Найруулагч Б.Чингүүн Хонконгийн “Lesmoda” пикчерстэй хамтран “Deja vu” кино бүтээснээ ирэх сарын 7-ноос үзэгчдэд хүргэхээр болжээ. Түүнийг “Нямын зочин”-оор урьж, уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.
-“Mogul” пикчерсийг хэзээ байгуулав?
-Өмнө нь “Aurora”, “Yesu” фильм нэртэйгээр уран бүтээлээ хийдэг байлаа. Уран сайхны киноноос гадна богино хэмжээний кино, телевизийн нэвтрүүлэг хийж байв. Өнгөрсөн жилээс гадаадын кино компаниудтай холбоо тогтоож, хамтран ажиллах завшаан олдсоноор үйл ажиллагаагаа илүү өргөжүүлэх, албан ёсны нэрээ ч арай далайцтайгаар солих шаардлагатай болсон юм. “Mogul” пикчерс дэлгэцийн хоёр уран бүтээл хийлээ. Эхний киногоо ирэх сард, удаахыг нь есдүгээр сараас үзэгчдэд хүргэнэ.
-Сая дурдсан хоёр киногоо Хонконгийн кино компанитай хамтран бүтээсэн гэсэн үү?
-Би 2007 онд БНХАУ-ын Бээжингийн драмын төв академийг найруулагч мэргэжлээр төгссөн. Манай сургуулиас төгсөгчидтэйгөө холбоотой ажиллаж, уран бүтээлийг нь дэмждэг. Үүний дагуу надад Хонконгийн “Lesmoda” пикчерстэй холбоо тогтоож, хамтран ажиллахыг санал болгосон юм.
-Гадаадын уран бүтээлчидтэй хамтран ажиллах, гадаадад киноны зураг авахад ямар хүндрэл тулгардаг вэ. Тэднээс суралцах зүйл их байв уу?
-Өнгөрсөн жил “Inlighting” киноны зургийг Хөвсгөл аймаг, Хонконгод авсан. Гадаадын уран бүтээлчидтэй ажиллах, гадаадад зураг авахад нарийн төлөвлөгөө, цаг хугацаа маш чухал, ямар үнэтэйг ойлголоо.
Хаана ч зураг авахад мөнгө төлнө. Яг л тохирсон төлөвлөсөн цагтаа зургаа авч дуусгахгүй бол уран бүтээлчдэд илүү цагийн хөлс төлнө. Тус киноны зургаа энэ зун дахин үргэлжлүүлж, ирэх есдүгээр сард бүрэн дуусгана. Харин “Deja vu” киноны зургийг Монголдоо авлаа.
-Киноныхоо зохиолыг та өөрөө бичдэг үү?
-Би кино зохиолынхоо синопсис буюу ерөнхий санаа, хураангуйг өөрөө гаргадаг. Харин зохиолын задаргааг кино багийнхаа хамт олонтой ярилцаж, олон хүний санаа бодлыг сонсож байж гаргах дуртай.
-Ямар төрлөөр кино хийхийг илүү хорхойсдог вэ?
-Аль болох өмнө нь хийж үзээгүй төрлөөр уран бүтээл хийж, өөрийгөө сорихыг хүсдэг. Түүхэн, уянгын, адал явдалт, тулаант гээд бүх төрлийн уран бүтээл хийж үзэхийг хүсдэг юм. Удахгүй үзэгчдэд хүргэх “Inlighting” бол уянгын төрлийн кино. Монгол ахуйг Барууны соёлтой зэрэгцүүлж харуулахыг хичээсэн. Харин “Dejа vu” бол триллер төрлийнх.
-Удахгүй үзэгчдэд хүргэх кинонуудыг тань оруулбал та бүрэн хэмжээний есөн уран бүтээл найруулжээ. Богино хэмжээний кино ч мөн тооны бий. Гадаадын алдартай найруулагч нар ажилласан уран бүтээл бүртээ заавал нэг дүрслэл, аргыг заавал ашиглаж, өөрийнх гэдгийг “тамгалдаг”. Танд тэгэх бодол бий юү?
-Квентин Трантино, Акира Курасава, Стивен Спилберг гэхчлэн алдартай найруулагчийн уран бүтээлийг харахад л андашгүй, хэний кино болох нь мэдэгддэг. Ажилласан уран бүтээл бүрээсээ шинэ зүйл сурч, алдаагаа засаж, өөрийнхөө арга барилыг олохоор хичээж явна. Гэхдээ би аль болох техник, технологийн дэвшлээр “зодохгүй”-г хичээдэг. Энгийн аргаар яаж сонирхолтой бүтээл хийж болох вэ гэдгийг эрэлхийлдэг.
-Найруулагч, зураач, зураглаач нь киноны тулгын гурван чулуу гэдэг. Танд гар нийлж ажиллаад дадчихсан зураглаач, зураач байдаг уу?
-Анхны уран бүтээлээсээ авхуулаад л зураглаач Д.Ангарагтай ажилласан. Түүнийг АНУ руу явснаас хойш хэд хэдэн зураглаачтай хамтарч ажиллаж үзлээ. Сүүлийн үед Э.Очгэрэлтэй гар сайн нийлж байна. Мөн л олон зураачтай ажиллаж үзсэн ч Ц.Хүрэлбаатартай ажиллаад дадчихаж. Ямар чамбай, гүйцэтгэл сайтай гээч.
Тийм ч болохоор “Хувьсал” продакшны найруулагч, Гавьяат жүжигчин У.Уранчимэг тэргүүтэй уран бүтээлч түүнийг хамтрагчаараа байнга сонгодог байх. Бас нэг хүнийг дурдахгүй өнгөрч болохгүй. Миний бүх уран бүтээлд гэрэлтүүлэгчээр Ш.Батбаяр ах ажилласан. Гэрэлтүүлэгчээс гадна “Inlighting”, “Deja vu” кинонд дүр бүтээсэн.
-Олонх найруулагч кинондоо олны танил жүжигчдийг тоглуулахыг эрмэлздэг. Олох ашгаа бодож, эсвэл ажиллахад амар болохоор тэр байх. Харин та кинондоо дандаа шинэ, залуу жүжигчдийг тоглуулах юм.
-Алдартай, олны танил хүн тоглосон л бол сайн кино гэсэн үг биш. Мэдээж хэн ч танихгүй шинэ жүжигчнийг сонгох нь эрсдэлтэй. Гэхдээ тухайн уран бүтээлчийг олонд таниулах боломж шүү дээ. Шинэ хүмүүстэй ажиллах нь сонирхолтой байдаг юм.
-Кино зохиолоо бичихдээ энэ дүрд түүнийг тоглуулна гэх мэтээр төлөвлөдөг үү, эсвэл дүрийн сонгон шалгаруулалтаар шийддэг үү?
-Ихэвчлэн шалгаруулдаг. Зохиолд дүрсэлсэн төрхийг хайж, “амилуулж” чадах жүжигчнийг олж, сонгодог. Харин “Deja vu” киноны зохиолыг анх бичихдээ л эрэгтэй гол дүрдээ заавал Э.Батнямбууг тоглуулна гэж бодсон. “Хувьсал” продакшны “Тэнгэрээс буусан од” кинонд маш чадварлаг тоглосон шүү дээ.
-Холливудын алдарт найруулагч Тим Бёртон бараг кино бүртээ жүжигчин Жонни Деппийг тоглуулдаг, Антонио Бандерас гэхэд л найруулагч Педро Альмодоварын найман кинонд тоглосон байдаг. Түүн шиг энэ хүнийг л кинондоо тоглуулж, хамтарч ажиллах юм сан гэж боддог хүн бий юү?
-Сургуулиа төгсөөд уран бүтээлийн гараагаа би богино хэмжээний киногоор эхэлсэн. “Аримун” продакшны жүжигчин А.Ганчимэг миний энэ төрлийн хэд хэдэн кинонд тоглосон. SBN телевизийн хөтлөгч, жүжигчин Б.Батзаяа мөн миний кинонуудад тоглосон. Одоо бол байнга сонгодог тийм хүн байхгүй ээ. Түрүүн хэлсэн шүү дээ, шинэ хүмүүстэй ажиллах сонирхолтой гэж.
-Үзэгчдийн үзэхийг хүссэн киног хийх ёстой юу, эсвэл таны хийсэн бүтээл хүмүүсийг “дагуулах” ёстой юу?
-Тунг нь тохируулах хэрэгтэй байх. Уран бүтээлч хүн үзэгчдийн юу хүсэж байгааг судалж, цаг үеэ мэдрэх нь зөв. Гэхдээ ингэвэл хүмүүс инээнэ, тэгвэл уйлна гээд “халтуурдаж” болохгүй. Үзэгчид тухайн уран бүтээлээс сайхан мэдрэмж, сургамж авах ёстой.
-Арилжааны биш, уран бүтээлчийнхээ чансааг сорьсон бүтээл хийхийг хүсдэг л биз дээ. Магадгүй арт хаус төрлийн кино хийхийг ч хүсдэг байх.
-Бодож яваа зүйл бий. Цаг хугацааны тохироо нь арай л бүрдэхгүй байна.
-Кинонуудаасаа ашиг олсон нь бий, “шатсан” нь ч байгаа. Байгаагаа дэнчин тавьж кино хийгээд “шатсан” ч дахиад л шинийг хийхээр зориглодог нь мэргэжилдээ хайртайнх уу?
-Нэгдүгээрт, мэргэжилдээ үнэхээр хайртай. Энэ ажлыг л хийхгүй бол өөрөөр яаж амьдрахаа хэлж мэдэхгүй юм. Нөгөө талаас, “шатах” бүртээ би сургамж авж, туршлагаждаг. Аливааг хийж үзэн, алдаж байж туршлага хуримтлуулдаг шүү дээ. Гол нь алдаагаа давтахгүй байх хэрэгтэй гэж боддог.
-Үлгэр дуурайл авдаг, уран бүтээлийг нь биширдэг найруулагч бий биз?
-Канн, Цезарь болон Европын кино наадмын шагналт, Хонконгийн найруулагч Вон Кар Вай. Мөнхийн сэдэв хайр дурлалыг тэр урд хөндөөгүй өнцгөөс, тэгэхдээ дээд зэргийн таашаал, мэдрэмж өгөхүйцээр харуулдаг. “Days of being wild”, “In the mood for love”, “2046” трилоги гайхамшигтай шүү дээ. “Deja vu” кинондоо түүний бүтээлүүдийн өнгө аясыг оруулах гэж их хичээсэн. Мөн адал явдалт төрлийн кино түлхүү найруулдаг Японы найруулагч Такэши Китоног биширдэг.
-Таны аав, Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Балхжав кино найруулагч мэргэжилтэй. Уран бүтээлийг тань хэр дэмждэг вэ?
-Найруулагч болохоор шийдэхэд эхэндээ эсэргүүцсэн. Гэхдээ зөвшөөрсөн. Одоо бол намайг дэмждэг. Дэмждэг гэдэг нь би зохиол барьж очоод мөнгө гуйдаг гэсэн үг биш. Урмаар, итгэлээр хүүгээ дэмждэг.
-Найруулсан кинонд тань мэргэжлийн шүүмж хэлдэг байх.
-“Аав юу гэх бол” гэж хүлээдэг. Хүмүүс урмыг минь бодоод худлаа магтах, “цаасан малгай өмсгөх” үе бий. Харин аав л ямар ч үед үнэнийг нүд рүү минь хараад хэлж чаддаг.
-“Doz” энтертайнментийн найруулагч Ш.Доржсүрэн эхнэр, жүжигчин А.Мөнгөнзулыг ихэнх кинондоо тоглуулсан. Та ч эхнэр Ч.Сэлэнгээ хэд хэдэн кинондоо тоглуулсан байх аа. “Эхнэрээ л тоглууллаа” гэж шүүмжлэх хүмүүс байдаг уу?
-Нэгд, бид ажлаа л хийсэн. Би найруулагч, эхнэр жүжигчин. Тухайн дүрд тохирох жүжигчин дэргэд бэлэн байхад тоглуулахгүй яах билээ. Хоёрт, миний кинонуудад тоглох үедээ эхнэр минь оюутан байсан. Түүнийг үзэгчдэд таниулах, бусад найруулагчийн нүдэнд өртүүлэх хэрэгтэй байсан. Үүнд найруулагч Б.Тамирын тус дэм ч бий. “Фантастик” продакшны “18 нас: Би чамд хайртай” кинонд оюутан байхдаа тоглосон шүү дээ. Зөвхөн миний кинонд биш, хүссэн уран бүтээлдээ тоглох боломжтой.
-Зургийн талбайд эхнэртээ зааварчлах, загнах амаргүй биз?
-Ажлаа л хийж байгаа болохоор би ч, эхнэр ч юм боддоггүй.
-Найруулагч бүрийн жүжигчидтэй ажиллах арга барил ондоо. Загнаж, өөрийнхөөрөө тоглуулдаг хэсэг байхад, аргадаж, зааж жүжиглүүлдэг найруулагч ч бий. Та хэрхэн ажилладаг вэ?
-Их аргадаж тоглуулдаг юм уу даа. Тоглох дүрийг нь тайлбарлаж, төстэй дүрээр жишиж, ойлгуулж байж зургаа авч эхэлдэг.
-Жүжигчид хүн судалдаг, найруулагч нар сэтгэл зүй судалдаг гэдэг дээ. Та хэр хүн таних нүдтэй вэ. Анх уулзсан, танилцаад удаагүй хүнээ тийм ийм хүн байх гэж гадарладаг уу?
-Гайгүй гэж боддог шүү. Миний дотнын найз нөхөд, ойр тойрны хүмүүс дунд намайг муу хэлдэг, үзэн яддаг хүн байхгүй гэж боддог. Тэгэхээр өөртэйгөө ижил үзэл бодолтой, нэг зорилготой хүмүүсийг таньж нөхөрлөсөн гэсэн үг биз дээ.
-Таны эмзэглэж явдаг сэдэв юу вэ. Хэзээ тэр сэдвээ уран бүтээлдээ тусгах бол?
-Хэд хэдэн сэдэв бий. Кино зохиолууд ч бэлэн байна. Ирэх сард Хонконгийн “Lesmoda” пикчерсийн продюсерууд Монголд ирнэ. Тэр үеэр ярилцаж шийдэх юм. Хэлэхэд жаахан эрт байна.
-“Inlighting”, “Deja vu” киног БНХАУ-ын зах зээлд гаргана гэсэн. Тус улсад киногоо гаргахын тулд нэлээд олон шалгуур давдаг гэсэн сонссон.
-Мэдээж. Хятадын Засгийн газраас жилд 34 гадаад кинонд л гаргах эрх олгодог. Мөн зуны улиралд 60 хоног гадаад кино гаргахыг хориглодог. Тэгэхээр нэлээд өндөр шалгуур давах нь ойлгомжтой байгаа биз. “Lesmoda” пикчерсээс надад зөвхөн киногоо бүтээх үүргийг л оногдуулсан. Ингэхдээ Хятадын кино урлагт тавьдаг шаардлагуудыг кинондоо тусгасан. Тэнд гаргах ажлыг “Lesmoda” пикчерс хариуцна.

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
