МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭ
-Нийслэлийн 380 жилийн ойд-
Хүндэт нөхөд өө,
Эрхэм хүндэт нийслэлчүүд ээ,
Бүрэн эрхт тусгаар Монгол Улсын гал голомт – Улаанбаатар хотын 380 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн нийт иргэд, төр, захиргааны байгууллагын ажилтан, ажиллагсад, их хотынхоо өнөр бүлийн гишүүн байгууллага, хамт олонд Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье.
Дэлхийн түүхэнд Монгол хэмээх нэрийг мөнхлөн үлдээсэн эцэг дээдэс маань өдгөөгөөс зургаан жаран, хоёр арваны тэртээ 1639 онд Монгол гүрний төв цэг Их, Бага Монгол уулын хормой, Ширээт цагаан нуурын хөвөөнөө “Өргөө” шар бүсийн ордыг байгуулснаар нийслэл хотын маань түүх шаштирын эхний хуудас бичигдсэн билээ.
Улмаар нүүдэлч түмний ахуй амьдралын онцлог, түүхэн цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан нааш цааш нүүдэллэж явсаар Хүн чулууны хонхор, Алтан тэвшийн хөндий буюу хатан Туулын хөвөө, хан Богдын ард суурьшсанаас хойш 241 он улирчээ. Энэ он жилүүд бол эсгий гэр, нүүдэлчдийн бяцхан сууриныг орчин үеийн хот байгуулалтын шилдэг өв, шинэ ололтыг шингээсэн метрополитан хот болгон өөрчилсөн бахархалт зам мөр байлаа.
Нүүдэлч малчдын тал нутагт шинэ суурьшлыг цогцлоосон бахархал монголчуудынх, нийслэлийн иргэдийнх билээ. Өөрөөр хэлбэл энэ өдөр бол зөвхөн нийслэлчүүдийн төдийгүй нийт монголчуудын баярын өдөр юм.
Монгол Улсын нийт хүн амын 45 хувь буюу 1.4 сая гаруй хүн амьдран суудаг, улсынхаа дотоодын нийт бүтээгдэхүүний 65 хувийг үйлдвэрлэдэг, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 191.0 мянга гаруй аж ахуй эрхлэгчдийн 75 хувь нь төвлөрсөн эдийн засаг, нийгэм, соёлын цогц төв Улаанбаатар хот маань өдрөөс өдөрт өргөжин хөгжиж, өнгөжин жавхаажсаар байна.
Цаашид та бид нийслэлээ дэлхий ертөнцөд бүрэн нээлттэй, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлсэн, өрсөлдөх чадвартай, өөрийгөө тэтгэх эдийн засгийн чадавхитай, шинэ эриний ухаалаг, найрсаг, эко хот болгон шинэчлэхийн төлөө хичээн зүтгэх учиртай.
Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллага Улсын Их Хурал энэ намрын чуулганаараа Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн батлах гэж байна. Энэхүү хуулиар нийслэлийг бие даасан төсөв, газрын бирж, өөрийгөө хөгжүүлэх сантай, олон улсын санхүү, аялал жуулчлалын томоохон төв болгох эрх зүйн үндсийг тогтооно. Түүнчлэн үйлдвэрийн тусгай бүс, дагуул хот, дэд төвүүдтэй болгож, суурьшлын шинэ бүсэд шилжин суурьших аж ахуйн нэгж, иргэнийг дэмжих татварын шинэ бодлогыг хуульчлах болно.
Агаар, орчны бохирдлыг бууруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, дэд бүтцийн байгууламжийг дэлхийн томоохон хотуудын жишигт хүргэх нь Та бидний ойрын үеийн нэн чухал зорилт байх бөгөөд энэ үйл хэргийг Улсын Их Хурал ямагт дэмжих болно.
Иргэндээ ээлтэй, амар тайван, аз жаргалтай, Монгол хүрээ соёлын өв уламжлал, дэлхий дахины соёл иргэншлийн шилдэг туршлагыг хослуулсан шинэ Улаанбаатарыг цогцлоох Та бүхний эрхэм үйлс тэгш дүүрэн байх болтугай.
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот маань эрчимт хөгжлийн өнгө гэрлээр сүлэгдэж, эзэд нь болсон иргэн түмний амьдрал баяр жаргалаар бялхам байхын ерөөл өргөе.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ГОМБОЖАВЫН ЗАНДАНШАТАР
2019 оны 10-р сарын 28-ны өдөр. Улаанбаатар хот.

Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай”
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн о
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
