Хууль бусаар ашигт малтмал олборлоход ашигласан машин, техник зэргийг улсын орлого болгоно

2019 оны 06-р сарын 20 өдөр, 11 цаг 32 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
cabfa322f62ed85097ae0a164f5bcc6e

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Ургац тээврийн гол замыг хатуу хучилттай болгоно

Дархан-Сэлэнгийн авто замаас Шаамар-Зүүнбүрэн-Цагааннуур-Түшиг-Зэлтэрийн боомт чиглэлийн 130.85 км хатуу хучилттай авто замыг ашиглалтад оруулах хугацааг 2021 он, төслийн эргэн төлөлтийн хуваарийг 2022-2025 он байхаар концессын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг зөвшөөрөв.

Дээрх зам нь улсын болон Сэлэнгэ аймгийн намрын ургац тээвэрлэдэг гол зам бөгөөд хатуу хучилттай болгох талаар аймгийн удирдлага, тариаланчид үе үеийн Засгийн газарт хүсэлт гаргасаар иржээ. Замыг “Монгол ЛЗ зам гүүр” ХХК тавих юм байна.

Сургууль, цэцэрлэг барих концессын гэрээг цуцлав

Гэрээ хүчин төгөлдөр болох нөхцөлийг биелүүлээгүй учир “Рич шолден булсс эдукэшн” ХХК-тай байгуулсан “Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор төсөл”-ийг хэрэгжүүлэх концессын гэрээг цуцлахаар болов.

  23 бага сургууль, цэцэрлэг барих ёстой байсан тус компани 2018 оны 07 дугаар сарын 08-ны дотор нөхцөлөө бүрэн биелүүлнэ гэж гэрээнд тусгасан байжээ.

Нийгмийн хэрэгцээ, шаардлага, сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ бага, хүүхэд багачуудын сурах эрх зөрчигдөх, туслан гүйцэтгэгч 20 гаруй компанийн эрх ашиг хохирох зэргээс сэргийлж Үндэсний хөгжлийн газар гэрээг цуцлалгүй, санхүүжилтээ босгох боломжийг тус компанид олгосоор иржээ.

Хууль бусаар ашигт малтмал олборлоход ашигласан машин техник зэргийг улсын орлого болгоно

Хяналт шалгалт хийсний үндсэн дээр ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, цуцлах талаар Мэргэжлийн хяналтын байгууллага, улсын байцаагчийн гаргасан санал, дүгнэлтийг хууль тогтоомжийн дагуу шуурхай шийдвэрлэж байхыг сайд Н.Цэрэнбат, Д.Сумъяабазар, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгов. Өнгөрсөн онд 122 тусгай зөвшөөрлийг цуцлуулахаар яам, агентлаг, Засаг дарга нарт улсын байцаагчийн дүгнэлт хүргүүлсэн байна. Эдгээрээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч л 95 зөвшөөрлийг цуцалжээ.

Хууль бусаар ашигт малтмал олборлоход ашигласан машин механизм, техник, тоног төхөөрөмжийг улсын орлого болгох зохицуулалтыг Зөрчлийн тухай хуульд тусгах төсөл боловсруулж хэлэлцүүлэхийг сайд Ц.Нямдорж, Д.Сумъяабазар нарт даалгав.

Засгийн газрын хуралдаанд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингийн хийсэн мэдээллээс үзвэл өнгөрсөн онд үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын 283 тохиолдол бүртгэгдсэний 26 орчим хувь нь уул уурхай, олборлолтын салбарт гарчээ.

Мөн барилга, цахилгаан, хий, агааржуулалтын салбарт ч осол гарсаар байна. Энэ онд гэхэд л “Эко Алтан Заамар”, “Пентатерра” компанид гарсан ослын улмаас таван хүн, хөдөлмөрийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааг хангаагүйгээс Төв цэвэрлэх байгууламжийн дөрвөн ажилтан амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.

Цаашид аймаг, нийслэл, сум, дүүрэгт байгаа цэвэрлэх байгууламжийн шинэчлэл, ашиглалтын хэвийн нөхцөл, аюулгүй байдлыг хангуулж ажиллахыг сайд Х.Баделханд үүрэг болголоо.

Мэргэжлийн хяналтын байгууллага боловсон хүчний хувьд хүрэлцээ муутай. Тухайлбал улсын хэмжээнд байгаа 1500 гаруй шатахуун түгээх болон хийгээр цэнэглэх станц, агуулахад гурван байцаагч, 21 мянга гаруй өргөх байгууламжид мөн гурван байцаагч хяналт тавьдаг. Түүнчлэн идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 80 гаруй мянган аж ахуйн нэгжид хөдөлмөрийн хяналтын 66 байцаагч л хяналт тавьдаг байна.

Иймээс хяналт шалгалтын чадавхи, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор шаардлагатай багаж, тоног төхөөрөмжөөр хангаж, улсын байцаагчийн орон тоог ирэх оноос нэмэхээр шийдвэрлэв.

Б.Ганбатыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргаар томилов

2019 оноос хэрэгжиж эхэлсэн Төрийн албаны тухай хуульд “тухайн иргэнийг төрийн албанд сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх, ажлын гүйцэтгэлийг нь үнэлэх, дэвшүүлэх, шагнаж урамшуулахдаа “чадахуйн зарчим /мерит/”-д буюу мэдлэг, боловсрол, мэргэжил, ур чадвар, туршлага, ажлын үр дүнд тулгуурлахыг хэлнэ” гэж заасан.

Үүнийг үндэслэн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Ганбатыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилов. Б.Ганбат нь хуульч мэргэжилтэй. ОХУ-ын Дотоод явдлын яамны академи, Лондонгийн их сургуулийн хуулийн коллеж төгссөн.

1990-1995 онд Дорноговь аймаг, Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст төлөөлөгч, мөрдөн байцаагч, 1995-2013 онд Сангийн яамны хуулийн хэлтэст мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга, орлогч дарга, газрын дарга, 2013-2014 онд Дэлхийн банкны төсөлд шинжээч, 2014-2016 онд өмгөөлөгч, 2016 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, мөн оны наймдугаар сараас Монголбанкны Хууль, эрх зүйн газрын дарга, 2018 оны 12 дугаар сараас Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргаар ажилласан.

Б.Ганбат нь төрийн албанд 23 жил, үүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 13 жил ажилласан бөгөөд өнгөрсөн онд Төрийн захиргааны албаны тэргүүн түшмэл болжээ.

Товч мэдээ

–  Аадар борооны улмаас их хэмжээгээр эвдэрсэн Улаанбаатар-Мандалговь, Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн зам, замын байгууламжийг засахад шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлэх, зам засварын ажлаа шуурхай зохион байгуулахыг сайд Б.Энх-Амгалан, Ч.Хүрэлбаатар нарт даалгав.

–   “Говийн бүсийн уул уурхайн төслүүдэд үйлдвэрийн технологийн ус нийлүүлэх төсөл”-ийн концессын гэрээг “Морьтимпэкс” ХХК-тай байгуулахыг зөвшөөрөв. Төрөөс санхүүгийн ямар нэг дэмжлэг, баталгаа гаргахгүй бөгөөд гэрээний хугацаа дуусахад ус нийлүүлэх шугам хоолойг үнэ төлбөргүй шилжүүлж авах юм.

–  Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн хатуу хучилттай авто замын ажлыг “Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” нөхцөлөөр “Тахилт транс” ХХК-иар гүйцэтгүүлэх концессын гэрээ байгуулахыг зөвшөөрөв.

–  Хүлээсэн үүргээ биелүүлээгүй “Чингис лэнд девелопмент групп-Шинэ хөгжлийн зам” ХХК-тай байгуулсан концессын гэрээг цуцлахыг Үндэсний хөгжлийн газарт даалгав. Тус компани  Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлд хурдны авто зам тавих байсан юм.

–  Дорноговь аймгийн Сайншанд-Дэлгэрэх сумыг холбосон 130 км хатуу хучилттай авто зам тавих байсан “Засаг чандмань майнз” ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир концессын гэрээг цуцлахыг Үндэсний хөгжлийн газарт даалгав.

–  368 стандартыг хүчингүй болгож, 2074 стандартыг шинэчлэн 591-ийг шинээр боловсруулахаар болов. Өнгөрсөн онд явуулсан улсын үзлэгт хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 6200 гаруй стандартыг хамруулсан  байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх