“Эрдэнэс Монгол” ХХК ТОП-100 аж ахуйн нэгжийн нэгээр шалгарлаа

2019 оны 05-р сарын 20 өдөр, 18 цаг 24 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
erdenes16

Монгол Улсын Засгийн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас жил бүр зохион байгуулдаг топ 100 аж ахуйн нэгжийг эрэмбэлж, өргөмжлөл гардуулах ёслолын ажиллагаа 2019 оны тавдугаар сарын 17-ны өдөр  Төрийн ордонд боллоо. Улс орны нийгэм, эдийн засаг, бизнесийн хөгжил, бүтээн байгуулалтад жинтэй хувь нэмэр оруулсан хэмээн “Эрдэнэс Монгол” ХХК-ийг үндэсний хэмжээний ТОП-100 аж ахуйн нэгжээр анх удаа тодруулав. 18 дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү ёслолын арга хэмжээний шалгуур нь тухайн жилд улсын төсөвт төвлөрүүлсэн татвар, шимтгэл, жилийн нийт орлого, ашиг гэсэн үзүүлэлтүүдэд тулгуурлан байр эзлүүлдэг юм.

“Эрдэнэс Монгол” ХХК нь Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахтай холбоотой харилцаанд төрийн төлөөллийг хэрэгжүүлдэг бөгөөд өнгөрөгч 2018 онд 75 тэрбум төгрөгийн орлого олж, цэвэр ашгийн хэмжээ 21.6 тэрбум төгрөгт хүрч, улсын төсөвт 13 тэрбум төгрөг төвлөрүүлсэн юм. Харин “Эрдэнэс Монгол” нэгдэл 2018 онд 264,6 тэрбум төгрөгийн орлого олж, 54,3  тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлж, эрчим хүчний зориулалтаар 6.2 сая тонн хүрэн нүүрс олборлож, экспортын зориулалтаар 18.2 сая тонн коксжих нүүрс тээвэрлэжээ.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэхүү ёслолд оролцож, улс орон, нийгэм эдийн засгийн хөгжлийн түүчээ болж, салбар бүртээ манлайлж байгаа нийт татвар төлөгч, баялаг бүтээгч, ТОП аж ахуйн нэгжийн төлөөлөл бизнес эрхлэгчдэд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа халуун баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх