Болжмор: Замилан хорвоо

2018 оны 12-р сарын 21 өдөр, 19 цаг 26 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
12067-600x337

Чаминсайхан ажилдаа ирэн юу ч бодож саналгүй ажилдаа орлоо. Угаасаа тэр нэг их зүйл ч бодоод байдаггүй аж. Өнөөдрийг хүртэлх түүний амьдрал бусдаас өөр байсан болоод ч тэр үү тэрээр амьдралд дурлаж, шунаж байсангүй. Бага байхдаа өөрийгөө анзаардаггүй анзаарсан ч мэддэггүй байсан юм уу нэг их сүйд болж элдэв зүйл боддоггүй байж. Анги ахих тусам охидууд нь хөвгүүдтэй үерхэж найзлаад ирэх үеэс л өөрийгөө үеийхнээсээ хэт намхандаа гутарч гуньдаг болов. Ангийхан нь түүнийг
Чамиа чамд нэр чинь гоёдчихэж ээ. Чамайг чамин сайхан гэх юм бол энэ хорвоо дээр муухай охин гэж олдохоо байх нь ээ гэхэд бүгд инээлдэцгээхэд Чаминсайхан ичсэндээ өөрийн эрхгүй уйлчихдаг байв. Анги ахих тусам тэрээр ангидаа явахад хэцүү болсон тул үүнийгээ аавдаа хэлэхээр шийдэн нэг өдөр хоолоо идэж суухдаа зориг гарган хэлэх гэтэл аав нь мөн л согтуу байсан тул чимээгүйхэн дотроо мэгшээд хэн ч биш, хэн ч байхгүй хувь заяандаа гомдон хоол идэхээс ч дургүй нь хүрэв. Нэг өдөр тэрээр урд өдөр нь овоо орлоготой байж усанд орсон болохоор өөртөө л гоё харагдан хирэндээ гангалан толгой дээрээ хэзээ ч юм олоод хадгалж байсан улаан том цэцгэн боолтоо дээр гэгч нь боогоод хичээлдээ явлаа. Гэтэл ангийхан нь түүнийг бүр ч ихээр шоолон чи яг цыган авгай шиг харагдаж байна хэмээн элдвээр хэлэн урд хожид хэзээ ч тэгж байгаагүй ихээр шоолцгоов. Чаминсайхан тэсэхээ болин гүйж гараад шууд хичээлээ хаяхаар шийдлээ. Тэрээр аавыгаа эрүүл байсан нэг өдөр
Ааваа би сургуулиасаа гармаар байна
Яасан гэж?
Надад үнэхээр хэцүү байна, би яагаад ийм төрчихсэн юм бэ хэмээгээд уйлахад нь аав нь толгойг нь илээд
Миний охин ямар байлаа ч гэсэн аавдаа бол хамгийн сайхан охин юм шүү
Битгий худлаа ярь. Би таньд сайхан байгаад яах юм. Манай ангийхан намайг нэр чинь гоёдчихсон байна гээд шоолцгоогоод байна ш дээ хэмээгээд бүр ихээр эхэр татан уйлах нь тэр. Цэвэг яах учраа олохгүй тамхиа нэрэн гэрээс гарав. Гадаа тамхилж зогсонгоо охиноо өрөвдөх ч шиг. Уг нь хэнд ч гэм хоргүй нэгэн сэн.

* * *
Цэвэг нэгэн үйлдвэрт ачигч хийдэг байхдаа үйлдвэрийнхээ бүсгүй болох Сайханаатай залуу улсын хориогүй сэтгэлээр дурлалын хөшиг татаж билээ. Сайханаа бүсгүй ч хөл хүндтэй болж Цэвэгийн сэтгэл цээжиндээ тогтож ядан хөл нь газар хүрэхгүй шахам хөөрч гүйсэн нь саяхан. Гэтэл охин нь төрөөд хоёр нас хүрэхэд нь одой хүүхэд болох нь мэдэгдэв. Нэгэнт мах цусны тасархай болохоор тийм байлаа ч өхөөрдөм хөөрхөн хайр татсан нэгэн байлаа. Охиныг зургаан нас хүрсэн тэр нэг төрсөн өдрийн орой охиндоо дуртай бэлгийг нь аван иртэл охин нь гэртээ ганцаараа бүртэлзэн сууж байх нь тэр.
Миний охин ээж нь хаачсан юм бэ?
Мэдэхгүй таньд энийг өгөөрэй гэсэн хэмээгээд атгасан цаасаа сарвайснаа: Ээж намайг үнсээд энэ мөнгийг өгөөд дуртай юмаа аваарай, ээжийгээ уучлаарай гээд уйлаад гарсан гэхэд нь Цэвэг хуудас цаасыг сандран дэлгэхэд << Та хоёр намайг уучлаарай. Би амьдралтай болсон….>>
Цэвэг ууртай нь аргагүй бүх уураа тэр өчүүхэн цаасанд гаргах гэсэн мэт хамаг хүчээрээ базан хөмхийгөө зуухад Чаминсайхан аавыгаа хараад айсандаа уйлчихав.
Дуугаа байгаач чи юундаа уйлсан юм…хэмээн хашгирахад айсандаа таг дуугай болон чимээгүй мэгшин уйлахад Цэвэг бүр ч ихээр хашгичин яасан муу ёртой юм чи чимээгүй бол гэхийг дуулахгүй байна уу хэмээгээд ширээ шаахад Чаминсайхан айсандаа хүүхэлдэйгээ тэврэн буланд шигдэн суулаа. Цэвэг охины төрсөн өдөр тэмдэглэнэ хэмээн авсан архиа задлан шилээр нь залгилахад нүдийг нь даган нулимс хорсгон урсана. Тэрээр хөлдөө тааралдсан сандлаа өшигчин ширээн дээрхи зассан идээг нураан хашгичив. Чаминсайхан аавынхаа энэхүү төрхийг хараад бяцхан зүрх нь цээжиндээ багтахгүй оволзон чичрэн сууна. Цэвэг хашгичин хамаг бүхнээ сэндийлж нөгөө архиа нэг гартаа барьсан чигтээ гуд гуд залгилан яг л галзуу солиотой хүн аятай авирлан амандаа хараал урсган байснаа сая гэнэт охиныг хараад очин мөрнөөс нь бахим гараараа атган босгож ирээд
Эхдээ гологдчихоод юундаа эгэрээд байгаа юм чи, чамаас болж миний амьдрал ч сүйрлээ яг одоо зайл тэр эхийгээ олж ир
Би хаанаас олох юм бэ ааваа? хэмээн Чаминсайхан ээрэн барин асуувал
Хаанаас олохоо чи өөрөө мэдэхгүй юу зайлаад өг чамайг хармааргүй байна
Чаминсайхан аавынхаа энэ авираас айсандаа хөдөлж ч чадахгүй бүлтэгнэн өөдөөс нь доголон нулимстай нүдээр харан зогсоно. Зургаахан настай охинд дэндүү ахадсан шийтгэлийг зогсоох буянтан нэг ч байсангүй. Цэвэг хэдий охиноо хөөсөн ч гараасаа тавьсангүй. Ийнхүү орилж, орилж сая нэг унтав. Чаминсайхан хоёр хацраа хорсож улайтал уйлсан ч айсандаа түүний нулимс нь зогсохоо мэдэхгүй урсан хорсгоно.
Хамгаас илүү хайрлаж байсан аав нь одоо түүний хувьд айдаг хүн нь болох нь тэр. Ээж нь анхнаас нь л түүнийг нэг их тоодоггүй аав нь л өмөөрч хамгаалдаг байсан болохоор тэрээр аавдаа илүү амь. Ээжийг нь явсан өдрөөс хойш аав нь эрүүл өдөр ховор байдаг болов. Тэгээд л түүнд агсан тавин элдвээр хэлэн зодно. Харин эрүүл ирсэн үедээ юу ч дуугарахгүй ганц хоёрхон үг сольчихоод л нэг бол зурагт хараад хэвтчихнэ, эсэн бөгөөс сонин гарчиглаад суучихдаг болов. Иймэрхүү байдалтай өдөр хоног өнгөрсөөр охин сургуульд орох болоход тэр нэг өдөр аав нь урьдынх шигээ Чаминсайханыг сая нэг анзаарах шиг хичээлийнх нь бэлтгэлийг бэлдэн хоёул их л дотно байв. Чаминсайхан тавдугаар ангид орох зун нь гэртээ гадаа угаалга хийж байтал гэнэт хашааных нь хаалга онгойн ээж нь ороод ирэх нь тэр. Чаминсайхан ээжийгээ хараад нүдэндээ итгэж ядан хөдөлж ч чадахгүй хөшиж орхитол ээж нь ч өөдөөс нь харж үл чадан хэсэг дальдчиж байснаа
Миний охин ямар том болоо вэ? Алив ээж нь үнсэе…хэмээгээд гараа сунгахад Чаминсайхан хар хурдаараа гүйж очин энгэрт нь наалдан уйлчих нь тэр
За миний охин битгий уйл…битгий уйл ээжийн том охин тэрээр ингэж хэлээд нулимсыг нь арчиж өгөхөд өөрийнх нь нүдийг ч мөн нулимс бүрхээд ирлээ
Аав нь ажлаасаа ирээгүй байгаа юмуу?
Аав….аав дандаа согтуу ирдэг
Миний охин тэгэхээр нь айдаггүй биз дээ, айж болохгүй шүү ийм том охин чинь
Би сурчихсан юм өө… Сайханаа үүнийг сонсоод битүүхэн шүүрс алдаад
Ээж нь та хоёртоо жаахан юм авчирсан энэ. Миний охион чи ээждээ…тэрээр үгээ гүйцээж чадсангүй үнэндээ түүнд хэлэх үг ч олдсонгүй. Гэрт орвол анх л түүний орхиж гарсан тэр гэр яг л янзандаа харагдахад босон ундуй сундуйг цэгцлэн байтал Чаминсайхан гарч бие засчихаад сандран орж ирээд
Ээжээ хурдан гараараа аав ирж байна….Сайханаа сандран бушуухан хувцсаа бөөгнүүлэн гарахаар завдтал хашааных нь хаалга дуугарах нь тэр. Тэрээр сандран хаачихаа мэдэхгүй байтал охин нь том өрөөний хаалга уруу заан
Та энэний араар ороод нуугдчих би аавыг буруу харуулж байя. Сайханаад өөрийг бодох завдал ч гарсангүй орж зогсов уу үгүй юу хаалга өшигчин Цэвэг ороод ирэх нь тэр
Аав чинь ирж байхад гарч авахгүй юугаа хийгээд байгаа юм бэ?
Ааваа би энд юм хийж байсан юм. Та ийшээ суу хоолоо ид
Аав чинь ингэж байгаад үхээд өгчихвөл чи яах юм айн. Эх чинь голоод хаяад явчихсан тэгээд байгаа эцэг чинь байхгүй болчихвол чамд сайхан уу…тэрээр ийнхүү орилон хийж өгсөн хоолыг нь асгаж цутган амаа олж ядан идэж байх хооронд Чаминсайхан ээжийнхээ нуугдаж буй газарлуу сэм харвал ээж нь бүр цаашаа шигдэн айсан, гэмшсэн нүдээр хулганан ширтэнэ.
Гөлөн гөлөн хийгээд тийшээ юугаа нуучихаад хараад байгаа юм хэмээх аавынхаа дуунаас цочин сандрахдаа бушуухан
Юу ч нуугаагүй ээ ааваа. За хоёулаа унтая гээд гэрлээ унтраахдаа ээждээ гараараа хэмээн дохиход Сайханаа ойлгон гэтэн гарлаа.
Сайханаа сая гэрээс гараад нэг уртаар амьсгаа автал дотор Цэвэгийн гэрлээ асаа хэмээн хашхичих нь дуулдахад өөрийн эрхгүй голоод явсан охиноо өрөвдөн цурхиран уйлах нь тэр. Эвий хөөрхий минь энэ жаахан амьтны буруу гэж юу байхав дээ. Одой л болохоос эрүүл саруул, эрхтэн бүтэн хүүхэд юм байгаа юм ш дээ хэмээн эх хүний харамлангуй сэтгэлээр бодоод хэцүү байсан тул харихаар тэр нэгэн голомтын хаалгыг зөөлөн хаан явлаа.
Чаминсайхан аавыгаа арайхийж унтуулчихаад ээжийнхээ авчирч өгсөн зүйлийг үзэх чин хүсэлд хөтлөгдөн үүднийхээ гэрлийг асаан үзвэл дүүрэн амттан байсанд туйлаас баярлан бушуухан нэг шоколад задлан амандаа хийгээд амтыг нь мэдрэх гэсэндээ бага багаар шүлсээ залгин тамшаална. Уусаад дуусахаар нь дахин нэг нүдийг авч орондоо ороод идэхээр бэлдээд аавыгаа сэрээчихгүйн тулд гэтэн орж өнөөх амттанаа гайгүй сайн нуугаад сая нэг санаа нь амран хөлсөө арчаад таатай нь аргагүй инээмсэглэн бүх л зовлон гунигаа умартан жаргалтайгаар өнөө жаахан шоколадаа бултагнуулан шүлсээ бага багаар залгин иднэ. Идээд дуустал дахиад л идмээр санагдаад болох биш. Уг нь ингээд хадгалж байгаад хэдэн өдөр идвэл гоёо хэмээн бодсоноо тэртээ тэргүй өөр гоё амттай зүйлс байгаа юм чинь хэмээн бодоод хүүхдийн нандин сэтгэлдээ дийлдэн өнөөх шоколадаа бүгдийг нь аван хажуудаа тавин идсээр сая нэг дуусгаад санаа нь амран нүд нь ч анилдсан тул унтаад өгөв.

Үргэлжлэл бий

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх