БОЛЖМОР : Амьдрал тоглоом биш……2

2018 оны 11-р сарын 23 өдөр, 14 цаг 04 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
amidral1

Норжин уурлан: Эмэгтэй юм байж хар шөнө болтол хаашаа алга болчихдог юм. Шалгалт гээд л ядарч унах гэж байгаагаа гайхуулаад байсан. Эртхэн ирж амрахгүй дэмий тэнээд. Бас юун хар юм дагуулчихав. Яршиг шүү охин минь. Миний толгой мөрөн дээрээ байгаа цагт чи тэгж задрах болоогүй шүү. Нэг сургууль төгслөө гээд өөрийгөө их том хүн болсон мэт бодоод байна уу. Юм уучихаа юу даа чи чинь байтлаа. Наад нүд амаа хардаа. сүүмийчихээд….их галзуурах нь шив хэмээн галын өрөөнд суулган тачигнаж гарав. Гэтэл ашгүй аав нь орж ирэн
– Хөгшөөн одоо болно доо. Хүүхэд сургуулиа төгсөөд ирж байхад. За тайвшир хө. Миний охин эртхэн очиж унтаж амар. Маргаадар нэг сайхан унтаад ав. Алив миний хөгшин өвгөндөө нэг сайхан өтгөн цай чанаад өгөөч. Ойрд сэрүүдээд байна уу даа. Шөнөдөө байн, байн босч бие засахаар ам их цангах юм. Миний өвгөний гарын цай ч янзтай даа хэмээн хэлээд сандал дээрээ суулаа.
Должмаа аавруугаа талархсан харцаар хараад бушуухан өрөөнөөс гарав.
– Чи зүгээр отгон гэж үг ч хэлүүлэхгүй өмөөрсөөр байгаад хүнээс үг сонсохгүй юм болгох гэж байгаа юм
– За яахав дээ хө. Манай хүүхдүүд хаа очиж хүмүүжил сайтай. Одоо өдий насалсан хүүхэд алзахгүй зүгээр. Чи минь л наад огцом уураа барьж өөрийгөө бодож яв хө. Чамайгаа надаас түрүүлээд явчихвал би тэсэхгүй шүү
– Чи чинь юу яриад байгаа юм. Даралт чинь зүгээр биз. Энэ нэг хүүхдээс болж бүр сэрвэлзчихлээ. Алив хөгшин нь нэг сайхан цай чанаадхъя хэмээн хэлээд цахилгаан зуухаа асаалаа.
Должмаа орондоо орон унтах гэтэл Наагий бодогдон өөрийн эрхгүй инээд алдан хэвтэнэ. << Үгүй нээрээ яаж тэгж хүлээж байна гэж бодохов дээ. Тэгэхдээ өдий болтол нэг ч хүнтэй үерхэж үзээгүй надад сайхан ч юм шиг. Тэгсэн хирнээ….за мэдэхгүй юм даа. Эсвэл тэр хүн өөр ч бодолтой байгаа юм билүү. Хүнээр хайрлуулах ямар байдаг бол. Миний анхны хайр юу билээ. Би өөрөө л дурласан болохоор түүнийгээ сэтгэлдээ анхны хайр минь гээд бодчихсон яваа болохоос намайг өөртөө сайныг мэдээ ч үгүй. Тэгээд ч над шиг үнэн голоосоо багшдаа хайртай болоод шаналж байдаг хүн байдаг болов уу. Ангийн охидууд дурлачихлаа л гэдэг дараа нь өөр хүмүүстэй явж л байна. Би гэтэл бүтэн хоёр жил тэр хүнээ чимээгүйхэн дотроо хүндэлж хайрлаж явсаар ирсэн. Хэтэрхий ийм бүрэг дотогшоо  байх ч бас дэмий юмаа. Тэглээ гээд би эхнэртэй амьдралтай хүнийг яалтай ч билээ дээ…>> хэмээн элдвийг бодон хэвтсээр унтлаа.

Должмаа Дуурийн театраас мишээл цацруулсаар ангийнхантайгаа бужигналдан гарч ирлээ. Тэрээр өнөөдөр дипломоо аван ээжийнхээ оёж өгсөн цэнхэр дан дээлэн дээр ромбо оо зүүж байгаа нь энэ. Ээж, аав, том эгч гурав нь ирчихсэн цэцэг барин түүнийг хүлээж байв. Тэрээр ихэд хөөрсөн нь илт. Бүгд талбай орон зургаа авхуулчихаад буцаж ангийнхан дээрээ ирэхдээ тэрээр хэн нэгнийг сэмхэн харуулдсаар байв. Гэтэл баганын ард танил хувцас харагдахад баярласандаа тэр дороо гүйж очих гэснээ гэрийнхэнээсээ санаа зовнин азнав. Гэтэл ч эгч нь ажилтай гээд ээж, аав хоёрыг нь дагуулан яваад өглөө. Должмаа Наагийг харсан ч гэсэн хараагүй царайлан ангийн охидтойгоо хөөрөлдөн зогстол Наагий хүрч ирээд баяр хүргэе хэмээн баглаа цэцэг өгөөд хацар дээр нь үнстэл Должмаа ичсэндээ улайж орхив. Ангийнхан нь ч Наагийг шохоорхон гэнэт хаанаас юу гараад ирэв гэсэн байртай харснаа
– Должмаа, чиний найз залуу юу. Дажгүй юм гээч, яагаад одоо болтол бид нарт хэлэлгүй нуусан юм бэ?
– Пөөх, манай Должоо чинь эр хүн ярьдаггүй байсан, гэнэт хаанаасаа ийм аятайхан залуутай болчихов оо
– Чи тэгээд танилцуулахгүй юмуу…. хэмээн ам, амандаа шуугилдаж гарав. Должмаа ичэнгүйрэн
– Үгүй ээ, зүгээр найзууд юмаа…гэтэл Наагий хажуунаас нь
– Сайн байцгаана уу, бүгдээрэнд нь баяр хүргэе. Урд нь танилцаагүйд уучлаарай. Должмаагаа хараад дагаж сэтгэл хөдлөөд ёс алдлаа гэтэл тэндээс Золоо тачигнатал инээн
– За, за их боловсон залуу байх нь. Өнөөдөр бид нартай хамт явах юм байгаа биз дээ. Бүгдээрээ одоо сургууль дээр очиж байж байгаад тэндээсээ шууд манай зуслан явна. Тохирсоноороо биз дээ хэмээн хэлээд дахиад л инээд алдав. Должмаа:
– Уучлаарай, би амжихгүй байх гэрийнхэнтэйгээ орой хооллоно
– Чи яахаараа дандаа ингэдэг юм бэ. Бид нар ч гэсэн шалтаг хэлээд явбал явна ш дээ. Тэгээд ч ангиас ганцаараа онц төгсчихөөд. Ингээд бүгдээрээ хэдэн тийшээ салан одож мөр, мөрөө хөөцгөөх гэж байж. Нэг ч хүн хоцрохгүй шүү. Ангийн дарга хаана байна аа. Энэ хүүхдүүд ээ зохицуулаач ээ…
Наагий тэднийг  автобусандаа суухаар нь орой яръя хэмээгээд үлдэх гэтэл Должмаагийн ангийнхан шинэ хүргэн хамт явна шүү. Тэгээд ч найз охин чинь ангиас ганцаараа онц төгсч биднийхээ нэрийг авч гарч байхад хэмээн бараг л чирэх нь холгүй унаандаа суулгаад дуулалдан сургуулийн зүг хөдөллөө.
Должмаагийн ангийнхан хаа очиж их наргианч, эвсэг ангийнхан байв. Наагий өөрөө ч нэг их дуугай биш болохоор дороо тэд нартаа эв зүйгээ ололцон сайхан танилцлаа.
Сургуулиасаа гараад Золоогын зуслан уруу явцгаав. Замдаа хоол хүнсээ цуглуулан давхисаар Шадивлангийн аманд байрлах хоёр давхар амины орон сууцанд очицгоолоо. Тэднийх уулын энгэрийн модны хажууд том хашаатай сайхан орон сууц харагдана. Бүгд шуугилдан дороо юмаа буулган охид хоол унд бэлдэн эрчүүд нэг, нэг шар айраг барьчихсан бас болоогүй энэ тэрүүгээр алхлан элдвийг хүүрнэн явна.
– Манай Золоогынх ч лут баян айлдаа. Мань мэт нь хэзээ нэг ийм орд харшид морилох бол
– Чи нэг мөр хүргэн нь болчихооч, амар юм биш үү гэхэд пар, пар хийтэл инээлдэв
– Одоо морилоод үзчихье, хүнийх ч гэсэн яахав

Наагий гадны хүн болоод ч тэгсэн үү, эсвэл угаасаа ийм нийтэч юм уу хаана л өргөж барих хамжилцах ажил гарна гүйж очиж тусалж байв. Наагий энд тэндхийн ажилд туслангаа Должмаа уруу харан нүдээ ирмэн гүйнэ. Должмаа түүнийг  харангаа өөдөөс нь инээмсэглээд өнгөрсөнөө нэхэн саналаа.
<< Тэр нэг өдрийн маргаашнаас Наагий байнга ярьдаг болов. Түүний хөгжилтэй ч гэмээр занд тэрээр өдөр, өдрөөр татагдсаар. Сүүлдээ далим гаргаад уулздаг байснаа болиод боломж л гарвал байнга хамт байдаг болов. Нэг өдөр Наагий хажуугийн цэцэрлэгийн хашаанд сууж байснаа гараас нь хөтлөн
– Должмаа, чиний энэ эгэл даруухан төрх намайг үнэхээр их татаж байна. Чи миний найз охин болооч. Должмаа ичисхийн доошоо харсанаа
– Би тэгээд найз охин чинь биш юм уу хэмээн мэдсээр байж худлаа мэдэн будилж асуув. Наагий түүний мөрөөр нь тэврэн
– Үгүй дээ гэнэхэн хонгор минь ээ. Би чамайг өөр хүнд алдмааргүй байна. Би урд нь хүнтэй үерхэж үзээгүй гэж худлаа ярихгүй. Сайхан, сайхан охидтой ч үерхэж явлаа,ухаантай мэдлэгтэйтэй нь ч найзалж явлаа. Тэднээс хэнд нь ч ингэж сэтгэл алдарч байсангүй. Чи байнга л бодогддог болж. Чиний энэ даруухан зан, дөлгөөхөн нүд чинь намайг яг л илбэдсэн юм шиг сэтгэлээс минь гарахгүй юм
– Хөөх, чи чинь ямар мундаг яруу найрагч шиг ярьдаг юм бэ. Надад ийм үгийн баялаг байхгүй болохоороо л чиний үгийг сонсоод явдаг байхгүй юу….
– Хүн дурлахаараа өөрийн эрхгүй уянгалдаг болчихдог юм шиг байнахэмээснээ…шанхных нь үсийг чихнийх нь ардуур хийгээд түүний уруул дээр зөөлөн үнсэж билээ. Должмаа мэгдсэн хэдий ч холдож чадалгүй өөдөөс нь хариу үнсэлцэв. Наагий инээмсэглэн чи минь ямар зөөлхөн уруултай юм бэ, бас их амттай юм гэхэд Должмаа уруулаа арчсанаа, урууланд бас амт байх уу гэснээ хэлсэн үгэндээ юу эсвэл үнсүүлсэндээ болсон уу тэрүүхэндээ улайж билээ >>

 Зүгээр үү хө, юу бодов гэх дуунаар харвал Наагий хажууд нь ирчихсэн. Миний найз юу бодсон юм бэ. Надад уурлачихсан уу хэмээн мөрөөр нь тэврэн биедээ энхрийлэн тэвэрлээ.
 Үгүй ээ, анх чамд үнсүүлж байснаа гэнэт бодоод
 Би чамайгаа одоо болтол хайрлаад хүрч чаддагүй ш дээ. Чи минь хиртэй гараар барихын аргагүй ариухан жаахан охин юм байхгүй юу гээд Наагий түүнийг улам чанга тэврэн үнслээ
 Хүүе ээ, болиоч ээ, хүүхдүүд хараад байна ш дээ
 Яадаг юм, найз охиноо л үнсэж байгаа хүн биз. Алив найз нь тусалъя
 Зүгээр ээ, одоо дууслаа. Тэр хоёр ногоогоо хамжилцан цэвэрлэж дуусаад хоол болтол модоор зугаалахаар хөтлөлцөн алхлаа. Модод сэрүү татан найгаад сайхан цэвэр агаар ханхална. Тэр хоёр нэг их холдолгүй зөөлөн хагдтай газар олон суулаа. Наагий дээшээ харан хэвтээд байдгаараа суниаснаа” Ямар сайхан байна аа ” ийм агаарт гараагүй хичнээн их удсан юм бэ. Нээрээ танай ангийнхан намайг юу гэж бодож байгаа бол. Энэ нэг сайхан хэнэггүй гар байна даа гэж байгаа байх даа гээд ганцаараа инээснээ Должмаа уруу харвал тэрээр хөлөө жийн дээшээ модны үзүүр харан хоёр гараа ардаа тулан, толгойгоо гэдийлгэн сууж байлаа. Наагий гэнэт эгдүү нь хүрэн түүнийг бэлхүүсээр нь татан өөрийнхөө дээр хэвтүүлчихэв. Должмаа сандран:
 Хүүе ээ, мангар юм уу болиоч ээ
 Зүгээр ээ, жаахан л ингээд хэвтчихье, чи зүгээр л нүдээ аниад энэ салхины исгэрээг чагна даа. Должмаа нүүрээ Наагийгийн цээжинд наан нүдээ анин хэлсэнээр нь хэвттэл салхины исгэрээ биш түүний зүрхний хурдан, хурдан цохилт л сонсогдоод байв.

Тээр доороос манайхаан хоолоо идээрэй. Мартагдашгүй намар болохоос нь өмнөхоолондоо хэмээн түмпэн, шанага тачигнуулсан охидууд хөгжилдөн инээлдэх бүдэг дуулдав.
Тэр хоёрыг буугаад очиход: Аргагүй л шинэхэн хосууд байна да
а, Яасан модон дотор саад хийх хүнгүй сайхан байв уу хэмээн Дөлөө хэмээх дандаа болж бүтэхгүй юм ярьж явдаг дэлчгэр шар баньд асуух мөртөө түүндээ өөрөө баясан инээд алдав. Энэ яриа нэг их хол явсангүй тэгэс гээд намжлаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх