Х.Дуламсүрэн: “Учрах тавилан” 3-р хэсэг

2019 оны 11-р сарын 02 өдөр, 09 цаг 47 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
uchrah tavilan

Гурав хоног өнгөрөв. Сарнай, Чингүүн хоёр хаана ч алга, таньж мэддэг хамаатан садан, найз нөхөд гээд асууж сураглаагүй газар ч гэж Цэлмэгт үлдсэнгүй. Надад гомдоод нэг тийшээ явсан юм болов уу гэж өөрийгөө тайвшруулсан ч, санаа амар тайван байж чадсангүй, очиж магадгүй гэх бүх л газраар орлоо. Дахиад нэг хоног харзнаад, тэр хоёрыг алга болсон талаар цагдаад мэдэгдэхээр шийдэв. Гэтэл хадмууд нь нэг л тайван байгаад гайхаж байв. Цэлмэг өдөржин тэр хоёрыг хотоор хайгаад орой ирэхэд өнөөх л хоосон хөндий, эзэнгүй гэр угтана. Эхнэрийнх нь дулаахан инээмсэглэл, халуун хоол, хүүгийнх нь цангинасан инээд эзгүй, цаанаа л хүйт даасан гэрт гурав хоног гиюүрч хэвтэх дээ чамгүй их зүйлийг тунгаан бодлоо. Ингэж Цэлмэгийг учраа олохгүй үймэрч суухад Сарнай найз Уянгын зөвлөснөөр “Хайрхан” амралтын газар хүүтэйгээ хамт амарч байв. “Миний найз зөвхөн ээж, аавдаа л хэлээрэй өөр хүнд хэлж болохгүй шүү, нэг хэсэг тэгээд цаадахаасаа хол байгаад сайн хашраагаад ав” гэж хэлсний дагуу энд амарч байгаа нь энэ… Сарнай ээж, аавдаа хүүтэйгээ хамт энд байгаа тухайгаа хэлжээ. Өөр хэнд ч хэлж болохгүй шүү, тэр тусмаа Цэлмэгт гэж ээжээсээ аминчлан гуйжээ. Тиймдээ ч ээж нь тайван байгаа нь тэр. Харин бусад нь бол тэр хоёрыг хэл чимээгүй алга болсонд гайхацгааж, түгшиж байв. Өнгөрсөн гурав хоногт Сарнай Цэлмэгээс дутахааргүй их зүйлийг тунгаан бодож амжлаа. Нөхөр нь чухам яагаад түүнийг хуурах болсон, амьдралын үнэ цэнэ, утга учир, үр хүүхдийнх нь хувь заяа гээд түүнд бодоогүй зүйл бараг үлдээгүй биз. Харин эцэст нь Сарнай хэд хоногоос хүүтэйгээ хамт гэртээ буцаж харихаар шийдэв. Ингэж шийдсэн нь зөв байх. Гэхдээ түүний сэтгэлд хэдийн шивэрч эхэлсэн гомдлын бороо татрах яагаа ч үгүй байлаа,…Магадгүй олон олон он жилүүдэд энэ хэвээрээ шивэрсээр байж мэдэх юм.. Дөрөв хоноод Цэлмэг эртлэн босоод цагдаагийн газраар ороод ажил руугаа явна гэж төлөвлөн орноосоо өндийв. Утас дуугарахад тэрээр Сарнай байж магадгүй гэж горьдсоор яаран авлаа. Хадам ээж нь байв. Цэлмэгийг өнөөдөр эртхэн ирж уулзаадах гэж хэллээ. Хэл чимээгүй алга болсон эхнэр, хүү хоёрынхоо сургийг гаргаж магадгүй гэж бодсон тэрээр их л уриалгахнаар “одоо ингэсгээд ажилдаа явах замаараа ороод гаръя” гэж хэлэв. Хадам ээж нь өмнөхөөсөө огт өөр, түүнийг нэлээн ширүүнхэн зан ааштай угтлаа. – “Чи чинь яадаг хүүхэд вэ,.. эсэн бусын хүүхнүүдтэй саамганаж байж, эхнэрээ гомдоочихоод юу ч болоогүй юм шиг сууж байдаг. Тэнд нэг бүлтгэнэсэн жаахан амьтан бүүр зутарч гүйцлээ. Сарнай та хоёр ч яах вэ, учир зүйгээ олохгүй бие биедээ тунирхаж гүйдэг юм байж, би муу зээ хүүгээ өрөвдөж байна, бушуу очиж тэр эхнэр хүүхдээ авчрахгүй юу чи” хэмээн дуугаа өндөрсгөн нэлээд чангахан хэлэв. Өдий арваад жил энэ айлын хүргэн болж явахдаа Цэлмэг хадам ээжийгээ ийм бухимдуу, ууртай байхыг бараг л анх удаа харж байгаа нь энэ. Тиймдээ ч сандран нэлээд гэмшсэн өнгөөр “Ойлголоо ээжээ, …би . ..нээх сүртэй юм болоогүй л дээ, Сарнай л жаахан буруу ойлгоод….гэж түгдэрснээ, толгойгоо илээд, уг нь би тэр хоёрыг хаана байгааг мэдэж байсан бол аль хэдий нь гүйж очоод авчрахгүй юу, гэтэл хаа сайгүй хайгаад, хаанаас ч олохгүй байна, найз нөхөд нь бүгд л мэдэхгүй гэх юм, өнөөдөр бүр аргаа бараад цагдаад мэдэгддэг юм билүү гэж бодож байлаа. Харин та мэдэж байсан юм бол ийм олон хоног надад хэлэхгүй яаж байгаа юм” хэмээн, хариугаа авах нь уу гэлтэй дуугаа жаахан өндөрлөв. Хадам ээж нь, – Би чамд юугаа хэлдэг юм, өөрөө олоод мэдэхгүй яасан хог вэ, эхнэр хүүхдээ хаана явааг ч мэддэггүй арчаагүй золиг, дахиад охиныг минь гомдоогоод үзээрэй чи,… аминаасаа ч илүү хайртай ганц охиноо хөгшин бид хоёр чамд итгэж, эхнэр чинь болохыг зөвшөөрсөн. Ийм ухаан муутайг чинь мэдсэн бол хөтлөлцөөд гүйж явахад нь болиулдаг байж л дээ” гэж хэлэнгээ дуугаа арай зөөллөн “та нарын төлөө санаа зовоод, бүтэн нойртой ч хонож чадахгүй байна, ямар жаахан хүүхдүүд биш, хэдий болтол ингэж явах вэ дээ “ гэж хэлэхдээ хоолой нь зангирч байв. Цэлмэгт өөрийн эрхгүй хадам ээжийгээ өрөвдөх хайрлах сэтгэл төрж, “хөөрхий дөө эд нар маань л нээрээ бидний өмнөөс санаа зовж суудаг байх даа” гэж бодох зуураа – “Уучлаарай ээжээ!, хүү нь та нарыгаа дахиж гомдоохгүй ээ, би одоохон яваад тэр хоёрыгоо аваад ирье” гэж хэлэнгээ баярласандаа хадам ээжийгээ тэвэрч аваад үнсмээр санагдав. Хэдэн өдөр цээжин дээр нь хуралдаад байсан бөөн хар үүлс нүүчих шиг болж сэтгэл нь сэргээд ирэв. Цэлмэг тэднийхээс гарч машинаа асаан, эхнэр хүүхдийнхээ байгаа “Хайрхан” амралтын газар уруу хурдаллаа. Чингүүн аавыгаа санасан гэж жигтэйхэн, харин

Сарнай Цэлмэгийг ирсэнд дотроо баярлаж байсан ч түүнийгээ мэдрүүлэхгүйг хичээн, аль болох хөндий хүйтэн өнгөөр харьцаж байв. Түүнд ярьж гомдллох юм их байв. Цэлмэг ч мөн ялгаагүй эхнэрийнхээ өмнө

өвдөг сөгдөж суугаад буруугаа хүлээнэ, дахиж ийм алдаа гаргахгүй хэмээн ам тангаргаа өгнө гэж төсөөлөн бодож ирсэн ч, хүүгийнхээ хажууд тэд олигтой юм ярьж чадалгүй гэрийн зүг явцгаалаа.

Мөн гэртээ ирээд ч Сарнай, Цэлмэгтэй нэг л хөндий байв. Тэд аав ээжийгээ хамт байгаад баярлан, эрхлэх хүүгээ харан өрөвдөж, юу ч болоогүй юм шиг хоол унд хийж идэн амарцгаав. Цэлмэг хүүтэйгээ

тоглож наадсаар орой болгов. Тэгээд Чингүүнийг эмээ өвөөгийнд нь хүргэж өгөхөөр боллоо. Чингүүн ч энэ олон хоног эмээ өвөөтэйгөө уулзаагүй болохоор тэдэн дээрээ очино гэхэд дуртай байв. Харин Цэлмэг Сарнай хоёр нэг газар хамт хоолонд орж юм уунгаа ярилцахаар боллоо. Аль аль нь ингэж суухыг хүсч

байсан тул Сарнай нөхрийнхөө саналыг хүлээж авав. Тэр хоёр Чингүүнийг өвөөгийнд нь хүргэж өгчихөөд хотын захдуу байдаг хөл хөдөлгөөн багатай ч, тохилог

нэгэн кафег сонгон орж сууцгаалаа. Цэлмэг одоо л эхнэрээсээ уучлалт гуйх цаг ирлээ гэж бодсон бололтой,

“Хань минь, намайгаа уучлаарай, дахиж ийм тэнэг алдаа гаргахгүй ээ, үр хүүхдээ бодно, өнгөрсөн хоногуудад би их юм бодсон. Чамдаа л ганцхан хайртай гэдэгт минь итгээрэй ” гээд л ёстой нөгөө “далан

таваар” бууж өгнө гэдэг шиг юм болов. Сарнай энэ талаар ярилцах бүрт, тэр гуниг дагуулсан бороотой өдөр Цэлмэгийн ажил дээр болсон үйл явдал нүдэнд харагдаад, хэчнээн уучлахыг хүсч байсан

ч, түүнд дэндүү их гомдсон зүрх сэтгэл нь уучилж чадахгүй сууна. Гэсэн ч одоо яах билээ, үр хүүхэд амьдралаа бодоод энэ удаа уучлахаас өөр арга алга. Цэлмэгийн яриаг сонсох бүрт улам ихээр урсан гарах

гомдлын нулимсаа тэрээр арчихыг хүссэнгүй, бүгдийг нь нэг мөсөн урсган гаргахаар шийдсэн мэт чимээгүйхэн мэгшиж, яг л хөшсөн мэт хөдөлгөөнгүй сууж байв.

Цэлмэг түүнийг тэврэн нулимсыг нь арчингаа, – “Би чамдаа амлаж байна аа,.. дахиж чинийхээ энэ хоёр хөөрхөн нүднээс нулимс урсгахгүй ээ, чамайгаа байхгүйд би зөндөө их юмыг ойлгосон, Чингүүн та

хоёрыгоо намайг орхиод, ингээд үүрд явчихвал би яана даа гэж бодсон чинь, амьдрал ямар ч утга учиргүй санагдаж, үхчихмээр болсон шүү, энэ хэдэн өдрүүдэд

чамдаа маш их хайртайгаа улам их ойлгосон” гээд Цэлмэгийн хоёр гарыг атгангаа дахин дахин үнсэн үглэж суув. Шөнө дөл хэдий нь болжээ, кафены зөөгч хаах болсныг сануулахад тэд тэндээс гарч гэрийн зүг явцгаалаа. Сэтгэл нь амарч хоносон Цэлмэг эртхэн босоод эхнэрийнхээ хийж өгсөн цайг тухлан уугаад ажилдаа явав. Олон хоног гадуур дотуур тавгүйтэж гүйсэн тэрээр өнөөдөр ажлынхаа нэлээдийг нь амжуулахаар шийдэн, дуу аялсан шигээ ширээнийхээ ард бичиг цаасаа эмхлэн сууж байлаа. Гэнэт хаалга дуугаран хүн орж ирэх шиг болохоор нь хэн ингэж зөвшөөрөлгүй орж ирдэг байна аа” хэмээн гайхан өнгийн харвал Халиунаа инээд алдан зогсож байв. Цэлмэг сүүлийн хэдэн өдөр Халиунааг бараг мартжээ. Тиймээс гэнэт ороод ирэхэд нь цочих шиг болов. – Чи энд юу хийж яваа юм бэ? хэмээн урьд өмнө нь огт харьцаж байгаагүй хүн мэт хөндий хүйтэн өнгөөр асуухад, Халиунаа нэлээд гайхсан янзтай , – Би одоо энд орж ирж болохгүй болсон уу? чамайг хэдэн өдөр харагдахгүй болохоор чинь санаа зовоод ороод ирсэн юм. Чи ашгүй байж байдаг, яасан эхнэртээ баригдаад гэрийн хорионд ороо юу, намайгаа мартсан байх шив дээ! Чамдаа хэлэх сайхан мэдээтэй, тэгээд хэдэн өдөр л үүдийг чинь сахилаа. Утас руу чинь залгах гэснээ бас эхнэр чинь авчихвал, “даарин дээр давс” гэгчийн юм болох болов уу гээд ярьсангүй ээ” хэмээн эрхлэнгүй өнгөөр хэлээд Цэлмэг рүү дөхөж ирэхэд, Цэлмэг юу ч болоогүй юм шиг цонх уруу хэд алхсанаа, – Уучлаарай, Халиунаа одоо хоёулаа ер нь дотно харьцаатай байхаа больсон нь дээр байхаа. Би тэгж шийдсэн. Чи намайг эхнэр хүүхэдтэй гэдгийг угаасаа мэднэ ш дээ. Ажлынхан ч юу гэж бодох юм ер нь болъё, тэгээд ч онцын шаардлагагүй бол манай өрөө рүү битгий орж ирж байгаарай хэмээн эрс шийдэмгий өнгөөр хэлээд, цонхоор юм харан зогсох нь түүнийг эндээс хурдан гараасай гэж буй мэт санагдана. Цэлмэгийн энэ үгэнд Халиунаа нэлээн эгдүүцсэн шинжтэй, саяхан гэнэн томоогүй өнгөөр эрхлэн инээвхийлж байсан харцаа нэлээн ширүүн болгоод, “Анхнаасаа чи эхнэр хүүхэдтэй гэдгээ мэдсээр байж надад хайртай дуртай, эхнэрээсээ салаад сууна, энэ тэр гээд л гүйгээд байсан биз дээ. Одоо болохоор сүрхий ухаарч гэнэ, би чамд хэрэгтэй үед чинь хэрэг болчихоод, хэрэггүй үед чинь зүгээр л гологдоод хаягддаг хог биш,…Тэгээд ч одоо оройтсон, за юу!!! ” гэж хэлэнгээ угийн зөрүүд зан нь хөдөлж, тэгвэл бүүр ингээд өгье л дөө гэсэн шиг ширээнийх нь хажууд ирж сандал дээр нь суугаад өгөв. Цэлмэг түүн рүү нүдээ гурвалжлан их л уур уцаартай байдлаар харснаа, -Оройтсон гэдэг чинь юу гэсэн үг вэ? гэхэд Халиунаа “Би жирэмсэн болсон, удахгүй чиний хүүхдийг гаргах болно” гэж тавласан, дооглосон алин болох нь мэдэгдэхгүй жуумалзан хэлээд түүнийг юу хэлэх нь вэ гэсэн шиг цоо ширтэхэд нь,

Ийм үг сонсоно гэж бодоогүй байсан Цэлмэгийн толгой руу хэн нэгэн цохиод авах шиг санагдаж, – Чи тоглож байгаа байлгүй дээ? ийм хурдан болно гэж юу байдаг юм. Тэгээд ч болсон байлаа гэхэд,

наад хүүхдээ гаргаж болохгүй шүү. Шулуухан хэлэхэд эртхэн эмчид үзүүлж авахуулсан нь дээр байх, хэрэв мөнгө төгрөг хэрэгтэй бол надад хэлээрэй” гээд дуугаа өмнөхөөсөө арай зөөллөн аргадаж, гуйсан өнгөөр хэлэхэд, Халиунаа -Юун ийм эрт гэж, бид хоёр дотносоод бараг хоёр жил болж байна. Харин ч орой жирэмсэн болж байгаа юм биш үү, чиний мөнгө төгрөг надад хэрэггүй ээ, энэ миний анхны хүүхэд, тэгээд ч би чамд хайртай, энэ хүүхдийг гаргахдаа л гаргана чамд хэллээ шүү!!!… дахиж хүүхдээ авахуул энэ тэр гэж надтай ярихгүй байхыг хүсье” гэсээр их л ууртай , үсээ шидлэн

өрөөнөөс гарч одлоо. Өглөөхөн дуу аялан сэтгэл тайван ажил дээрээ ирсэн Цэлмэг дахиад л тавгүйтэж орхив. Арай гэж эхнэртэйгээ учраа олж байхад бас юун хүүхэд вэ… гэсээр ширээн дээрээ бодолд дарагдан суулаа. Халиунаа нэгэнт л хүүхдээ гаргахаар шийдсэн болохоор Цэлмэгт ямар ч арга байсангүй нэг талд Халиунаагийн аргыг олж нөгөө талд эхнэрийнхээ аяыг

харсаар нэг л мэдэхэд арван сар өнгөрлөө. Энэ хугацаанд Цэлмэгийн эхнэр Сарнай ч бас бие давхар болж охинтой боллоо. Тэрээр эмнэлэг орж эхнэр охин хоёр дээрээ оччихоод гэрийн зүг буцаж явна. Хэдэн долоо хоногийн өмнө бас Халиунаа төрж 3 кг 200 грамм хүүтэй болсон. Гэсэн ч Цэлмэг болон Халиунаагийн найз нөхдөөс өөр хүн энэ талаар мэдээгүй билээ. Цэлмэг хэдий эхнэртээ хайртай ч өөрийнхөө хүүг төрүүлж өгсөн Халиунаас нүүр буруулж бас чадсангүй. Төрөхөд нь эргэж, зав чөлөөгөөрөө хэрэгтэй зүйлсийг нь дөхүүлж өгч байв. Үүнээс өөр арга байхгүй байсан биз. Халиунаа нэгэнт шийдсэн бол өөрийнхөөрөө зүтгэдэг зөрүүд зантай нэгэн.

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ…..

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх