Ерөнхийлөгч Х.Баттулга: УИХ-ын ээлжит сонгуулийг хойшлуулахаас өөр арга зам алга байна

2020 оны 04-р сарын 06 өдөр, 13 цаг 01 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
92020847_263310951346222_4991934866305056768_n

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы нээлтэд оролцож, үг хэллээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХЭЛСЭН ҮГЭНДЭЭ:

“УИХ-ын эрхэм гишүүд ээ,

УИХ-ын дарга аа,

Монгол Улсын Ерөнхий сайд аа,

Энэ удаагийн УИХ-ын хаврын чуулган нэн төвөгтэй, эрсдэл хүндрэл дүүрэн цаг үед нээгдэж байна. Титэмт вирусний цар тахал дэлхийн бараг бүх улс оронд тархаж, сая хол давсан хүн энэ өвчнөөр халдварлаж, нас барагсдын тоо 70 мянгаас даваад буй ийм цаг үед бид хавартай золголоо.

Иймээс миний бие саяхан нийт иргэддээ хандаж гаргасан уриалгаа Та бүхэнд хандан дахин сэргээн тайлбарлаж ойлгуулах шаардлага үүслээ.

Халдварлах, тархах маш өндөр чадвар бүхий титэмт вирусний цар тахал нь Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш нийт хүн төрөлхтөнд тулгарч байгаа томоохон сорилт болсныг дэлхийн тэргүүлэх улс орнууд хүлээн зөвшөөрчээ. Энэ бол ердийн ханиад томууны тархалт шиг түр зуурын зүйл биш, урт удаан хугацааны тууштай тэмцэл шаардсан аюулт тахал болох нь ойлгомжтой болж, улс орнууд үүнд бэлтгэж эхэлснийг бүгд анзаарч байгаа гэдэгт найдъя.

Титэмт вирусний халдвар тархалтаас үүдээд нефтийн үнийн уналт, санхүүгийн зах зээлийн уналтууд дараалж, дэлхийн эдийн засагт даяар хямрал нүүрлэжээ. Үйлдвэрлэл, үйлчилгээ зогссоноос орлогын хомсдол, ажилгүйдэл, ажлын байрны цомхотгол эрс өсөж, энэ нь ядуурал, өлсгөлөнг даллаж байгааг эдийн засагчид анхааруулж, улс орнуудын Засгийн газрууд даяар хямралын давалгааны цохилтыг зөөлрүүлэх, хүнээ, иргэдээ хамгаалж, эрсдэл багатай даван туулахад бүхий л хүч чадал, анхаарлаа чиглүүлэх боллоо.

Монголын Үндэсний Худалдаа, аж үйлдвэрийн танхимын судалгаанд хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн мэдээлснээс үзэхэд манай улсад одоогоор 10 мянган хүн ажлын байраа алдаад байна. Энэ бол 10 мянган өрх, 40 орчим мянган хүн орлогогүй боллоо гэсэн том дохио юм!

Энэ цар тахал, даяар хямрал Монголыг тойрохгүй, дайрах нь маш тодорхой болж байна. Тийм учраас Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд Төрөөс хямралыг сөрөх, эрсдэл багатайгаар даван туулах цогц арга хэмжээг яаралтай урьдчилан төлөвлөж, хэрэгжүүлэхийг уриалсан юм.

Бусад улс орнууд хүнс, эм, эмнэлгийн хэрэгслийн экспортоо зогсоох, хязгаарлах шийдвэрүүдийг дараалан гаргаж, тахлаас улбаатайгаар ёс суртахууны уналт газар авч, хүмүүнлэгийн хямрал ч үүсэх төлөв байдал харагдаж эхэллээ. Бусад улс орнуудын захиалсан, худалдан авсан эм, эмнэлгийн болон хувийн хамгаалах хэрэгслийг замаас нь булаан авах үйлдэл хэд хэдэн удаа давтагдаж, энэ нь соёл иргэншлийн манлай гэгдэх бүсүүдэд гарч байгаа нь анхаарал татаж байна. Цар тахлыг ялан дийлэх, намжаах хугацааг хэн ч тодорхой хэлж чадахгүй байна. Баттай эх сурвалжууд 1-2 жил хүртэл ч үргэлжлэх эрсдэлт төлөв байгааг мөн анхааруулж байна. Бодит байдлыг үнэлж чаддаг улс гүрнүүд цар тахлыг “Давагдашгүй хүчин зүйл бус дайны байдал авчирлаа” хэмээн үзэж, ийм төлөвт эдийн засгаа, нийгмийн амьдралаа бэлтгэж эхэллээ.

Монголчууд бид эдийн засгаа хямралын нөхцөлд зохицуулан зөв зохион байгуулж, иргэдээ хамгаалах зохист бодлогыг хэрэгжүүлж, гарз хохирол, эрсдэл багатайгаар даван туулах баялаг, хүн хүч, хөрөнгийн нөөц хангалттай байгаа гэдгийг онцлон дурдах хэрэгтэй байна.

Нийт 15 нам, 4 эвслийн аудитын байгууллагад дүгнэлт гаргуулахаар хүргүүлсэн сонгуулийн мөрийн хөтөлбөрүүдийн зарим заалт нь Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т заасан Сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгахыг хориглосон зургаан заалтыг илт зөрчсөн байна. Энэ нь намууд сонгогчдын саналыг тооцоо судалгаагүй ямар ч хамаагүй аргаар татах, ард нийтийг басамжлан доромжилсон үйлдэл боллоо.

Хямрал хаалга тогшиж байхад Монголын улс төрийн намууд, улс төрчид сонгогчдоос оноо авах уралдаанд орж, сонгуулийн том том дүнтэй мөнгөн амлалтуудыг хууль зөрчин өгч байгаа нь цаг үеэ мэдрэхгүй байгаагийн баттай шинж мөнөөс мөн. Эдийн засаг, санхүүгийн давхар хямралууд нүүрлэсэн нөхцөлд бидэнд зохисгүй амлалтын биш, хямралыг даван туулах бодит хөтөлбөр нэн шаардлагатай байна.

Дараах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх нь хямралыг сөрөх, эрсдэлийг багасгахад тустай байх болно:

Нэг. Яаралтай улсын төсөвт тодотгол хийж, сонгуульд зориулсан болон тэвчиж болох бүх зардлыг танах, улсын мөнгө, санхүүг иргэдийнхээ орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, өвчний тархалтыг хязгаарлах, эрүүл мэндийн тогтолцоог нураачихгүй байлгахын төлөөх арга хэмжээнүүдэд чиглүүлэх, зарцуулах.

Төсөвт тодотгол хийхээс татгалзах ямар ч боломж сэтгэл зүйн хувьд ч, хууль эрх зүйн хувьд ч байхгүй. Улсын төсвийн тавин хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө гаргах, зарцуулах тухай ярьж байгаа бол төсвийг тодотгохоос өөр зам байхгүй. Цар тахлыг түр зуурын зүйл хэмээн санаж, улс төрийн эрх мэдэл, сонгууль зэргийг улс үндэстэн, ард нийтийг хамарсан аюул заналаас дээгүүр тавьж, чухалчлан үзэх нь хатуухан хэлэхэд Үндэсний эрх ашгаас урвасан хэрэг юм. Сонгуулийн санхүүжилтээ босгох өчүүхэн эрх ашгийг ард түмний эрүүл мэнд, бүтэн амьдралаас дээгүүр тавьж хэрхэвч болохгүйг анхааруулж байна. 

Хоёр.  УИХ-ын ээлжит сонгуулийг хойшлуулахаас өөр арга зам алга байна. Сонгуулийг товлосон хугацаанд явуулах гэж муйхарлах нь хэд хэдэн эрсдэлийг дагуулах нь тодорхой байна.

  • Сонгуулийн сурталчилгаа болон санал өгөх явцад иргэд олноороо бөөгнөрөх, цуглах нөхцөл үүсэх нь гарцаагүй. Энэ нь арайхийн, хамаг хүч, хөрөнгөө шавхан тогтоон барьж байгаа цар тахлын тархалтыг гааруулж, хяналтаас гаргахад хүрэх эрсдэлтэйг улс төрийн намуудын удирдлагад хатуу анхааруулж байна. Титэмт вирусний халдварын тархалтыг хяналтаас алдаж, өвчлөлийн тоог огцом өсгөх юм бол манай эрүүл мэндийн тогтолцоо, хүний нөөц, эм, эмнэлгийн хэрэгслийн хүрэлцээ дийлэхгүй, нуран унах эрсдэл маш өндөр болохыг Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага бидэнд мөн дэлхийн улс орнуудад удаа дараа анхааруулсаар байна.
  • Сонгуулийн ирц хүрэхгүй байх эрсдэл үүснэ ээ. Энэ тахал настай хүмүүст их аюул учруулдаг болох нь тогтоогдсон тул ахмад настнууд эрсдэлийг сонгохгүй нь тодорхой юм. Сонгуульд идэвхтэй оролцдог бүлгийнхэн эрсдэлээс сэргийлж, санал өгөхгүй нөхцөлд ирц бүрдэх магадлал шууд буурч байх жишээтэй. Ирц хүрээгүйгээс сонгууль дахих, давтан санал авах зэрэг байдал үүсвэл эрсдэлийг бид зориудаар өсгөн үржүүлж байгаагаас өөрцгүй мунхаг хэрэг болно.
  • Сонгуулийн үр дүнг гадаадад болон дотоодод хүлээн зөвшөөрөх легитим чанар буурах эрсдэл байна. Гадаадын хараат бус ажиглагчид цар тахлын улмаас Монголын сонгуулийг ажиглаж чадахгүй. Сонгуулийн сурталчилгаа өрсөлдөж буй улс төрийн хүчнүүдэд ээлтэй байдлаар өргөн дэлгэр, хүртээмжтэй явагдаж чадахгүй нөхцөл байдал нэгэнт үүссэн. Энэ нь сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байх, нийгмийн бухимдлыг өдөөх, улмаар олныг хамарсан эсэргүүцэл үүсгэх шалтаг, шалтгаан болох эрсдэл бас байна. Бидэнд 5 иргэнийхээ амийг алдахад хүргэсэн саяхны сонгуулийн гашуун сургамж бас бий. Тухайн үед Ц. Мөнх-Оргил Хууль зүйн сайдын алба хашиж байсан, энэ чуулганы нээлтэд мөн оролцож байна.

Тийм учраас Үндэсний аюулгүй байдал, нийгмийн тогтвортой байдлын үүднээс УИХ-ын ээлжит сонгуулийн товыг царцааж, сонгуулийг хойшлуулах нь хамгийн эрүүл, ухаалаг шийдвэр байх болно. Сонгууль хойшилбол дарангуйлал тогтох нь гэх сүржин таамаглал дэвшүүлж байгаа хүмүүс, улс төрийн хүчнүүдэд Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийг сайтар уншихыг би энэ индэр дээрээс зөвлөж байна. Учир нь Монголын хууль эрх зүйн актуудад ийм нөхцөлд зөвхөн УИХ-д бүх эрх мэдэл, засаглал хадгалагдана гэдгийг тов тодорхой заачихсан байгаа.

Гурав. Хямралын үед хамаг хүндрэл бэрхшээлийг үүрэн гарах үйлдвэр, аж ахуйн нэгж, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг дэмжих “Хямралын эсрэг” тусгай сан бүрдүүлэх, түүнийг зарцуулах дүрэм журмыг хамтдаа боловсруулъя. Засгийн газраас санал болгосон арга хэмжээнүүдийн ихэнх нь байгаа онохгүй хэмээн шүүмжлэгдэж байна.

Компаниуд, бизнес эрхлэгчид орлого, ашиг олохгүй нь нэгэнт тодорхой байгаа тул тэдэнд дарамт болж байгаа Нэмэгдсэн өртгийн орлогын албан татварын хэмжээг бууруулах, эсвэл тодорхой хугацаанд царцаах зэргээр бодитой нөлөөлөл үзүүлэхүйц шийдлүүдийг гаргах хэрэгтэй болоод байна.

Одоо санал болгож байгаа 7 зүйл нь аж ахуйн нэгжүүдэд жигд, тэгшээр бодит дэмжлэг үзүүлэх бус тодорхой шүүлтүүрт тэнцсэн 10 хувийг л дэмжих хөтөлбөр болох нь гэсэн шүүмжлэл гарч байна. 770 мянган нийгмийн даатгалын шимтгэл төлөгчөөс мөн л 10 орчим хувьд нь хөнгөлөлт хамаарах болж байгаа гэсэн дохиог иргэд өгч байгааг УИХ анхааралдаа авмаар байна.

Ажлын байраа хадгалахад чиглэгдсэн шийдвэрүүдийг тодорхой, ойлгомжтой, гуйвуулах, гажуудуулах боломж гаргахгүй байдлаар гаргахгүй бол үл ойлголцол, гажуудал үүсэхээр ажиглагдаж байна. Аж ахуйн нэгжүүдийг ялгаварлах, тэгш бус хандах нь өнөөгийн нөхцөлд хэрхэвч байж болохгүй зүйл.

Одоогоор зарлаад байгаа зээл хойшлуулах, ажлын байранд татаас өгөх шийдвэрүүд амьдрал дээр үл ойлголцол үүсгэж, бухимдлыг өдөөж байгааг анхааралдаа авна биз ээ. Иргэд төр, хувийн хэвшлийн алинд ажиллаж байгаагаас үл хамааруулан цалин, орлогыг нь Төр хамгаалах, тогтвортой байлгах бүхий л бололцоог эрэлхийлэх хэрэгтэй байна. Боломж байгаа, боломжийг бий болгох ч ёстой. Энэ бол УИХ-ын хэнтэй ч хуваалцах ёсгүй үүрэг юм.

Дөрөв. Нийт иргэдийн амьжиргааны түвшин, ялангуяа хүүхдийн орчин нөхцөлийг хэвээр хадгалах, тэтгэх, ажилгүйдлийг бууруулах, түүнээс ирэх цохилтыг зөөлрүүлэх, иргэдээ наад захын хэрэгцээт зүйлсээр тасралтгүй хангах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах. Дэлхийн улс орнууд эм болон хүнсний нэн чухал нөөцүүдээ хамгаалах үүднээс экспортоо зогсоох, хумих байдалд шилжиж байгаа нь эмийн болон эмнэлгийн хэрэгслийн импортоос ихээхэн хамааралтай манай улсын хувьд хүндрэл учрах төлөв үүслээ. Улаан буудай болон нэн шаардлагатай эмийн хангамжийн нөөц бүрдүүлэх шийдэл, шийдвэрүүдийг УИХ, Засгийн газраас гаргаасай хэмээн уриалж байна. Бүхний түрүүнд, бүхний төвд монгол хүнийг тавьж, улс төрийн хийрхэл, сөргөлдөөнөө хойш тавьж ажиллахыг дахин уриалж байна.

НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал гэх бүтцээс титэмт вирусний хямралыг даван туулахад нь зориулж хөгжиж байгаа орнуудад 2.5 их наяд долларын нэн хөнгөлөлттэй зээл олгох, хугацаа тулгамдсан зээлээ дарахад нь туслах санаачилгыг гаргасан байна. Үүнээс Монгол Улс авах хэрэгтэй, мөн шаардлагатай байна. 

Тав. Энэ асуудлыг Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцэж, хямралд бэлтгэж, түүнийг даван туулах эрдэмтэн мэргэжилтнээс бүрдсэн цомхон бөгөөд чадварлаг бүтцийг нэн яаралтай байгуулж, ажлын төлөвлөгөө, хуваарь гаргаж, нөөц, чадавхыг оновчтой зарцуулах, үргүй зардал, давхцлыг арилгах, онцгой нөхцөлийг далимдуулан шамшигдуулах байдлыг таслан зогсоохын тулд нэгдмэл удирдлага бүхий бүтэц байгуулахаас өөр зам харагдахгүй байна. 

Хямралын нөхцөлд зохицуулан төрийн удирдлагыг оновчлох, төвлөрүүлэх нь түүхийн урт хугацаанд шалгарсан арга болохоос дарангуйлал тогтоох хэрэгсэл огтхон ч биш юм. Гарцаагүй нүүрлэн ирсэн аюулыг сөрөн зогсох, хохирол багатай даван туулах тухайд эдгээр санал, шаардлагуудыг дэвшүүлж байна.

Хямралыг эрсдэл багатайгаар даван туулах цорын ганц арга нь эв нэгдэлтэй, зохион байгуулалттай, сахилга хариуцлагатай, төвлөрсөн удирдлагатай байж, нийт нэгэн хүчийг нийлүүлэн, гүн бат ойлголцолтойгоор хамтран ажиллах явдал мөн. Эрсдэлт нөхцөлд хардлага сэрдлэгийг гол болгон, эсэргүүцэл тэмцлээр түрээ барих, улс төрийн ашиг хонжоог урьтал болгох гэж оролдвол үүнээс үүдэн гарах хохирол, эрсдэл нь хэмжээлшгүй хүнд тусах болно.

УИХ-ын хаврын чуулганы өмнөхөн 4 дүгээр сарын 3-нд УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан Б.Батзориг УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ хожимдсон ч гэсэн чөлөөлөгдөх өргөдөл гаргажээ. Тэрбээр “эрх мэдлээ урвуулан ашиглаж, Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн мөнгийг хууль бусаар зарцуулсан, хууль бус захирамж гаргасан…”  гэх үндэслэлээр хуулийн байгууллагад шалгагдаж байгааг бүгд мэднэ.

Улсын Их Хурлын гишүүн, сайд асан Б. Батзоригийн жишгээр иргэний болон улс төрийн зориг гаргаж, УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдлаасаа татгалзан шалгуулах шаардлагыг хаврын чуулганы нээлтийн үеэр энэ танхимд олноор сууж байгаа гишүүдэд хандан хэлье. Энэ бол шударга ёсыг сахиулах хууль баталдаг танхим. Шударга ёс эндээс эх авч байх ёстой. Та бүхэн иргэдэд шударга байх амлалт өгч сонгогдсон, хууль сахих тангараг өргөсөн учраас шударга ёсыг өөрсдөөсөө хожимдсон ч гэсэн хэрэгжүүлж, ард иргэд, сонгогчдод итгэл найдвар, үлгэр дуурайл болох ёстой гэдгийг энэ индэр дээрээс хэлье.

Улсын Их Хурлын гишүүд ээ,

Монголчууд аа, ард иргэд ээ,

Хүнд бэрх цаг үе дэлхий дахиныг, Та биднийг нөмрөн ирлээ. Бид аюул, хямралыг тойроод гарч чадахгүй. Хамтдаа даван туулах, сөрөн шийдэхээс өөр гарц үгүй. Бид чадна аа.

Монголчууд бид бүхий л түүхийнхээ туршид эв санааны нэгдэл, хамтын зүтгэлээр хүндрэл бэрхшээлийг даван туулж ирсэн билээ.

Нэг ч монгол хүн аюулт тахалд амиа алдах ёсгүй, үүний төлөө үндэстнээрээ нэгдэн нягтрах, эв санааны хүчээр даван туулах цаг бидний өмнө тулгаран ирлээ. Эрүүл саруул байхад бусад бүх зүйл бүтэх, дэвших хөгжихийн үндэс бидэнд бий.

Энэхүү цар тахалтай нүүр тулан өдөр, шөнөгүй ажиллаж байгаа Улсын онцгой комисс, бусад албад, мөн эрүүл мэндийн салбарын нийт ажилтан, албан хаагчиддаа талархал илэрхийлье.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монголын ард түмэн эрүүл энх, элэг бүтэн, аз жаргал дүүрэн амьдрах болтугай!” гэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.