ч ирэхгүй, цаг нь болоогүй гэдгийг чи бид хоёрын хэн, хэн нь мэдэж байгаа хэмээснээ өөрөө шийддээ хэмээн сандал дээрээ хөлөө жийн суулаа. Тунгалаг ширээн дээрх албан бичиг, Горган хоёрыг ээлжлэн харсанаа санаа алдан бослоо.
Цогтоо буцаж давхисаар Тунгалагынд ирвэл Болормаа ганцаараа байлаа. Тэрээр ороод утсаа авангаа
Тунгалаг хаана байна?, Хаана байна гэж байна шүү хэмээн хамаг байдгаараа орилон асуув. Болормаа хэнэггүй царайлан
Чи юундаа надруу хашгичаад байгаа юм бэ, ажилтай л байгаа байлгүй дээ
Өнөөдөр амарна гэсэн биз дээ … чи мэдэж байгаа … хаана байгааг нь хэлээдэх
Чи одоо яагаад орилоод байгаа юм бэ, өглөө ажил дээрээс нь дуудаад л явсан. Байтлаа хүнийг ажил хийлгэхээ болих нь уу. Цогтоо аль хэдийн гараад явсан байлаа. Тэрээр ухаан жолоогүй давхисаар Тунгалагын ажил дээр нь очлоо. Олон түрээслэгч нар байдаг гурван давхар хуучны саарал байшингийн шатаар хар хурдаараа гүйсээр гурван давхарт гаран заалаар хайн явна. Гэтэл эмэгтэй хүний гиншигнэх, эрэгтэй хүний амьсгаадах дуутай хослон дуулдахад тэрээр цөс нь хөөрөн хаалгыг хэмх өшиглөн онгойлгов.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх