Д.БУДЗААН: Хүүхэддээ цаг гаргах нь аливаа гэмт хэргийн хохирогч, хэрэгтэн болгохгүй байх ШИЛДЭГ АРГА

2019 оны 05-р сарын 15 өдөр, 10 цаг 14 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
bud

-ХҮҮХДЭД БАГА НАСНААС НЬ СУУРЬ ХҮМҮҮЖИЛ ОЛГОСНООР ДОНТОГЧ БОЛОХГҮЙ-

ЦЕГ-аас хэрэгжүүлж буй “ЗӨВ ТУСГАЛ” аян улс орон даяар хэрэгжиж эхлээд байна. Учир сүүлийн жилүүдэд хүүхэд холбогдсон, хохирогч болсон хэргүүд гарч олныг цочирдуулсаар буй. Үүний цаадах шалтгааныг төдийлөн мэдэхгүйгээс болж хүүхдээ гэмт хэрэгтэн болгох эсвэл гэмт хэргийн золиос болгож яахаа мэдэхгүй суугаа олон эцэг эхчүүд бий.

Энэ талаар ЦЕГ-ын Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Д.Будзаантай дэлгэрэнгүй ярилцлаа.

-Сайн байна уу. Зөв тусгал аян олон нийгмийн хүрээг хамран эхэлж байна. Аяныхаа тухай мэдээлэл өгөхгүй юу?

-Сайн байна уу. Бид хүүхдийн эсрэг гэмт хэрэгт байнгын дүн шинжилгээ хийж явдаг юм. Хүүхэд гэмт хэрэгт холбогдож байгаа гэмт хэргийн золиос болж байгаа сарууд нь 3,4,5 саруудад илүү их байгаа тоон судалгаа байдаг. Ер нь хүүхдийн төлөө ажлыг өдөр бүр ярьж, хийж байх ёстой. Хүүхэд хамгаалах чиглэлээр олон хууль батлагдсан байдаг. Нэгдүгээрт, Монгол Улсад хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа. Хоёрдугаарт, эцэг эхчүүдэд хуулийн мэдлэг боловсрол олгох хуулиар хүлээсэн үүрэг хариуцлагыг нь нэмэгдүүлэх шаардлагын үндсэн дээр “Зөв тусгал” аяныг эхлүүлж байна. Гэхдээ зөвхөн нэг аян хэрэгжсэнээрээ бүх асуудал шийдэгдэхгүй. Аяны гол зорилго бол эцэг эхийн үүрэг хариуцлага  тал руу гол зорилго чиглэж байна.

Өнөөдрийн байдлаар гэр бүлд хүүхдийн эрх ихээр зөрчигдөж байгаа асуудал их байна. Гэр бүл салалт, архидан согтуурах, эцэг эхийн үүрэг хариуцлагагүй байдлаас үүдэн хүүхдийн эрх зөрчигдөж байгаа асуудал яригдаж байгаа. Хүүхэд таван төрөлд эрх нь хамгаалагдана хэмээн хуулинд заагаад өгчихсөн байдаг. Гэр бүлийн орчинд, боловсролын орчинд, эрүүл мэндийн орчинд, хэвлэл мэдээлэл цахим орчинд, олон нийтийн арга хэмжээнд гэсэн байдаг. Тэгэхээр хаана хамгийн их хүүхдийн эрх зөрчигдөж байна вэ? гэхээр гудамж талбай олон нийтийн газар болон гэр бүлд нь зөрчигдсөөр байна.

-ХҮҮХЭД ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭЖ БАЙГАА ТОХИОЛДОЛ 50 ДАХИН ӨССӨН БАЙНА-

Arslan.mn

-Эцэг, эхчүүд рүү чиглэнэ гэж байна. Хүүхдийн эрхийн асуудалд эцэг, эхчүүд үүрэг хариуцлага алдахаас гадна дийлэнх ямар алдаа гаргаж байна вэ?

-Ихэнх эцэг эхчүүд хүүхдээ төрүүлээд болдог гэсэн түгээмэл ойлголттой байна. Би төрүүлсэн юм чинь энэ хүүхдийг яасан ч хамаагүй гэдэг. Би 4-5 хүүхэдтэй нас ахисан надад одоо хэн зааж сургах билээ гэх мэтчилэн хандлага гаргаж байна. Хүүхдийнхээ хажууд л байхад болох байх гэсэн бодол  нь  хэвшил хандлага болон төлөвшиж байна. Тэгэхээр эцэг эхчүүд орчин үеийн хүүхдүүдийнхээ сэтгэлгээнд гүйцэгдэж байна. Нөгөө талаас нийгмийн шинж чанартай хүүхдийн эрх хохирч байгаа асуудал ч багагүй байна.

Тухайлбал, хүүхдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх орчин нөхцөл байхгүй байна, хүүхэд хамгааллын эрх зүйн орчин бүрэлдсэн хэдий ч бусад талаар сайн бүрдээгүй байна. Бид урьдчилан сэргийлэх чиглэлээр бодлогын шинж чанартай эрх зүйн шинж чанартай ажлууд хийгээд явж байна. Харин нөгөө талаас эцэг эхчүүдийн үүрэг хариуцлага болон хандлагыг өөрчлөх асуудал яригдаж эхэлж байна. Жишээ нь хүүхдээ гадаа гаргаад “Тогло” гээд явуулдаг нь эргээд хүүхэд эрсдэлтэй байдал хүрч, осолдож, сураггүй алга болдог.

Гэр бүлдээ хүүхэд аюулгүй амьдарч цаашлаад өөрийн хувь хүний болон гэр бүлийн хүмүүжлийг олж байх ёстой байдаг. Гэтэл эцэг эхчүүд хүүхдийн дэргэд хүчирхийлэл үйлддэг, хар тамхи мансууруулах бодис хэрэглэж байна, хүүхдийн дэргэд архидан согтуурч байна. Хүүхэд бол нийгэм, гэр бүлийн тусгал юм. Ойр орчноосоо хүүхэд хүмүүжлээ олж авч байдаг. Тэгэхээр хүүхдийн орчин эргээд хүүхдэд зөв тусаж байна уу? гэдгийг анхаарах ёстой. Бидний эргэн тойрон хүрээлэн орчин ихэвчлэн хүүхдэд буруу үлгэр дурайлал, муу нөлөө үзүүлээд байна. Энэ л гол асуудал юм.

-Хүүхэд холбогдсон гэмт хэрэг их гарах болсон шүү дээ?

-1980 онд хүүхэд үйлдэж байсан гэмт хэрэг жилд 20 орчим байсан. Гэтэл одоо 1000 орчим болсон байх жишээтэй. Тэр үеэс гэмт хэргийн гаралт 50 дахин өссөн байна шүү дээ. Гэтэл манай улсын хөгжил 50 дахин өсөөгүй биздээ, мөнгөний ханш 50 дахин өсөөгүй. Энэ тоо нь хүүхдэд өгч байгаа буруу хандлага хэтэрхий их байгааг харуулж байна. Тухайн үед хүүхдүүд зодолдох юм уу хулгайлах төрлийн гэмт хэрэг үйлддэг байлаа. Одоо бол хүүхэд Эрүүгийн хууль заасан 32 төрлийн хэрэг үйлдэж байна. Авто аваар, бэлгийн хүчирхийлэл, зодолдох, танхайрах, хар тамхи мансууруулах төрлийн хэрэглэж, зарж байна, хүнийг алах, залилан мэхлэх, дээрэмдэх гэх мэт олон төрлийн гэмт хэргийг үйлдсээр байна.

-ХҮҮХДИЙГ ЗӨВ ХҮН БОЛГОЖ ТӨЛӨВШҮҮЛЭХ НЬ ХАМГИЙН ГОЛ АСУУДАЛ ЮМ-

Arslan.mn

-Хүүхдийн утас 108-д ирсэн мэдээллийн 80% нь боловсролын салбарт эрх зөрчигдөж, хүчирхийлэлд өртөж байна гэсэн судалгааг сонсож байсан. Энэ тал дээр цагдаагийн байгууллагаас ямар арга хэмжээг авч ажилладаг юм бэ?

-Цагдаагийн байгууллагад гомдол мэдээлэл хүлээн авах процессийн асуудал яригдана. Эрүүгийн гэмт хэрэг болон Зөрчлийн хуулийн дагуу шалгана. Ингэхдээ гомдол мэдээлэл иргэнээс ирсэн, гүйцэтгэх ажиллагааны журмаар олж авсан мэдээлэл нь батлагдсан тохиолдолд шалгаад явна. Боловсролын салбарт хүн амьдралынхаа 20 жилийг өнгөрүүлдэг. Алдааг нь энэхүү салбар руу чихээд байгаа тал бий. Энэ асуудал хоёр талтай юм.

Эцэг эхчүүд зөвхөн хүүхдээ хүргэж өгөөд гараад явдаг. Бусад асуудлыг багш нарт даатгаад явдаг. Гэтэл үнэндээ эцэг эхийн оролцоо хамгийн чухал байдаг.

Сургуулийн орчинд гэмт хэрэг үйлдэгдэж байгаа тохиолдол буурчихсан. Манайд ерөнхий боловсролын 800 гаруй сургууль бий. Мөн 1300 орчим цэцэрлэг байдаг. Энэ орчинд үйлдэгдэж байгаа хүүхдийн эсрэг гэмт хэрэг нэг жилд 300 орчим байсан. Харин одоо бол жилд 30-50 орчим л үйлдэгдэж байна. Тэгэхээр энэ гэмт хэрэг буурсан. Эцэг эхчүүд хүүхдээ сургуульд нь хүргэж өгөхгүй байгаа нь хүүхэд гэмт хэргийн халдлагад өртөх нөхцөл бүрдүүлдэг. Энэ байдал нь эргээд сургуулийн орчинд үйлдэгдсэн болоод явдаг. Эцэг эхчүүд анхаарал халамжаа сайжруулах юм бол байдал өөрөөр эргэнэ. Хүүхдээ шинэ хувцас авч өгөөд явуулаад л болоо гэж ойлгох эцэг эхчүүд их байна. Тухайн хүүхдийг зөв хүн болгож хүмүүжүүлэх, эерэг хандлага төлөвшүүлэх зэргийг сургуульд даатгаад орхидог. Сургууль чинь яах вэ? гэхээр боловсрол л олгох байгууллага юм. Хүүхдээ хүргэж өгөөд л бүх асуудлыг тэр газарт даатгаад орхих нь учир дутагдалтай байна. Эцэг эхчүүд үүрэг хүлээхээ мартаад байна. Асран хамгаалах үүргээ биелүүлэхээс гадна хүүхдийг зөв хүн болгож төлөвшүүлэх нь хамгийн гол асуудал юм. Энэ асуудал эцэг эх гэр бүлийн дунд алдагдчихаад байна. Хүүхэд ихэнх цагаа буюу 20 цагийг гэр бүлдээ өнгөрүүлж байна. Тэгэхээр хүүхэд хүмүүжлийнхээ 70%-ийг гэр бүлээсээ авч байдаг гэсэн үг юм.

-Хүүхэд буруу хүмүүжлээсээ болж гэмт хэргийн үйлдэл гаргаж байдаг гэж ойлгох уу?

-Тийм. Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ нийлээд цахим тоглоом тоглож байна. Хүүхдийн дэргэд хүчирхийлэл үйлдэж, хараал хэлж, архидан согтуурч байна. Тийм байдлаа хүүхэддээ өөрөө харуулчихаад “Чи онц сур, сайн хүн бол” гээд загинаад байдаг. Бидний хүссэнээр хүүхэд том болохгүй. Харин хэрхэн яаж хүмүүжүүлснээс хамаарч хүмүүжих юм. Та хэрхэн яаж үлгэр дурайлал үзүүлсэн юм, хэрхэн яаж зөв хандлагаар хүмүүжүүлсэн юм бэ? гэдгээс л хамаарна. Эцэг эхчүүд алдааг бусдаа хайгаад байдаг. Хүүхэд асар буруу хандлагатай байхад багш руу хүмүүжүүлсэнгүй гэж уурлах жишээтэй. Хүүхэд гэр бүлээсээ авсан буруу хүмүүжлээсээ болж нийгэмд яг тэгэж ханддаг. Эцэг эхтэйгээ цахим тоглоом тоглоод сурчихсан юм уу эсвэл ээж аав нь үймүүлж байхаар утас оролдуулаад суулгачихдаг байсан хүүхэд олон жил даамжирсаар байгаад интернет тоглоомонд донтогч болдог. Цаашлаад өдөрт ээж аав нь өгдөг мөнгө нь хүрэлцэхгүй улмаар хулгай хийж, худал ярьж эхэлдэг. Ингээд нөгөө үлгэр дурайлал хараа хяналтгүй байдал аажмаар хувь хүн болж төлөвшихдөө буруу үйлдэл хийсээр байна. Интернет тоглоомын газруудад хүүхдээ тэвэрчихсэн нөхрөө сахиад сууж байгаа гэр бүл зөндөө байна шүү дээ. Тэгэхээр хүүхдүүдийг бага наснаас нь суурь хүмүүжил олгох л маш чухал.

-Бага насны хүүхдүүд хар тамхитай холбоотой хэрэгт холбогдож өөрсдөө хэрэглэх нь их байна шүү дээ. Бага насны хүүхэд хар тамхи хэрэглэсэн нь  тогтоогдсон тохиолдолд эцэг, эхэд нь хуулиар хариуцлага хүлээлгэдэг үү?

-Энэ асуудлыг тогтоон шалгахад хүндрэлтэй тал бий. Тэр хүүхэд үнэхээр сайн мундаг байсан ч гэсэн хүнд уруу татагдаад мансууруулах бодис хэрэглэсэн бол яах вэ? гэдэг асуудал яригдана. Шинэ Эрүүгийн хуулинд хүүхдийн дэргэд хар тамхи мансууруулах бодис хэрэглэсэн, үл хайхарсан, асран хамгаалах үүргээ биелүүлээгүй тохиолдолд л хариуцлага хүлээлгэхээр заасан байдаг. Асран хамгаалах үүрэг нь олон төрөл юм. Жишээлбэл, хүүхдэд хэрэгтэй хоол хүнсээр хангаж байсан уу, тэжээн тэтгэсэн үү, сургууль сургасан уу гэх зэрэг олон талын асуудал яригдаж байдаг. Гэтэл хүүхэд нь мансууруулах төрлийн бодис хэрэглээд ирэхээр нь “Чи хүүхдээ асран хамгаалаагүй байна гэдэг асуудал яригдана гэдэг өрөөсгөл асуудал юм.

Бага наснаас нь хүүхдэд суурь хүмүүжлийг сайн олгоогүйгээс болж том болохоороо өөртөө итгэлтгүй, бусдад уруу татагддаг нэгэн болж хүмүүжиж байна. Тэр хүүхэд бүх талын муу зуршил руу хальтраад ороход бэлэн байдаг. Харин гэр бүлдээ хайр халамжаар дүүрэн өссөн хүүхэд бусдын нөлөөнд автахгүй байх жишээтэй.

Эцэг эх дээр хариуцлага тооцох асуудал нь тухайн үйлдэл дээр л яригдана. Тухайлбал, хүүхдээ гурван хоног хоол ундгүй гаднаас нь түгжээд явсан байсан эцэг эхийг шалгаж байна. Тухайн хүүхэд гэртээ уйлаад хаалгаа тогшиж байхыг нь хөршүүд нь мэдээд цагдаад хандаж улмаар бид очиж хүүхдийг авсан байгаа. Энэ тохиолдолд асран хамгаалах үүргээ биелүүлээгүй, үл хайхрах хүчирхийлэлд өртүүлж хүүхдийг аюултай нөхцөлд үлдээсэн гэдгээр нь Эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байна. Илэрсэн тэр үйлдэл дээр нь л цагдаагийн байгууллага хариуцлагын асуудал ярьж хуулийн дагуу шийднэ.

-Хүүхэд яагаад хар тамхинд донтоод байна вэ?

-Хар тамхи хэрэглэсэн гэх хэрэгт Манай улсын хэмжээнд 13 наснаас дээш насны хүүхдүүд шалгагдаад явж байгаа асуудал бий. 2018 онд хүүхэд холбогдсон хар тамхины 20 орчим хэрэг бүртгэгдсэн. Нэгдүгээрт, эцэг эхчүүдийн анхаарал халамжгүй байдал нөлөөлж байна. Нөгөө талаараа хэвлэл мэдээллийн байгууллага, цахим орчноосоо мэдээлэл авч байгаа асуудал байгаа. Хоёрдугаарт, үе тэнгийн хүүхдүүдийнхээ уруу таталтаас болон насанд хүрсэн хүн хүүхдийг уруу татаж байгаа хэрэг шалгагдаж байна.

Тэгэхээр энэ тал дээр бид нар урьдчилсан сэргийлэх ажил хийхдээ олон улсын чиг хандлагыг барих ёстой. Олон улсад хар тамхины талаар зорилтот буюу хэрэглэж байгаа хүмүүс түүнийг хүрээлж байгаа иргэд рүү л зөвхөн чиглэдэг. Гэр бүлд нь найз нөхдөд нь зэрэг хүмүүс рүү чиглэл зөвхөн тухайн хүний тойрогт нь зориулж урьдчилан сэргийлэх ажил хийгддэг. Байнга яриад байхаар хүмүүс сэдэл авч байдаг. Урьдчилан сэргийлэх төгс арга Дэлхий дээр одоо хүртэл байхгүй байна. Тийм учраас л бид эцэг эх рүү нь чиглэсэн нөлөөллийн болон урьдчилан сэргийлэх ажил хийж байна. Хүүхдийг бага наснаас нь гэмт хэргийн санаа үйлдэлгүй, зөв хүн болгож хүмүүжүүлэх хэрэгтэй гэдгийг л байнга хэлж байна. Эцэг эхчүүд хүүхэддээ цаг гаргах нь зөв шүү гэдгийг л хэлж байгаа хэрэг юм.

У.УРАНЦЭЦЭГ

Эх сурвалж: Гэрл зургийг mpa.mn

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх